ЗАВСРЫН СЮРТҮКТЭЙ ГАХАЙ
Урьд социализмын үеийн хотын хулигаанууд комбинатынхан, микрийнхэн, дөчин мянгатынхан гэж бүлэг болон хоорондоо зодолддог байсан бол, өнөөгийн “шинэ үе” гэгчид наян оныхон, ерөн оныхон, шинэ зууныхан хэмээн бүлэгт хуваагдан хоорондоо эрх мэдэл булаацалдан алалдана. Биенийгээ “энэ хулгайч манай ерэнтаван оныхныг төлөөлөх эрхгүй” ч гэж зурагтаар зарлаж байх шиг? Тэд хулгайлсан дээрэмдсэн их мөнгөнийхөө шавхрууг ард түмэндээ тарааж нэр нүүр олсныгоо эх орон, ард түмэн гэсэн үгээр илбэн тохинуулж улам мандан бадрана. Прагматикууд тул ямар ард түмэнтэйгээ сайн ойлгоно, тэдэнд хэрхэн тохируулахаа ч сайн мэддэг.
ЗАВСРЫН СЮРТҮКТЭЙ ГАХАЙ
Ерэнхоёр онд би намын даргын сонгуульт ажлаа гуйж байж Гончигдоржид өгч хоёр яс саллаа. Зурагтын нэвтрүүлэгт оров. “Намайг оролцуулаад миний үеийнхэн ба тэрнээс дээших нь та бидний дэвшин орсон нийгэм улс төрийн шинэ тогтолцоо, зах зээлийн системд нийгмийг удирдан ажиллах чадваргүй, учир нь ойлгохгүй, хуучин тогтолцооны бүтээгдэхүүн болсон бид үхэж дуусахаас нааш шинэ тогтолцооны удирдлага гарч ирэх болоогүй” гэж ярив. “Үхэж дуусахаас нааш” гэдэг нь яриан дунд гэнэт орж ирсэн эвгүй хэллэг байсан байх. “Намайг оролцуулаад” гэдэг нь эс тэгвэл бусдыгаа чичилж байгаа юм шиг болчих болов уу гэсэн болгоомжлол. Тэгэхэд би 37 настай байж.
Шинэ Үндсэн хууль батлагдаад анхны Засгийн газар байгуулагсаны удирдагчаар ердөө хоёр жилийн өмнө Улс төрийн товчооны гишүүн байгаад огцорсон хүн томилогдов. Сайд нар нь хуучин нийгмийн архагууд. Сонгуулиар УИХ-ын 76 суудлын 70-ыг нь МАХН-ын хууччуул. Үнэхээр ч 1990-1992 онд эрчимтэй явагдсан эдийн засгийн шинэчлэл реформыг тэд гарч ирүүтээ шууд л зогсоосон.
Ярьсан үг маань орон даяар зүхлийн сэдэв болов. Үнэхээр нийгэм, улстөр, эдийн засгийн гаж тогтолцооны эрэмдэг бүтээгдэхүүн болсон хүний бүхэл бүтэн гурван үеийнхэн шал өөр эрүүл тогтолцоог удирдан авч явах чадамжгүй, гэвч шинэ үеийнхэн төрийн удирдлагад гарч ирэх хүртэл 20 жилд мөлхсөн болж цаг нөхцөөхөөс аргагүй гэж хэлснийгээ сөргүүлэн тайлбарласан нь бүр ч нэрмээс болж билээ. Тэр үед АНУ-ын Ерөнхийлөгч асан Рэйган дурсамждаа “Горбачёвтай олон уулзаж янз бүрийн сэдвээр удтал ярилцаж байсан. Тэрээр гүн ухаан, ёс суртахуун, түүх, гоо сайхны талаар их гүн мэдлэгтэй, тэр талаар харилцан ярилцах маргах, үзэл бодлоо илэрхийлэхдээ ховор мундаг хүн. Харин эдийн засгийн сэдэв рүү орохоор Америкийн коллежийн сулхан сурагчийн наад захын ойлголтгүй хүн дээ”.
Аль ч нийгмийг 40-60 наснынхан авч явдаг. Нийгмийн салбар болгонд. Наслалт урттай Япон шиг нийгэмд 60-70 насныхан болж хойшилсон байна. Гэхдээ Мэйжийн хувьсгалын үед Японы Ерөнхий сайд 24 настай байв.
Нийгэм солигдох үед шинэ залуу үе цоо цохин гарч ирдэг. Нийгмийн донсолгооны үед арвин туршлага гэхээсээ эрч хүч илүү чухал байдаг бололтой. Ийм үед ихэнхдээ туршлага үгүйсгэгддэг. Энэ нь ч аргагүй байх, нийгмийн шинэ дэг тогтоох гэж байгаа бол хуучин туршлага хэрэг болохгүй.
1911 оны үндэсний хувьсгалыг толгойлогчид залуучууд байлаа. Хамгийн ахмад нь гэгдэх Богд хаан дөнгөж дөч шүргэж байв. 1921 онд ч ялгаагүй. Хамгийн ахмад нь гэгдэх Бодоо, Данзан нар дөнгөж гуч гарч байсан юм. Чойбалсанг нас барсны дараа 1953 оноос Монголыг 36 настай Цэдэнбалаар ахлуулсан залуучууд удирдах болжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын толгой дээр мөн л залуучууд байсан. Ахмад нь болох Гончигдорж 36 настай байжээ. Зориг, Элбэгдорж нар гуч хүрээгүй байв. Нийгмийн хувьсгал гэдэг шинэ эрч хүчийг шаарддагаараа тэргүүний залуучуудад түүхэн бололцоо олгодог аж. Гэтэл үе болгоны залуучуудад ийм бололцоо олддоггүй. Тогтсон нийгэмд юун түрүүн туршлага хэрэгтэй. Харин нийгмийн хувьсгалын үед туршлага гээч юмтай уялдаагүй шинэ цус шаарддаг онцлогтой аж.
Энэ чанараараа биологийн хувьсалтай их төстэй. Алив организм байгалийн жамаар шалгарлаараа дасан зохицож аажмаар хөгжиж байснаа, явцдаа орчинтойгоо огт таарахаа болиод эхлэнгүүт мутац хэрэгтэй болдог. Мутац бол хувьсгал. Гэхдээ мутац амьд байгальд өдөр тутам тохиолдож байдаг авч 99,99999... хувь нь хортой, организмыг өөрийг нь ихэнхдээ үхэлд хүргэнэ. Чухам тэр ховор 0,0000...1 хувьд л аугаа ололт, цаашид шинээр хөгжин дэвжих үр хөврөл тэнд бий. Иймээс амьд байгалийг хөдөлгөх жинхэнэ хүч нь өдөр тутмын шалгарал биш, хэдэн сая живаад нэг тохиолдох мутац билээ.
Ерэн оны нялхас өдгөө 50 хүрцгээж байна. Хүний үе солигдох хугацааг 20-25 жил гэж үздэг. Бүтэн үе солигджээ. Социализм, коммунизмын тухай сураг ажигаар л мэддэг, өөрөөр хэлбэл тэр үзэл суртлаар хордоогүй, эрх чөлөөг бэлэг гэж үздэггүй, хүнд угаасаа заяамал зүйл гэж хар нялхаасаа мэдэрсэн, зах зээлийн харилцааг луйвар гэхээсээ хүний нийгмийн байх ёстой ердийн төлөв гэж хардаг, ардчилсан тогтолцоогүйгээр хорвоо оршин тогтнох бололцоогүй гэж үздэг залуус баймаар. Нийгмийн менежментийн төлөөх эдний өвөр хоорондын өрсөлдөөн эрүүл саруул явагдах учиртай баймаар. Шалгарч гарч ирэх боловсрол мэдлэгтэй залуус нь өрнийн боловсролтой, соёлтой, хүнлэг, шударга, хариуцлагатай баймаар. Чингэж байж нийгэм жинхэнээрээ төлөвшмөөр. Урт хугацаагаар үргэлжилсэн шилжилт ч дуусмаар. Нийгэмд мутац биш ердийн шалгарал голлох үүрэг гүйцэтгэмээр. Гэтэл байдаггүй шүү?
Монголчуудад үе мултрах хэмээх 12 жилийн мөчлөг бий. Энэ нь тооллоосоо л болж байгаа болохоос хүний үеийн мөчлөгтэй хамаагүй. Ерэн онд улс төрийн тайзанд гарч ирсэн залуусын араас тэднээс үе мултарсан шинэ үеийнхэн залгасан. Тэднийг эргээд харахад “шинэ үе” гэхээсээ завсрын гологдол үеийнхэн байжээ. Мэдээж тэр насныхныг бүгдийг нь хамруулаагүй, нийгэм улс төрийн гаж шалгарлаар тодорч өдгөө улс төрийн тавцанд үүрэг гүйцэтгэх болсон цөөн бүлгийг тодорхойлж байна. Голдуу хоёр зууны зааг дээр тодорсон. Ерэн оны дунд, сүүлчээр дунд сургууль, зарим нь дээд сургууль дөнгөж төгсөөд байлаа. Шилжилтийн эхэн үед хорвоотой танилцсан. Социалист ёс суртахуун нуран унасан боловч хүний мораль нийгэмд бүрэлдэж амжаагүй байх завсрын үеийн бүтээгдэхүүнүүд. Олон жил тогтсон боловсролын шалгарсан систем дампууран унасан үед мэргэжлийн үнэмлэхтэй болцгоосон. Боловсролын үнэ цэнэ шалан дээр байсан үе учраас өөрөө ч тогтоож амжаагүй олон мэргэжлийн үнэмлэх өвөртөлсөн төдийгүй жуулчилж явсан орнуудынхаа худал үнэн нь мэдэгдэхгүй өргөмжлөл маягийн гуншинтай болцгоосон. Мөнгөөр зодож жилийн дотор хуульч, эдийн засагч хоч зүүсэн нь нэн олон.
Улс төрийн тавцанд тэдний гарч ирсэн шалтгаанд олон юм байж болох авч юутай ч эх оронч дуудлага, авъяас, үзэл бодол гэх мэтийн “хийсвэр” зүйлс огтоос багтахгүй. Тэд прагматикчид боловч нэг зүйл дээр тун их андуурчээ. Нийгмийг залуучууд удирдаад байна, ингэхээр бид хоолноос хоцрох ёсгүй гэсэн эндүүрэл. Ерэн онд Зориг хорин наймтай байсан учраас одоо миний ээлж гэсэн гэнэн ойлголт. Үнэндээ хүний нийгэмд хувьсгал удирдагч нартайгаа хөгширсөөр тогтсон нийгэмтэй залгадаг. Элбэгдорж ч, Баяр ч, Бат-Үүл ч, Энхбаяр ч тэтгэвэрт гарч байж л нийгмийн биш биологийн шалтгаанаар зай тавьж өгсөн. Нийгмийн дэвшил цаашдаа мутацаар биш шалгарлаар явна, ингэж байж тогтворжсон нийгэм бүрэлдэнэ. Хүний нийгмийн бүхий л үед ийм байсан, гэнэт одоо л Монголд гаж өөр юм болох шалтгаан байхгүй. Нийгмийн хувьсгал ч өөрөө дэндүү өртөгтэй эд учир хэн нэгний дарга болох гэсэн сонирхлоос болоод байн байн давтагдаад байдаг зүйл биш аж.
Харин тэд нэг зүйл дээр бодитоор оносон. Юу гэвэл МАХН хэмээх хуучин хүчин хөгшин хөвөөгөөрөө дуудуулж улс төрийн тавцан дахь байр суурь нь ганхаж байсан тул тэнд “орон тоо” элбэг байгааг гярхай ажиглажээ. Тэдний хэнээг ашиглаж улс төрийн хожоо гаргах гэсэн хэсгийнхэн удирдлагад байсан тохироо ч бүрэлдсэн тал бий. Гэхдээ энэ нь завсрын үеийнхэн Ардчилсан намд байхгүй гэсэн үг огт биш, концентраци нь арай л бага юм уу даа. Нэг хэсэг нь өнөөгийн улс төрийн голлох хоёр хүчнийг түлхэн унагаад оронд нь цоо шинээр гарч ирэх хий мөрөөдөлдөө хөтлөгдөн “эволюцийн хууль”-ийг зөрчих гэж мурчийна.
Ерэн оны хувьсгалчид, хоёр мянган оны завсрынхан хоёрын хооронд дэндүү том ялгаа бий. Эхнийх нь нийгмийн дуудлагаар төрж буй болсон, өөрийн гэсэн идеалтай, хэдийгээр хуучин нийгмийн бүтээгдэхүүн боловч үүнээсээ салах бүрэн эрмэлзлэлтэй, гол төлөв романтик бодолд хөтлөгдсөн залуус. Тэд насан туршдаа нийгмийн зөв менежмент хийж чадахгүй төөрөгтэй, учир нь ид мэдлэг, мэдээлэл, боловсрол олдог үе нь социализмын хордлого. Ил ухамсар нь нийгмийн шинэчлэлийн төлөө авч нэгэнт бараг биеийн эд эрхтэн нь шахам болоод ургачихсан далд ухамсар нь хойш чангаана. Иймээс нэг талаас алдагдсан үеийнхэн юм. Нийгэм мөнгөжиж хөрөнгөжихийн хэрээр тэдний тарааж үрж цацаж “ард түмнээ харж үзэх” зөн билэг нь улам ил гарна. Нэг амаараа зах зээлийн зарчим сурталчлах боловч ард түмнээ өрөвдсөндөө болоод нөгөө амаараа төрөөс үнийг зохицуулж барих тухай сургана. Төрийг үйлчилгээний газар гэж онолдох авч өөрөө төр болчихоороо бүхнийг зохицуулж хянаж байдаг эцэг болон хувирна. Насжаад ирэхээрээ сентименталь, настолги нь хөдөлдөг бололтой уяраад л уйлаад л харж үзээд л буян үйлдээд л. Бэлэг тараадаг өвлийн өвгөнтэй улам төстэй болно. Социализм бол патриархи үзлээс гаралтай. Иймээс ард түмнийг өөрснөө шийдвэр гаргах чадваргүй гэж үздэг учраас эцгийн халамжийг байнга үзүүлнэ. Алдагдсан үеийнхний далд ухамсар өнөөгийн Монголын нийгмийн менежментийг явуулж байгаа юм. Гэхдээ шилжилт хийж байгаа манай нийгэм эднээс зайлах бололцоо байхгүй. Зөв шалгарлаар гарч ирэх дараа үеийхнийг хүлээхээс өөр аргаггүй байсан.
Эдний орыг одоо шууд залган эрхийг булаах гээд байгаа Завсрын үеийнхэн бол харин нийгмийн зөв шалгарлаар гарч ирээгүй. Алдагдсан үеийнхэн нь өөрийн үеийхнийхээ тэргүүний хэсэг бол завсрынхан болохоор өөрийн үеийнхнийхээ хамгийн жудаггүй, ёс төргүй хэсгийн төлөөлөл. Шилжилтийн үеийн хамгийн хүнд, хамгийн дампуурсан, хамгийн моральгүй болсон үеийн зэрэмдэг бүтээгдэхүүн. Алдагдсан үеийнхэн шиг сайн боловсрол ч үгүй, нийтийн төлөө гэсэн романтик үзэл ч үгүй, шударга үнэн гэсэн баримтлал ч үгүй. Цэвэр прагматикууд. Гэхдээ хамгийн вулгар прагматизм. Мөнгөнөөс өөр ариун нандин эрхэм үнэлэмж үгүй. Мөнгөнд хүрэх цорын ганц аргыг эрх мэдэл гэж үзнэ. Өөрсдийгөө шинэ үеийнхэн хэмээж ээлж нь болсон гэж дайрцгаах авч үнэндээ ердөө л хоолны оочирын тухай ярьж буй хэрэг. Нийгмийн демораль жилийн бүтээгдэхүүн нь, золиос нь, хог ургамал нь. Улаан ногоон, алтан мөнгөн сарнай саргай, ардчилсан ардчилаагүй, социалист капиталист залуучууд болон талцан бүлгэрхэж эх орон ард түмэн хэмээн зурагдсан пянз шиг орилолдох авч луйвар хулгай дээрэм гэсэн аль л олхиогүй болгоны үнэр нэвт шингээстэй. Нийгэм нээлттэй болж түмэн бололцоо үүсэнгүүт эдний үеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хөдөлмөр зарж байхад улс төрөөр бөөлжиж хийрхлээр цамнаж хөнгөн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс төрийн тавцан дээр цойлон гарч иржээ. Урьд социализмын үеийн хотын хулигаанууд комбинатынхан, микрийнхэн, дөчин мянгатынхан гэж бүлэг болон хоорондоо зодолддог байсан бол, өнөөгийн “шинэ үе” гэгчид наян оныхон, ерөн оныхон, шинэ зууныхан хэмээн бүлэгт хуваагдан хоорондоо эрх мэдэл булаацалдан алалдана. Биенийгээ “энэ хулгайч манай ерэнтаван оныхныг төлөөлөх эрхгүй” ч гэж зурагтаар зарлаж байх шиг? Яахаараа дал ба ерэн болж хуваагддаг, тэр нь ямар ялгаатайг энгийн хүн байтугай өөрснөө ч ойлгохгүй. Тэд хулгайлсан дээрэмдсэн их мөнгөнийхөө шавхрууг ард түмэндээ тарааж нэр нүүр олсныгоо эх орон, ард түмэн гэсэн үгээр илбэн тохинуулж улам мандан бадрана. Прагматикууд тул ямар ард түмэнтэйгээ сайн ойлгоно, тэдэнд хэрхэн тохируулахаа ч сайн мэддэг.
Бүхий л сэтгэлгээ нь люмпэн. Люмпэн гэдэг нь харьяалалгүй, хүсэл эрмэлзлэлгүй, эрхэлсэн ажил мэргэжилгүй нийгмийн шавхрууг хэлдэг. Тэд сэхээтэн ч биш, ажилчин ч биш, тодорхой хөдөлмөр хэзээ ч эрхэлдэггүй, нийгмийн шимэгч хэсэг юм. Завсрын үеийнхэн харанхуй, бүдүүлэг, соёлгүй, залхуу, моральгүй - тогтсон нийгэмд бол нийгмийн хамгийн доод шаар байдаг авч үймсэн нийгэмд тэд дээш хөвөн гарч хөлжин цадаж манлайлагчийн дүрээр тодорч элитар анги болдог байна. Тогтонги цөөрмийг хутгаж булингартуулахад баас хамгийн түрүүн хөвөн гарч ирдэг. Энэ бол нийтлэг үзэгдэл. Францын хувьсгалаар ийм люмпэн элитүүд хэрхэн тодорч байсан тухай Камю, Фромм нар бичиж гүнзгий анализ хийжээ. Ийм люмпэн элитүүд Октябрийн эргэлтийн дараа сүрэг болон гарч ирснийг Булгаков бичиж Шариков хэмээх дүрээр илэрхийлсэн байдаг. Сурвалжит язгууртан дүр эсгэсэн, сюртюктэй гахай. Организмыг өөрийг нь үхэлд хүргэдэг мөнөөх 99,9999... хувь болсон мутац л юм даа.
Жинхэнэ шинэ үе ирэх болоогүй байна. Дахиад гучин жил хүлээхээс өөр аргаггүй.

