Энэ 7 хоногт
МАШИНДАА ЖАРГАЯ! – 1
буюу түгжрэлийг шийдэх миний санал
Б.БАДРАЛ. АТХАГ LED*
* - АйТиндүүрлийн Харанхуйг Арилгагч Гэрэлт LED
- Энэ түгжрэлийг шийдсэн хүнд алтаар хөшөө босгох сон! – гэж хажууд суусан Мээтгэр Нүүрт оргилуун гашуудалтай дуу алдсанаа салхины шил цанттал санаа алдав.
Бид гурав Сүх жанжны морины бөгсийг харж 40 минут зогсохдоо 2 метр урагшлаад байлаа. “Морины бөгсөнд хүрэхэд торгодог бол яана?..” гэсэн дүнхүү бодол зурсхийв.
- Угаасаа талбай тойрсон замууд руу өдийд орох бол туйлын дүнхүү явдал!.. – гэж ард лаглайсан Хороон Дарга сургамжлаад тамхи асаав. Дүнхүүг санаачилсан Мээтгэр Нүүрт хэгзэгнэх гэснээ больж, хажуугийн шил цантуулаад өнгөрлөө.
- За, яах вэ? Мураками сонсох уу?.. Караоке дуулах юм уу? – гэж зуурсан уур амьсгалыг султгахаар цоглог хэлээд би хянахын дээр суурилуулсан Nexus 7-гийн дэлгэцэнд TTS дэмждэг FBReader апп-ыг товшлоо. Миний хамгийн дуртай энэ уншигч апп Муракамигийн “Хороон Даргын аллага”-ын сүүлд зогссон хэсгээс шууд гүнгэнүүлж эхлэв. “60 см өндөр Хороон Даргыг нэвт сүлбэж хөнөөснийхөө дараа 70 см Мээтгэр Нүүртийг багалзуурддаг” үзэгдлийг дотно хоолойгоор Milena намуухан хүүрнэнэ.
- Аудио ном юм уу? – гэснээ Мээтгэр Нүүрт тоомсоргүй эвшээв.
- Тэр архаик, хоцрогдсон, тэнэг үзэгдлээр яадаг юм?!. TTS байна шүү дээ... – гэж Хороон Дарга номлоод илт сэргээд ирэв. Мээтгэр Нүүрт тархин доторх хуучин лампнуудаа хэсэг дүнгэнүүлснээ:
- Нээрээ караоке байгаа юм уу? – гэж хууртахаасаа болгомжилж байсан ч нүдэндээ горьдлогын очтой асуув.
- Байна аа, бүх юм байна. ABBA, Beatles, Цой? Юу дуулах юм? – гээд би супер Ulduzsoft Karaoke-г товшлоо.
- Хуучны итали дуунаас тавьчих – гэж ардаас Хороон Дарга хүнгэнэв.
- Ок... – гээд би цэснээс Кутуньог сонголоо. – Түгжрэл хэзээ ч шийдэгдэхгүй! Хэзээ ч үгүй!.. Харин бид машиндаа... ЖАРГАХ ёстой!– гэж дэндүү танил оршил хөгжмийн эхний тактуудын хэмнэлээр би ориллоо. Nexus-ын дэлгэцэн дээр алдарт мөрүүд тодорч эхлэв.
“Lasciatemi cantare / Perché ne sono fiero / Sono un italiano / Un italiano vero...” гэж бид гурав чанга биш ч гэсэн бадрангуйгаар сөөнгөтүүлэн солгойллоо. Чангабайсан ч яахав дээ, Cygnus-ын битүүмжлэл онц!.. Бидэнд жанжны морины бөгсийг хэдэн цаг харах нь нэгэнт сонин биш болсон байлаа...
Энэ бол уран зохиол биш. Бас “Хэрхэн хурдан баяжих вэ?“ гэсэн зөгнөлт удирдамж биш. Харин хэзээ ч шийдэгдэхгүй түгжрэлд өнгөрүүлэх цагаа яаж үр ашигтай, ядаад, зугаатай өнгөрүүлэх тухай олон жилийн практикаар хуримтлуулсан туршлагаасаа хуваалцсан АТХАГ LED таталбар. Ингээд, надад итгээд УРАГШАА !..
Мэдээж шинэ зам, гүүр хэрэгтэй! Гэхдээ асфальт-бетонон биш. Харин мэдээллийн технологийн наад захын(!) ололтыг Баатар хотын замтай барьцалдсан түмэн машины дээгүүр татсан, Амар Амгаланд оршин зорчих таны Тоон гүүр.
Асуудалд шууд ороё. Та уншина гэж мөрөөдөж явсан зузаан зузаан номууд, ажлын шугамаар танилцах ёстой тайлан, баримт бичиг, эсвэл зүгээр интернэтэд таарчихаад цагт хавчигдан, уншиж чадалгүй орхисон материалаа салхины шил ширтэнгээ... сонсмоор байна уу? Эсвэл орчны уйтгартай зураглалыг таягдан, сэнгэнэтэл караоке дуулмаар байна уу? Ердөө л хайртай машин дотроо шүү дээ!
Энд асар архаик, зардал олдоц нь бүрхэг “Сонсдог ном” гэгдэх аудио ном ч юм уу, “хоосон-найрал”-ын данхайсан аппарат хэрэгслийн (бас хөөрхөн үнэтэй!) тухай ярих гээгүй... Зардал бол гарна. 200 доллар орчим. Гэхдээ үр дүнтэй хөрөнгө оруулалт!.. “Миний гэр миний цайз” гэдэг шиг Таны машин Таны гэр, оффис, зугаа цэнгэлийн төв, гоонь бясалгалын агуй... за юу ч болох боломжтой.
ЯРЬДАГ ТЕКСТ
TTS (Text-To-Speech) систем буюу “эхийг яриа болгох” нь хүний яриаг хиймлээр сэргээх (синтезлэх, Speech synthesis) ажиллагааны бүрэлдвэр хэсэг юм. “Ярьдаг машин” бүтээх оролдлого XVIII зууны сүүлээс эхтэй бөгөөд Ж.Фаберын ярьдаг, дуулдаг орган, А.Беллын ярьдаг машин зэрэг нь механик зарчим дээр суурилж байсан бол, XX зууны эхнээс эрдэмтэд энэ зорилгод электрон тоног төхөөрөмж, дууны генераторууд ашиглаж байлаа.
В.Кемпелений “Ярьдаг машин” (1778), Ж.Фаберын “Euphonia, орган” (1846)
Тооцоолон бодох машин дээр суурилсан яриа синтезлэх системийг 1950-иад оноос эхлэн боловсруулж, анхны TTS синтезаторыг 1968 онд бүтээжээ. 1990-ээд оны Windows-ын хэрэглэгчид Sam, Mike, Anna зэрэг “нөхдүүдийн” төмөр хоолойг сонсож л байсан байх. Чихэнд нэлээн чийртэй, робот маягийн энэ хиймэл дуу хоолойг харааны бэрхшээлтэй хүмүүс л компьютер ашиглахдаа дэмжлэг болгохоос биш өөр зүйлд хэрэглэх боломж, шаардлага бараг үгүй байлаа.
Харин өнөөдөр TTS системүүд нэлээн өндөр түвшинд хөгжиж, яриа таних (speech recognition), дуу хоолойн удирдлага (voice command) системүүдтэй хоршин хиймэл оюун ухааны (artificial intelligence, AI) онц чухал тулгуур бүрэлдэхүүн болж байна. Сонсогдох талаасаа ч боловсронгуй болж, хэдийгээр, бодит хүний ярианы түвшинд хүрэх хараахан болоогүй ч гэсэн TTS ашиглан цахим ном сонсоход хангалттай ойлгогдох хэмжээнд хүрээд байна.
ЦАХИМ УНШИГЧ
Өнөөдөр бүх төрлийн платформуудад цахим ном унших програмуудын сонголт асар өргөн байна. Бүр цахим ном унших зориулалттай, эрчим хүч бага зарцуулдаг, хүний эрүүл ахуйд нийцүүлсэн зөөврийн төхөөрөмжүүд (Amazon Kindle) гараад байна. Бидний хувьд гар утас гэх мэт өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмжөө ашиглах, мөн уг төхөөрөмжөөр бусад олон хэрэгтэй үйлдлийг хийхийг зорьж байгаа учраас зүгээр л програм сонгох нь зүйн хэрэг.
Цаг товчлох үүднээс, өөрийн өнө удаан хэрэглээ, эрэл, туршилт, сонголтонд тулгуурлан FBReader апп-ыг санал болгож байна. FBReader нь түгээмэл хэрэглэгддэг *.doc, *.pdf, *.txt, *.djvu, *.fb2, *.epub зэрэг текстийн болон цахим номын бараг бүх форматуудыг уншдаг бөгөөд хамгийн гол нь TTS дэмжинэ. Зарим файл таних болон TTS үйлдлийг нь нэмэлтээр (plug-in) суулгахыг анхаараарай.
Үүнээс гадна, FBReader санах ой дахь цахим номуудыг зохиолын нэр, зохиолч, сүүлд уншсан, онцолсон, tag-ласан, төрөл, цуврал зэрэг үзүүлэлтээр ангилж харуулахаас гадна урьд нь нээж, уншиж байсан аль ч номыг, аль ч цаг үед зогссон газраас нь эхлүүлдэг давуу талтай. Бас *ZIP-ээр шахсан файлуудыг таньдаг нь зөөврийн төхөөрөмжийн хязгаарлагдмал санах ойн хувьд мэдэгдэхүйц давуу тал. Текст файл хамгийн сайн шахагддагийг энд дурьдах юун. 500 гаруй номны эргэлтийн цахим сантай миний хувьд энэ эмх цэгц тун чухал.
FBReader нь Андроид, iOS (Apple, iPhone г.м.) аль аль системд суурь хувилбараараа үнэ төлбөргүй байгаа. Гэхдээ бид энэ удаа “Машиндаа жаргах” үйлдлийг зөвхөн Андроид системд тулгуурлан ярих болно...
Хөрөнгийн биржийн үүдэнд хүрэхэд бид гурав 4 итали дуу, 2 битлз, “Земляне”-г “караокедаж” ханачихаад байлаа. Яригчнаас Zeppelin, Puprle, Sabbath-ын шилдгүүдээс миний өөрийн түүвэрлэсэн TopRock плэйлист цангинана. Мөнөөх л Nexus 7-оос. Мээтгэр Нүүрт наалдсан уруулаа чимээтэйхэн салгаад:
- Маний iPhone-ийг ийм болгож болох болов уу? – гэж аргадангуй асуулаа.
- Зарчмын хувьд зарим программыг нь суулгаж болно. Зарим нь огт байхгүй. Орлуулж болох ч мань чинь сайн мэдэхгүй. Яг миний Nexus шиг болгоход нэлээн ухна. Apple тийм боломж тэр болгон өгдөггүй. Зарим чухал програмууд нь үнэтэй... – гэж би түүнд хариулаад нүдэн дэхь бяцхан оч нь бөхөхийг харлаа.
- Үнэ мүнэ нь ч яахав. Тав гурван доллар л байдаг юм, ихэнхи нь. – гэж Хороон Дарга ээлжит сургаалиа айлдлаа. - Гол нь, маш бүдүүлэг, өөртөө тааруулахад хэцүү хөшүүн, хаалттай систем шүү дээ. Крак програмууд ажиллахгүй. Ядаад Андроид шиг Root хийнэ гэхээр явдалтай. Тэгээд ч хэрэглэгчид нь утсаар ярьж, “фэйс” орохоос өөрөөр ашигладаггүй гялгар гангараа...
- Ганц нэг маш чухал программ зөвхөн iOS-д байдаг л даа... – гэж намайг зөөллөх гэтэл Мээтгэр Нүүрт:
- Гацдаггүй юм чинь! – гэж урьд хаа нэгтээ сонссоноо санасан бололтой тунхаглав.
- Утас гацаад яахав дээ! – гэж Хороон Дарга дүрсхийгээд, - Чи ямар Улсын бүртгэлийн сервер ажиллуулж байгаа биш... Муу гар утас, таблетыг унтраагаад асаахад л болно.
- Крак програмууд чинь вирустэй! – гэж Мээтгэр Нүүрт мөчөөгөө өгсөнгүй.
- Хөгшөөн, Google Play-ийн төлбөрийн систем манайд ажилладаггүй юм. Зарим төлбөртэй, хэрэгтэй програмыг авъя гэсэн ч боломжгүй. Тэгээд л кракдсаныг нь суулгахаас өөр аргагүй, – гэж би хэллээ.
Мээтгэр Нүүрт Nexus руу хяламхийгээд unegui.mn нээлээ...
НОМ ОЛОХ БА ФОРМАТ
Энэ удаад төлбөртэй болон крак програмуудыг хөндөхгүй учраас найзууд тайван байж болно. Мэдээж, гол асуулт:“Ном яаж олох вэ?!!”... Та нар гайхах байх, интернэтээр дүүрэн бий!..
Мэдээж, монгол хэл дээр бол байхгүйтэй адил. Машиндаа ном сонсохын тулд түгээмэл аль нэг хэлийг эзэмшсэн байх ёстой. Өнөө цагт зөвхөн “жаргахад” төдийгүй зүгээр амьдрахад ч хэл хэрэгтэй биз дээ? Тэгээд ч, “хэлтэй” байх ёстой бас нэг шалтгаан байгаа нь хожим тодроно.
Ном бол нээтээр дүүрэн. Ялангуяа, зохиогчийн эрхийн хугацаа нь дууссан зохиолууд. Зохиогчийн эрхтэй номуудыг ч үнэ төлбөргүй олж болно. Гэхдээ хүнлэг капиталист ёс суртахуун дотроос хатгаад байвал тэднийг худалдан авсугай. Өнөөдөр өөрийгөө хүндэлдэг ямар ч хэвлэлийн газар номнуудынхаа цахим хувилбарыг борлуулдаг. Цаасангаас 2-10 дахин хямдаар. Гол нь зөв хайх хэрэгтэй. Хайлтын цонхон дээр “номын нэр (+зохиолч) ebook download” гэж мэддэг хэлээрээ бичихэд л хангалттай. Мэдээж, төлбөргүй номуудыг жаахан ухаж байж олно.
Форматаас нь *fb2, *epub сонгоно. Яагаад заавал *.fb2 файлыг “идэвхижүүлээд” байна гэхээр... Хамгийн түгээмэл, бас хамгийн алдаа багатай “уншигддаг” нь, миний туршлагаар, энэ формат. Гэхдээ *pdf юм уу, бүр *txt, *doc файл байсан ч онлайнаар *fb2 рүү хувиргаж болно. Жишээ нь, энэ төлбөргүй сайтаар: ebook.online-convert.com
Дахин туршлагаасаа хуваалцахад, англи болон орос хэл дээрх ном хамгийн элбэг. Эхнийх нь хамгийн түгээмэл хэл учраас. Харин хоёр дахийг эзэмшигчид нь хамгийн их номонд хайртай, мэдлэг түгээх эрмэлзлэлтэй, “буян” үйлдэх хоббитой учраас.
СОНСДОГ НОМ VS TTS. ЦААСАН VS ЦАХИМ
“Зуун жилийн ганцаардал”-аар жишээлэе. Маркесын энэ шидэт зохиолын сонсдог номын хувилбар нь хамгийн багаар шахлаа гэхэд, дор хаяж, 1,4 GB болно. Олон ноолорсон CD-нүүдийн талаар бол ярих ч үгүй байгаа шүү. Харин FB2 цахим хувилбар нь... 400 KB... Дашрамд сонирхуулахад, миний Nexus-т байгаа ZIP-лэсэн “Дэлхийн шилдэг 100 роман” нийлээд 200 MB орчим болдог. Тэгэхээр, юу бодогдож байна?.. Бас олдоц гэж юм бий.
Мэдээж, цаасан ном унших нь таатай бөгөөд зохиогчид нь мөнгө төлж, оюуны бүтээлийг нь үнэлж байгаа том алхам. Гэхдээ бид энд түгжрэлд алдаж байгаа цагийн талаар хөндөж байгаа. Гэрлэн дохион дээр ном дэлгээд суух бас жаахан тиймэрхүү. Бас л туршлагаасаа хуваалцахад, зарим номыг сонсоод явахад цааснаас уншсанаас илүү тогтож ойлгох тохиолдол ажиглагдсан.
Орой гэртээ хариад ч юм уу, амралтын өдрөөр цаг гаргаад ном уншихаас илүү романтик зүйл юу байх вэ?.. Харин амралтын өдөр гэж байдаггүй, өдөрт 2-3 цаг машиндаа өнгөрөөдөг мань мэтэд сонголт бага. Палхийтэл жишээ хэлэхэд, нөгөө “Зуун жилийн ганцаардал”-ыг сүүлд дахин “уншихдаа” 7 хоног зарцуулсан байдаг шүү. Зорчиход зарцуулдаг цагаараа л...
- Ингэж түгжирч байхаар тэр тэгш, сондгойгоор явдагт нь шилжвэл яадаг юм бэ дээ, - Мээтгэр Нүүрт тэсэлгүй бачимдлаа. Хороон Дарга зүгээр өнгөрөөсөнгүй:
- Чи бод! Энэ түгжрэл зөвхөн өглөө, оройны оргил ачааллаар хотын төвд л болж байна. Бусад газар бол мөлхөөд яваад байдаг юм. Баахан амьтан уулын мухар луу зүтгэлээд... тэгээд тэндээсээ гарж, орох гэж ердөө хоёр нарийнхан янгирын жимээр чихэлддэг биз дээ?.. Улаанбаатарын газар нутгийн 1 хувьд, хүн амын 10 хүрэхгүй хувь түгжирсний төлөө хязгаарлалт хийх болж байна уу? Өдрийн цагаар ихэнхидээ эзгүй болдог хотын гудамжаар ажлаа амжуулдаг мянга мянган хүн бий! Тэд яах юм?!! – гэж хүнгэнүүлэв.
- Нээрээ шүү... – гэж би Мээтгэр Нүүрт руу зэрвэс харангаа, - Нэг гоё арга бий. Та нар оргил ачааллын үеэр Google Map нээгээд хамгийн улайгаагүй гудамжуудаар нь маршрут татаад амьдрах газар болон ажлаа сонгочих. Тэгээд л боллоо, - гэхэд Мээтгэр Нүүрт маазарч байгаа эсэхийг минь таах гэж нүдээ хурдан хурдан анивчлаа. – Бас явах замаа, бүр эгнээгээ зөв сонгох хэрэгтэй. Жишээ нь, би өглөө, ид үеэр, “Хороолол – Ардын эрх – ТИС – Цирк” гэсэн маршрутаар гурван хүүхэд гурван сургуульд хүргээд ажил дээрээ ирэхэд ердөө 40 минут л болдог. 7,6 км... Өдөр буцаад цуглуулахад цаг 20 минут. Эргээд ажил дээр 20 минутанд... Харихад бас 20 минут...
- Манайх чинь... – гэж Мээтгэр Нүүрт бодолхийлснээ Google Map товшлоо...
TTS СОНГОХ НЬ
Одоо хамгийн гол асуудал. Яригч системээ буюу TTS-ээ сонгох... Бүх андроид төхөөрөмжинд тухайн үйлдвэрлэгчийн боловсруулсан, эсвэл Google-ийн TTS цаанаасаа суусан байдаг. Гагцхүү, “унших” чанарын асуудал яригдана. Шууд хэлэхэд, хиймэл оюун ухаан, ярианы синтез нь том зах зээл учраас үүнд компаниуд хөрөнгө хаяж, бараг бодит хүнээс ялгагдахгүй TTS-үүдийг боловсруулж зах зээлд гаргаад байгаа. Эндээс хамгийн боловсронгуй нь, Acapela, Nuance, CereProc олон хэлийн системүүд. Ганцхан Nuance-ийг жишээ болгож сонсгоход TTS ямар бодит хэмжээнд хүрснийг мэдэрч болно. Англи эх:
Мөн орос эх:
Дээрх компаниудын Андроид-д зориулсан хувилбарууд бүгд Google Play-д бий (Acapela, Cereproc, Nuance). Гэхдээ төлбөртэй. Тэгэхээр Монголд хаалттай. Энд цохон тэмдэглэхэд, төлбөртэй GooglePlay-д Монгол Улсыг нэгтгэхэд төр засаг хүчин чармайлт тавих хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ бол маш өргөн боломж нээсэн алхам болно.
Монголын хэрэглэгчид төлбөртэй Google Play зөвшөөрөгдсөн аль нэг улсад зорчиж байхдаа гадаадын банкны төлбөрийн картаар дээрх програмуудыг татаж суулгах нэг боломж бий. Харин хир баталгаатай эсэхийг мэдэхгүй. Мөн кракдсан хувилбаруудыг интернэтээс олж болох ч ийнхүү хууль зөрчихгүй байхыг нөхөрсөгөөр зөвлөе.
Миний хувьд Nuance TTS хэдэн жилийн өмнө бүтээгдэхүүнээ идэвхижүүлэх зорилгоор туршилтын хувилбараа санал болгож байх үед бага хэмжээний хандив өргөөд системийг нь суулгаж байсныгаа одоо хэрэглэдэг. Үүнээс хойш шинэ хувилбарууд нь гарсан ч хуучин нь наддаа болоод байдаг.
Тэгэхээр, ийм хязгаарлагдмал нөхцөлд миний санал болгох нээлттэй TTS бол англи хэлний хувьд Google, орос хэлний хувьд Samsung-ын хамгийн сүүлчийн апдейт. TTS-ийг төхөөрөмждөө суулгах заавар интернэтээр дүүрэн бий, энд нуршиж цаг аваад яах вэ!.. Мэдээж, TTS-ийн уншилтанд дасах хугацаа хэрэгтэй. Мөн нэгэнт л хиймэл оюун ухаан учраас зарим нэг үгийг буруу өргөлттэй, ойлгомжгүй хэлэх нь бий. Энэ тохиолдолд FBReader уншиж буй хэсгээ “тодруулж” явдаг учраас зэрвэс хараад хэсгийн утгыг ойлгоод явахад асуудалгүй.
Энд бас нэг чухал асуудал хөндөх ёстой нь монгол TTS. Монгол ном “сонсох” боломжгүйг дээр дурьдаж байсан минь монгол TTS одоогоор боловсруулалтын шатандаа яваатай бас холбоотой юм. Монголын цахим хэрэглээ, хиймэл оюун ухааны хөгжилд тун чухал энэ ажлыг чанартай, яаралтай боловсруулаарай гээд хөгжүүлэгчдэд нь амжилт хүсэе! Мөн монгол цахим номын зах зээлийг өргөжүүлэх нь тулгамдсан асуудал гэдгийг та бүхэн одоо ойлгож байгаа байх.
Төгсгөлд нь, бараг маазрах түвшинд, монгол TTS-ийг орлуулах оролдлого сонирхуулая. Одоогоор TTS нь гарсан, монгол хэлэнд арай ойр, ядаад “ө”, “ү”-г танидаг татар, киргиз хэлний системээр монгол эх уншуулж үзсэн юм. Дөнгөж хөгжүүлж эхэлж байгаа системүүд учраас бидний хувьд “оргүйгээс...” гэдэг шиг л юм даа. Киргиз TTS-ийн жишээ:
ӨӨР ЮУ “СОНСОХ” ВЭ?
Зөвхөн цахим ном ч биш ажлын шугамаар унших ёстой тайлан, мэдээ, илтгэл зэргийг машиныхаа андроид төхөөрөмж, эсвэл гар утсандаа оруулаад сонсоод явж болно. Файлууд *fb2 болон *doc өргөтгөлтэй байх ёстой. Зөөврийн төхөөрөмждөө дурын файл хялбархан оруулах аргыг, ер нь гар утас болон таблетыг оффис, цахим нарийн бичгийн журмаар ашиглах өргөн, сонирхолтой боломжуудын талаар дараа дараагийн АТХАГ LED цувралаар өгүүлэх болно. Ер нь энэ цувралаар зөөврийн төхөөрөмжийн боломжийг чинээнд нь тултал ашиглах, нүдийг тань нээх дараахь сэдвүүдийг хөндөх төлөвлөгөөтэй байна:
- АвтоДроид: Навигаци ба Астрономи, OBD оношлогоо
- АвтоДроид ба Гитар сонирхогч
- АвтоДроид ба Зохиолчид
- АвтоДроид ба Оффис, өдөр тутам
- АвтоДроид ба Хөгжимчид
- АвтоДроид ба Фоточид
Цаашаа явъя... TTS ашиглан интернэт дэхь дурынматериалыг дуртай үедээ оффлайн унших, “сонсох” нэгэн сонирхолтой апп танилцуулая. Энэ бол Pocket...
Та гар утсан дээрээ юм уу, эсвэл суурин компьютер дээр таарсан ямар ч материалыг хожим завтай үедээ уншихаар энэ апп руу хадгалж болно. Ингэхийн тулд гар утсан дээр Pocket app, харин суурин компьютерийн аль нэг интернэт хөтөч дээр Pocket өргөтгөл суусан байх шаардлагатай. Тэгээд гар утаснаасаа бол share-to-Pocket комманд, компьютерээс бол хөтчийн toolbart үүссэн <+pocket> товчийг дарахад хангалттай. Мэдээж, хоёуланд нь нэг хэрэглэгчийн бүртгэлээр орсон байна. Ингэсний дараа Pocket апп бүх материалыг интернэт холбогдсон үед татаж аваад, дараа нь хэзээ ч, сүлжээгүй үед ч гэсэн, унших боломжийг олгоно. Энэ апп мөн TTS дэмждэг гэдгийг дурьдах юун.
Машиндаа жарган зугаацах бас нэг боломж бол караоке. Андроид-д зориулсан караокений олон апп байдаг ч мөн л туршлагаараа Ulduzsoft Karaoke-г санал болгоё. Царай муутай ч ашиглахад хялбар, бүрэн ажиллаагаатай караоке. Зөвхөн суулгаад, караоке файлууд хуулсан хавтсаа “дууны сан” гэж зааж өгөхөд л хангалттай.
Караоке файл яаж олох вэ? гэсэн асуулт, эрхгүй, гарна. Мөн л интернэтээр дүүрэн байгаа. Бүр төрөлжүүлсэн, хөгжмийн урсгал, он он, улс улсаар нь ялгасан 1000 дуутай цомгууд ч бий. Үүнд *.kar зэрэг караокены түгээмэл файлын өргөтгөлүүдийг апп бараг бүгдийг танина. Эдгээр файлуудыг ихэвчлэн багцаар нь ZIP-лэсэн байдаг нь татах, хуулах, санах ойг цэгцтэй байлгах ач холбогдолтой. Хуулсан хойноо задлана гэсэн үг.
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ БУЮУ HARDWARE
Машиндаа жаргах боломжуудын өчүүхэн хэсгийг л өгүүллээ. Харин энэ боломжийг олгох төхөөрөмжийн талаар одоо ярия. Мэдээж, дээр өгүүлсэн болон хожим танилцуулах олон зугаацлыг өөрийн гар утсаа ашиглан эдэлж болно. Гэхдээ бид машиндаа бие даасан андроид таблет суулгахыг туйлбартайгаар санал болгож байна. “Систем” бүрнээрээ ажиллахын тулд дараахь hardware шаардлага тавигдана:
1. Андроид таблет, 7-8 инч (Android v6.0-оос дээш)
2. Таблетны машины тогтооогч
3. Машины дууны төхөөрөмжинд таблетын дууны гаралт өгөх
4. Таблетанд тэжээл өгөх (DC - USB)
Дээрх бүх холболтыг хийсний дараа “систем” иймэрхүү байдалтай харагдана:
Ингэхийн тулд мэргэжлийн байх, цахилгаанчин юм уу, АйТичин байх ямар ч шаардлагагүй. Тэгшхэн гартай, техникийн наад захын мэдлэгтэй, түгжрэлийг нулимж чаддаг байхад л бие даан шийдэх нь зөөг цай. Таблетын хувьд 100-150 долларын хятадын алдартай брэндүүд, жишээ нь энэ ч юм уу, эсвэл бүр хуучны энэ ч юм уу, ахдас хийгээд л таарна.
Миний хувьд Nexus 7 (2013)таблет хэрэгцээг бүрэн хангадаг. Мөн тогтоогчийн хувьд аяганы нүхэнд... хянах дээр... агааржуулагчийн сараалжинд... бүр CD-ний нүхэнд хийдэг... гээд төрөл төрлөөрөө байгаа. Amazon, Aliexpress-ээс юм захих ямар ч асуудалгүй, ердөө 10-14 хоногт ирдэг болсныг энд тайлбарлах шаардлагагүй биз.
Ажиллагаатай байж болзошгүй нэг зүйл нь таблетын дууны гаралтыг машины дууны системд өгөх... Сүүлийн үеийн ихэнхи машин аудио оролттой болсон. Мөн сольж суулгадаг машины хөгжмүүд ч дууны оролттой байх нь бий. Эсвэл bluetooth дэмждэг хөгжим рүү, жишээ нь, таблетны гаралтаа өгч болно. Бас FM-ээр цацдаг ийм төхөөрөмж ашиглан... За бүр төгс шийдэе гэвэл Autoplaza-гийн ямар ч цахилгаанчин машинд чинь AUX оролт 20к төгрөгөөр хийгээд өгнө.
Мэдээж, гадуур машины гол төхөөрөмжийг (head unit) андроид таблетаар сольдог, GPSсуурилуулдаг үйлчилгээ бий. Гэхдээ гол төлөв хоцрогдсон, дүлий аппаратууд байдаг. Бас өөрийн дураар хялбархан өөрчлөх, нэмэлт апп суулгах боломжгүй байх нь элбэг. Харин өөрийн таблет суулгаснаар дуртай үедээ суга татаж аваад дуртай програмаа суулгах ЭРХ ЧӨЛӨӨ-тэй болж байгаа нь чухал.
Тэгээд ч, өнөөдөр өгүүлснээс хавьгүй илүү, маш олон үйлдлийг (жишээ нь, супер GPS, OBD оношлогоо) машиндаа суулгасан таблетнаас нэхэж болох тухай дараа дараагийн цувралаар бид өгүүлэх болно. Дор хаяад л, та машиндаа таблеттайгаа зэргэцүүлээд алгын чинээ 1 TB-ын wi-fi сервер суурилуулсан ч болно. Тэгвэл юун дуу, ном сонсох... HD КИНО (!!!) үзээд явна.
МАШИНДАА ЖАРГАЦГААЯ!..
Бид гурав, нэг юм, баруун эргэж, Их дэлгүүр дөнгөж өнгөрөөд явж байлаа. Nexus 7 одоо бол Муракамиг зөөлөн хүүрнэнэ. Milena гэх энэ цахим эмэгтэй хоолойд дасаад уджээ. Заримдаа, уншиж байгаа зүйлдээ сэтгэлийн хөдөлгөөн оруулаад байх шиг ч санагддаг билээ. Мээтгэр Нүүрт зүүрмэглэж, Хороон Дарга үе үе Муракамиг гоочлон, сургааль тавина.
Дохио хүлээх зуур зэргэлдээ машин гэнэт сигналдаад цонхоо нээлээ. Би ч хажуугийн шилээ яаран буулгав. Хуучны танил нүдээ ирмэснээ:
- Харих нь уу?.. Ганцаараа яваа юм уу? Хүүхдүүдээ авчихсан уу?..– гэж хашгирлаа. Угаасаа орилж ярьдаг юм.
- Тийм ээ, ганцаараа. Чи сайн уу? – гэж мэнд асуухад танил маань эрхийгээ гозойлгоод давхин одлоо.
“Ганцаараа, ганцаараа, өдийд хэнтэй явах вэ дээ...” гэж өөртөө хэлээд хөдлөв. Хороон Дарга, Мээтгэр Нүүрт хоёр бол харагдая гэсэн хүндээ л үзэгддэг нөхдүүд. Яг л “Хороон Даргын аллага”-ынСАНААНУУД шиг...
“Мураками сүүлийн романдаа өөрийгөө давсан байна. Энэнээс илүү юм гарахгүй байх аа... Ер нь энэ талаар нэг юм бичье ээ...” гэж бодоод хаазаа нэмлээ...
Энэ үед Torque апп “Антифриз 85⁰, Коропны тос 67⁰, CO₂ 548 г/км, зарцуулсан бензины өртөг 6885 төг...” гэж зааж байлаа. Мөнөөх л Nexus 7 дээр...
Хэлэлцүүлэг, санал зохиогчийн FB хуудсан дээр: https://www.facebook.com/docubadral/