Энэ 7 хоногт
Хоригийн “цээр”
Харамсалтай нь УИХ-ын гишүүд хүлээж авсангүй.
2010 оны улсын төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд хүлээж авсангүй. Арга ч үгүй юм, хориг тавьсны гол шалтгаан нь “гишүүдийн” гэгдэх 76 тэрбум төгрөг байлаа. Төсвийн зөвхөн энэ хэсэгт зориулсан хоригоо Ерөнхийлөгч яагаад хэсэгчлэн тавьж болоогүй вэ гэдэгт хэд хэдэн учир шалтгаан бий.
Нэгдүгээрт, гишүүдэд хуваарилсан тэрбумуудыг орон нутгийн багцуудад тараан байршуулж, олон нийтээс, сэтгүүлчдээс, Ерөнхийлөгчөөс хүртэл нууцалж байсан нь цаанаа хуйвалдааны шинжтэй байлаа. Бүр дөрөвдүгээр хэлэлцүүлгийн өмнөхөн л энэ мөнгөний “зорилго” илэрсэн шүү дээ. “Нууцаар” гишүүдэд хөрөнгө оруулалт шийдвэрлэх эрх хуваарилсан энэ үйлдэл нь УИХ, Засгийн газрын үгсэл дээр хийгдсэн нь тун тодорхой юм. Илэрхий ийм буруу аргаар бүхэл бүтэн 76 тэрбумыг төсөвлөж байгаа Засгийн газар төсвийн үндсэн хэсгийг хуулийн дагуу нарийвчлан тооцож төлөвлөсөн гэхэд итгэх боломж Ерөнхийлөгчид байгаагүй.
Хоёрдугаарт, төсөв бол мөн чанараараа бодлогын баримт бичиг байдаг. Ойрхи 3-5 жилийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдэл болон эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлтэйгээ багцаар нь боловсруулж, харилцан уялдаа ба тооцоонд нь тулгуурлаж гаргадаг хууль шүү дээ. Эдгээр баримт бичгүүдээр тооцоологдсон бодит үзүүлэлтийг төрийн дунд ба урт хугацааны бодлого, хөгжлийн чиг баримжаа руу аваачиж уяснаар төсөв, хөрөнгийг зарцуулах зориулалт нь тодорхойлогдох учиртай байдаг. Гэтэл ямар ч хөрөнгө оруулалтын эрэлтийг тодорхойлолгүйгээр гишүүдийн тоонд харгалзуулан төсөвлөсөн энэ их хэмжээний мөнгө хөгжлийн бодлоготой уялдан зохицож чадна гэдэгт итгэх боломж Ерөнхийлөгчид байгаагүй.
Гуравдугаарт, сонгуулийн тойргуудад зориулан тухайн тойргийн депутатын нэр дээр ямар ч зориулалтгүй сул мөнгө хуваарилж байгаа явдал нь улс төрийн хувьд буруу жишиг. Эдгээр тойргууд дээр дараа дараагийн сонгуулиудаар одоо сонгогдчихсон байгаа гишүүдээс гадна олон улс төрчид зөвхөн өөр өөрсдийн нэр төр, мөнгө хөрөнгөөр өрсөлдөнө. Ирээдүйн тэр өрсөлдөөнийг одооноос шударга бус болгож байгаа энэ төсвийн хууль бүхэлдээ нийгмийн болон улс төрийн ардчиллын эсрэг чиглэгдэж байгаа болохоор “нүдэн балай” өнгөрөх боломж Ерөнхийлөгчид байгаагүй.
Дөрөвдүгээрт, мөнгө зарцуулах эрхийг гишүүдэд хуваарилсан нь тэдэнд байгаа халдашгүй дархан, онцгой, үлэмжийн эрх мэдлийг улам бүр нэмэгдүүлсэн үйлдэл болж буй. “Хэмжээгүй” эрх мэдэл нийгмийн олонхийн хувьд ямагт тэгш бус байдлыг үүсгэдэг. Улмаар уг эрх мэдлийн хүрээллийг бий болгох бөгөөд тэр эрх мэдэл гагцхүү хүрээлэлдээ үйлчилж эхлэдэг. Хүрээлэл нь эрх мэдлээ самууруулж эхлэх бөгөөд цаашлах тусам төсөөлөхийн аргагүй сөрөг үр дагаварыг бий болгоно. Хэрэвзээ, төсвийн тухай хуулийг бүхэлд нь ийм хэтийдлийн нөлөөн дор боловсруулсан байх аваас бүхэлд нь хүчин төгөлдөр болгох бололцоо байхгүй. Тэгвэл улс орон сүйрлийн замаар орох нь гарцаагүй тул “хэлээ хазаад” өнгөрөх ёс суртахууны эрх Ерөнхийлөгчид байгаагүй.
Хамгийн гол нь төсвийн хөрөнгө бол ард түмний л мөнгө. УИХ-ын гишүүдийнх биш. Бусдын мөнгийг өөрсдийнхөө эрх ашигт зарцуулах эрх хэнбэгуайд ч байхгүй. Ерөнхийлөгчид ч байхгүй.
Сэтгүүлч Д.Энхболдбаатар
Зочин
Зочин
baatar
Çîðèã
dambar
turuu.
mgl
AH LAM