Судлаачид өнөө үеийг даяаршин хавтгайрах энх цаг улирч, дангааршин хүчирхэгжих өрсөлдөөн өрнөж буй үе хэмээн тодорхойлж байна. Даяаршлыг эвдэгч нь дангааршил юм. Дангааршил, даяаршил хоёр бие биенээ дагаж, дагуулж солигдож байдаг бөгөөд дангааршил нь даяаршлаа “бүтээлчээр эвдэж” шинэ даяаршлыг бий болгодог ажээ.

Яагаад одоогийн даяаршлаа эвдэх болов, яагаад улс орнууд дангаараа хүчирхэгжих гэж өрсөлдөх болов, яагаад шинэ даяаршил хэрэгтэй болов? Улс орнууд шинэ технологийг өрсөж эзэмшин цэрэг зэвсэг, үйлдвэрлэл, тээвэр, худалдаа, мэдээлэл, санхүү зэрэг бүхий л салбарт давамгайлахын төлөө өрсөлдөж, энэ өрсөлдөөнд ялсан нь дэлхийд тэргүүлэх гүрэн болж бусад улс орныг өөртөө татаж, улмаар даяаршлыг манлайлдаг. Хүн төрөлхтөний түүх ийм юм, түүх үргэлжилж байна.

АНУ, Хятадын хооронд гол өрсөлдөөн өрнөж байна. АНУ, Хятад гол өрсөлдөгчид болж байгаа нь манай улсад, манай гадаад бодлогод хүчтэй нөлөөлөх болно. Жишээ нь, Хятад АНУ-ын технологиос 3 жилийн дотор салж, 2025 он гэхэд өндөр технологийн салбарын үндсэн бүтээгдэхүүний 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьж байгаагийн улмаас манайд АНУ-ын технологи уу, Хятадын технологи уу гэсэн сонголт бий болно, энэ сонголтыг дагаад улс төрийн үр дагавар ч гарах магадлалтай. Манай мэдээллийн технологийн салбарт Хятадын “Huawei”, “ZTE” компаниуд тэргүүлэх болж байгаа нь, манай эдийн засаг Хятадаас хамааралтай болж байгаа нь цаашид манай улс Хятадын эрхшээлд орох нөхцлийг бүрдүүлж байгаа тул гадаад харилцаагаа тэнцвэржүүлэх шаардлага улам ихээр тавигдаж байна. Хоёр их гүрний өрсөлдөөн Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар манай эдийн засагчид ярьж, бичиж байгаа.

Япон болон Өмнөд Солонгосын хооронд, АНУ болон Европын холбооны хооронд, АНУ болон ОХУ-ын хоорнд, Хятад болон Европын холбооны хооронд ч өрсөлдөөн эхэлж байна.

Хүчний харьцаа өөрчлөгдөнө. Өрсөлдөөний дүнд дэлхийд хүчний харьцаа өөрчлөгдөнө. Дэлхийд АНУ, Хятадын аль нэг нь давамгайлсан даяаршил тогтох уу, эсхүл хоёр туйлтдаяаршил тогтох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Топ 20 эдийн засагт одоо АНУ, Хятад, Япон, Герман, Энэтхэг, Их Британи, Франц, Итали, Бразиль, Канада, Орос, Өмнөд Солонгос, Испани, Австраль, Мексик, Индонез, Нидерланд, Саудын Араб, Турк, Швейцарь байгаа бол “PwC” олон улсын консалтанси, судалгааны компанийн судалгаагаар 2050 онд Хятад, Энэтхэг, АНУ, Индонез, Бразиль, Орос, Мексик, Япон, Герман, Их Британи, Турк, Франц, Саудын Араб, Нигери, Египет, Пакистан, Иран, Өмнөд Солонгос, Филиппин, Вьетнам орно. Топ 20-ийн олонх нь Евразид байх нь. Хүчний харьцаа ингэж өөрчлөгдөх нь манай гадаад бодлогод сорилт бөгөөд боломж болно.

Технологи ашиглан хүчирхэгжинэ. Тухайн үеийн шинэ технологи нь даяаршлыг эвдэн шинэ даяаршлыг бүтээгч хүчин зүйл болдог, аж үйлдвэрийн хувьсгалыг өрддөг, хүчирхэгжин хөгжих түлхүүр болдог. Их Британи 1780-аад оны үед уурын технологийг ашиглан үйлдвэрлэлийг механикжуулж чадсанаараа аж үйлдвэрийн I хувьсгалыг хийж, дэлхийн хамгийн хүчирхэг улс болсон. Их Британи дараа нь 1870-аад оны үед цахилгаан эрчим хүчний технологийг ашиглан бүтээгдэхүүнийг бөөнөөр үйлдвэрлэдэг болсноор аж үйлдвэрийн II хувьсгалыг хийсэн. АНУ 1960-аад оноос цахим мэдээллийн технологийг ашиглан үйлдвэрлэлийг автоматжуулах болсноор аж үйлдвэрийн III хувьсгалыг хийж өнөөгийн даяаршлыг манлайлсан.

Аж үйлдвэрийн IV хувьсгал хэдийн эхэлсэн гэдгийг 2016 онд болсон Давосын чуулга уулзалтын үеэр анх хэлэлцсэн. Энэ хувьсгалын тулгуур технологи нь үүлэн технологи, үлэмж өгөгдөл, хиймэл оюун ухаан, квантын компьютер, блокчэйн, робот, ЗD хэвлэл зэрэг мэдээлэл цуглуулж боловсруулах, үйлдвэрлэл явуулахухаалаг систем, краудсорсинг болон биотехнологи, нанотехнологи байх ажээ. Ухаалаг систем зөвхөн үйлдвэрлэлд ч бус, мөн үйлчилгээ, тээвэр, эрүүл мэнд, урлаг гээд бусад салбарт ч нэвтэрнэ.

Дангааршин хүчирхэгжих өрсөлдөөн хүчтэй явагдах болно. Аж үйлдвэрийн өмнөх хувьсгалуудыг ажиглавал эхлээд худалдаагаа хамгаалах, дараа нь үйлдвэрлэлийн нөөц, чадавхаа хамгаалах, эцэст нь технологио хамгаалах гэсэн 3 үе шаттай өрнөж байжээ. 

Эхний үе шат нь тарифын хязгаарлалтаас эхэлж, худалдааны болон валютын дайн болж даамжирдаг. АНУ, Хятад худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах нэрээр нэг нэгнийхээ бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулж эхэлсэн нь худалдааны дайн болж, цаашид үндэсний валютын ханшийг албаар унагах, бодлогын хүүгээ бууруулах зэргээр валютын дайн болон даамжирч байна. Энэ үе шатанд асуудлыг харьцангуй амархан шийдвэрлэж болно, шийдвэрлэх оролдлого ч хийгдэж байна.

Хоёрдугаар үе шатанд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, импортын хориг саад тавих, үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлтийг аюулгүй, баталгаатай байлгах, хяналтдаа авах явдлаар үргэлжилнэ. Энэ үе шатанд геостратегийн гол зөрчил байгалийн баялаг, түүхий эдийн орд газар, экспортын зах зээл, тээврийн шугам хоолойн дагуу явагддагийг ХХ зуунд Африк, Ойрхи дорнод, Персийн булан, Латин Америк, ХХI зуунд Иран, Сири, Венесуэлд болж буй үйл явдлаас харж болно. Энэ үе шатанд шийдвэрлэхэд бэрх олон асуудалтай тулгарч удаан үргэлжлэх болно.

Гуравдугаар үе шат болох технологио хамгаалах өрсөлдөөнд өмнөх аж үйлдвэрийн хувьсгалын үед технологи дамжуулах, нутагшуулах, патентлах, хөгжүүлэхэд хяналт тавьж байв. Харин цахимжилтын өнөө үед оюуны өмч, мэдээлэл, технологийн хөгжүүлэлтэд онцгой анхаарах бөгөөд шинжлэх ухааны шинэ нээлтийг амьдралд нэвтрүүлсэн технологи, мэдээлэл, мэдлэгийг эзэмших, хянах, хамгаалах нь чухал асуудал байх ажээ. Иймээс энэ үе шат нэн бэрх, олон жил үргэлжилнэ.

Цахимжилтын дангааршил нь хамгийн хүнд хэлбэрээр явагдаж, сөргөлдөөнд ч хүргэх эрсдэлтэй, “ирээдүй хаяанд ирлээ – шинэ хүйтэн дайн эхэллээ” гэж нэрт судлаач Роберт Каплан бичжээ. Харилцан буулт хийх орон зай багатай, шийдвэрлэх аргагүй асуудлууд ихтэй тул нэн их өрсөлдөөн явагдах болно.

Дэлхийд шинэ дэг журам тогтоно. Дэлхийн шинэ дэг журам гэдэг нь шинэ даяаршил юм. Их Британи, АНУ аж үйлдвэрийн хувьсгалд ялж хүчирхэгжихдээ чөлөөт худалдааны дэг журмыг тогтоосон нь тэднийг даяаршлын манлайлагч болгосон байдаг.

АНУ, Хятад одоогийн даяаршлын төлөө өрсөлдөж байгаа юм биш, шинэ даяаршлыг хэн нь манлайлахын төлөө өрсөлдөж байгаа юм. Иймээс АНУ өөрийн манлайлж буй одоогийн даяаршлаас татгалзлаа хэмээн зарлаад бусад улстай худалдааны дайнд орж, ЮНЕСКО-оос ч гарч, Номхон далайн түншлэлийн гэрээг цуцалж, протекционизмыг гол бодлогоо болгов. Хятад даяаршлыг манлайлахад бэлэн, дэлхийн шинэ дэг журмыг тогтооно гэдгээ мэдэгдэж, «Бүс ба зам» санаачилга, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк, Азийн Давос зэрэг даяаршлын шинэ механизмын суурийг тавив.

Үүнээс үзэхэд одоогийн даяаршлын олон механизм эвдэрч, олон гэрээ конвенц өөрчлөгдөж буюу хүчингүй болж шинээр хийгдэх нь. Чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, оюуны өмчийн, цаашилбал улс төрийн шинэ дэг журам боловсруулагдах нь. Энэ бүхэнд манай улс, юуны өмнө дипломатууд одооноос судалж бэлтгэх нь гарцаагүй.

Дангааршин хүчирхэгжиж буй гүрнүүд бусдыг эрхшээлдээ оруулах бодлого явуулна. Дангааршин хүчирхэгжиж буй орнууд бусдыг эдийн засаг, санхүү, технологийн хувьд эрхшээлдээ оруулахыг зорино. Мөн буурай орнуудад 1-д яс үндэс, шашин, соёл, үзэл бодол, улс төрийн хуваагдмал байдал, 2-т эдийн засгийн хямрал хүндрэл, 3-т нийгэм, улс төрийн тогтворгүй байдал бий болгон эрхшээлдээ оруулахыг эрмэлзэж байна. 

Манай улсын хувьд талцал, бүлэглэл, хуваагдмал байдал гүнзгийрч, үндэсний эв нэгдэл алдагдаж, эдийн засгийн хямралын байдалтай байгаа, цаашид амьжиргаа муудаж, шударга ёс алдагдсанаар ард түмний бухимдал даамжирвал нийгэм, улс төрийн тогтворгүй байдал, улмаар хямралд хүргэх эрсдэл байна. Энэ нь манай улсыг бусдын нөлөөлөлд амархан автах эмзэг байдалтай болгож байна. Ийм эмзэг байдал нь Монголыг улс үндэстнийх нь хувьд доройтуулж байна. Энэ бол түүхэн амаргүй сорилт юм. Иймд юуны өмнө үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэн үндэсний эв нэгдлийг хангах хүчтэй бодлого шаардагдаж байна, энэ тухай жич өгүүлэх болно.

Монгол дангааршин хүчирхэгжих боломжтой. Дангааршин хүчирхэгжих өрсөлдөөн болон аж үйлдвэрийн IV хувьсгал Монголд хэрхэн нөлөөлөх вэ, Монгол энэ өрсөлдөөнд тэсч үлдэх үү, Монгол хүчирхэгжиж чадах уу?

Аж үйлдвэрийн IV хувьсгал бидэнд шинэ боломжийг олгож байгаа юм бишүү. Бид өмнө нь гарсан олон технологиос хоцорсон ч IV хувьсгалын тулгуур технологиудыг бусдын адил анхнаас нь хөгжүүлж өрсөлдөх боломж байна. Хиймэл оюун ухаанаар тэргүүлээд тасарсан улс, компани байхгүй, бүгдээрээ л гараанаас өрсөлдөж эхэлж байна.

Манайд хөгжлийн түлхүүр бол зэс, нүүрс, арьс шир, ноос ноолуур биш, харин технологи гэдгийг ойлгох хэрэгтэй байна даа. Ашигт малтмал, түүхий эдээ ачиж гаргаад мөнгө болгон бушуухан хармаалах нь хөгжилд хүргэхгүй нь ойлгомжтой болсон. Манайд түүхий эд байна, танайд технологи байна, энэ хоёрыг нийлүүлбэл лут юм болно гэж аль 1990-ээд оноос л гадагшаа ярьцгаасан, одоо ч ярьсаар. Биотехнологи, нанотехнологи гэж бас л олон жил ярьж байна.

Ухаалаг технологийг хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулалт, асар их түүхий эд, асар олон ажиллах хүч, нүсэр үйлдвэрлэл, том барилга байршаардлагагүй нь бага буурай манай улсын хувьд том боломж. Манай IT-ийн компаниуд ухаалаг технологи гарган дэлхийн аль ч улсад хүрэх боломж байна, зарим нь олон улсад гарах гэж оролдож л байна. Үүнийг төр нь бүхий л талаар дэмжээсэй, төрийн гадаад, дотоод бодлогын тэргүүлэх чиглэл болгоосой.

Бусад улс компьютер программчлалыг дунд сургуульд зааж, хүүхдүүдээ код унших, бичих чадвараар “зэвсэглэж” технологийн өрсөлдөөнд бэлдэж байна. Манай улс энэ өрсөлдөөнд гараанаас нь хоцормооргүй л байх юм. Нийслэл 10 мянган залуусыг код бичиж сургах төсөл хэрэгжүүлээд эхэлсэн нь сайн хэрэг. Боловсрол, шинжлэх ухаан, технологийн яам үүнийг бодлогын хувьд анхаарч, инженерийн боловсролд түлхүү ач холбогдол өгч дэмжих буй заа.

Дангааршлын үе шат бүр манай улсын хувьд сорилт байх болно. Үе шат болгонд бага буурай гэлтгүй үндэсний валют, дотоодын үйлдвэрлэл, байгалийн баялаг, түүхий эд болон хэдэн компанийхаа технологи, оюуны өмчийг хамгаалах бодлогоо одооноос тодорхойлох шаардлагатай болж байна.

Эцэст нь, манай улс үндэсний эв нэгдлээ хангаж, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлж, шинэ технологийг дэмжин хөгжүүлж, буурай улсуудын өмнө тулгарах хүнд сорилтуудыг давж чадвал дангааршлын өрсөлдөөнд тэсч үлдэхээр барахгүй хүчирхэгжин өрсөлдөх боломж байна. Үүний тулд гагцхүү Монгол төрийн урт хугацааны тууштай бодлого хэрэгтэй байна, ард түмнээ хүчирхэгжих мөрөөдөл, тэмүүлэлтэй болгох хэрэгтэй байх юм.

Хэрэв бид зарим нэг технологиор хүчирхэгжиж чадвал шинэ даяаршлын үед түүнийгээ дэлхийн өнцөг булан бүрт нутагшуулснаар улс орон маань хүчирхэгжих болно, чингэхдээ чөлөөт худалдаа зэрэг даяаршлын дэг журмуудыг ашиглах болно. Даяаршил гэдэг бол дангааршин хүчирхэгжих өрсөлдөөнд ялсан улс технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бодлогоо дэлхий дахинд түгээх дэг журам шүү дээ.

Хүннү гүрэн, Их Монгол Улсын үед монголчууд Евразийн тавцанд даяаршлыг манлайлж байсан түүхтэй. Түүнээс хойш шинэ технологийг ашиглан дахин хүчирхэгжих боломж одоо л гарч байна. Бүх талаар хүчирхэгжиж даяаршлыг манлайлдаггүй юм гэхэд зарим зүйлээр хүчирхэгжин шинэ даяаршилд өөрийн өнгө аястай байх боломж олдож байна. Энэ боломжийг алдвал дангааршиж ч чадахгүй, даяаршиж ч чадахгүй, бусдын нөлөөнд бүрэн автах эмгэнэлт түүх болно.


Элчин сайд О.ОЧИРЖАВ