Никита Бичуриний амьдрал, тавилан
Алдартай хятад судлаач Никита Бичуриний 1826-1828 онд бичсэн дөрвөн бүлэгтэй “Монголын тухай тэмдэглэл”-ийг 2019 онд монгол хэлнээ орчуулан гаргажээ.
А.Пушкин, декабрист Н.Бестужев нартай нөхөрлөж, В.Одоевский, И.Крылов тэргүүтэй цаг үеийнхээ сор болсон уран бүтээлчидтэй харилцаж байсан энэ хүнийг амьдралын эрхэнд сахил хүртсэн гэж ярих нь бий.

Бичуриний намтрыг бичсэн, түүний сайн танил, шүүмжлэгч Н.Щукин “Тэрбээр өндрөвтөр нуруутай, ази маягийн төрхтэй, шингэн сахалтай, хүрэн үстэй, бор нүдтэй, хонхор хацартай, шанаа томтой хүн байлаа. Түргэн ууртай, битүү зантай сан. Ажлаа хийж байхад нь яваад очвол уулзана гэж саналтгүй. 60 хүрээд турк хэл үзэж эхэлсэн ч гадаад хэл сурахдаа эхлээд ярианых нь хэлийг сурах ёстой гэсэн хатуу бодолтой байсандаа тэгсгээд больсон юм. Гэхдээ хөгжилдөх бас дуртай. Шөнөжин хөзөр тоглох нь энүүхэнд. Гадаадад олон жил суусан болохоор шашин сахилаас их хөндийрсөн. Тэгээд ч хүслээрээ биш, “хувь тавилангийн эрхээр” хувраг болсон тийм л хүн байлаа” гэж дурсчээ.
Чуваш угсаатай Бичурин 22 настайдаа 1799 онд Казанийн шашны дунд сургуулийг дүүргэж, эсэргэн жил нь гэлэн сахил хүртэхдээ Иакинф хэмээх нэр авчээ. Бичурин гэх овог нь харин төрсөн тосгоных нь нэр юмсанж. 1807 оноос хойш Бээжинд 14 жил шашны төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажилласан Бичурин зорьж очсон газар орон, суух хот суурин, ахуй орчныхоо тухай тэмдэглэл хөтлөхийн тулд хятад хэл сурч, сүүлийн 8 жилдээ монголчуудын тухай ихээхэн хэмжээний мэдээлэл, ном судар цуглуулжээ.

Томилолтын хугацаа нь дуусахад өөрөө бол Бээжинд үргэлжлүүлэн суух хүсэлтэй байсан ч Оросын засаг зөвшөөрсөнгүй. Түүний оронд шашны X төлөөллийн тэргүүнээр томилогдож очсон архимандрит Пётр шашны төлөөллийн газрын шашин номын үйл ажиллагаа зогсож тасалдсан байхуйд толгой сэгсэрч байсан гэдэг.
Бээжинд байхдаа Бичурин шашны сургаал ер номлосонгүй, өөрийгөө эрдмийн ажилд бүрнээ зориулж, Төвөд, Зүүнгар, Бээжингийн тэмдэглэл, “Чингис хааны удмын анхны дөрвөн хааны түүх”, “Чин гүрний газарзүй”, “Мин улсын нэг боть түүх”, “Төвөд, Тангад нутгийн тэмдэглэл”, “МЭӨ II зуун хүртэлх эртний монголчуудын түүх”, “Гурван үсэгт ном” зэрэг хориод ном орчуулж, бичжээ.

Ингээд 1821 онд арга буюу Бээжингээс буцахдаа 400 пүү буюу 15 тэмээнд тэгнэн ачсан асар их ном судар авч явсан байна. Шашин дэлгэрүүлэх албан ажлаа журмын дагуу гүйцэтгээгүй учраас Валаамд цөлөгдсөн Бичурин эдгээр ном судраас гадна Бээжинд хөтөлсөн тэмдэглэл, гар бичмэлүүдээ ашиглан 1828-1852 онд эрдмийн хэд хэдэн том бүтээл, маш олон өгүүлэл бичиж хэвлүүлжээ.
Төв Азийн ард түмний түүхийг насаараа судалсан Бичурин 1826 онд өршөөлд хамрагдан Петербургт суурьшаад, 1830 онд В.Одоевскийн утга зохиолын бүлгэмд нэгдэн, орчин үеийн Оросын утга зохиолыг үндэслэгч А.Пушкинтэй танилцаж, “Төвөдийн тухай найруулал”-аа дурсгаснаар түүнтэй нөхөрлөж эхэлсэн түүхтэй. Дараа нь декабрист Бестужевтэй танилцаж, үзэл бодлоо хуваалцсаар, магадгүй Бестужевын нөлөөгөөр 1831 онд шашны тэргүүнд сахилаа буцаах хүсэлт хүргүүлсэн ч I Николай хаан зөвшөөрсөнгүй. Оросын засгийн хувьд декабристуудтай хэтэрхий ойртсон түүнийг сахилтай хэвээр нь Александрын сүмийн хошлонд хорьж, нэг ёсондоо хянахад хялбар байсан биз ээ.

Энэ хошлондоо олон жил эрдмийн ажилд зүтгэсэн Бичурин 1846 онд Оросын ШУА-ийн захиалгаар “Төв Азийн ард түмний эртэн цагийн гурван боть түүх” хэмээх 1000 гаруй хуудастай томоохон бүтээлээ 2 жил бичиж, 1848 онд хүлээлгэн өгчээ. Бичурин чухамдаа Европын судлаачдаас анх түрүүлж хятад сурвалж орчуулан зохиол бүтээлдээ ашигласан гавьяатай билээ. Тиймдээ ч тухайн үеийнхээ барууны судлаачдаас хамгийн цараатай бүтээлүүдийг бичжээ.
Германы алдартай нангиадч, дорно дахин судлаач Юлиус Клапрот, Бичуринийг хэтэрхий хятад талыг баримтлан бичиж байна гэж шүүмжилж байсан ч зохиол бүтээлийнх нь хүрээ царааг үнэлэн, бүхэл бүтэн хүрээлэнгийн хийх нөр их ажлыг Бичурин ганцаараа хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнэжээ. Тэгээд ч барууны хятад судлаачид Бичуриний орчуулгыг тун оновчтой хэмээн орчуулгын жишиг болгож байлаа.

Бичуринийг ойлгохын тулд ийм нэгэн явдлыг энд бас дурдалтай.
Хятад орноо олон жил сууж, ахуй араншинг нь шингээж авсан энэ хүн насны эцэст өвдөж шаналан өнөө л хошлондоо ганцаар сууж ахуйд ГЯЯ-ын Азийн хэлтсийн хятад хэлтэй нэг номлогч ирж уулзжээ. Тэгэхэд Бичурин эхлээд дуугүй л суугаад байж. Ирсэн гийчин хятадаар яриад эхэлтэл харин нүд нь сэргэж инээмсэглээд, өвчнөө умартан, сэтгэлд дотно хэлээрээ элдвийг хөөрөлдөж эхэлжээ.
Хятадын “Дөрвөн бичиг” зэрэг сонгодог судруудыг орос хэлнээ анх орчуулсан Бичурин хятад хэлний нэр томьёог гадаад хэлэнд буулгахдаа тайлбар хийлгүйгээр харгуулан орчуулах аргачлалыг ашиглаж боловсруулсан юм.

Энд өгүүлэн буй “Төв Азийн ард түмний эртэн цагийн гурван боть түүх”-д Монгол, Манж, Солонгос, өмнөд Сибирь, зүүн Туркестан, Төв Азийн ард түмний МЭӨ II зуунаас МЭ-ний IX зуун хүртэлх түүхийг бичихдээ Бичурин, Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл”, Бань Гугийн “Баруун Хан улсын түүх”, “Хожуу Хан улсын түүх”, “Гурван улсын тэмдэглэл”, “Алтан улсын түүх”, “Сүн, Лян улсын түүх”, “Тангийн шинэ, хуучин түүх”, “Вэй улс, Өмнөд, Умардын улсын түүх”, “Буддын шашинт улсуудын түүх”, “Тунзян ганму”, “Тайпингийн түүх”, “Вэньсянтункао”, “Баруун бүсийн бүрэн найруулал” зэрэг 5000 гаруй хуйлмалтай эртний Хятадын 35 сурвалж, тэдгээрийн тайлбар судар, мөн түмэн хуйлмалтай “Эзэн хааны баталсан эрт, эдүгээгийн уран зураг, судар номын товчоо”-ноос эшлэн оруулжээ.
Бичуриний орчуулгуудыг хожмоо В.Бартольд, Г.Грум-Гржимайло, В.Григорьев, “БНМАУ-ын түүх”-ийг бичилцсэн Зөвлөлтийн түүхч С.Киселев, Л.Потапов нар зохиол бүтээлдээ өргөн ашиглаж, Бартольд “Бичуриний ачаар Оросын хятад судлал тэртээ 1851-1852 онд Баруун Европын хятад судлалыг түүчээлж эхэлсэн” гэж дүгнэжээ.

Өдгөө түүний орчуулгыг тухайн үеийн Европын алдартай нангиадч Жюльен, Шаванн нарын орчуулгатай харьцуулбаас хавьгүй оновчтой, утга яруу гэж үзэж байгаа билээ.

