Орчин үеийн дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг гүрнүүдийн тоонд багтах Орос ба Хятад улс нь “төрөөс баталгаажуулсан албан ёсны түүх”-тэй, түүгээрээ өнгөрсөн үеэ үнэлж цэгнэдэг, тэрийгээ бүх нийтээр “ойлгохыг” албаддаг, үзэл суртлын гол зэвсгээ гэж үздэг, сургуулийн сурах бичигт яг таг мөрдүүлдэг. Үргэлж тийм байсан. Гэвч дэглэм өөрчлөгдөх, хувьсгал гарах, династи солигдоход албан ёсны түүх нь өөрчлөгдөж шинэ дэглэмийн ая данд тохирсон шинэ түүхтэй болдог. Хятадын династиуд солигдох бүрд дараагийн династи урьдахынхаа түүхийг ”албан ёсоор” бичиж өөрийн дүнэлтийг үлдээсээр ирсэн. Романовын удмынхан төрд гараад Оросын түүхийг цоо шинээр бичсэн. Сталины захиалгаар Оросын түүх үндсээрээ албан ёсоор өөрчлөгдсөн бол коммунизм унаж ЗХУ тарснаар “шинэ өнгөрсөн түүх”тэй болсон. Туулж өнгөрүүлсэн түүхийн процесс, түүхэн үйл явдал, түүхэн бие хүн байс хийгээд л өөр өөр үнэлэмж, үнэлгээтэй болсоор ирсэн.