Тоо биш чанарт суурилна 

Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад Монголтой төстэй зүйлс цөөнгүй. Газар зүйн байршлын хувьд Бразил ба Аргентин хэмээх хоёр их гүрний дунд хавчуулагдан оршино. Бразилийн эрхий, Аргентины долоовор хурууны үзүүрт яг л усан үзэм мэт бөнжийн тогтоно. 3,5 сая хүнтэй энэ улс 12 сая үхэртэй, 7,7 сая хоньтой. Нэгэн цагт хонин сүрэг нь манайх шиг 23 саяд хүрч байсан удаатай гэнэ. Манайхаас ялгаатай нь байгалийн баялаг хомсхон гэхдээ далайд гарцтай. 

Бидэнд байдаг зовлон тэдэнд ч  бас бий. Хүн ам цөөнтэй учраас дотоодын зах зээл хязгаарлагдмал. Байгалийн баялаг хомс тул хөдөө аж ахуйдаа дулдуйдан хөгжих бодлого баримталсан тэдэнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээс өөр гарц байсангүй. Гэтэл өрсөлдөх чадвараа хэд дахин нэмэгдүүллээ ч том хөршүүдээсээ илүүрхэн гадаад зах зээлд гарч чадна гэдэг эргэлзээтэй байв. 

Экспортод баримжаалсан хөдөө аж ахуйг хөгжүүлж байж эдийн засгаа сэргээн хөгжүүлэх гарцгүй сонголт тэдний өмнө тулгараад байсан үе саяхан. 
Давуу болон сул талаа тунгаан шүүсний эцэст уругвайчууд тоонд биш чанарт суурилан хөгжих стратеги баримталж эхэлжээ. Илүүрхэх биш ялгарах замаар  нэмүү өртөг шингэсэн, байгалийн гаралтай, чанартай бүтээгдэхүүнээрээ бусдыг татахыг эрхэмлэж эхэлсэн аж. “Манайх шиг жижиг улс тоогоор хөөцөлдөөд хөршүүдээсээ хэзээ ч илүү гарахгүй тул бид чанарыг голлоно” хэмээн тэд өнөө ч үүнийгээ батлан хэлнэ. 

Уругвайн хөдөө аж ахуй экспортод баримжаалан хөгжсөний тод жишээ бол улс орны нийт экспортын 75 хувийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлдэг болсон явдал юм. Гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох шар буурцаг, үхрийн мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, хонины ноосыг түлхүү худалдаална. Мах ба ноосыг салбарынхаа суурь бүтээгдэхүүн хэмээн онцгойлон үзнэ. 12 сая үхэртэй энэ улс үхрийн махныхаа 70 хувийг хагас боловсруулсан ба хөлдөөсөн хэлбэрээр 100 гаруй оронд нийлүүлдэг дэлхийн долоо дахь том экспортлогч орон болжээ. Үхрийн махны орлого нь ДНБ-ний 17 хувийг бүрдүүлдэг гэхээр үнэхээр бахархам. Манай урьд хөрш тэдний хөлдөөсөн махны 30 шахам хувийг худалдан авдаг аж. Үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 70 хувийг гадаадын улс орнуудад нийлүүлнэ. Нэг литр сүү хорин центийн хямд үнэтэй тул эрэлт хэрэгцээ ихтэй. Сүү нийлүүлэгч 36 гол аж ахуйн нэгж байдаг ба үндэсний том ханган нийлүүлэгч компаниас гадна малчин өрхүүд  хоршоолон сүлжээ үүсгэжээ. 

Хонь бол тэдний баялаг. 7,7 сая хонин сүрэгтэй тус улс жилдээ 45 мянган тонн хонины мах бэлтгэдэг дэлхийн гурав дахь том экпортлогч орон. Жилдээ 40 мянган тонн хонины ноос худалдаалдаг байна. Тэдний чанарыг эрхэмлэн хөгжих бодлого нь шинжлэх ухаанд суурилсан эрчимжсэн мал аж ахуйгаас өндөр үр ашиг хүртэж, бүтээгдхүүнээ чанаржсан тоонд шилжүүлж байгаа явдал юм. Үүний нэг жишээ бол 3,5 сая хүнтэй хирнээ жилдээ 28 сая хүнийг тэжээх хүнсний бүтээгдэхүүн  экспортлож байгаагаагаас тодорхой харагдана. Уругвайн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 90 хувь нь шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, шинэ технологи нэвтрүүлсэний үр шим ажээ.

Төрд биш түншлэлд тулгуурлана

Өмнөд Америкийн халуун, дулаан уур амьсгалтай бүсэд орших улс орнуудад ургамал ногоо аяндаа ургаад, мал сүрэг өөрсдөө үржээд байдаг гэж бид эндүүрэх талтай. Цаг уурын хувьд таатай ч гэсэн борооны улирал дуусмагц ган гачиг эхэлнэ. Тэнд саяхан болтол үржил шим муутай хөрстэйн улмаас хүн ам цөөтэй, ядуу бүс нутаг олноороо байсан. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны ололт, орчин үеийн технологи хэрэглэх болсноор эдгээр орны хөдөө аж ахуйн салбарт “хувьсгал” гарсан юм. Энэ бүхэн нөр их хөдөлмөрийн үр шим байсныг энд ирсэн хүн бүхэн мэдэрдэг. Харин Уругвайн хөдөө аж ахуйн хөгжлийн ард “ИНИА” хэмээх Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн ажилладаг гэдгийг харин тэр бүр  мэдэхгүй байх. Тус хүрээлэн 1914 онд төрийн өмчит компани хэлбэртэй байгуулагдан ажиллаж байгаад 1989 оноос төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хамтын удирдлага, санхүүжилттэй ажиллах болжээ. Хараат бус энэ байгууллагын Удирдах зөвлөлийн  гишүүд Засгийн газраас болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч холбоодын төлөөллөөс ижил тоотой бүрддэг байна. Өнөөгийн байдлаар уг хүрээлэн 5300 га газрыг хамарсан 30 гаруй судалгаа шинжилгээний ажил эрхэлж, 180 судлаачтай ажиллаж байна.

Хөгжиж буй улс оронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэх хүсэл их. Шинжлэх ухааны дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэн  зах зээлийн стандартад нийцүүлэх гэхээр мөнгөгүйн зовлонтой. Ер нь хөдөө аж ахуйг хөгжүүлье гэвэл хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй. Хөгжингүй улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орлогын тав хүртэл хувийг энэ салбарын эрдэм шинжилгээний ажилд эргээд зарцуулдаг бол хөгжиж буй оронд 0,5 хувийг зарцуулдаг байна. Тиймээс хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуй нь хоцрогдмол, судалгаа шинжилгээний байгууллагууд нь тарчигхан төсвийн хүрээнд ядмагхан ажиллах нь нийтлэг харагддаг. Манай улсад ч гэсэн ийм бэрхшээл байгаа. Тэгвэл Уругвайд энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай шийдвэрлэжээ. Хүрээлэнгийн жилийн төсөв 40 сая орчим ам.доллар ба Засгийн газраас 20 сая, Хөдөө аж ахуйн холбоодоос 20 саяыг тус тус бүрдүүлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл  малчид, тариаланчид судалгааныхаа байгууллагыг санхүүжүүлдэг юм байна.  

Эрдэм шинжилгээний байгууллага нь хамтын удирдлага, санхүүжилттэй байхын давуу тал нь гэвэл хийж буй судалгааны ажил нь салбарын эрэлт хэрэгцээнд нийцэж, үр ашгийг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нар шууд хүртдэг болсонд оршино. Малчид ба тариаланчдын бүтээгдэхүүн чанаржиж, борлуулалт сайжран орлого нэмэгдсэн ба эргээд орлогынхоо тодорхой хувийг холбоогоороо дамжуулан эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэн тэтгэх болжээ. Үүндээ ч тэд сэтгэл хангалуун. Уругвайд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нарын холбоод нь маш хариуцлагатай, ачаалал ихтэй байгууллага болон хувирсан байдаг. Ийнхүү төр хувийн хэвшлийн түншлэл  Уругвайн хөдөө аж ахуйг дэлхийн тавцанд гаргасан менежментийн дэвшил болжээ. “Тоо биш чанарт суурилна, төрд биш түншлэлд түшиглэнэ” хэмээн уругвайчууд хөдөө аж ахуйн хөгжлийнхөө бодлогыг тодорхойлсон учир энэ буюу.     

Ч.СОСОРМАА