ХУЖАА НАР

Манжийн хуулиар хятад хүн Монголд суурьших нь хориотой, ирж буцах нь хатуу хяналттай байлаа. Хятад иргэн Монголд худалдаа арилжаа болон бизнис хэргээр ирэх болбол Бээжинд нэг жилийн хугацаатай хятад бичгээр бичсэн виз авах ба түүнээ Хиагтад амбаны газар бүртгүүлэн монгол бичгээр бичсэн зөвшөөрөл бичиг авах ёстой. Монголд байх хугацаандаа баримтлах хатуу чанга дүрмүүдтэй, түүнээ зөрчвөл хөөгдөнө. Сунгаж ажиллахаар болбол дахин Бээжин орж шинэ виз авна. 

Ховд, Улиастай дахь манжийн амбаны газрыг хүнс, түүний дотор идэшний ногоогоор хангах асуудал тавигдлаа. Нэгэнт Монголд хятад хүн удаан хугацаагаар суурьших нь хориотой тул уйгуруудыг авчирч ногоо тариулах болжээ. Тэднийг монголчууд "чантуу" хэмээн хятадаар нэрлэнэ. Монголд хожим Жунгаараас олноор нүүдэллэн ирсэн хасаг үндэстэнтэй чантуу нарыг их эндүүрдэг. Чандуу нарын шавар байшин одоо ч Ховд аймгийн урд сумдаар элбэг байдаг.

Хар тамхины 2-р дайны дараагаас хятад иргэний Монголд үл нэвтрүүлэх хатуу чанд хууль хэдийгээр хүчин төгөлдөр хэвээр байсан ч нэлээд суларч, зөрчил гарах нь ихэссэн ба засаг ч гарын салаагаар харах болов. Ингээд Ховд голын орчмоор, Улиастай хотын захаар анхны суурьшмал хятадууд ирж амьдран гол төлөв хүнсний ногоо тариалах болов. Хүрээнд мөн хятад худалдаачид суурьшихаар ирж өөрийн гэх хороололтой болжээ. Хятадууд бөөгнөрөн суудаг хорооллыг монголчууд Маймаачин гэж нэрлэнэ. Энэ нь одоогийн хэлээр чайна таун (chinatown) юм. Маймаачин хороолол Халхыг хариуцсан Хүрээ, Ойрдыг хариуцсан Ховд, гааль хариуцсан Хиагт, цэрэг хариуцсан Улиастайн жанжинд байсан. Гэвч хятад иргэдийн тоо тун хязгаарлагдмал байсан нь юутай ч Монгол Журганы хууль хүчинтэй хэвээр байсантай холбоотой.

XVIII зууны их өлсгөлөнгийн дараа хятадуудтай ойр хиллэдэг Зостын чуулганд ядуу хятад тариачид олноор орж ирэхийг харчингийн ноёд дэмжин газраа түрээслүүлж тэднээс сул татвар авах болсон байна. Ялангуяа Өвөр Монгол руу Хэбэй, Шанси, Шаньдун мужаас орж ирэх ядуучуудын урсгал нэмэгдсээр XVIII зууны дундаас бүр ч эрчимжсэн. Орж ирсэн хятад тариачдад Өвөр Монголын бэлчээр нутгаас монгол ноёд газраа өгөн түрээс авах нь нэг ёсны дон болж хивирав. 

Гол суурьшигсад Хөх нуурын эхээр нутагласан бололтой. Улмаар хойшлон Орхон Сэлэнгийн бэлчирт хүрчээ. Ийнхүү нийтийн эзэмшлийн газрыг шилжин ирэх ядуу хятадуудад түрээслэн амин хувьдаа орлого олдог Өвөр Монголын нутгийн ноёдын увайгүй зуршил Шинэ засгийн бодлогын үеэс Гадаад Монголд хүчтэй халдварлалаа. Хятад ядуу тариачид Гадаад Монголд бага багаар нүүдэллэн ирж ялангуяа Шавийн нутагт газар түрээсэлж амьдралаа заргуулдаг байсан ба голлох талбай нь өнөөгийн Монголын газар тариалангийн гол район болох Ивэн, Бургалтай, Хараа, Борнуур, Сэлэнгийн сав газарт оршиж байжээ. Сул хэвтэж байсан газрыг түрээсэлж мөнгө өгөөд, дээр нь буудай гурил хандивлуулаад байхаар татгалзаж чаддаггүй байсан бололтой.

Шинэ засгийн бодлого 1907 онд хэрэгжиж эхэлснээр Монголын онцгой статус хүчингүй болж, Гадаад Монгол нь Хятадын ердийн нэг мужийн зэрэглэлтэй болов. Чухам энэ үеэс хань үндэстэн ядуу иргэд Монгол руу олноор цувах боллоо. Ялангуяа Хүрээнд худалдаачид олноор ирсэнд Богд хаанаас Хүрээний зүүн урд Туулын эрэг хавиар суурьших газар зааж өгөв. Түүгээр үл барам зүгийн муу зүүн хойноос гэсэн бололтой орос, хятад нарт тус тус оршуулгын газар гаргаж өгчээ. Үүнээс өмнө хятад хүнийг Монголд оршуулахыг хориглодог байсан учир “хүүр зөөх” гэх дориун унацтай бизнис байсан байна.

Монголд суурьшихаар ирсэн хань үндэстний ихэнх нь Хэбэй, Шаньси мужийнхан. Хоорондоо таарамж муутай. Шаньсигийнхан биенээ “хужаа” гэж дуудна, энэ нь тэдний нутгийн хэллэгээр “нутгийн хүн” гэсэн утгатай аж. Чухам эндээс ирж суурьшсан хятадуудыг монголчууд “хужаа” гэж нэрлэх болжээ.

1912 онд Ховдыг чөлөөлөх байлдаанд Хятад пүүсүүд бараг бүгд тоногдож худалдаа хийгч хятадууд олноор алагдсан ба амьд үлдсэн нь хил даван зугтсан. Харин Хүрээ, Хиагтад ийм явдал гараагүй учир худалдаа арилжаа тайван үргэлжилжээ.

Богд нь хаан ширээнд залрах хүртэл Халхыг хариуцсан манжийн амбан Хүрээд суудаг байв. Энэ үед Монголд 8 мянган хятад худалдаачин амьдарч байсан гэх мэдээ бий. Гэтэл 1918 онд Мицуй пүүсийн төлөөлөгчөөр Хүрээнд сууж асан Ошима Киёошийн дурссанаар тэр үед Хүрээний хүн амын бүтэц нь 23 мянган монгол, 30 мянган хятад, мөн 10 мянган орос (түүний 500 нь жүүдүүд) суурьшсан байжээ. Бас өөрийг нь оруулаад 13 япон хүн амьдарч байв.[1]

Монголд гол худалдаа хийгч нь мэдээж хятад, орос, төвдүүд. Хүрээнд гар урлал эрхлэн амьдрах хятад иргэд 4500, пүүс 25, жижиг дэлгүүр мухлаг зуу орчим байв.[2] Ер нь тэр үед Гадаад Монголд Хятадын таван зуу гаруй том, дунд зэргийн пүүс ажиллаж байсны 160 нь Хүрээнд, 86 нь Улиастайд, 65 нь Ховдод, 100 нь Хиагтад гэх мэтээр таран байрлаж байсан байна.[3] 

Унгерн Монголд цөмрөн орж ирсэн хийгээд Хүрээг эзлэх гэж удтал байлдсаны дүнд Монголоос дүрэвсэн цагаачдын тоо 15 мянга хүрсэн ба үүнээс 1 270 хүн Манжуурын төмөр замаар Мүгдэн хүрч тэндээсээ Тэнжин явжээ.[4] Дүрвэгсэдийн дунд олон америк, европ, солонгос, япон хүмүүс байсан ч ихэнх нь Монголд, тэр дундаа Хүрээнд аж ахуй эрхэлж асан хятад иргэд байлаа. Унгер нь хятад цэргийг олон газар цохин саринуулсан учир Монголд суух төлөөлөгч Чэнь И-ээр удирдуулсан хятад цэргүүд Оросоор дамжин нутаг руугаа зугтахаар хилийн боомт Хиагтад бөөгнөрчээ. 1500 хятад хүн Хиагтад цугласны 500 нь мэргэжлийн цэрэг (200 морьт, 300 явган цэрэг), үлдсэн мянга нь шинээр цэрэгт дайчлагдсан хятад иргэд аж. Энэ олон энгийн иргэд Монголд худалдаа арилжаа хийж асан, газар тариалан эрхэлж байсан хүмүүс ба гамин цэрэгт хүчээр дайчлагдаад тэдэнтэй хамт дутаан нутаг буцсан хүмүүс юм.

1928-1929 онд Монголд гадаадын капиталыг шахах хөдөлгөөн явагдлаа. Гадныхныг бизнесийн хувьд төдийгүй иргэний хувьд шахах ажиллагааг зэрэгцүүлэн хүчтэй явуулав. 1925 онд хуралдсан БНМАУ-ын II их хурлын баримт бичигт: “Тус улсын нутаг дэвсгэрт Хятадын харъяат – 28 118, Оросын харъяат - 2520, төвд - 374, бусад үндэстэн 199, бүгд гадаадын харъяат 31 мянга 211, үүнээс Улаанбаатарт хятад – 23 мянга 919, орос. - 1772, Андуугийн төвд - 318, Өвөр Монголын цахар, сөнөд -161, герман - 19, америк - 18, польш - 12, түрэг - 10, австри - 8, латви - 8, англи - 7, герег-7, чехословак - 7, франц - 7, эстони - 4, солонгос - 4, итали - 3, югослав -1, голланд -1, бүгд 26 мянга 294 гадаадын иргэн байна гэсэн бүртгэл[5] өгүүлжээ.

Мөн хурлаар “Хятад улстай найрамдлын гэрээ, хэлэлцээргүй учир хил хязгаараар нэвтрүүлэхийг зогсоох, урд ирэгсэдийг ялган салгах, тус оронд суугаа гадаад хүмүүсийг тодорхойлох зэрэг асуудал тулгарч байгаа тухай ярилцсан байна.[6]1925 онд тоолсноор Гандан, Богдын ордонг оруулалгүй тооцоход монголчуудын хашаа 2 368, орос, хятад, төвд, англи, америк, европчуудын хашаа 1 019 байв[7]. Эднийг яс бүртгээд хөөж туун, явж өгөхгүйг нь хүчээр буцаажээ. 1929 онд зөвхөн Улаанбаатараас 4 мянга илүү иргэнийг хөөж явуулсан байна[8]. 

1948 онд Чойбалсангийн амь насыг хороох гэсэн хэрэгт 100 гаруй хүнийг баривчилж 40 гаруйг нь буудан хороосон.[9] Энэ хэрэг “Порт-Артурын тагнуулын хэрэг” гэсэн нэртэй түүхэнд үлджээ. Хэрэгт холбогдогсодын дийлэнх нь хятад цагаачид байлаа. Энэ нь нэг талаас Сталины амь насанд халдах гэсэн жүүд нарын хэрэг гэх дуулиан СССР-т өрнөснийг дууриасан, нөгөө талаас Байтаг богдод Монгол Хятадын хилийн будилаан болсноос үүдсэн хятадын эсрэг хийрхэл байсан бололтой. 

Гэтэл үүнээс өмнө 1945 онд Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх санал асуулгад хятад цагаачид нэгэн дуугаар Монголын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн. Санал асуулгын үеэр Завхан аймагт нутгийн 200 хятад иргэн Монголын төрийн далбаатай захидлыг Засгийн газарт илгээсэндээ “Бид БНМАУ-д 1921 оноос хойш амьдарч байна. Бид өөрсдийгөө энэ улсын бүрэн эрхт, аз жаргалтай иргэд гэж үздэг. Бид хоёр дахь эх орон болсон Монголдоо хайртай”[10] гэжээ.

1949 онд Маогийн коммунистууд олон жил үргэлжилсэн иргэний дайнд ялж төрийн эрхийг авснаар БНМАУ-д хятад цагаачдад хандах хандлага эрс өөрчлөгдлөө. БНМАУ нь социалист хүрээлэлд орж ах дүү орнуудтайгаа хиллэх болсон гэх шалтгаанаар Хилийн цэргийг татан буулгав. Хятадтай залгаа хил харуул хамгаалалтгүй болсон учир хууль бус цагаачид ялангуяа Өвөр Монголоос чөлөөтэй нэвтрэн орж ирэн Монголд суурьших болов.

Монгол дахь ихэнх хятадууд Шанси, Хэбэй, Өвөр Монголоос гаралтай, мандарин аялагаар ярьдаг. Улаанбаатарын хятадууд хятад сургуулиас олсон боловсролтой, хятадаар чөлөөтэй ярьдаг. Хүүхэд залуучууд болон дунд насныхан монгол хэлээр ярьдаг, бүрэн ойлгодог авч унших бичихдээ тааруухан. Харин хөгшчүүл нь ихэнхдээ монгол хэл сураагүй. Монголд хэвлэгддэг Монголын мэдээ хэмээх цорын ганц сонин 1929 оноос гарах болжээ. Энэ сонин МОНЦАМЭ мэдээллийн агентлагт хамаарна.[11]

Хятадаас ажиллах хүчин авах болж 1955 онд тусгай хэлэлцээр байгуулсан юм. Хэлэлцээрээр хятадууд 12 200 мэргэжлийн ажилчин ирүүлэхээр болсон, харин энэ тоо 1960-аад он хүртэл 8 мянгаас хэтрээгүй. 1955 оны тавдугаар сард Хятадаас БНМАУ-д туслах анхны 6 мянган ажилчин ирсэн үеэс эхлэн хятад ажилчин ээлж ээлжээр солигдон ирж байсантай холбогдуулан тэдний эрх ашгийг хамгаалах, соёл боловсрол олгох, үзэл суртлын ажил зохиох шаардлага гарчээ.[12] 1935 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчдийн хурлаас хятад ажилчдын дотор хүмүүжлийн ажлыг сайжруулах зорилгоор “Хятад ажилчны клуб”-ыг байгуулжээ.[13] 1955 оноос Хятадаас ажиллах хүчин олноор ирсэнтэй холбогдуулан тэрийг өргөтгөн “Хятадын соёлын төв” болгосон. 

Улаанбаатар дахь хятадын хүй хамтлагийг 1950-аад оны үед хоёр үндсэн хэсэгт хувааж үздэг байв. Эхнийх нь Хятадын засгийн газраас Монголд томилолт өгч явуулсан ажилчид болон мэргэжилтнүүд. Эд Монголын хөгжилд туслахаар ирсэн хүмүүс. Нөгөө нь амьдрал хөөж Монголд ирсэн цагаачид. Гэхдээ эдгээр хоёр бүлгийн хооронд элдэв зөрчилдөөн байсангүй, хоорондоо найрсаг харилцаатай, хамтран ажиллаж амьдарч байжээ. “Монгол дахь Гадаадад амьдардаг хятад иргэдийн нийгэмлэг” гэх бүх давхрагын хятад хүмүүсийг нэгтгэсэн Монгол дахь цорын ганц байгууллага анх 1952 онд байгуулагджээ. Нийгэмлэгийн зорилго нь Монголд суурьшсан хятад хүмүүст туслах, Монгол-Хятадын уламжлалт найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхитэй оролцох явдал гэсэн уриатай.

Аль аль бүлэгт тохиолддог хамгийн том хүндрэл нь хүүхдээ сургаж боловсруулах асуудал байжээ. Хүүхдэд хятад боловсрол олгох сургууль үгүй, янз бүрийн шалтгаанаар хятад хүүхдийг монгол сургуульд авдаггүй. Эцэст нь өөрснөө 1957 онд хятад сургууль нээжээ. Эхэндээ тус сургуульд монгол хүүхдүүд хүртэл сурдаг байсан авч хоёр орны харилцаа муудах хэрээр Монголд суух хятад ажилчид мэргэжилтнүүд олноор нутаг буцсан, монгол хүүхдийг хятад сургуульд сурахыг Монголын захиргаа хориглосон зэргээс болж суралцагчид цөөрсөөр бараг хаалгаа барих дээрээ тулжээ. [14]

1960-аад онд Зөвлөлт-Хятадын харилцаа муудахад Монголын төр Хятадын эсрэг бодлого явуулж эхэлснээр хоёр орны харилцаа эрс доройтсон. 1964 оны зургадугаар сарын 21-нд Хятадаас БНМАУ-д туслах 2 дугаар ээлжийн 5200 ажилчин мэргэжилтнийг Бээжин эгүүлэн татаж авлаа. Энэ нь Монголын бараг бүх аймагт ажиллаж байсан тусламжийн байгууллагын бүх хятад ажилчин, мэргэжилтнүүд юм. Соёлын хувьсгал эхэлсэн 1966 онд Улаанбаатарт ажиллаж байсан 900 гаруй ажилчин мэргэжилтнийг бүр мөсөн татсанаар олон барилга объект дуусалгүй үлджээ.[15]

Хоёр орны улс төрийн зөрчлөөс болоод Монголд амьдардаг хятад хүмүүсийг гадуурхах нь ширүүсэв. 1980 онд “Лагийн хэрэг” гэгч хятад цагаачдын эсрэг явуулгыг үзэл суртлын хэмжээнд хөөргөх үзүүлэн тоглолт зохиов. Монгол хүний яав ч хийхгүй “бохир заваан” гэх ажлыг цагаач хятадуудад гүйцэтгэнэ. Улаанбаатарын бохирын хөлдүү цооногийг ухаж зайлуулах ажлыг тэд хийсээр иржээ. Гэтэл тэднийг мөшгөсөөр бохир цэвэрлэхдээ зөвшөөрөлгүйгээр улсын техник хэрэглэсэн хэргээр баривчлан шүүж шоронд хийсэн төдийгүй үүнээ үзэл суртлийн өндөр хэмжээнд бүхий л мэдээллийн хэрэгслэлээр сурталчлав. Үүнээс хойш хотын бохирыг цэвэрлэн зайлуулах хүн олдохоо больж тэр хавь олон жил өмхий үнэрт автсан. 1983 он хүртэл Монголд 9-10 мянган хятад цагаач амьдарч байлаа. Энэ онд Хөдөлмөрийн яамнаас хятадуудыг тогтоосон богино хугацаанд Улаанбаатараас явахыг тушааж, тодорхой заасан хөдөө нутагт очих, үүнийг эс зөвшөөрвөл Хятад руу бүр мөсөн буцаах шийдвэр гаргалаа. Энэ нь он удаан жил хэдэн үеэрээ Монголд амьдарч байсан хятад хүмүүст хүнд цохилт болж 7 мянга орчим иргэн аргагүйн эрхэнд хөөгдөн өвөг дээдсийнхээ нутаг руу нүүжээ.[16] 1990-2004 оны хооронд Улаанбаатарт 1500-2000 орчим хятад иргэд үлдэн амьдарч байсан гэсэн тоо байна. 

1971 онд хэвлэгдсэн БНМАУ 50 жилд. Статистикийн эмхтгэл-ийн “Хүн амын үндэстний бүрэлдэхүүн”[17] гэсэн хүснэгтэд 1969 оны байдлаар БНМАУ-д оршин суудаг орос, хасаг биш, бусад гэх тодорхойлолттой 56.2 мянга хүн буй нь нийт хүн амын 4.7% эзэлдэг гэж мэдээлжээ. Гэвч энд хятад үндэстэн хичнээн байсныг тодорхойлоогүй боловч 20 мянгаас цөөнгүй байсан бололтой.

2000 оны хүн амын тооллогоор 1323 хятад цагаачид Монголд байнга оршин сууж байна гэсэн бүртгэл гарсан.[18] Монголын албан статистикаар энд 1700 орчим хятад иргэд байнга суурьшсаар аж. Хятадын элчин сайдын яамны нотолж буйгаар 2003 оны байдлаар Хятадын харъяат 1009 иргэн суурин амьдарч буй.

1990-ээд оны эхээр Монголд хууль бусаар орж ирсэн 10 мянга орчим хятадууд буйн ихэнх нь цааш Орос руу гарахын тулд түр буудаллаж байсан гэх тооцоолол ч байна.[19] 

Айл өрхийн хувьд Монгол дахь хятад цагаачид ихэнхдээ өвөр хоорондоо гэрэлдэг, монгол хүнтэй гэрлэх нь ховор үзэгдэл байжээ. 1960-1970 оны үед үр хүүхдээ эртний хятадын уламжлалт ёсоор хуримлуулдаг, Хүргэн бэрийг эцэг эх нь сонгон тохиролцдог байв. Ер нь хятад цагаачдын хүй хамтлаг нь гадаад орчноосоо тусгааралсан, бие даасан хаалттай ертөнц байсаар иржээ. Монгол дахь хятад цагаачдын нийгмийн зиндааг доогуур авч үздэг учир улс төрийн утгаар эмзэг сэдэв, тиймээс ч тэдний дотоод амьдралын талаар дурдахаас монгол эх сурвалж, мэдээллийн хэрэгслэл  аль болох зайлсхийсээр ирсэн.[20]

Зөвхөн ядуу хятад хүмүүс монгол эхнэр авах явдал байсан. Ялангуяа ХХ зууны эхээр амьдрал хөөн Монголд орж ирсэн хятад ядуучуудын нэлээд нь монгол эхнэр авч байв. Тийм айлд төрж өссөн хүүхдүүд монгол эхээс төрж, монгол орчинд өсөж торнисон монгол хүмүүс юм. Тэдний ихэнх нь хятад хэл, хятадын түүх соёлын талаар тааруухан мэдлэгтэй, ер нь хол хөндий. Хятад эцэгтэйгээ ч нуудаг, дийлэнх нь эхээрээ овоглодог. Тэдний үр хүүхэд цааш зөвхөн монгол хүмүүстэй гэрлэж бараалан бусад монголчуудаас сэтгэлгээ ахуйн хувьд ямар ч ялгаагүй амьдралаа үргэлжлүүлсэн. Харамсалтай нь 1960-аад оноос тэдний удам судрыг ухаж илрүүлэх, нийгмээс гадуурхах, ялгаварлан хандах явдлыг Монголын нам засгаас өдөөн тухирах болжээ. Ийм нийгмийн хардлагад Монголд амьдардаг өвөр монголчууд ч өртөх болжээ.

2010 онд Хонконгийн христийн сүмээс эрхлэн Монгол дахь хятад цагаачдын талаар томоохон судалгаа хийжээ. Судалгааны үр дүнг нэгтгэн Лиан Дазэ “Улаанбаатар дахь хятад хүй хамтлагийн соёл, амьдрал” гэсэн томоохон нийтлэл өгүүлэл бичсэн юм.

Хятадуудын амьдардаг хороолол нь гаднаас нь харахад туйлын ядуу, байшин сууц нь голдуу шавар, өвс, модоор барьсан намхан тагз. Хүмүүс өөрснөө тэр тагзаа барьчихдаг учир төрийн зүгээс хяналт байхгүй, аюулгүй байдлын нөхцөл бараг үгүй. Ихэнхдээ усан хангамжгүй, тог цахилгаан хүрэлцээгүй, дулаалга үгүй…

Гэвч Улаанбаатарт суудаг хятадуудын амьдралын төвшин дажгүй. Тэд дундаж монголчуудаас доргүй, тэрбайтугай илүү баян байсан. Тэд илүү хөдөлмөрч, ажил голдоггүй, бизнис овсгоо илүүтэй. Суудаг байшингийнхаа эргэн тойронд хүнсний ногоо тарьж хүмүүст зарна. Иймэрхүү ядарсан юм шиг жижиг наймаа гайгүй орлого авчирдаг. Зарим овсгоотой нь жижиг мухлаг, хоолны гуанз ажиллуулж байсан, гэхдээ тун цөөн. Нийтдээ 20 орчим байсан гэдэг.[21]

Монголын үндэсний баяр Наадам, Цагаан сараар Монголд төрж өссөн залуу үеийнхэн бас баярлаж уралдаан тэмцээн зохиодог, хонины мах идэн сархад ууцгааж тэмдэглэнэ. 1950-1960 оны үед нутгийн хятадууд бөөнөөрөө театрт ирж юм үзнэ, үдэшлэг наадамд ирж дуулж бүжиглэнэ, хөгжим тоглоно. Гэвч жараад оноос ийм бололцоог хаасан. Харин Хятадын элчин сайдын яамнаас зохион байгуулан нутгийн хятадуудыг яаман дээрээ урьж кино үзүүлэх, баяр тэмдэглэх ажил зохиодог байв…

Цагаач хятадуудын улс төрийн байр суурь Монгол дахь Хятадын элчин сайдын яамныхтай яг таарч байжээ. Тэд хурим найр хийх болохоороо элчингээс консул, эсвэл өөр зарим ажилтныг заавал урьж оролцуулна.[22]


[1] Мияаваки Жүнко Монголын түүх: Өнө эртний нүүдэлчдээс өнөө үеийн Монгол улс хүртэл (Улаанбаатар 2017) х- 231[Miyawaki Junko History of Mongolia] р-231

[2] Идшинноров, С. Улаанбаатар хотын түүхийн хураангуй (Улаанбаатар 1994) х-55 [Idshinnorov, S. A breaf history of the city of Ulaanbaatar]

[3] Цэдэв, Д. Их шавь (УБ 1964) х-54 [Tsedev, D. Ih shabi]

[4] Батбаяр, Ц. Кодама, Мицуй пүүс, Хүрээнд байсан япончууд (Улаанбаатар 1993) х-47 [Batbayar, Ts. Kodama, mitsui company and Japanese in the Urga]

[5] БНМАУ-ыэ Анхдугаар их хурал (Улаанбаатар, 1984) х-333 [First Great Khural of the MPR]

[6] Түмэнбаяр,Ц., Оюунчимэг,Г. Хятадын соёлын төв (Улаанбаатар 1919) х-14 [Tumenbayar, Ts., Oyunchimeg,G. Center of Chinese culture]

[7] Зохих хэлбэрээр даралт үзүүл… (Ил товчоо сонин 1995) [The just and right interrogation methods]

[8] Бүгд найрамдах Монгол ард улсын түүх, III (Улаанбаатар 1969) х-263 [History of the Mongolian People`s Republc, III]

[9] Тагнуулын Ерөнхий газар 1922-2012 (Улаанбаатар 2012) х-106 [Central Intelligence agency 1922-2012]

[10] Friters, Gerard. M. Outer Mongolia and its International Position (Baltimore The John Hopkins Press 1949) p-215

[11] Лиан Дазэ Улаанбаатар дахь хятад хүй хамтлагийн соёл, амьдрал: Гадаад дахь хятадууд ба тэдний амьдралын нөхцөл. (Бээжин: Asia Television Enterprise Co., Ltd. 2001)

[12] Дашдаваа,Ч., Болд, Ч., Жоу Эньлай ба Монгол орон (Улдаанбаатар 2014) х-28 [Dashdawaa,Ch., Bold,Ch. Zhou Enlai and Mongolia]

[13] Түмэнбаяр,Ц., Оюунчимэг,Г. Хятадын соёлын төв (Улаанбаатар 1919) х-16 [Tumenbayar, Ts., Oyunchimeg,G. Center of Chinese culture]

[14] Лиан Дазэ Улаанбаатар дахь хятад хүй хамтлагийн соёл, амьдрал: Монгол дахь хятад сургууль. (Пастор Т., пастор Л. нарын ярилцлага Абэрдиний баптист сүм. 2004)(Ли Юань, Чэнь Дажан Монгол болон гадаад дахь хятад суургуулиуд 1991)

[15] Дашдаваа, Ч., Болд, Ч., Жоу Эньлай ба Монгол орон (Улдаанбаатар 2014) х-120 [Dashdawaa,Ch., Bold,Ch. Zhou Enlai and Mongolia]

[16] Sergey Radchenko. The Soviet`s Best Friend in Asia (PDF). p-14

[17] БНМАУ 50 жилд (статистикийн эмхтгэл) (Улаанбаатар 1971) х-31

[18] Batbayar, Tsedendamba Foreign migration issues in Mongolia, (2006, in Akaha, Tsuneo) (ed.),

[19] Bedeski, Robert The Chinese Diaspora, Mongolia and the Sino-Russian Frontier (November 1999), JPRI Working Papers, 62, retrieved 2007-02-23

[20] Mongolia, (Country Studies, United States Library of Congress) 1989

[21] Лиан Дазэ Улаанбаатар дахь хятад хүй хамтлагийн соёл, амьдрал: Гадаад дахь хятадууд ба тэдний амьдралын нөхцөл. (Бээжин: Asia Television Enterprise Co., Ltd. 2001)

[22] Лиан Дазэ Улаанбаатар дахь хятад хүй хамтлагийн соёл, амьдрал: Алс түүхийн эрэлд (гуравдугаар анги) (Hong Kong: Wenlin Publishing Co., Ltd. Asia Television Enterprise Co., Ltd. 2003)