Монгол улсад дүрвэгчдийн асуудлаар бичсэн ном судалгаа огт байдаггүй. Олон ботиор хэвлэгдсэн “Монгол улсын түүх” номонд монголын дүрвэгчдийн талаар нэг ч үг байдаггүй. Учир нь Монгол улс хорьдугаар зуунд далан жилийн турш коммунист дарангуйллын дор оршиж байсан тул иргэдэд гадаад паспорт олгох, иргэд гадаадад дүрвэх, цагаачлах гэсэн ойлголт огт байхгүй байсан. Гадаадад очоод үлдсэн иргэн байвал түүнийг эх орноосоо урвасан дайсан гэж үздэг байсан. Гадаадад дүрвэсэн, гадаадад үлдсэн монгол хүний талаар мэдээлэхийг ихэд нууцалдаг байсан. Хоёр том хөрш коммунист гүрнээрхүрээлэгдсэн бөглүү Монголд гадаадад дүрвэх,цагаачлах гэсэн явдал бараг байсангүй.Америк, Англи, Герман, Японд очно гэдэгкоммунизмын цөвүүн цагталс холын Ангараг гаригт нисэж очихтой адил сонсогддог байлаа.Би монголын дүрвэгчдийн асуудлыг судалж үзээд дараах дүгнэлтэд хүрлээ. Монголын дүрвэгчдийн үе шат бол дараах хоёр үе шаттай юм байна. Нэг дэх үе шат нь улс төрийн шалтгаанаар дүрвэсэн 1930-1945 оны үе. Хоёр дахь үе шат нь эдийн засгийн шалтгаанаар дүрвэсэн 1991 оноос хойшхи үе. Мөн Өвөр монголын дүрвэгсэдийн асуудал байсаар байна.

1.Монголын дүрвэгсдийн эхний үе шат. /1930-1945 он/

1921 оны 7-р сарын 6-ны өдөр Ардын намынхан гэж өөрсдийгөө зарласанхууль бус байгууллагын долоохон хүн олон мянган улаан орос цэргийг дагуулан нийслэл Хүрээг түрэмгийлэн эзэлж хууль ёсны Богд хаант монгол төрийг устгаж, оронд нь харийн улаантны харгис засаг тогтоов. Ардын засаг Монголд тогтсон эхний хоёрхон жилийн дотор Коминтерний тушаалаар ардын намын удирдагч, ерөнхий сайд Д.Бодоо, Чагдаржав, С.Данзан нар болон Богд хаант төрийн зүтгэлтэн, лам хуврагуудыг цаазлагдаж, залуу жанжинД.Сүхбаатар учир битүүлгээр хөнөөгдөв. Удалгүй Богд хатан болон Богд гэгээн учир битүүлгээр нас эцэслэв.1926 онд Ардын засаг монголын бүх лам хувраг, баян чинээлэг ард, тайж язгууртан , Богд хаант монгол төрийн албан хаагч төрийн түшмэдийн өмч хөрөнгийг хураан дээрэмдэж ихэнхийг ньбуудан хөнөөв.1928 онд Оросын Коминтерний төлөөлөгчид монголчуудыг зориуд хагаралдуулан талцуулж төрийн ахмад туршлатай удирдлагын эсрэг Лааган, Бадрах, Шижээ нарын зүүнтэн залуусыг турхирч, “баруунтан нарыг бут цохино” хэмээн дөвчигнөж ахмад туршлагатай төрийн удирдлагуудыг шахан зайлуулж байв.Улаантнууд удалгүй 5200гэм зэмгүй монгол хүнийг баривчилж шоронд хийх болсонд хийх газар олдохгүй болсон тул олон шорон барих ажил улс даяар ундарчээ.Зарим улаантнууд“шорон хүрэлцэхгүй байгаа тул эд нарыг газар дээр нь буудчихъя” гэцгээж байв. Дорноговь аймагт улаантнуудбаригдсан хүнээр шорон дүүрч “шоронд багтахгүй боллоо” хэмээн шоронд байсан 30 монгол хүнийг буудан хөнөөж шорондоо зай гаргаж байжээ. Хийдийн жасын малд татвар ногдуулав. Жирийн лам хуврагт 30 янчааны татвар ногдуулав. 1930-аад онд монгол иргэдийн мал сүргийг хурааж,бурханы сүм хийдийг нь шатаан устгаж амьдрах аргагүй болгов. Монголын Ерөнхий сайд А.Амар,П.Гэндэн нар оросын улаантны харгис бодлогыг эсэргүүцсэн боловчЧойбалсангийн матаасаар улаан оросын большевикууд тэднийг Москвад дуудан ирүүлж баривчлаадБНМАУ байгуулагдсан 11-р сарын 26 –ний өдөр буудан хөнөөв. Дэлхийгээс таслагдсанмонголын ард иргэд уламжлалт барааны хомсдолд оров.Улаан Орос улс монголчуудын уламжлалт бараа цай, гурил, будааг хангаж чадахгүй байв.Монгол айлын эрэгтэй хүүхдийг нь цэрэгт татаж, охид бүсгүйчүүдийн гэзгийг тайрч эвлэлийн гишүүд болгон амьд үлдсэн ядуу лам хувраг нарт өндөр татвар ногдуулж хар болгож эх орон маань эцэггүй хүүхдүүд мэт эзэнгүй болж,харийн орон мэт хүйтэн цэвдэг харгис орон болов. Хоёрхон жилийн дотор хорин нэгэн мянган ламыг хөнөөв.Олон мянган монгол лам нар улаантнуудадбуудуулахын өмнө “Шамбалын оронд уулзацгаая” хэмээн бие биендээерөөл тавиад амь насаа алдаж байсан гэдэг. Улаантнууд босоо монгол бичгийг устгаж, оронд нь кирилл орос бичигт хүчээр албадан оруулав.Уламжлалтмонгол зурхайн он тооллыг хүртэл хүртэл өөрчилж оросын календарт оруулав. Аргаа барсан ард түмэн “Жинхэнэ монгол төр, шашнаа мандуулна” хэмээн зорилго тавьж 1932 онд зэвсэгт бослого гаргалаа. Зохион байгуулалт муутай, гадаадын дэмжлэг туслалцаа байхгүй, орчин үеийн зэвсэг техник байхгүй, цэргийн мэргэжилтэн байхгүй, хөдөө орон нутагт эмх замбарааггүй гарсан энэхүүбослогыг монголын улаан цэрэгорос зөвлөхийн заавраар гурван сарын дотор танк, нисэх онгоц хэрэглэнхэрцгийлэн дарж бослогод оролцсон гэх 6250 монгол хүнийг газар дээр нь буудажхөнөөлөө. Гадаадаас ямар ч тусламж байгаагүй тул босогчид “Ар Монголд Банчин Богдын цэрэг ирнэ” хэмээн цуу үг дэгдээжээ. Энэ бослого бол хувьсгалын эсэргүү бослого байгаагүй, энэ бол ард түмний жинхэнэ монгол төрөө байгуулах гэсэн эцсийн зоригт тэмцэл байлаа. Бослогын дараа улаантнуудын алан хядлага харгислал улам ширүүсэв. Ардын засаг ард олнообуудан хөнөөж байлаа. Ардын засаг ард олноо гуйлгачин болгож байлаа. Ардын засаг Чөтгөрийн засаг болжээ. Ийнхүү жирийн ард олон эх орондоо амар тайван амьдрах аргагүй бол тул 1930-аад оноос эхлэн хил орчмынаймаг, сумын ардууд болон монгол нутгийн гүнээс ч монгол айлууд улаантны харгис засгаас зугатаажмонголын өмнөд хилийг даван нүүж эхэллээ. Халх айлууд хоёр зуун жилийн өмнө Галдан бошигтоос зугатааж нутаг орноосоо дүрвэж байсан түүх буй. Үүнээс өөр дүрвэж байсан тохиолдол байхгүй байлаа. Хэдэн мянган жилийн турш нутаг орондоо амгалан тайван амьдарч мал сүргээөсгөн малынхаа буянд цатгалан тэнүүн амьдарч ирсэн монголчууд одоо тайван амьдрах аргагүй болжээ. Улаантныбууны аманд улс орон сүйрч байлаа. Зүүнтэн гэж өөрийгөө зарласан монголынулаантнуудын харгислал улам дэвэрч эхлэв. Улаантны харгислалаас зугатааж хамгийн түрүүнд 1931 онд Өмнөговь аймгийн2000 айлын 8000 монгол иргэд өмнөд хилийг даван нүүлээ. Дараа ньбаруун аймгийн Ховд, Баянхонгор, Баян-Өлгий, Говь Алтай аймгийн урд хилийг даван олон айлууд яаралтай нүүн хил давж байлаа. Улаантнууд тэднийг зогсоохын тулд элдэв арга хэрэглэн бүр сүүлдээ хүч хэрэглэж үзсэн ч тэднийг зогсоож чадаагүй юм. Улаантнаас зугтсан хутагт хувилгаадаа дагаад олон мянган сүсэгтэн нууцаар хил давав. “Ар Монголд мөргөх Богд гэгээн байхгүй боллоо, Өвөр Монголд Банчин Богд заларч байна. Тийшээ очиж мөргөе”хэмээн сүсэгтэн олон урагш Өвөр Монгол руу тэмүүлж байлаа. Улаантны харгислалаас зугтааж 1930 -1932 онуудадАр Монголоос нийтдээ 7500 өрхийн 30 000 монгол хүн өмнөд хилийгдаван дүрвэжээ.Тэр үед монголын хүн ам 800 000 гаруй байсан бөгөөд улаантны алан хядлагаас зугатааж дүрвэлт хийснээс болж монголын хүн ам эрс цөөрч байлаа. Өмнөд хил давсан монгол айлууд анх тэнд очоод учраа олохгүй хэцүү байсан аж. Өвөр Монголын айлууд гаднаас нүүж ирсэн олон халх айлуудадтийм ч дуртай байсангүй. Нутаг бэлчээрээ булаалдах, худаг усаа харамлах гээд олон асуудал байв. , Харин баруун Сөнөд хошууны өвөр монголчууд ар халхын дүрвэн ирсэн айлуудад элэгсэг дотно сайн хандаж байжээ. Баруун Сөнөдийн хошуу ноён Дэнчигдонров ван Ар Монголоос нүүн ирсэн айлуудыг халуун дотноор хүлээн авчхошуундаа монгол сургууль хүртэл байгуулж байлаа. Тэр үед Япон улс Манжуурт нөлөөгөө тогтоож манж монгол хүмүүсийг бүх талаар дэмжиж тусалж байв. Сөнөд хошуунд япон бага, дунд сургууль байгуулагдаж олон монгол хүүхдүүд сурч байлаа. Өвөр монголын олон залуус Хинганы япон сургуульд сурч төгсөж байв. Япон улсын тэр үеийн зүүн хойд азийн гадаад бодлого бол зүүн хойд азийн Манжуурт Японыг түшиглэсэн хүчирхэг Манж-Го улсыг байгуулж манж, монгол хүмүүсийн нөлөөг дээшлүүлж,хятад, улаан оросын нөлөөг бууруулах явдал байлаа. Хил давж дүрвэсэн монгол айлуудад Ар Монголоос хамт очсон Түвдэн Минжүүр ламтан буюу Очирдара хувилгаан хэмээн алдаршсан хүн их тус хүргэж байв. Ер нь дүрвэж гарсан монголчуудын дунд Очирдара хувилгаан, Ганжуурваа лам, Дилов хутагт гурав их тусалжнөлөөтэй байсан гэдэг. Очирдара хувилгааныг 1898 онд хутагтын ширээнд залж байжээ. Очирдара хувилгааныг 1922 онд аймагуудын хошууны Засаг ноёд залж улаантны аюулыг зайлуулж зөөлрүүлэхийн тухайтад ном айлдахыг хүсч тэрийг нь ёсоор болгож байжээ. Цөвүүн цаг хаяанд ирснийг мэдэрсэн Очирдара хувилгаан 1922 онд Өмнөговь аймгийн Уул жаргалантийн хийдийн хамба ламын ширээнээсээ өөрийн саналаар бууж бүх өмч хөрөнгө мал сүргээ хийдийн жасдаа тушаагаад энгийн нэгэн иргэн болжээ. Удалгүй улаантнууд Очирдара, Намжилдорж нарын олон хутагт хувилгаадын барьж шоронд хийв. 1926 онд Очирдара хувилгааныг улаантнууд барьж 5 жилийн ял өгч шоронд хориод 2.5 жил хориод үлдсэнийг нь тэнсэн болгож суллав. Ар Монголд үлдэх нь ямар ч утгагүй болсон тул Очирдара ламтан ах Чанаравын гэр бүлийн хамт 1930 оны өвлийн 12-р сарын 27-ны өдөр Өмнөговь аймгаас хөдлөн монголын өмнөд хилийг даван нүүж оджээ. Очирдара хувилгаан Өвөр Монголд дүрвэж очсон монгол айлуудыг хэн хаашаа нүүх, юу хийх, яаж амьдрахыг нь хүртэл зөв зааж тусалдаг байжээ. Очирдара хувилгаан бол түвд, япон хэлтэй, бурханы номонд нэвтэрхий, мэргэ төлөг сайн хийдэг, хүнд тусархуу, буян номын садан, энэрэнгүй боди сэтгэлтэйлам хувраг байлаа.Монголын алдарт Дилов хутагт 1931 онд Өвөр Монголд дүрвэн орж ирэв. Тэр бээр улаантнуудаас зугтан Өвөр Монголд дүрвэн орж ирсэн халх хүмүүст тусалж байлаа.Дилов хутагт Ар Монголоос орж ирсэн айлуудыг нэг нутагт зохион байгуулж өвөр монголын Дэ вангийн дэмжлэгтэйгээр Сөнөд баруун хошуунд “Дилов хутагтын хошуу” байгуулжээ. Тэдэнд Баруун Сөнөд хошууны засаг ноён Дэмчигдонров бүх талаар тусалж байлаа. Дилов хутагт бурханы сургаалийг ч сайн мэддэг,төрийн ажил албыг ч сайн мэддэг , цаг үе ирээдүйг ч сайн мэддэг мэргэн хутагт байлаа. Дилов хутагт Дэмчигдонров ноёны Зөвлөх ч байлаа, Дээрхийн Гэгээн, арван гурав дугаар Далай ламын Зөвлөх ч байлаа, Дундад Улсын генералиссмус Чан Кай Шигийн Зөвлөх ч байлаа.Тэр үед монголын баруун хил их зөрчил хямралтай байв. Улаантнуудад буудуулж, хасаг дээрмийн хөлд дайрагдсан эгэл ард иргэд тайван амьдрахад улам хэцүү болж байв. 1933 онд Баянхонгор аймгаасолон айл хил даван нүүв. Ховд аймгийн тал хувь нь , Баян-Өлгий аймгийн тал хувь нь хил даван нүүчихэв. Ховдын айлууд Шинжааны Ховогсайрт нүүн очив. Шинжааны Ховогсайр руу Ховдын Булганаас нэг удаа гэхэд 245 айлын 735 хүн хил даван нүүж байв. Хил давсан айлуудыг монголын улаантнууд хэрхэн харгислаж байсан тухай нэгэн баримт саяхан олдлоо. Яагаад энэ талаар баримт олддоггүй юм бэ гэвэл монголын ногоон малгайтнууд энэ харгислалаа ихэд нууцалж улсын нууцад хамааруулан бүх баримт бичгийг устгаж энэ талаар мэдсэн ардуудыг хөнөөсөн байдаг юм.1930-аад оноос эхлэн монголын зүүнтэн хэмээн өөрийгөө зарласан хэсэг харгис этгээдүүд улаан оросын гар хөл болж, монголын угсаа язууртай, Богд хаант төрийн албанд зүтгэж байсан хүмүүс хийгээд эрдэмтэй лам хуврагуудыгхөнөөж эхэлснээс болж ар монголын ноёд, тайж нар ах дүүс, албатаа дагуулан улсын хилийг урагшаа нүүжээ. Энэ явдал улам даамжирсаар олон мянган монгол өрх айл нэг жилийн дотор гадагшаа дүрвэн гарсан тул улаантнууд тусгай зэвсэгт отряд томилж шуурхай арга хэмжээ авч дурвэгсдийн ихэнхийг хүчээр буцаан авчирчээ Энэ үйл ажиллагааг гардан хийсэн улаантнууд дүрвэсэн ард иргэдтэй маш хэрцгий харьцаж, дүрвэгсдийг урвагчид хэмээн заналхийлэн үзэж хайр найргүй алж хөнөөж байлаа.Улаантнууд тэрхүү хядлагаа улсын маш нууцад хамааруулан нууцалсан тул эдүгээ улсын архивт нотлох баримт нэг ч үлдсэнгүй. Харин Өвөр Монголын Алшаа нутагт дүрвэн гарч амьд үлдсэн ар монголын хүмүүсийн гэрчилж ярьсан баримт үлдсэн байна. Тэр үед АрМонголын буу зэвсэг агссан улаантны 360 тэмээн цэрэг Өвөр Монголын хилийг даван шуурхай довтолж, Алшаа, Гансу мужид дүрвэж очсонар монголын дүрвэгсдийг толгой дараалан хөөж, хөсөг хөсөөр нь барьж, эрчүүдийг нь хонь мэт хэлхэн холбож байгаад Дал уулын жалгануудад буудан хороожээ. Нэг хөсөгт 70 шахам эрчүүд байсан бөгөөд нийг 20 гаруй хөсгийн нэг мянга таван зуу шахам монгол эрчүүдийг ар монголын улаан цэрэг хоёр жилийн дотор хоморголон хөнөөжээ. Ар монголын улаан цэргийн элэг нэгтнээ буудан хороож орхисон цогцоснүүуд араг яс болон олон жил гуу жалгаар хөглөрч хэвтсэж байсныг 1960-аад онд Хятадын ардын чөлөөлөх армийн цэргүүд цэвэрлэж хүний ёсоор оршуулжээ. Энэ бол улаантан монголчуудын монгол монголоо хөнөөсөн олон харгис хэргийн зөвхөн нэгээхэн хэсэг юм.

Хил давж дүрвэсэн айлууд1945 он хүртэл Өвөр Монголд малаа өсгөж бурханы сүм хийдэд номоо хуржамар амгалан аж төрж байв. Гэтэл 1945 ноос эхлэн байдал бишдээд эхлэв.Хойд зүгээс Ар Монголоос зөвлөлт монголын улаан арми японы эсрэг дайн хийж Дундад улсад дайран оржмонголчуудад ээлтэй байсан Манж Го улсыг устгаж монголчуудыг дэмжиж байсан япон цэргийг бут цохилоо.Хятад улсад улаан хятадууд засгийн эрхийг авч Хятадад коммунизмын солиорол аллага эхэллээ. Удалгүй дүрвэж гарсан Ар Халхын монгол айлуудад монгол дээл өмссөн морьтой улаантны тагнуулууд ухуулга сурталчилгаа хийж эхлэв. Улаантнууд айлуудаар уйгагүй явж: “Ар Монгол одоо сайхан болсон. Гандан ажиллаж, лам нар хурлаа хурж байгаа. Мал сүргийг нь хурааж авахаа больсон. Шашин шүтлэгийг нь хорихоо больсон. Бүх айл буцаж хайрт эх орондоо эргэж ир” хэмээн зогсоо зайгүй сурталдаж байлаа. Ар Халхаас ирсэн айлууд улаантнуудад нэг л итгэж өгөхгүй байлаа. Ар Монголоос ирсэн айлууд эцсийн эцэст Очирдара хувилгаан, Ганжуурваа ламаас “Эргэжнүүх үү?, эндээ үлдэх үү?” хэмээн асуув. Очирдара хувилгаан,Ганжуурваа лам ийн айлджээ: “Өвөр Монголд цагийн байдал улам муудах юм байна. Улаан хятадууд Өвөр Монголд ирж их зовлон болох юм байна.Та бүхэн Ар Монголдоо буцаж нүүх нь зөв юм байна. Тэнд очоод нэг хэсэг нь зовох юм байна. Ихэнхи нь Ар Монголдоо амар амгалан амьдрах юм байна” гэв.Ийнхүү 1945 оны намраас эхлэн Өвөр Монголд дүрвэсэн айлууд нутаг буцаж эхлэв. Шинжаанд Ховогсайрт байсан Ар монголын айлууд ч буцаж нүүлээ, Өвөр Монголд Баруун Сөнөдөд байсан Ар Монголоос ирсэн олон айлууд ч буцан нүүжээ. Өвөр Монголд Ар Монголоос гучаад онд нүүж ирсэн айлуудын бараг 90.0 хувь нь буцаж Ар Монгол руу нүүлээ. Нүүж ирсэн айлуудыг Замын- Үүдэд түр байрлуулж хүн нэг бүрийг Ар монголын Дотоодыг хамгаалах яамны ажилтнууд их л хардаж ширүүн байцааж эхлэв. Нүүж ирсэн айлуудын бараг бүх эрэгтэй хүмүүсийг баривчилж шоронд хийв. Өвөр Монголын цэрэгт дайчлагдаж түр зуур зургаан сарын цэргийн бэлтгэл хийсэн хүмүүсийг бүгдийг нь барьж 10 жилийн ял хүлээлгэж шоронд хийлээ. Дотоодыг хамгаалахын ногоон малгайтнууд монгол айлуудыг Ар Монгол руу буцаан нүүхийг ятгаж олон айл авчирсан Ганжуурваа ламыг шагнахын оронд харинбаривчилж буудан хөнөөв. Дүрвэсэн айлууд эргэж ирээд улаантнуудад дахин хууртагдсанаа ойлгов. Одоо нэгэнт оройтжээ. Монголд Гандан хийд ажиллаж байгаа гэдэг нь худал үг байв.Тэр үед Гандан хийдийг сэргээх гэсэн боловч бүх номтой лам хуврагийг устгасан тул нэг ч номтой лам хүн Ар Монголд байхгүй болсон байлаа.Харин Ганжуурваа ламыг дагаж Ар Монгод ирсэн хорь гаруй монгол лам нар өөрсдийн ном судар, хэнгэрэг цан бишгүүртэйгээ ирсэн байсан тул тэдгээр лам нар Гандан хийдийг дүүргэж хурал номыг эхлүүлэх боломжтой болжээ. Улаантнууд сайндаа Ганданг нээсэн юм биш.1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Уоллес Монголд айлчилж танай улс тусгаар тогтносон юм бол буддын шашны Гандан хийд чинь ажилладаг юм уу? Сүсэгтэн олон танайдбайгаа юу? Шашин шүтэх эрх бий юу? хэмээн Чойбалсангаас асуухад Чойбалсан “бий, бий” хэмээн худал хэлжтэр худал хэлсэн үгэндээ бантаад Гандан хийдийг нээх төдий дүр эсгэжбайсан юм билээ. Ар Монголд нүүж ирсэн айлуудын ихэнхийг төрсөн нутагтнь бус, өөр өөр аймгуудын суманд хуваарилжээ. Удалгүй Хятадад улаан хувьсгал ялж тэнд амьдрахад хүнд болсон тул Дилов хутагт өөрийн америк шавь Латтиморийн урилгаар Тайванаар дамжиж АНУ-д дүрвэн гарчээ. Очирдара хувилгаан улаантнууд түүнийг хөнөөхийг сайн мэдэж байсан тул хэдхэн монгол айлын хамт цаашаа Түвд орон руу эргэл мөргөл хийхээр цааш нүүжээ. Дүрвэсэн моннгол айлууд эхлээд найман тэмээтэй нүүж замдаа их элсэн говийг туулж усгүй харангадахын даваан дээр устай таарч, өлсөж үхэхийн даваан дээр хонь зарсан ислам шашинтантай таарч амь гарч байв.Түвдийн Лхаст хэдхэн жил болоод тэдгээр айлууд тэмээгээ сарлагаар сольж арилжаалаадОчирдара хувилгааныг дагаж цааш Жагарын орон руу нүүв. Очирдара хувилгаан тэдгээр монгол айлын хүмүүст “Одоо мөдхөн Түвдэд улаан Хятадын цэргүүд ирж Түвд орон хэцүү болно. Иймд Жагарын орон руу нүүх нь зүйтэй.Хэрэв одоо түргэн нүүхгүй бол хил хаагдаад Жагар явж чадахгүй болно”хэмээн айлдав. Тэдгээр гурван монгол айл ийнхүүЭнэтхэг рүү дүрвэн нүүжээ. Үнэхээр тэр үед улаан хувьсгалчидОрос, Монгол, Хятадыг эзлээд одоо ариун номын орон Түвдийг сүйрүүлэхээр ирж байлаа. ИйнхүүАр Халхын гурван монгол айл коммунистуудын аюулаас зугтаж 1947 онддалайн түвшнээс дээш 1600 метр өргөгдсөн Сикхимийн Калипонг хотод дүрвэж очжээ.Дараа нь тэдгээр гурван монгол айл баруун хойд Энэтхэгийн Массури хотод очиж амьдарчээ. Энд ямар ч улаантан хувьсгалчид байхгүй, амьдрал тайван амгалан, хүмүүс ньбурханы шашинтай, найрсаг сайхан байлаа. Монгол айлууд маань хүүхдүүдээ хамгийн сайн англи хэлний сургалттай Энэтхэгийн лицей сургуульд оруулав. Энэ сургууль Энэтхэгтээ алдартай сайн сургууль байлаа. Дөрвөн хүүхдээсайн боловсролтой болгохын тулд Чанрав гуай өндөр үнэтэй сургуулийн төлбөрийг хамаг хүчээ шавхан ажиллаж төлжээ. Гэр бүлээ тэжээж амь зуухын тулд Чанрав гуай дарх хийж мөнгөн хутга хүртэл хийж түвдүүдэд зарж амьдарч байв.Удалгүй хүүхдүүд нь сайн суралцаж англи, хинди хэлтэй болж боловсролтой залуус боллоо. Харийн нутагт эх монгол хэлээ хүүхдүүд нь мартах вий гэсэндээ тэдэнд эх, эцэг нь монгол хэл зааж Очирдара хувилгаан босоо монгол бичиг болон Бурханы сургаал зааж байлаа. Алс холын Энэтхэгт өсөж хүмүүжсэн монгол хүүхдүүд англи хэл ч сайн мэддэг, Авралт Бурханы сургаалиа ч мэддэг, орчин үеийнболовсролтой залуус болон өсөж өндийлөө. Ийнхүү эдгээр цөөхөн монгол айлын үр хүүхдүүд хэдийгээр эх орноосоо алс хол харийн оронд амьдарч байсан ч гэсэн монгол хэл, монгол соёлоо хадгалан үлдэж чаджээ. 1965 онд АНУ-д Дилов хутагтын бие чилээрхэж шавь Жамбалдоржийгоо дуудуулсан тул Жамбалдорж лам АНУ руу явжээ. 1950- аад онд Энэтхэгт дүрвэсэн эдгээрмонгол айлуудад АНУ явах, Монгол явах зөвшөөрөл виз зэрэг ирсэн тул тэд хаашаа явахыгаа шийдэх боллоо. Очирдара хувилгаан багш нь тэднийг “Эх орон Монголдоо буцах нь зүйтэй.Үр хүүхдийнхэ ирээдүйг бодох хэрэгтэй” гэлээ. Ингэж харгис улаан коммунистуудаасзугтаан харь улсад 40 жил дүрвэж амьдарсанмонгол айл эх орондоо 1971 онд бүрмөсөн буцаж ирсэн түүхтэй.

2. Монголын дүрвэгсдийн хоёр дахь үе шат. /1990 оноос эдүгээ хүртэл/

1990 онд дэлхийн коммунизм задран мөхөж түүхийн хог дээр хаягдлаа.Коммунизмын дарангуйллын дор 70 жил болсон Монгол оронд ардчилал ялж монгол хүн эрх чөлөөгөө олов.Монголын нийгэм төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж зах зээлийн тогтолцоонд орлоо.Энэ үед монголын эдийн засаг хямарч барааны хомсдол болж дэлгүүрийн лангуу хоосорч ажилгүйдэл ядуурал улс орны нөмрөв. Хил нээгдэж монгол хүн бүр гадаад паспорттой болсон тул олон мянган монгол хүн өндөр хөгжилтэй гадаад орон руу гарч ажил хийж мөнгөтэй болохыг эрмэлзэх болов.Ийнхүү эдийн засгийн шалтгаанаар гадаадад дүрвэж гарах их давалгаа эхлэв. Хамгийн ойр, хамгийн бололмжтой орон бол Өмнөд Солонгос байлаа. Хамгийн анх АНУ-д Монголоос хэсэг залуус цагаачилж гарав. 1991 онд билүү дээ, монголын хэвлэл АНУ руу “малыш “Энхтүвшин, Батзориг өөр хэн билээ нэг залуу бүгд 3 залуу АНУ-д цагаачлахаар явлаа хэмээн шуугижбайсан юм даг. Тэд монгол банкинд 10 000 доллар солиулахад монгол банкны гадаад валютын нөөц дуусч байсан гэдэг. Тэд АНУ-дНью-Иорк хотод очоод тэнд хэнийг ч таньдаггүй байсан тул тэд нисэх онгоцны буудал дээр“Нюь Жерси. Лама Жамбалдорж “хэмээн таксиний жолоочид ганц мэддэг хаягаа хэлж Нью Жерси орж байсан гэдэг. Тэд нар болмонголын анхны цагаачид байсан болов уу. Тэднээс өмнө АНУ-д цөөхөн монгол цагаачид байсан. Хорьдугаар зууны жараад онд Дилов хутагт АНУ-д амьдарч байсан. Дилов хутагтыг тойрсон хэдхэн монгол лам нар АНУ-д амьдарч байсан. Дилов хутагтаас өмнө хорьдугаар зууны тавиад онд АНУ-дхалимаг монголчууд анхны монгол угсаатан дүрвэгчдийн давалгааг бүрдүүлж байв. Америкт дүрвэж очсон анхны монгол хүмүүс бол дэлхийнхоёрдугаар дайны дараа Австриас Америкад тавиад оны эхээр очсон халимаг монгол хүмүүс байв. Анх тэднийг америкчууд ямар үндэстэнг нь тодорхойлж чадахгүй,Америк оронд очих зардалгүй байсан тул тэд Австрид гацчихсан байлаа. Харин тэднийг АНУ-д амьдарч байсан Оросын их зохиолч Лев Толстойнохин Александрия Толстой аварч тэдний АНУ явах зардлыг төлжээ. Анхны 500 гаруй халимаг монголчууд ингэж өнгөрсөн зууны тавиад онуудад Америкад очжээ.Тэд Америкад очоод эрчүүд нь барилгын салбарт ажиллаж бүсгүйчүүд нь оёдлын үйлдвэрт ажиллаж амьдрал нь дээшилж, үр хүүхэд нь америкийних их, дээд сургуульд орж,ажил мэргэжилтэй болжээ.Америк дахь халимаг монголчуудын дүрвэгчдийн талаар би “Алдагдсан монгол туургатан” нийтлэлдээ бичсэн болой. МонголынП.Очирбат ерөнхийлөгч анх 1991 онд АНУ-д анхны айчллал хийхэд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж явсан хэвлэл мэдээллийн ажилтан нэг сэтгүүлч залуу АНУ-д үлдэж цагаачилсан хэмээн монголын хэвлэл шуугиж байлаа.Түүнээс хойш олон мянган монгол хүн АНУ, Өмнөд Солонгос, Герман, Англи, Швед, Австрали явжээ. АНУ руу монголчууд урьдын адил олноор явахыг хүсч байгаа. Ногоон картаар нилээд хүн АНУ явсан. Европт Чех, Унгар, Польш, Герман, Швед, Их Британидолон монголчуудажиллаж байна. Ихэнхи монголчууд АНУ, Өмнөд Солонгост очоод хууль бусаар үлдэж “харладаг” ажээ. Гэрээгээр ажил эрхлэээр гадаад явсан хүмүүс бол цагаачид биш. Тэд түр хугацааны ажилчид. 2017 оны байдлаар Монголд нэг хүний дундаж үндсэн цалин нэг сард 450 000 – 650 000 төгрөг байв. Энэ нь нэг сард 180- 270 долларын цалинтай гэсэн үг. Монголын жирийн нэгэн төрийн албан хаагч, багш, эмч хүний нэг сарын үндсэн цалин 650 000 төгрөг байлаа. Энэ нь ердөө 270 долларын цалин гэсэн үг. Монголд нэг хүнд ногдох ДНБ одоо 3000 ам.долларт хүрээд байна.Энэ нь Монгол улсын амьжиргаа одоо болтол африкийн улсуудын түвшинд байна гэсэн үг. Тэгвэл өрнөдийн Швейцарь улсын ард иргэд ямар хэмжээний цалин авч байна вэ? Швейцарийн нэг хүний нэг сарын дундаж цалин 7400 ам доллар буюу 17 сая 800 000 төгрөг байна. Швейцарийн нэг хүнд ногдох ДНБ эдүгээ 80 000 ам.долларт хүрчээ. Тэнд цалингийн доод хэмжээ нэг цагт 22 ам.доллар буюу 53 000 төгрөг байна. Нэг өдрийн цалин нь 180 доллар буюу 432 000 төгрөг байна. Монголчуудын нэг сарын цалинг Швейцарьт нэг өдөрт олж байна гэсэн үг. Америкийн Нэгсэн Улсад нэг хүний нэг сарын дундаж цалин 4900 ам. доллар буюу 11 сая 760 000 төгрөг байна. АНУ-д цалингийн доод хэмжээ нэг цагт 7 доллар 25 цент байна.Нэг өдрийн доод цалин нь 60 ам.доллар буюу 144 000 төгрөг гэсэн үг. 

Ийм л учраас өнөөгийн монгол иргэд гадаад рууэдийн засгийн дүрвэлт хийж байгаа юм.
Саяхан Монголд “Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал явах уу? Явах бол ямар шалтгаантай вэ?” гэсэн санал асуулга явуулав. 21-48 насны 100 хүн санал асуулгад оролцсоноос 80 нь өөрөөр хэлвэл 80 хувь нь эх орноосоогадаад руу “дүрвэхэд” бэлэн хэмээн хариулсан ажээ. Их, дээд сургуульд сурдаг нь сургуулиа хаяад, ажилтай нь ажлаасаа гараад, ажилгүй нь “азны юм” хэмээн уулга алдаад гадаадад амьдрах ямар л боломж гарна, түүнийг ашиглахаас татгалзахгүй гэсэн ажээ. 2019 оны эхээр эдийн засгийн дүрвэлт улам ихсэж нэг долоо хоногт ажлын таван өдөрт 5000 монгол хүн Өмнөд Солонгосын ЭСЯ-нд солонгосын виз хүсдэг гэсэн тоо гарчээ. Энэ бол эмгэнэл. Монголын оюутнууд сур­гуулиа төгсөөд мэргэжлээ­рээ ажиллах ямар ч боломж олддоггүй. Өндөр хөгжилтэй гадаадын оронд их сургууль төгссөн монгол залуу Монголд ирээд яам, тамгын газар, төрийн өмчит компанид орох гэхэд тэр ажлын байранд нь аль нэг том дарга, албан тушаалтны хүүхэд орчихсон байдаг тул ажилд авахгүй болоод аргагүй буцаад гадаад орон руу явахад хүрдэг аж. Гадаадад нарийн мэргэжлийн сургууль төгсөөд ирсэн ганц хоёр залуус ажил олдог боловч ажил олгогч нь сарын цалин нь 600 000 төгрөг гээд гэдийчэхдэг байна.Эхнэр хүүхэдтэй болсон залуу энэ мөнгөөр яаж гэр орноо тэжээх юм бэ гэж бодоод эргээд гадаад руубуцахаас өөр замгүй болдог аж. Өнөөдөр Монголдамьдралаа босгохын төлөө мачийн зүтгэж яваа инженер залуус ур чадвараараа дэвжин дээшилж, карьераа өсгөнө гэдэгтээ итгэл­гүй байна. Цалин нь тогтмол тө­рийн албан хаагч хүртэл одоогийн ажлын байрандаа хэр удаан тэсэхээ мэдэхгүй байна. Хэн нэгэн дарга шинээр томилогдож ирээд засаг төр солигдоход өөрийг нь өөрчлөнө, ажлаас халнагэсэн айдастай байдаг байна.50 нас дөхөж буй эмэгтэй Монголоос илүү гадаадад өөрийг нь ажиллуулах газар олдоно гэж итгэсэндээ насаа “голохгүй” харь орон руу явсаар байна. Саяхнаас монголчуудад Өмнөд Солонгос явахгурван сарын виз чөлөөтэйолгодог болсоноос хойш тэтгэвэртээ гарсан, 55 дээш насны олон зуун монгол эмэгтэйчүүд Өмнөд Солонгост очиж гурван сар ажиллаад эргэж Монголдоо буцан ирж байна.Өсвөр залуу насны олон зуун монгол охид бүсгүйчүүд гадаад руу хэзээ ч явахад бэлэн байна. Өсвөр залуу насны монгол охид бүсгүйчүүдийг “гадаадад өндөр цалинтай ажил олж өгнө” хэмээн мэхэлж тэнд биеийг нь үнэлүүлж хүний наймааны хэрэг үйлдсэн олон гэмт хэрэг гарсан аж. 2017 оны байдлаар Монголын Гадаад Явдлын Яамны мэдээллийгүзвэл: Өмнөд Солонгост 45 000 монгол, АНУ-д 25 000 монгол, Хятадад 8600, Японд 6500 монгол, Шведэд 6000, Чехид 6000, Казахстанд 5800, Канадад 5300, Орост 4900, Францад 4600, Германд 4700, Британид 4200, Туркэд 3500, Австрид 2500, Австралид 2000, Канадад 1500, Унгарт 1200, Бельгид 1100, Польшид 1000, Энэтхэгт 500, бусад оронд 3300монгол хүн амьдарч ажилладаг ажээ. 

Монгол залуус яагаад Америк, Япон, Өмнөд Солонгос, Герман, Швед зэрэг өндөр хөгжилтэй орон руу ажиллах гэж явдаг юм бэ?Монголд бүтэн сар ажилд зүтгэж авсан мөнгийг тэнд ганц өдөр ажиллаад авдагт л байгаа юм. Тэнд хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг юм. Америкад 90 настай эмээ холын тээврийн жолооч хийгээд мөнгө олж байгаа юм. Америкад байнга оршин суух карт, нийгмийн дугаартай л бол ямар ч ажил бизнес эрхэлж болно. Ажил амархан олдоно. Хэн ч чиний ажил хийх эрхийг хязгаарлахгүй. 20 минутын дотор компани байгуулж гэрчилгээ авч болно. Америкад чи цоо шинэ автомашин авах болвол баримтаа үзүүлээд японы цоо шинэ 30 000 долларын автомашиныг урьдчилгаа 2000 доллар төлөөд 5 жилийн хугацаагаар бараг хүүгүй шахуу зээл авч сар бүр 700 доллар өгөх гэрээгээр авч болно. Монголд шинэ автомашин ийм хямд,маш бага хүүтэй зээлээр авах ямар ч боломж байхгүй. Монголд эмэгтэй хүнийг 55 нас хүрэнгүүт “та өндөр настай боллоо, одоо болно” гээд тэтгэвэрт нь албадан гаргаад дахин ажил өгдөггүй юм. Ялгаа нь ердөө энэ л байгаа юм.

3.Өвөр монголын дүрвэгсэд

Хятадад 1966 оноос эхэлсэн соёлын хувьсгал хятадын өвөр монгол, уйгур, түвд үндэстэнд хүндээр тусав. Өвөр Монголд хятадын улаан хамгаалагчид ирж монгол соёл, монгол хүнийг түйвээж амь насанд нь халдаж эхлэв.Түвдэд 1 сая түвд хүн, Өвөр Монголд 100 000 монгол хүн соёлын хувьсгалаас болж амь үрэгдсэн гэдэг. Тэрхүү жараад онуудад аргаа барсан өвөр монгол хүн Ар Монгол руу зугатаахаас өөр арга зам алга байлаа. Жараад онууд болон далаад онуудад өвөр монголын сэхээтэн болон малчин хүмүүс олноороо Ар Монголд хил даван орж ирсэн юм. Гэтэл Ар Монголын улаантнууд тэднийг “хятадын тагнуул” хэмээн ихэд сэжиглэн хардаж,олон хоног шоронд хийж, байцаалт явуулж, зарим өвөр монгол хүмүүүсийг улаан Хятадад буцаан өгч байлаа. Ар Монголд үлдсэн өвөр монголчуудыг алс хөдөөд цөлж,аахар шаахар ажил өгч, эсхүл хүнд хүчир ажил өгчМонгол улсын иргэний паспорт өгөхгүй хорь гучин жил болж хүнд суртал гаргаж байв. Өвөр монгол хүнд сайн ажил олдохгүй байсан тул зөвхөн барилга, мал аж ахуй,газар тариалангийн салбарт ажиллаж байв. Хятадын соёлын хувьсгалын үед хэдэн өвөр монгол хүн Ар Монголд дүрвэж ирсэн талаар ямар ч тоо баримт байхгүй, монголын хүчний байгууллагууд ихэд нууцалсаар өдий хүрсэн юм. Орчин үед ч гэсэн Монгол улсад амьдрахаар ирсэн өвөр монголчуудыг гадуурхан үзсээр байгаа бөгөөд заримыг нь Хятад улсад буцаасаар байна. Орчин үед өвөр монголын малчид бэлчээр нутгаа хятадуудад булаалгаж эсхүл бэлчээрийг нь төмөр тороор хааж малчин хүн амьдрахад улам хэцүү болсоор байна. Хэдэн жилийн өмнө хятадууд өвөр монголын малчин Мэргэнг бэлчээр нутгаахамгаалсны төлөө том машинаар дайрч амь насыг нь хөнөөжээ. Эдүгээ хятадууд өвөр монголын сургуулиудад монгол хэл бичиг, монгол хэл дээр хичээл явуулдаг байсныг нь хориглож нэгдүгээр ангиас хятад хэл сурахыг шаардах болсныг нь өвөр мнголчууд эрс эсэргүүцэж жагсаал цуглаан хийсээр байна.Өвөр монголчууд эдүгээ улс төрийн дүрвэлт гадаад улс руу хийж байна. Япон улс, Швед улс, Америкад өвөр монголчууд улс төрийн дүрвэлт хийсээр байна. Өвөр монголын асуудал бол Монгол улсын асуудал юм. Өвөр монгол хүний эрхийн асуудал бол Монгол улсын асуудал юм. Одоо Монгол улс үндэс угсаанэгтэй, ах дүү өвөр монголчууддаа гадны харь хүн мэтбуруу ханддаг байдлаа эрс өөрчлөх хэрэгтэй байна. Монгол улсад амьдрахаар ирсэн өвөр монголчуудад нэг, хоёр жилийн дотор Монгол улсын паспорт өгч, ажил эрхлэн амьдрах, сурах, эмчлүүлэх нөхцлөөр хангах хэрэгтэй. Хойд, өмнөд хөрш улсад амьдардаг монгол угсаатан хүнд Монгол улсад визгүй зорчих эрх олгох хэрэгтэй.

Бусад оронд элэг нэгт иргэддээ ямар хүндэтгэлтэй ханддаг тухай ганц жишээ хэлье. Хойд Солонгосоос Өмнөд Солонгост дүрвэж ирсэн хүмүүст Өмнөд Солонгосын Засгийн Газар үнэгүй сургалт явуулж, ам бүлийн тооноос нь хамаарч нэг айлд 6000- 32500 ам долларын нэг удаагийн буцалтгүй тусламж өгч, дунд, их сургуульд хүүхдийг нь төлбөргүй сургах эрхээр хангаж, байр түрээслэхэд нь зориулж 15 000- 20 000 доллар олгодог ажээ. 

Манай Монголын Засийн газар өвөр монголын дүрвэгсдэд буцалтгүй тусламж олгож, иргэний паспортыг нэн даруй олгох хэрэгтэй. Өвөр монгол хүнийг монгол үндэстэн хэмээн үзэж Хятадаас дүрвэж ирсэн өвөр монголчуудад Монгол улсаас хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй.Тэр хүндэтгэл нь юугаар илрэх вэ? гэвэл дүрвэж ирсэн өвөр монголчуудад ажил эрхлэх эрх , газар эзэмших, түрээслэх эрх, орон сууц барих эрх, гадаад дотоодод чөлөөтэй зорчих эрх олгож, өвөр монголчуудыг үнэгүй сургалтад хамруулж, үр хүүхдийг ньсургуульд үнэгүй суралцах эрх олгож, хүсэлтийг нь үндэслэж Монгол улсын иргэн болгох хэрэгтэй. Монгол хүний эрх хойд,өмнөд хөршид их хэмжээгээр зөрчигддөг. Монгол улсын иргэд бид монгол хүнээ хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм бэ.

Монгол улс бол цагаач дүрвэгчид гадаадаас барагирдэггүй улс юм. Монголд цагаачлах, харьяат болохасуудал “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн “Монгол улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо Монгол улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хүртэл хувь байж болно” гэсэн заалтын дагуузохицуулагддаг ажээ. Харин цагаач иргэдийн хувьд монголын хуулиар зөвшөөрснөөр 14058 иргэн байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 2076 хүн Монголд хууль ёсоор цагаачлан оршин сууж байгаа ажээ. Түүнчлэн жил бүр гадаадын 10 гаруйхан иргэн л Монгол улсын харьяат иргэн болдог ажээ. Монгол улсад монголын харьяат иргэн болоход хүндрэлтэй хүнд сурталтай, хууль нь таатай бус байсаар өдий хүрчээ. Ганцхан жишээ хэлэхэд Монголын Бурханы шашны тэргүүн, IX Богд гэгээн арав гаруй жил монголын иргэн болох хүсэлтийг гаргасан боловч монголын төр засаг элдвээр саад учруулж байсаар наян нас хүрч нирваан дүр үзүүлдэг жилд нь л монголын иргэний паспорт өгч байсан гэдэг. 

Монгол улсын “Харьяатын тухай” хуулийн Монгол улсын иргэн болох нөхцөлд заасан гадаад иргэн гэдгээс гадна гадаадад амьдардаг монгол гаралтай иргэдэд тусгай хөнгөлөлттэй нөхцлийг хуулиндаа шинээр тусгах хэрэгтэй. “Харьяатын тухай” хуулиндгадаад улсад амьдардаг монгол гаралтай хүн Монгол улсад амьдрах хүсэлтэй бол өргөдлийг шийдвэрлэх хугацааг6 сар байсныг багасгаж 3 сарын дотор шийдвэрлэх гэж өөрчлөн оруулах, “Монгол улсад 5 жил амьдарсан байх хэрэгтэй” гэдгийг 2.0 жил хэмээн хугацааг нь богиносгох хэрэгтэй,“амьжиргааны зохих чадвар, эх үүсвэрийнсарын орлого хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин илүү байх ёстой”гэснийг “2 дахин илүү байх” гэжорлогын хэмжээг багасгах хэрэгтэй. ” Монгол ардын ёс заншил, монгол хэл сайнмэддэг байх, Монгол улсын Үндсэн хууль сайн мэддэг байх” гэснийг зөөлрүүлэн “монгол хэлний анхан шатны мэдлэгтэй байх” гэж өөрчлөх, “Монгол улсынҮндсэн хуулийг сайн мэддэг байх” гэдгийг бүхлээр нь хасах хэрэгтэй. Гадаад улсадамьдардаг монгол гаралтай малчин, ажилчин, тариачин хүмүүс Монгол улсын Үндсэн хуулийг хэрхэн мэдэх билээ. Монгол улсын жирийн малчид, ажилчид өөрсдөө Үндсэн хуулиа ч сайн мэдэхгүй байхад гадаад улсад амьдардаг монгол угсаатан жирийн малчин, ажилчин хүмүүс монголын хуулийг яаж мэдэх юм бэ.Монголд 1995 онд батлагдсан “Харьяатын тухай” хуулиндаа дээр дурдсан өөрчлөлт оруулах хэрэгтэй. Харь нутагт хавчигдан зовж зүдэрсэнмонгол хүнМонгол улсаа зорьж Монгол улсдаа амьдрах гэж чин сэтгэлээ тээжМонгол улсад тэмүүлэн ирэхэд нь туурга тусгаар Монгол улс эцэг нь мэт түшигтэй, эх нь мэт энэрэлтэй хандаж, элэгнэгтнээ элгэндээ тэврэн авч өмгөөлөн хамгаалж Монгол улсынхаа иргэн болгоххэрэгтэй. БНХАУ, ОХУ-д амьдардаг өвөр монгол, буриад, халимаг, туваиргэд давхар иргэншилтэй болж, Монгол улсад амьдарч ажиллах хүсэлтэй байдаг боловч уг асуудлыг Монгол улс хуулиндаа тусгаж шийдэлгүй, монгол туургатанаа эх орондоо хүлээн авах ямар ч нөхцлийг бүрдүүлээгүйөдий хүрчээ. Дүрвэгсэд болон давхар иргэншлийн асуудлыг монголын төр засаг өдий хүртэл бүрэн шийдэж чадсангүй. Гэвч хоёр хөрш улсад амьдарч байгаа олон арван мянган монгол угсаатан хүмүүс Монгол улсад очиж амьдрахыг хүсэн мөрөөдсөөр байна.


Доржийн СҮХБААТАР
2021.05.25