Оройтсон бороо зүсэрч, хүйт дааж хүндэрсэн усархаг манан хөөрч чадахгүй газраар мөлхөхөд чийг-бие болоод сэтгэл нэвт даана. Буйдхан жижиг мухлагийн хаалттай үүд сахиж гараа энгэртээ эвхэж нуруу бөгтийлгөн гэдсээ мэхийлгэх баахан хүний дүрс хүйтэн бороонд шавшуулан жагсах нь бүдэг бадаг. Бүгд арчаагүй бэгцийх агаад хувцсыг нэвтэлсэн борооны хүйтэн ус ууц нурууг дамжиж гуя хонгыг даган урсаж байна уу гэмээр өрөвдөм. Шүд хавшуулан чихүүцэх атлаа хоорондоо уцаарлана.

Цал буурал тэргүүнтэй дарга маягийн гялалзсан гээдгэр өвгөн тэдний дунд гойд содон агаад хэн ч харваас энд ингэж доошоо орох нэгэн гэмээргүй. Тэр бээр алтан шармал хүрээтэй нүдний гоё шилээ сурмаг засангаа хэрүүл өдөөд буй дэргэдэх хувцас хунар муутай тас хар өвгөнд, 

-Эв эеэ хичээгээч! гэж үглэнэ. 

Цаадахь нь овон товон хөх гүвдрүү шавсан аймшигт барзгар нүүрээ арзалзуулан, гялайх шүдгүй тулман амаа мэлхий шиг хүлхэгнүүлээд,

-Би насаараа барилга барьсан. Тэгээд өнөөдөр яагаад хохирч хоцров? Нөгөө шударга хүмүүнлэг ардчилал хаачив гэж омогдоод, -Би дөчин жил тоосго өрсөн. Чи миний гарыг хар новш минь. Өөрийнхөө цагаан гартай миний мойног малтуурыг зэрэгцүүлээд үз. Тэгээд юу хийж насыг элээснээ хоёул дурсъя. Алив савраа гарга! гээд нөгөө сайд маягийн өвгөний ханцуйнаас зуурах нь ардчилал газар авчээ гэмээр. 

Цэмцгэр өвгөн дугаарласан нойтон сэжиг хүрэм бохир ядуусаас нэрэлхсэн янзтай ичингүйрхэн гараа булаацалдах нь борчуудтай ингэж хутгалдах цаг ирнэ гэж зүүдлээ ч үгүй эрхэм болох нь андашгүй. Монголд хүний эрх ч сэргэж. Балиар барилгачнаас сайдын хожуул сэжиглэх авч Улс Төрийн Товчоо огцорч, тэр ч бүү хэл ЗХУ манж Чин гүрэн шиг насны хугацалд унтарсан тул мань хожуул дээрэлхүү зангаа дэргэдэх ардчилалд ам хэл нь загатнасан хөгшдөөс нууж,

-Эв эеэ бод. Улс орон эдийн засгийн гүн хямралд орчоод байна. Ийм цагт эв нэгдэл маш чухал гэхэд бороонд шолбойсон хөгшид дундаас тусгай тэтгэвэртэй байрын-хожгор гэзгэндээ цагаан сор тавьсан, ихэмсэг донж нь картын барааны үед арай ч гүйцэд арчигдаагүй нэг авгай,

-Ёстой үнэн. Энэ нэг алцайсан маажиг дух ардчилсан холбооны Зоригийг дуурайгаагүй бол дуугай болооч! гэж сайдын хожуулд тал засав.

Барилгачин өвгөн сайд маркын өвгөний ханцуйг тавилгүй чангааж,

-Чамайг 1800 төгрөгний тэтгэвэр авч байхад би яагаад 600-хан зуун цаасны тэтгэвэртэй байна?! Ийм ялгаа-улс гүрнийг хямралаас гаргах хэрэг үү? Та нарт завшуулсан мань мэт амаа хамхиад эв эеэ хичээх ёстой гэж чи айлдаж байна уу? Цагаан гартай чи 1800-тай, малтууран гартай би 600-тай, ингээд чив чимээгүй эв эеэ сахимаар байна уу? Хоёулаа ерөөсөө тэтгэврээ сольчихъё. Тэгсэн цагт чи эв эеэ сахиад дуугай явж чадах уу? гэж өдлөө.

Тансаг үнэртэй ус ханхлуулсан өнгөлөг өвгөн урт сэтэрхий хүзүү гэдэлзүүлж, өд сөдийг нь зумалчихсан тахианых шиг бэржгэр ягаан хоолой чичигнүүлж, 

-Чи ардчиллаар далимдуулж хүн битгий доромжил! Улс төрийн ороо бусгаа цагт хэдхэн монголчууд эвтэй байхгүй бол хятадуудын үдийн будаа болно шүү гэж нүдээ бүлтийлгэн ятгав.

-Насаараа барилга барьж барьчихаад эцэст нь ингэж хохироогүй бол би чиний ятгаад байгаа тэр эв эеийг чинь эрхэмлэж чадахын дээдээр чадна.

-Эв эеэ үнэхээр л эрхэмлэдэг бол чи одоо чимээгүй болчих!

-Чинийхээр бол би өрлүүлж байгаа хонь шиг тэнгэр хараад эв эеэ хичээгээд хүлцэнгүй хэвтэж баймаар байна уу гэж барилгачинг улам хорсоход,

-Бид бултаараа хэрүүл уруулгүй амьдарвал туйлдсан муу эдийн засаг минь сэргэхсэн гэж дарга өвгөн учирлав. Барилгачин улам гаарч, 

-Чи ширээний ард юу ч хийлгүй ард олны хөлс хөдөлмөрийг насан турш сорчоод эцэс сүүлд нь яахаараа маниас 1200 төгрөгийн илүү тэтгэвэр зооглож байна? “Эв эе” гэдэг чинь ийм ялгааг хэлдэг юм уу? Чи тэтгэврийнхээ зөрүүг л надад ойлгуулаад аль. Тэр эв эе хамаагүйгэлээ. 

-Таминь ээ, “Эв эе хамаагүй” гэж ард түмнээ хагалан бутаргаж байгаа хүнтэй би юу ярих вэ гэж сайд өвгөн үгийн өө олсондоо олзуурхаж, -Эв эеэ тоохгүй бол бид дорхноо өрнөдийнхний зууш болно. Чи минь туйлшралгүй сайтар бодооч. Жаахан алсын хараатай, монгол уужуу ухаанаар сэтгээч гэлээ. 

-Тэр ч тийм. Гэхдээ,..

-Гэхдээнсээд байх юу байна. Эв эедээ залбираад л амаа жимийчих. 

-Чи бид хоёрын тэтгэвэр яагаад зөрүүтэй байна. Үүнийг л чи надад сэнхрүүлээд аль. Би дараа нь даравгараа үдчихье. Эв эеэ хичээе гэж хэн чанга лоозогноод байна, тэр этгээд биднийгээ монжчихоод, монжсоноо нуух гэж тэгж уриалаад байгаа юм. Чи бол монжигчдын нэг шүү дээ. Тэгээд л чи булхайгаа булах гэж "эв эе" гэж ухуулаад байна. Муу залийг чинь мэдэхгүй хэн байна. Түүнээс биш чи бол эв эеийг огтхон ч тоохгүй амьтан. Чи яагаад надаас гурав дахин илүү тэтгэвэр цусалж байгаа учраа надад тайлбарлаад аль.

-Чи яасан юм ойлгодоггүй нөхөр вэ. Би наана чинь эв найрамдал яриад байхад чи өөдөөс тэтгэвэр яриад байх юм. Монгол хүнд өнөөдөр тулгарч буй нэг номерын асуудал бол эв эеэ сахих. Бусад асуудлыг түр хойш тавь гэхэд барилгачин өөрийнхөөрөө зүтгэж,

-Миний барилцсан барилга нийслэлээр дүүрэн ярайж байна. Тэгэхэд чиний бүтээсэн юу байна? Эх орныг минь өрөнд унагасан захиргаадалтын гайтай тогтоол заавраас өөр чамд бүтээсэн бодитой юм бий юү? Тэгээд эцэст нь чи надаас гурав дахин илүү тэтгэвэр авдаг нь дэндүү бус уу гэж чангарав.

-Чи яасан ойрхон сэтгэдэг иргэн бэ. Ийм өчүүхэн улстөрөөр хөөцөлдөхийн оронд эх орондоо өгөөжтэй, өргөн цар хүрээтэй асуудлаар занимаалдаач.

Будангийн хүйтэн бороо тасралтгүй шавшиж хөгшид улам чихүүцнэ. 

-Чиний хадгаламжинд байгаа түм буман төгрөгийг Засаг хоёр дахин нэмсэн мөртлөө миний халаасанд явсан хоёр төгрөгийг ХХ тогтоол яагаад ганц төгрөгний ханштай болгочихов оо? Гэтэл нэг төгрөгөөр авдаг хуушуурыг минь хоёр төгрөг болгочихсон нь ардчилал мөн үү?

-Нөхөр минь бухимдлаа дар! Тайвшир! Дур дураараа ингэж туйлшраад байвал ардчилал биш анаархи болдог юм.

-Чиний хүүхэд бүр орон сууцанд байхад миний хэдэд яагаад олдохгүй байна?

-Энэ чинь харьцангуй асуудал. Манайд орон сууцгүй айл бий нь бий. Бүгдийг зэрэг хангана гэвэл улсын маань ядарсан эдийн засагт хүндрэлтэй. Хамгийн гол нь бухимдлаа дарж, Монгол улсынхаа төлөө л зүтгэ. Чи намайг харахгүй юү? Би ерөөс бухимддаггүй. Ганцхан эв түнжингээ л сахидаг. Үхэхийн хооронд хар багын танил хоёр хөгшин муудалцаад юу хийнэ. Ганцхан эв нэгдлээ эрхэмлэе.

-Чи битгий залил. Чи бол аль хэзээний Цэдэнбалын тойрон хүрээлэгч явсан шүү дээ. Мэдэхгүй хэн байна.

-Нөхөд өө! гэж хямсгар хөгшин өнчин мухлагт дугаарласан буурайнуудыг өөртөө хандуулаад, -Хөөрхий тэр өнгөрсөн жолоодогч өвгөн энд ямар хамаатай юм бэ. Яасан хатуу харгис сэтгэл бэ гэвэл дугаарын дундаас тайранхай буурал гэзэгтэй, энгэртээ хоёр эгнээ алаг тууз хадсан авгай,

-Ёстой ч дээ, ардчилал гэхээр муусайн юмнууд даварч гүйцлээ. Өнгөрсөн хөөрхий буурлын ясыг гудамжинд өндөлзүүлээд байх нь юучив. Тийм сүрхий юм бол чи муу амьдад нь шүүмжлэхгүй яагаав гэж ойрад аялгуугаар дуржигнуулахад барилгачин түүний үгийг тасалж,

-Амьдад нь танай Балыг шүүмжилсэн Төмөр-Очир яаж алууллаа. Лоохууз яаж цөлөгдлөө ямбий минь гэж зандраад оросоор тун эвгүй хараал тавьж орхилоо. Сэхээтэн өвгөн сэргэж,

-Энэ нөхрийг хараач та минь ээ. Эмэгтэй хүнийг ингэж хараадаг мөн ч соёлгүй яа гээд зориуд чимээтэй еэ шогшров. Уур нь бадарсан барилгачин, 

-Яадаг юм тэгж хараахад. Улаан оросоос бидэнд үлдсэн соёл ердөө ганц энэ хараал юм чинь. Энэ хараалаар хараахгүй хүн Монголд өнөөдөр байна уу хэлээд аль. Гандангийн хамба ч энэ хараалаар хараадаг гэж хашгираад, мухар сүсэгт мунхарсан хөгшдөд нэр хүндээ бүр барлаа. Хамба-хөгшдийн хөндүүр цэг аж. Шүтлэг бишрэлээ доромжлуулсан ялангуяа эмгэд барилгачныг барьж идэх шахав. 

Тэгтэл өнчин мухлагийн нүүрний жижиг нүх дотроосоо онгойж худалдагч цувдай зарж эхлэв. Дарга өвгөн дарааллын урдуур очиж жижиг улаан үнэмлэх худалдагчид цухас харуулаад шүүс дусалсан нойтон цувдай авлаа. Барилгачин өвгөн түүний адилаар цувдай очергүй авах гэж зүтгээд тэндээс хөөгдөв. Түүнд маш их гомдол хуралдсан тул дарааллын урдуур дахин дайрч эхний хөгшчүүлд түлхүүлээд очертоо арга буюу буцаж зогсохоор очтол тэнд жагссан буурлууд түүнийг “Байраа түрүүнээс хойш эзлэж байхгүй юу гэж улс төржиж хэнхэглэсэн юм” гээд хавьтуулсангүй. Бахардсан барилгачин өвгөн аргаа барахдаа “Ардчилсан холбоо мандтугай!” гэж орлив. Арчаагүй ялагдсан барилгачинг хөгшчүүд тавлан хөхрөлдөж, харин сэхээтэн өвгөн "Тэр ардчилсан холбооны удирдлагад чинь миний хоёр ч хүү багтдаг юм" гэж бардам өгүүлээд гэрийн зүг эргэх зуур бас ч зүгээр явсангүй эргэж харангаа “Монгол ах дүү нар минь эв эеэ дээдэл!” гэж ёжлонгуй сургамжлахад барилгачин өвгөний зүрхээр хатгуулжээ.

Хүйтэн бороо ширүүслээ. Цементэн гудамж, угсармал барилгууд чихүүцэм жиндүү агаад гунигт дарагдана. Намрын оройтсон хүйтэн бороонд бээрсэн нойтон өвгөд эмгэд нуруу бөгтийлгөн эвхэрч зогсоход толгой нүүрийг угаасан борооны ус хамрыг даган урсаж шүдгүй аманд нь ороход хир хөлсний шорвог амт гашуухан.

Тэгтэл мухлагийн худалдагч “Хорьхон цувдай ирсэн шүү. Эхний хорин хүнээс бусад нь тараарай” гэж зарлалаа. Дарааллаас хөөгдсөн барилгачин өвгөн өөртэй нь ижил цувдайгүй хөгшин олон хоцорсонд учиргүй хөөрөв. Хөөрлөө гээд түүний доторх дааж давшгүй уур хилэн нимгэрсэнгүй. Одоо яая гэхэв хоосон л хонохоос. Сэвстэй гүзээ нь бороонд шолбойтлоо норж, улаан шүүс дуслуулсан улцгар цувдай барилгачны мөрөөдөл хэдий ч тойрон хүрээлэгчийн хоёр ч хүү ардчилсан холбооны удирдлагад байгтдагт атаа жөтөө нь энэ удаа тэсэхүй еэ буцалжээ. Ер нь энүүхэндээ ярихад ач тус нь борчуулд наалдсан хувьсгал хүн төрөлхтөний түүхэнд гарсан бил үү.

1992