Цагаан үхэл буюу Мэргэн буудагч Симо Хяюхя
Финляндын армийн мэргэн буудагч Симо Хяюхя зөвлөлт- финляндын дайны үед зөвлөлтийн түрэмгийлэлийг эсэргүүцэн тэмцэж эх орноо хамгаалан тулалдаж нийтдээ 542 орос цэрэг, офицерийг устгаж үлэмж том гавьяа байгуулжээ.
Зөвлөлт - Финляндын дайны үед “Цагаан үхэл” хэмээн нэрд гарсан Финляндын мэргэн буудагч Симо Хяюхягийн тухай өгүүлье.
Зөвлөлт - Финляндын дайн зөвлөлтийн удирдагч Сталин, Молотовын өдөөн хатгалгаар дэгдсэн юм.Тэр үед Зөвлөлт улс нацистын Германтай нууц хэлэлцээр хийж, Польшийн зүүн нутгийгэзэлж, Балти орчмын Латви, Литва, Эстоныг түрэмгийлэн эзэлж цэргийн хүчээрээ дэлхийд гайхуулжбайлаа. Зөвлөлт улс Финляндын эсрэг дайнд 1936 оноос эхлэн бэлджээ. Сталин “Финляндын хил зөвлөлтийн Ленинград хотоос дөнгөж 34 км зайтай байгаа нь дэндүү ойр байна.Энэ хилийг цааш нь 100 км холдуулах хэрэгтэй. Финляндын Ханкогийн хойг, Готланд, Лаванд зэрэг 4 аралыг Зөвлөлт улс авах ёстой” хэмээн мэдэгдэж Финляндын талд эдгээр газар нутгаа Зөвлөлт улсад өгөхийг шаардаж байв.Энэхүү хууль бус шаардлагыг Финлянд улс хүлээж аваагүй юм.1939 оны 11-р сарын 30- ны өглөө Зөвлөлт Финляндын хил орчим зөвлөлтийн их бууны батарей гэнэт өөрсдийн тал буюу зөвлөлтийн хилийн застав руу гал нээж зөвлөлтийн 12 хилийн цэрэг, офицер амь үрэгдэв. Зөвлөлтүүд ийнхүү өөрсдийн цэргээ алсныгаа дэлхий нийтэд “финляндууд гал нээж зөвлөлтийн цэрэг алагдав” хэмээнхуурамч мэдээлэл цацжээ. Финлядын тал “Бид ямар ч гал нээгээгүй. Манай их буунууд хилээс 100 км-ын гүн дотор байдаг. Бид ямар ч халдлага Зөвлөлтийн нутаг руу хийгээгүй” хэмээн мэдэгдэв. Зөвлөлтийн тал энэхүү санаатай гаргасан шалтагийг ашиглаж Финлянд руу дайрахаар хэдийнээ бэлдсэн байлаа. Ингэж Зөвлөлт Финяндын дайн эхэллээ. Зөвлөлтийн армийн удирдлага Финляндын нийслэл Хельсинкийг 7 хоногийн дотор эзэлнэ хэмээн сагсуурч байлаа.
Зөвлөлт улс Финлянд улс руу 770 000 орос цэрэг, 3000 танк, 3000 нисэх онгоцоор дайрлаа. Финляндын арми 200 000 цэрэг, 30 танк, 130 нисэх онгоцтой сөрөн зогсож байлаа. Финляндууд Маннергеймийн бэхлэлийн 135 км урт хамгаалалтын шугамаа нутгийн гүндээ хийжээ Ийнхүү 3 сая хүн амтай Финлянд улс 200 сая хүн амтай Зөвлөлт улсын цэргийн хүчирхэг дайралтыг зогсоохоор тулаан эхлэв.1 финн цэрэгт 4 орос цэрэг ногдож байлаа.Финляндын арми хэдийгээр цөөхөн цэрэг, техниктэй ч гэсэн маршал Карл Маннергеймийн удирдлага дор гарамгай сайн байлдаж дайсны хүчийг сааруулж олноор нь устгаж байв..
Дэлхий нийт зөвлөлтийн түрэмгийлэлийг жигшиж Зөвлөлт Холбоот улсыг Үндэстний Лигээс хөөв. Финляндын арми зөвлөлтийн цэргийг нутгийн гүнд оруулж хүнс, буу сумнаас нь холдуулж ойн гүнд зөрөг зам дээр бүслэлт хийж зөвлөлтийн олон мянган цэрэг, танк, их бууг устгав. Өвлийн хүйтэнд танк нь зогсож, буу нь гацаж, радио холбоо нь тасарч, халуун хоол хүнс болон байлдааны сумнаасаа таслагдсан, зуны хувцастай орос цэргүүд даарч осгож санаа сэтгэлээр унаж байв.Финний цэргүүд Зөвлөлтийн армийн эсрэг партизаны өвлийн тулаан хийв. Финний цэргүүд өвлийн цагаан дулаан хувцастай, цанатай, хурдтай хэсэг бүлгээрээ хорлон сүйтгэх дайн хийсэн нь үр дүнд хүрэв. Финний цөөхөн цэргүүд олон зуун мянган орос цэргийн эсрэг “түлээ хагалах” тактикаар байлдав. Энэ нь зөвлөлтийн цэргийг мод хагалж байгаа мэт хэсэг хэсгээр нь тасдан бүсэлж устгах тактик юм. Зөвлөлтийн арми хүний олон, танк, их бууны олноор ялж чадсангүй. Зөвлөлтийн танкны шатахуун нь өвлийн хүйтэнд танкны моторт бетон мэт зууралдаж, их буу нь хүйтэнд гацаж,зуны формтой орос цэргүүд нь хасах 43 градусын хүйтэнд хөлдөж үхсээр байлаа. 60 000 орос цэрэг өвлийн хүйтэнд гар, хөлөө хөлдөөж цэргийн эмнэлэгт хүргэгдэж тахир дутуу болжээ. Энэ дайнд Зөвлөлтийн улаан арми 150 000 цэргээ алдав.Зөвлөлтийн арми нь голдуу шинэ цэргээс бүрдсэн, өвөл байлдах туршлагагүй, зөвлөлтийн армийн олон мянган офицеруудыг 1937 оны улаан хядалгаар өөрсдийгөө устгасан байлаа.
Энэ дайнд Финляндын 33 настай фермер, мэргэн буудагч Симо баатарлагаар тулалдаж тодорсон юм.Симо бол хөдөө тосгондоо фермерийн амьдралаар амьдарч байсан энгийн тариачин эр байлаа. Дайн эхлэнгүүт тэр бээр өөрийн “М30” винтов буугаа авч цэрэгт сайн дураараа явж эх орноо хамгаалан тулалдсан юм. Симо финляндын 12-р явган цэргийн дивизэд алба хааж байлаа. Симо өглөө бүр оросуудыг агнах ажиллагаагаа эхлүүлдэг байв. Тэр бээр ил хараатай, дурангүй винтов буугаа 60 сумны хамт авч цагаан хувцас өмсөж цанаа хөлдөө углаад гардаг байлаа. Оросуудыг ирж яваа замд нь отож замын хоёр талд цас овоолж буудах газраа сонгодог байв. Түүний буу хүйтэнд гацна гэж байхгүй, өмссөн хувцас нь цасан дунд огт харагдахгүй, амьсгал нь хүртэл уур савсахгүй, бууны дуу нь ч сонсогдохгүй байдаг байлаа. Тэр ямар ч дуу чимээгүй, нам гүмхэн газар отолтонд хэвтэж оросуудыг хүлээдэг байв.
Анхны тулаан эхэллээ. Зөвлөлтийн 50 орчим бүлэг цэргүүд ойн цоорхойн зөрөг замаар орж ирэв. Тэд нэгэн цуваа болон жагсаж эхэнд нь ахалж яваа дэлэгч чанга дуугаар удирдана. Хамгийн сүүлд радист явж байгаа харагдав. Симо тэднийг 150 метр ойртонгуут хамгийн сүүлд явж байгаа радистыг буудаж унагав. Дараа хамгийн түрүүнд явж байсан орос дэслэгчийг буудан унагав. Оросууд сандралдан хаанаас буудаж байгааг мэдэхгүй таамгаар ой руу хариу буудаж байлаа. Эхний тулаанд Симо 15 орос цэргийн устгаж ангидаа буцав. Симо байдлыг даргадаа илтгэв. Дарга нь түүнийг анхны тулаанд 15 орос цэрэг устгасныг сонсоод итгээгүй гэдэг. Дараагийн тулаанд орохдоо Симон гэрч болгож нэгэн туслах фин цэргийг авч явлаа. Симо мөн л отолтын байраа бэлтгэж винтовын 60 сум авч мөн гар пулемёт авлаа. Симо орос цэргүүдийг дөхөж ирэнгүүт отолтын хоёр газраа ээлжлэн байрлаж орос цэргийн офицеруудыг түүвэрлэн буудав. Удирдлагагүй болсон орос цэргүүд эмх замбараагүй болж аль харсан зүгтээ таамгаар гал нээх аж. Симо бөөгнөрсөн орос цэргүүдийг гар пулемётаар буудан олноор нь хөнөөв. Энэ удаа тэр 22 орос цэргийг хөнөөв. Хамт явсан фин цэрэг “энэ үнэн” хэмээн даргадаа гэрчилж илтгэв.
Удалгүй зөвлөлтийн цэргүүдийн дунд Цагаан үхэл гэгч Финний мэргэн буудагч цасан дундаас гэнэт гарч ирээд зөвлөлтийн цэргүүдийг толгой дараалан хөнөөж байна гэсэн мэдээ тархлаа. Зөвлөлтийн цэргийн удирдлага ч түүн дээр хамаг анхаарлаа хандуулж түүнийг устгах төлөвлөгөө гаргав.
Зөвлөлтийн цэргийн удирдлага Симог устгах зорилгоор Москва хотоос зөвлөлтийн мэргэн буудагч 35 хүнтэй тусгай анги гаргаж Симог ангуучилж эхлэв. Симо оросын эдгээр мэргэн буудагч нартай ганцаараа байлдахаар шийдэв. Симо оросын мэргэн буудагчдыг толгой дараалан хөнөөж 35 мэргэн буудагчийг бүгдийг нь хороожээ. Зөвлөлтйин мэргэн буудагчид цасан дунд сайн далдалж чадахгүй байлаа. Тэд дэндүү их дуу чимээг гаргаж байв. Тэдний бахиал гутлын нүсэр чимээ цасыг шарчигнуулан дуугаргаж байлаа. Тэдний винтов бууны дуран нь нарны гэрэлд гялалзаж өөрсдийгөө илрүүлж байв. Тэдгээр цэргүүдийн амьсгалаас хүйтэн агаарт уур савсан гарч байлаа. Харин Симогийн винтов буу дурангүй тул ямар ч гялалзах зүйлгүй, буу нь бараг дуу чимээгүй байдаг байв. Симо ямар ч чимээгүй, ямар ч бараа сураг нь харагдахгүй, цасан дунд маш сайн далдалсан тул хэн ч түүнийг илрүүлж чадахгүй байв.
Дараа дараагийн тулаанд Симо ямар ч алдаа гаргадаггүй байв. Тэр бээр 150 - 300 метрийн зайнд ямар ч хөдөлгөөнт байг алдахгүй онодог байв. Зөвлөлтийн арми хүйтэн орчинд ой дотор өвлийн цагт байлдах чадвар тун муу байв. Зуны формтой орос цэргүүд 43 градусын хүйтэнд хөлдөжүхэхгүйн тул финляндын битүү ой модон дунд түүдэг гал асааж өөрсдийгөө илрүүлдэг байв. Тэр үед гал тойрч бөөгнөрч суусан орос цэргүүд рүү Симо ганц гар пулемётаараа шүршиж бүгдийг нь газар дээр нь устгаж байлаа.
Симо өөрийн “М-30” винтов буугаараа олон зуун орос цэргийн устгаж чадлаа. Нэгэн удаа зөвлөлтийн хамгийн том мэргэн буудагч ирж тэдний дивизийн цэргүүдийг хөнөөж эхлэв. Дивизийн дарга Симод тэрхүү оросын мэргэн буудагчийг устгах тушаал өгөв. Оросын тэр мэргэн буудагч 400 метрийн зайнаас алдахгүй мэргэн буудаж байв. Түүний хаана нуугдаж байгааг Симо илрүүлж түүнийг ганц сумаар буудаж хөнөөв. 1940 оны өвөл оросууд давшилтаа зогсоож Маннергеймийн хориглолтын зурвас дээр гацав.Энэ бэхлэлт бол сайтар далдалсан, гүн зузаан бетон бэхлэлттэй, олон их буу, пулемёт зоосон, бэхлэлтийн өмнөх талбайг минэжүүлсэн,төмөр тороор хамгаалсан маш том сайн бэхлэлт байлаа. Оросын цэргүүд энэ бэхлэлт рүү дайрч финний цэргүүдийн ширүүн галд өртөж олон арван мянгаараа үхэж үрэгдэж байлаа.Танкууд нь намагт шигдэж их бууны галд өртөж төмрийн хог болж байлаа.Зөвлөлтийг арми финний мэргэн буудагч Симог устгахын тулд их бууны тусгай хүч ирүүлж түүний байрлаж болзошгүй газар руу их буугаар зогсоо зайгүй галлаж эхлэв. Оросууд ой мод руу их бууны галаа чиглүүлж байны цэгээ квадрат, квадрат метрээр нь хувааж галлав. Гэвч тэд Симог илрүүлж чадахгүй л байв.
Симог устгахын төлөө зөвлөлтийн бүхэл бүтэн батальон цэрэг байлдаж байв. Симо ганцаараа зөвлөлтийн бүхэл бүтэн батальон цэргийг устгаад байлаа.Сталин “Зөвлөлтийн цэрэг жижигхэн Финляндыг ялж байгаа хэмээн худал мэдээлэл тараасан, одоо болтол финляндын хориглолтын шугамыг давж чадаагүй” хэмээн уурлаж финлянд руу дайрсан зөвлөлтийн цэргийн удирдагч Кирилл Мерецковыг цаазалж,оронд нь маршал Семён Тимощенког томилов. Маршал Тимощенко өмнөх тактикийг өөрчилж хамгийн сүүлийн үеийн хүнд их бууны ангиудыг татан авчирч финны армийн хориглолтын шугамыг тасралтгүй буудаж нисэх онгоцоор тасралтгүй бөмбөгдөж хориглолтыг сэтэлж эхлэв. Финляндын Засгийн газар байдал хүндэрч эхлэхийг мэдэж Финлянд улс тусгаар тогтнолоо бүрэн алдаж оросуудын боол болсноос тэдний эзэлсэн финляндын газар нутгийг тэдний шаардсанаар өгөхөөр хэлэлцээр хийж дайныг дуусгаж тусгаар улсаа аварч үлдээхээр шийдлээ. Ийнхүү Зөвлөлт улс Финляндын газар нутгийн 40 000 квадрат км газар нутаг буюу Финляндын газар нутгийн 11.0 хувийг эзэлж авлаа. Энэ дайнд зөвлөлтийн 250 000 цэрэг амь үрэгдэж 270 000 цэрэг шархаджээ. Энэ дайнд финляндын 25 000 цэрэг амь үрэгдэж 43 000 цэрэг шархдажээ.
Дайны сүүлийн нэгэн тулааны үед Симо оросын нэгэн мэргэн буудагчийн суманд өртөж хүндээр шархдав. Түүний нүүр рүү буудсан сум задардаг сум байсан тул түүний тал нүүр, тал тархийг юү ч үгүй болгов. Цэргийн госпитал Симод 16 удаа операц хийж арайхийж түүнийг үхлээс аврав. Финляндын армийн мэргэн буудагч Симо Хяюхя зөвлөлт- финляндын дайны үед зөвлөлтийн түрэмгийлэлийг эсэргүүцэн тэмцэж эх орноо хамгаалан тулалдаж нийтдээ 542 орос цэрэг, офицерийгустгаж үлэмж том гавьяа байгуулжээ. Дайн 1940 оны 3-р сарын 12-ны өдөр зогслоо. Симогийн нутаг оросуудад эзлэгдсэн тул тэр фермээ буцаан авч чадсангүй. Финляндын Засгийн газар Симод нутгийн гүнд ферм эрхлэх газар авч өгөв. Тэр амьдралынхаа дайны дараах жилүүдийг нохой үржүүлж анд явж, фермерийн газартаа өнгөрүүлсэн юм.
Симо бол тун даруухан хүн байлаа. Финляндад баатаруудаа даруухан шагнадаг юм. Симоны гавьяаг үнэлж Финлянд улс Эрх чөлөөний крест одонгоор шагнаж, 1940 онд түүнд финляндын мэргэн буудагчийн “Сако” винтов буу болон халаасны цаг, ноосон бээлийбэлэглэжээ. Дайн дараа финляндын маршал Маннергейм түрүүч Симоныг дэслэгч цолоор шагнажээ. Коллагийн тулаанд гавьяа байгуулсан тул түүнийг “Коллагийн Крест” хэмээх мөнгөөр бүтээсэн одонгоор шагнажээ.Симо амьдралын бүхий л бэрхшээл нугачааг даван туулж 96 насалж 2002 онд нас баржээ. Мэргэн буудагч Симо Хяюхя ийнхүү Финляндын ард түмний амьд домог болжээ.
Доржийн СҮХБААТАР 2025.11.27


Зочин