-Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би үүгээрээ бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Хамгийн их татвар төлж байгаа байгууллага Оюу толгой шүү дээ. 2016 оны арваннэгдүгээр сарын 17.

-Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу толгой төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх уурхайтай болж байгааг дэлхий дахинд зарлаж байна. 2023 оны гуравдугаар сарын 13.

Эхнийх нь Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр илэрхийлсэн байр суурь. Удаах нь 31, 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюу толгойн Гүний уурхайг ашиглалтад оруулах үеэр хэлсэн үг. Нэг нь Монгол Улс ардчиллын замыг сонгосноос хойшхи анхны олон улсын түүхэн төслийг эхлүүлэх шанг нь татсан бол нөгөөх нь хүчин чадлаараа дэлхийд дөрөвдүгээрт орох Гүний уурхайг Засгийн газрын тэргүүний хувиар хүлээж авсан нэгэн.

1920-оод оноос коминтернийн бодлогоор гаднын пүүс, компаниудыг хөөж гаргаснаас хойш Монгол Улсад “Гуравдагч хөрш”-ийн орон зай үндсэндээ үлдээгүй. Ардчиллын эхэн үед ч ОХУ, БНХАУ хэмээх аварга хоёр хөршөөсөө давж, аль нэг орноос, “Гуравдагч хөрш”-өөс томоохон хөрөнгө оруулалт татсан туршлага бидэнд байсангүй. Тийм улс төрийн эр зориг гаргах Засгийн газар, парламентын бүрэлдэхүүн ч гараагүй байв, 2009 оныг хүртэл шүү дээ.

Гагцхүү 2009 оны аравдугаар сарын 6-нд Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын анхны гэрээг байгуулснаар ардчиллаас хойш анхны бөгөөд цорын ганц мега төслийг хөдөлгөж, эдийн засаг 10 дахин томорсон нь саяхны л дүр зураг. Ямар сайндаа л С.Баяр “Намайг Ерөнхий сайд байхад их наяд гэдэг тоог мэддэггүй байв. Тэрбум гэхээр ухаан алддаг байлаа” хэмээн шогширч байх вэ дээ.

Хамгийн гол нь, Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг зурсан 2009 оноос өнөөдрийг хүртэлх 15 жилийн хугацаанд Монголын улс төр, нийгэмд юу болж өнгөрөв, ямар өөрчлөлт гарав гэдгийг товчхон тоо баримтад тулгуурлан харьцуулж үзье. Сайн, муу хоёр мэдээ байна, алийг нь эхэлж сонсох вэ? гэх асуулт шиг. Хариулт нь маш энгийн бас тодорхой. Жишээ нь, аливаа асуудлыг хөндөхдөө, олон нийтэд хүргэхдээ бүхэлд нь, бүрэн зураглалаар нь биш өөртөө хэрэгтэй факт ярих нь улстөрч хүний онцлог. Алаг цоог юмны аль нэгийг нь ярьдаг гэсэн үг. Сайныг нь хүргэх үү, эсвэл саарыг онцлох уу гэдэг нь тухайн улстөрчийн сонголт. 

Эл зүй тогтлоор Оюу толгойгоос өөр асуудал Монгол Улсад байхгүй юм шиг хашгирч, дуугарч, нийгмийн ой тоонд ёстой л нүдэнд харагдаж, чихэнд хоногштол ам халсан улстөрчид олон уу гэвэл олон. УИХ-ын гишүүн болсон нь ч байна, улиран сонгогдсон нь ч бий. Аливаа юмны хар, цагааныг адилтгаж ярих, балансыг тэнцүүлж харахаас илүүтэй аль нэгийг нь санаатай, магад санамсаргүйгээр ярьсны гор нь ийн тодорч, томордог, улстөрч хүний араншин ийм зүйл рүү хөтөлдөг. Яг л хэдэн сохор хүн заан хэмээх жигтэй амьтныг сонссон даруйдаа хүрч, мэдрэхээр хааны ордныг зорьдог шиг.

Хошууг нь могойтой, хөлийг нь баганатай, чихийг нь дэвүүртэй бүр үр тариа шигших тортой, өөр нэг нь аварга бөмбөртэй гэдсийг нь харьцуулж хэлдгээс аль нь ч зааныг бүрэн тодорхойлж чадаагүй. Хэт дэгсдүүлж, бас үнэнээс хол зөрүүтэй хариултыг өөрсдийн бодсоноор хэлсэн нь тэр. 

Үүн шиг ард түмний мэдэх эрхийг хангах нэрийн дор улстөрчдийг дахин тодруулах уу, цагааныг биш харыг онцолж, өлгөж авах уу гэдэг нь тухайн хүний санал сэдлээс шууд хамаарах асуудал. 

Угтаа бол Оюу толгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулсан 2010 оноос үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, татвар, хураамж, ажилчдын цалинд 53.3 их наяд төгрөгийг зарцуулсан талаарх тоон мэдээлэл цахим хуудаст “шилэн” байдлаар байна. Хэн бүхэн ороод үзэх боломжтой нээлттэй мэдээлэл.

Бодоод үз дээ, 53 тэрбум биш 53 их наяд шүү. Мөн тус компанийн тайланд “Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд энэ улиралд 2.2 их наяд, 2010 оноос хойш 53.3 их наяд төгрөг зарцууллаа. Энэ нь өдөр бүр дунджаар 24 тэрбум төгрөг гэсэн үг юм” гэжээ.

Эдийн засаг, санхүүгийн ойлголттой хэн ч Монгол Улс энэ хэмжээгээр эдийн засгаа тэлж, үр шим хүртэж байгаа гэдгийг ойлгох нь лав.  Харин Оюу Толгойн өр төлбөрт өдөрт 10 тэрбум ам.доллар төлж байна гэдэг нь хэтэрхий өрөөсгөл, хий хоосон тоо.

Зөвхөн 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар татвар хураамж, бусад төлбөрт 1.6 их наяд төгрөгийг төлсөн байгаа юм. Ойролцоогоор 450 сая ам.доллар энэ төслөөс Монголын эдийн засагт шингэсэн гэсэн үг. Үүнийг 365 хоногт хувааж тооцвол өдөр 1.2 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлж байна. Урт хугацаандаа энэ тоо 600-800 сая ам.долларт хүрэх тооцоолол бий. Тэг дундуур нь буюу 700 сая ам.долларт хүрэхэд өдөрт долоон тэрбум төгрөгийг оруулна. 

Хоёрдугаарт, Оюу толгойн бүтээн байгуулалтад зарцуулсан зээл бол Монголын ард түмнийх бус хөрөнгө оруулалтаа татаж, босгосон “Рио Тинто” группийн зээл. Төдийгөөс өдий хүртэл бий болгож байгаа бүхий л үйл ажиллагаа, ашиглалтын зардалд Монголын Засгийн газар ямар нэгэн баталгаа гаргаагүй, гаргаж байгаагүй учраас гэнэтийн эрсдэл үүссэн тохиолдолд буух эзэн, буцах хаяг нь “Рио Тинто”-гийнхон өөрсдөө. Эцсийн хохирлыг бид биш тэд үүрнэ. Төслийн гуравны хоёр буюу 66 хувийг эзэмшиж байгаагийн хувьд. 

Гаргасан зардлаа нөхсөний дараа авсан төлбөрөө барагдуулж, ногдол ашгаа хуваарилах нь ямар ч компанид байдаг бизнесийн эрүүл зарчим. Үүнийг Монголын улстөрчид хүлээн зөвшөөрөх ёстой нь гашуун үнэн юм.

Ойрын жишээ, олон нийтийн анхаарлын төвд ороод буй Оюу толгойн зээлийн хүүд хамаарах асуудал дан ганц “Рио Тинто” группээс бус Лондонгийн мөнгөний төв болсон банк хоорондын зээлийн хүү болох лайборын (LIBOR) хэлбэлзлээс шууд хамаардаг.  Тэр нь одоо өөрчлөгдөөд софроор (SOFR - Secured Overnight Financing Rate) тодорхойлогддог болсон. 2011 онд хүүгийн хэмжээ 1-3 хувьд хэлбэлздэг байсан бол өнөөдөр 5 хувьд хүрчээ. Хамгийн оргил үедээ хүрсэн гэсэн үг. Зээлийн хүү 11.1 хувьтай байгаа шалтгаан нь энэ. Сүүлийн 3 жилийн хугацаанд 10 хувийг давжээ. Тэрийг байнга 10 хувь давсан мэт ярих нь мэдсэн ч мэдээгүй юм шиг яваатай агаар нэг. 

Гэхдээ Монголын Засгийн газар, Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээнд сууж, зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам гэдэгт санал нэгдэж, зарчмын шийдэлд хүрч тохиролцлоо. Сайн мэдээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтаа дуусгаж, ашиглалтад оруулсан Оюу Толгой өдгөө бодитоор мөнгө олох хэсэг рүүгээ орох гэж байна. Бас сайн мэдээ. 

Харилцаанаас харилцаа үүсдэг. Хий хоосон хийрхэх тусам улстөржилт л олширно. Нэг центийн хөрөнгө оруулалт гаргаагүй нь үнэн ч, хувь эзэмшиж байгаагийн хувьд Монголын тал төслийг цааш тогтвортой явуулах баталгааг хангах нь өнөөдөртөө чухал, ирээдүйд хэрэгтэй. Эргээд “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хамгийн бодитоор хэрэгжүүлж байгаа төсөл учраас дараа дараагийн хөрөнгө оруулагчдыг татахад, оруулж ирэхэд эерэг мессеж өгнө үү гэхээс сөрөг оноо болж буухгүй нь лав.

Төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш зөвхөн боловсролын салбарт гэхэд 152 гаруй сая ам.доллар хөрөнгө оруулалт хийжээ. Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, орхигдсон бүх талбайг 2027 он гэхэд нөхөн сэргээх санаачилга хэрэгжүүлж байна. 

Үнэнийг хэлэхэд хариуцлагагүй уул уурхайд нэрвэгдэж, эвдэгдэж, сүйтгэгдээд эзэнгүй үлдсэн талбай Монголын говьд, 1000 гаруй км-ийн цаана үйл ажиллагаа явуулдаг компанид хамаатай юу гэвэл хамаагүй. Гэхдээ нийгмийн хариуцлага гэдэг хэрэгтэй цаг үедээ хаана ч хөрөнгө оруулж болдгийн бодит жишээ нь, Сэлэнгэ аймагт хийж буй нөхөн сэргээлт юм. Сайн ч жишиг, сайн ч хөрөнгө оруулалт. 

Ерөөсөө л бид асуудлын хар талыг нь түрүүлж мэдээллэж, онцолж, оноо авахыг урьтал болгодгоос биш эсрэгээрээ цагааныг яривал илүү дарж болдгийг харж болох Оюу толгойн хэдхэн жишээнээс харж болно. Эсрэгээрээ улстөрчид нь эл том төслөөс өөрт хэрэгтэй гэж үзсэн фактаа сорчилж, ангилж аваад улс төрийн тайзан дээр таанц эргээд байвал энэ улсад хөрөнгө оруулж, эрсдэл гаргах үндэстэн дамнасан групп, компани хэзээ ч орж ирэхгүй. Юу үнэн энэ л үнэн!

UZEG.INFO