Б.БАДРАЛ. АйТиЛБАРУУД

Мөн чухамдаа Монгол Ардын Нам хэмээх этгээд болваас Нийгэм Журмын бурангуй тогтолцооны... Орхиё!.. “Улс төрийн хов базах нь!” гэж сэртийлгэсэн чихнүүдээ хумиарай. Энд бид өөр хов чимхэнэ. Дэлхийг аалзны тор шиг, Монголыг сэмж шиг пөмбийтөл бүрхсэн нийгмийн сүлжээний талаар.

Твиттер гэгдэх нийгмийн сүлжээний талаар ийм цочмоор үнэнийг, тийм эрт балар цагт хэлж чадсан үндэстэн бол зөвхөн монгол. Ишлэл цохоё:


“Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх!”

Энд “дургих” буюу сахилга бат алдах үйлдлийг “дураараа” буюу эрээ цээргүйгээр, бүр “дурынхаа тусламжтайгаар” хийдэг тухай цохон тэмдэглэжээ. “Дур тавин” гэсэн хам утга ч гарч болзошгүй. Ингэхдээ бүр жод, лүйжинд хэрэглэдэг “ганлин” ашиглана гэдгийг нь эртний мэргэд урьдчилж гярхай ажигласан байна.

Хамгийн хачирхалтай нь, жиргэхдээ ашигладаг хөгжмийн зэмсэг нь тухайн жиргээчийн өөрийнх нь дунд чөмгөөр хийсэн болох нь балмагдлыг төрүүлнэ. Жодын үйлд ганлинг нүгэлт сэтгэлээ таягдан, хоосон чанарт дөтлөхийн тулд үлээдэг гэнэ ээ. Тэгэхээр, жиргээчид маань нийгмийн сайн сайхны төлөө өөрийн махбодио золиослон, тулгуур эрхтнээ суга татанжиргэдэг байх нь. Тэдэн дотор маань “хазганадаг” хүн олон байдаг нь ийм л учиртай байж. Ийм л жигтэй сүлжээ дээ. Үүнийг зөгнөн харсан манай ухаант өвгөд мөн дутахгүй жигтэй юм шүү.

Энд онцлоход, нэгэнт “жиргээ” хэмээх дэлхийн том соёлыг хамгийн түрүүнд монголын ард түмэн олж нээн, аман зохиолоороо баталгаажуулсан учраас ЮНЕСКО-д Монгол улсын нэрээр “биет бус өв” хэмээн бүртгүүлэх нь зүйд нийцэх байх аа. Эсвэл, “биет, дунд чөмгөнд” тулгуурласан ч гэдэг юм уу...

Энэ мэтээр монгол ардын аман зохиолд нийгмийн сүлжээний хөгжлийг он цагийн чанадаас билгийн мэлмийгээр тольдон буулгасан жишээ тун чиг олон. Жишээ нь, “Дамын үг далан худалтай”, “Ам алдвал барьж болдоггүй” гэж юуг хэлснийг таа даа?!!... Яг зөв!.. Лоосуутай постыг ШЭЙРЛЭВЭЛ Зөрчлийн хуулиар шийтгүүлэхийг зөгнөсөн хэрэг. Фейсбук дээр их гарна даа.

“Фэйсбук” гэснээс, энэ сүлжээний “Нүүр ном” гэх сайн дурын модон орчуулга их оносон дог оо. Оносон төдийгүй угаасаа монголчууд энэ нэрийг анх бодож олсон нь зүйр үгийн далайг шүүрдэхэд тодорхой байдаг: “Нүүр (ном) өгөхөөр Бөгс (ном) өгөх” гэж... Гайхалтай биз?.. Яахав, тэр хаалтан доторх “НОМ” гэсэн үгийг нь нэгэн тал бичээч “Цэцэн үгсийн судар”-ыг хойч үедээ үлдээхээр орон дотроо хуулахдаа нойрмоглоод гээсэн хэрэг.

Энэ зүйр үгэнд, хамгийн гол нь, маш чухал старт-ап бизнесийн санааг өвөг дээдэс маань нууцаар шингээснийг зөвхөн танд дэлгэе!.. Бидэнд ориг монгол нийгмийн сүлжээг цогцлуулж, өөрийн тэрбумтан Цүкербергтэй болох алтан боломж байна!.. “БӨГС-НОМ” буюу “АССБУК”!.. Хачин сонсголонтой байгаа биз?!!... IPO-гийн “Азбук” шахуу!.. Дандаа элий балай, мэдрэл постууд тавигдаж, түүнийг нь таашаадаг орон орны дүфф хүмүүс хоорондоо найзлан нөхөрлөнө!.. Хичнээн сайхан!.. Тэгээд ч платформ нь манай оронд бэлэн. Одоогийн Нүүр Номын нийт постын талыг нь чирээд тавьчихад л болно! Том санаа даа, даруйхан хэрэгжүүлж чадвал... Юун Оюу Толгой!.. “Өгзөгний мах халуун дээр ээ!”... гэдэг байх аа?.. Тэгээд шНобелийн шагнал аваад л...

Нийгмийн чигжээ... Үгүй биш ээ, түгжээ... Үгүй биш ээ, сүлжээг ёрлосон ардын билиг яндашгүй ээ. Зүгээр тоочоод өнгөрөхөд л...

Фэйсбукт олон зохист найзтай байхыг “Аавын буйд хүнтэй танилц” гэсэн бол,найзандаа хахахыг “Олон ирвэл цайгүй, орой ирвэл зайгүй” гэж яруу зөгнөсөн байна. Харин найз болчихоод линк, ёолк чатлаад байдгуудыг бол “Гар бариад бугуй барих”... гэсэн ч байх шиг... “Муу хүн муулаач, мухар үхэр мөргөөч” гэж атгаг комментчдыг хэлсэн нь биширмээр... Инстаграммын агуу хоосон чанарыг “Гаднаа гяланцаг, дотроо пяланцаг” гэж цочтол аваад хаяснаа... “Гоёход голионы сүүл нэмэр” гэж элдэв фрэймтэй профайл зургийг хэлсэн байх жишээтэй...

За даа, гомбоо постоо байсхийгээд л бүүстэлдэг гаруудыг “Амташсан хэрээ арван гурав дахина” гэж мэргэд ихээхэн шинжлэх ухааны үндэслэлтэй ёгтолжээ. Дижитал маркетингт 13 удаа бюст хийвэл амжилтанд хүрнэ гэж тооцоолсон байдаг. Амтшаад үзээрэй, баяжих нь тодорхой...

Хамгаас гайхамшигтай нь, бидний орь хүсэл, охь мөрөөдлийн оройн дээд илэрхийлэл болж, сэтгэлийн гозойсон бялуурлыг авчирдаг “ЛАЙК” гэх гозгор очир эрдэнийг ч мэргэн дээдэс минь цэцэн үгээр зөгнөн мөнхөлжээ:


“Эр хүнд итгэхээр Эрхий хуруундаа итгэ!”

Энэ нь та нарын бодож байгаачлан, монгол эрчүүдийн ханш төгрөг шиг суларч, биржийн индекс нь зохиомлоор унаж байгаа нөхцөлд чөлөөтлөг эмэгтэйчүүдийг гар до(т)орх материалаараа ганцаараа байгальтайгаа зохицон амьдар гэж байгаа цэцэн заавар огт биш!..

Харин элдэв эрүүл саруул гэгдэх, хүртэх магадлал бага үнэлгээнээс илүү ярайтал овооролдсон гозгор эрхий хуруунуудад итгэн, сэтгэл өег явах нь мэдрэлд амар болохыг заасан байна. Тэгээд ч орчин үеийн дэлхийн сэтгэлгээний сор болсон жендерийн мэргэн сургаалын талаар “Сүүгүй үнээ мөөрөмсөг...”  гэхчлэн задлан шинжилсэн тусдаа бүлэг ажиглалтууд хууччуулд бий талаар, нэгэнтээ хэлсэнчлэн, “дараа цуурая”... Ер нь бол эрчүүдийн ханш унаад байгаа ч юм биш, төгрөг үнэгүйдээд, доллар чангараад байгаад л учир байгаа юм.

Энэ мэтээр бидний цогцлоож чадсан Сошиалист нийгмийг зөгнөсөн монгол ардын ухааныг баршгүй ээ. Ардын буйдан дээрээ хэвтэнгээ л “хийснийхээ хирээр хүртэж байгаа” нь, үнэхээр, гайхамшигтай. Нийгэм журам гарцаагүй ялахыг баталж байсан хөөрхий Ленин багшийн ганцхан алдаа нь... ердөө л... “Ш” үсгийг л “Ц”-гээр андуурсанд байгаа юм.

Цаашид тун удахгүй бид “чалхынхаа хирээр хөдлөөд хүссэнээ хүртэх” дараагийн хөгжлийн шатанд дэвших нь тодорхой. Яахав, ганц нэг үсгийг нь солино л биз... “Гомонизм”... гэдэг ч юм уу... “Програм”-ыг нэг “М”-тэй бичдэг болсон шүү дээ.

Хэлэлцүүлэг, санал зохиогчийн FB хуудсан дээр: https://www.facebook.com/docubadral/