ТҮРЭГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН

Төв Азийн нүүдэлчид өөрсдийгөө чононоос гаралтай гэсэн домогт итгэсээр иржээ. Хүннүгээс эхлээд монголчууд хүртэл. Хүннүгийн ханхүү чонын гичийтэй нөхцөн Ашина овгийнхыг төрүүлсэн гэх домгийг түрэг угсаатнууд ярилцдаг. Ашина овгийнхон Алтайн нуруунд амьдарч байсан нь харин үнэн бололтой. Тэд Жужуаний хаанд харъяалагдана. V зууны үед тэд Алтайд төмөр олзворлон жужуаньчуудад нийлүүлдэг байжээ. Ирчис мөрний орчмын Тэлэүт овгийн олон үндэстэн нийлэн Жужуанийн эсрэг бослого гарган өөрийн төр улсыг 482 онд байгуулахад тэнд ашиначууд багтжээ. Тэлэүчүүд удалгүй жужуаньчуудын эрхшээлд дахин орсон. Харин ашиначууд жужуаниас салж дөнгөв. Ийнхүү хожмын Евразийн бүхий л түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн түрэг хэмээх үндэстэн буй болсон ажгуу.Түрэг гэдэг нэр анхлан VII-VIII зууны эртний түрэгийн орхон-түрэг бичигээр олджээ.

545 онд тэлэүчүүд жужуаний эсрэг дахин бослого гаргахад тэднийг ашина овгийн Буман[i] (Bumin Qaghan) толгойлов. Буманд ялагдсан Жужуаны хаан Южюлү Анагуй[ii] (Yujulu Anagui) “Чи саяхан миний хамжлага байсан шүү” гэж хэлүүлсэн гэдэг.[iii] Хятадын Вэй улстай Буман холбоо тогтоож хамтарсан хүчээр Жужуанийг бут цохижээ. Ийнхүү тэрээр Илхаан[iv] цолтой болов. Буманг үхсний дараа хаан ширээнд суусан хүү нь Жужуань гүрнийг бүрэн сөнөөсөн юм. Бумангийн хоёрдугаар хүү Мугань хааны[v] (Muqan Qaghan) үеэс Түрэг эгшин зуур томорч Алтайн нуруунаас зүүн тийш тэлэн Жужуаний эзэмшлийн асар уудам талыг эзэгнэсээр бараг Номхон далай хүрчээ. 

Бумангийн дүү Истэми Багадур[vi] (Istämi Bagadur-yabghu) нь ахыгаа Ил хаан цолтой болуут явгу[vii] (yabghu) цолтой болж Түрэгийн гол удирдагчдын нэг болжээ. Тэрээр өрнө зүг дайтан 555 онд Арал тэнгис хүрэв. Амударья мөрнөөр дамжин Персэд халдаж нутгаа өргөтгөж явав. Истэм хятадын Торгоны зам дамжин өнгөрдөг Согд улсыг (Sogdia) эзлэн авлаа. Цаашилсаар Ижил мөрөн дөхөж өдий хүртэлэх хүний түүхэн дахь хамгийн том эзэнт гүрнийг байгуулав. 

Тэд Дунд Азийг эзэлснээр Торгоны их замд хяналтаа тогтоожээ. Ингээд Истэми Константин руу Византийн Эзэн хаан II Юстин[viii]-д (Justino II) элч илгээн тохиролцоо хийжээ. Ираны эсрэг Түрэг-Византын хамтарсан цэргийн холбоо тогтоосноос болж Түрэгийн хаанд Иран нь жилд 40 мянган алтан динар төлж байхаар болжээ.[ix] Гэвч 575 онд Визант, Иран хоёр сэм үгсэн Түрэгтэй дайтжээ. Энэ тулалдаанд түрэгүүд ялснаар нийт Торгоны замыг бүхлээр нь хяналтандаа авав. Ромын их Эзэн хаан Константин[x] түүхэнд анх түрүүн загалмайн шашныг хүлээн зөвшөөрөөд өөрийн нэртэй загалмайн хот үүсгэснээс хойш европ угсаатан үеийн үед эзэгнэж байсан уугуул газар нь болох Константинополь хотноо ийнхүү Төв Азийн нүүдэлчид анх удаа зочин маягаар ирэхэд тэднийг хожим нь энд эзэгнэн суурьшиж Оттоман Түрэгийн эзэнт улс хэмээхээ байгуулна гэж хэн ч төсөөлөөгүй биз. 

Гэвч эдний найрсаг харилцаа дээр өгүүлсэн авааруудаас болж эвдрэн, түрэгүүд морин армиа Кубанийн хөндийгөөс эхлэн давшилтанд оруулж 576 онд Керчийн хоолойг гатлан Босфорыг эзлэн авчээ. Улмаар 580 онд одоогийн Севастополь хотоос холгүй орших Герегийн (Greece) хот балгадыг уулгалав. Эндээсээ персүүдтэй байлдаж эхэлсэн тул тэд Европ руу дайрах довтолгооноо зогсоохоос өөр аргаүй болсон юм. Түрэгүүд Евразийн уудам тал хээрийг 50 жил эзэгнэсэн байна.

Түрэгийн эзэнт гүрний нас төдийлөн урт биш. Мугань, Истэми зэрэг түүхэн жанжингууд үхсний дараа хаан ширээ, эрх мэдлийн төлөөх дотоодын өрсөлдөөн энэхүү гэнэт гарч ирсэн хүчирхэн гүрнийг дорхноо сульдуулав. Ялалтаа хадгалах чадвараар мөхөс, биентэйгээ өрсөлдөх дуртай нүүдэлчний яс махны шинж энэ удаа ч илрэлээ олж Түрэгийн нэгдсэн хаант улс 603 онд Дорнод Түрэг, Өрнөд Түрэг улс болон хуваагдсан билээ. Өрнөд Түрэгт өнөөгийн Казахстан, Дунд Ази тэр чигээрээ, Умард Кавказ, Крымын хойг, Ураал, Ижил мөрний сав газар хамаарчээ.

Бутарсан бие дайсандаа амархан олз болов. Тан династийг үндэслэгчийн нэг, авьяаслаг жанжин Ли Шимин[xi] (Li Shimin or Emperor Tazong) 630 онд Дорнод Түрэгийг нам цохиж харьяалалдаа авлаа. Түрэгийн мэдэлд байсан олон нүүдэлчин аймаг Тан гүрний хааныг “тэнгэрийн хаан” хэмээн өргөмжлөх болсноос эхлээд л хятадууд Умард Азийн байдлыг сайн мэддэг болж овог, аймгуудыг нь сайтар ялгаж ойлгохтой болжээ.[xii]

Энэ үеийн тухай алдарт Орхоны бичээст гашуудан дурсахдаа: 

Ноёдын үрс хятад эзний боол зарц болж, ариун охидоор нь хөдлөх хөрөнгө хийжээ. Түрэг ноёд өөрсдийн цол хэргэмээ орхиж хятадынхыг хэрэглэх болж Хятадын хааны өмнө ямар ч эрх мэдэлгүй байв.[xiii]

Өрнөд Түрэг дотроо улам эвдрэлцэн задарч байх тэр далимыг ашиглан арабууд баруун талаас нь, хятадууд зүүн талаас нь цохиж эхлэв. Сонирхолтой нь энэ үед өрнийн нүүдэлчин араб, Төв Азийн нүүдэлчин алтай угсаанынхан хоёр анх удаа нүүр тулан тулалдсан юм. 

Цагийн эргэлт заримдаа огт санаандгүй зүйл буй болгодгийн жишээ гэвэл нэгэнт дарагдаад алга болж байсан түрэгүүд гэнэт гялалзан тодорч 670 онд Өрнөд Түрэг, 682 онд Дорнод Түрэг дахин тусгаар тогтнолоо олж хурдан тэнхрэн босч ирлээ. Гээд энэ дахин амилсан улс удтал тогтож чадаагүй юм. Хамгийн сүүлчийн нөлөө бүхий жанжин Күльтгэн[xiv]-д (Kul Tigin Qaghan) зориулсан хөшөөг шадар сайд Тоньюкүк[xv] Орхоны хөндийд босгосон нь манай үе хүртэл үлдэж, түрэгийн түүх соёлын үнэт дурсгал болон хоцорчээ. Тухайн үедээ юугаар ч бариад тогтоошгүй их хүч болсон арабын халифат, төвдийн дайчид Тан династийн хязгаарт уулзалдахад түрэгүүд зөвхөн ажиглагчийн хэмжээнд очсон байлаа. 

Анхны түрэг үндэстэн цааш салбарлан өдгөө Алтайн нуруунаас (Хасаг, Хакас, Алтай) Хар тэнгис (Түрэг улс), Умард Сибириэс (Якут) Хиндикуш хүртлэх өргөн уудам зайд олон үндэстэн болон тархжээ. Анхны Ашина овгийн түрэг нарыг Эртний түрэгүүд гэдэг. Мөн Хөх Түрэг (kök türk) гэх нь ч бий. Түрэг-монгол хэлэнд зүгийг өнгөөр илэрхийлдэг ёс бий, хар-умард, цагаан-өмнөд, хөх-төв, шар-дорнод гэх мэт. 

Хөх Түрэг дарагдсанаас нэлээд хожим Х зууны үеэс огуз түрэг гэх нэршил гарч иржээ. Огуз гэдэг нь тухайлсан үндэстнийг гэхээсээ олон түрэг овгийнхны нэгдэл гэж тайлбарладаг. Хятад хэлний ок буюу овог, аймаг гэсэн үгийн араас түрэг-монгол хэлний олон тоо заасаг “с, з” дагавар залгагджээ. Эндээс түрэг овгийнхон гэсэн утга гарна. 

Огузын шууд удмынхан нь түркмэн, сирийн түркмэн, ирак түркмэн, хорезмийн узбек, анатолийн түрок, мэсхэтин түрок, киприот турок, гагуаз, салар, азербайджан нар юм.[xvi] Эртний түрэгүүдээс салаалсан якут, татаар, узбек, башкир гээд олон үндэстэн бийгээс гадна тэдэнтэй зэрэгцэн оршиж байсан хамаатан болох уйгар, хиргис гэх мэт үндэстнүүд ч одоо болтол оршсоор.

Огуз нар 750 онд Каспийн тэнгис, Арал нуурын хооронд Огуз Ябгу улс (Oguz Yabgu State) байгуулсан нь 200 гаруй жил тогтсон. Лалын шашинд орсон огуз нар өөрсдийгөө сэльжүк гэж нэрлэх боллоо. Энэ бол огуз нарын нэг овгийн нэр. Зарим түүхчдийн мэтгэж буйгаар сэльжук нар нэсторын загалмайн шашинт Хэрэйд, Найман нараас гаралтай ба сэльжүк овгийг үндэслэгч нь Сэлжүк[xvii] (Seljuk), уугуул нэр нь Салчиг гэх[xviii] (Үнэхээр түрэг овгийнхон дунд Салчиг гэх нэр ховор биш). 

Сэльжүк Эзэнт гүрэн мөхсний дараа огүз нар Анатолийг эзэлжээ. Анхны хаан I Осман[xix] (I Osman) хааны нэрээр Оттоман Түрэг хэмээх гүрэн ингэж үүссэн.

Эртний Түрэгийн хаант улсын тэрхүү аварга тэсрэлт дэлхийн түүх, соёлын гольдрилд өөрчлөлт оруулсан төдийгүй Төв Ази дахь нүүдэлчдэд том хичээл, сургамж үлдээсэн юм. Юун түрүүн Төв Азийн унаган нүүдэлчдийг дэлхийн хэдэн том соёл, шашны уулзвар болсон Ойрхи Дорнодод аваачсан тул үүнээс хойших тэндхийн асуудал Алтай угсааныхангүйгээр шийдэгдэж байсангүй. Аваар, сэльжүк нар олон жилийн турш энэ бүс нутагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байсан ба сүүлд Европ, Ази, Африк тивийн уулзварыг зангидсан Оттоман Түрэгийн их эзэнт улс XX зууныг хүртэл 500 гаруй жил тогтсон билээ. 

Түрэг нар Хятад, Энэтхэг, Перс, Византи гэсэн тэр үеийн иргэншсэн нийгмийн дөрвөн том төвтэй дөрвүүлэнтэй нь холбоотой байсан төдийгүй хооронд нь холбодог зам харгуйг эзэмшиж байсны хувьд харилцааг нь идэвхжүүлэн ивээн тэтгэснээр хүн төрөлхтний хөгжилд дэвшилтэт нөлөө үзүүлжээ. Худалдаачныг тэтгэсэн тэдний энэхүү замаар соён гийгүүлэгч, загалмайн нэстор, лал, буддын шашин дэлгэрүүлэгч нар цутгаж байлаа. Түрэгүүд энэ иргэншсэн ертөнцөөс Төв Азийн нүүдэлчний дунд анх удаа бичиг үсэг авчирлаа. Иран овгийнхноос, тухайлбал согдуудаас бичиг үсэг авч хэрэглэсэн нь нүүдэлчний цаашдын ахуй амьдрал, ертөнцийг үзэх үзэлд том дэвшил болжээ. Жил бүрийг амьтнаар нэрлэдэг 12 жилийн эргэлттэй цагийн тоолол түргүүд хэрэглэдэг болсныг дараа үеийн нүүдэлчид өвлөн авсан төдийгүй байнга хийх аян дайнаараа түгээн тарааж байв.

Монгол дахь буган хөшөөнд үлдээсэн согд бичгээс үзэхүл Түрэгийн хаант улсад дэлгэрсэн гол хэлний нэг нь согд байсан бололтой. Төв Азиар нэг тархсан бичгийн дурсгалт хөшөө зэрэгт эртний түрэг хэл болох орхон-енисэй хэлээр бичигдсэн дурсгал олон бий. Хожуу Түрэгийн тав дахь хаан Ижинь хаан[xx] (Yollıg) бол түүхч, яруу найрагч байсан юм. Тэрээр Күльтгэн жанжин болон Билгэ[xxi] (Bilgä Khagan) хааны хөшөөний үгийг бичсэн гэдэг. Эдгээр хаан жанжин нарын амьдрал, баатарлаг гавъяаг Түрэгийн хаант улсын түүхтэй холбон дурссан эл бичээс нь тухайн үеийн түрэгийн соёлын төвшин, түүхийн мэдлэг, утга зохиолын чадвар зэргийн уран нарийн харуулж чаджээ.

Нүүдэлчний ноёрхлын хоёр мянган жилийн түүхийг харж байхад Азийн нүүдэлчдийн зарим хаан эдийн засгийн шууд ашгийг хайхардаггүй байлаа. Тэд худалдаачин болон үйлдвэрлэгчийг тонон дээрэмдсэнээс алба гувчуур байнга татахыг илүүд үзэж, зам харгуйг хяналтандаа авах, их замын дээрмийг зогсоох, худалдаачны хөдөлгөөнийг хөхиүлэх зэргийг илүүтэйд үзэж байв. Ингэх нь байнгын алба гувчуурыг нэмэгдүүлэх сайн арга бөгөөд ингэснээр улс гүрнээ өөд татах зөв шийдлийг олно гэдгийг сайтар ухамсарлаж байв. Нүүдэлчдээс бараг хамгийн түрүүн хот балгадад суурьшиж хотын амьдрал буй болгосон үндэстэн бол түрэгүүд юм. Тэд торгоны замыг бүхлээр нь хяналтанд авсан тул худалдаа наймаагаар амьдрагсад хотын соёлтой нүүдэлчид төржээ. Торгоны замын дагуух голлох хотууд болох Суяб, Сайрам, Талас, Ташкент нь өрнө талаас персүүд дорно талаас хятад худалдаачдын уулзах цэг байлаа. Хяналт нь харин түрэгүүдэд байсан юм.

[i] Буман хаан (?-552) Түрэгийн эзэнт гүрнийг үндэслэгч

[ii] Анагуй, Южюлү - Жужаний 11 дахь хаган (520-522)

[iii]Гумилёв Л. Н. Древние тюрки. (Москва 1967).

[iv] Илхаан – Түрэг, монгол үндэстний хэрэглэж байсан их цол. Эль гэдэг нь “түмэн олон, ард түмэн” гэсэн утгатай гэнэ. Буман анх ийм цолтой байсан, хожим Хулагугийн гүрэнг ч Ил хаант улс гэдэг байв

[v] Мугунь хаан (?-572) Түрэгийн хаан (553-572)

[vi] Истэми Багадур (?-576) Эртний түрэгийн дэд хаан (553-576) Багадур гэдэг нь түрэг, монгол хэлний Баатар гэсэн үг бололтой.

[vii] Явгу- Эртний Түрэгт хэрэглэж байсан цол. Дэд хаан гэсэн утгатай бололтой.

[viii] Юстин II (520-578) Византийн Эзэн хаан (565-574)

[ix]Kubik, Adam (2018). The Kizil Caves as an terminus post quem of the Central and Western Asiatic pear-shape spangenhelm type helmets The David Collection helmet and its place in the evolution of multisegmented dome helmets, (Historia i Świat nr 7/2018) p-141-156

[x]Константин (274-337) Зүүн Ромын Эзэн хаан, Христосын шашиныг зөвшөөрсөн

[xi] Ли Шимин (598-649) Тан улсын Эзэн хаан (598-649)

[xii]Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-57 [Miyawaki, Junko Last Empire of Nomads]

[xiii]Saunders, J. J. History of the Mongol Conquests  (University of Penselvaia Press, Philadelphia)

[xiv] Күльтгэн (? - 692) Хожуу Түрэгийн хаант улсын хаган (682-692)

[xv] Тоньюкүк (646-724) Хожуу Түрэгийн цэргийн зүтгэлтэн

[xvi]История Востока,том 2 - Восток в средние века (Восточная литература, Москва, 2002)

[xvii] Сэлжүк (?-1007) Огуз түрэгийн цэргийн жанжин, Сэлжүкийн хаант улсыг үндэслэгч

[xviii] Asim, NecipTurk tarihi.(Yayınevi : Pergole, Istanbul) p- 244-245

[xix] Осман I (1254-1323) Оттоман Түрэгийн Эзэнт гүрнийг үүсгэгч, удирдагч (1280-1323)

[xx] Ижинь хаан (?-739) Хожуу түрэгийн тав дахь хаан (734-739), түүхч, яруу найрагч

[xxi] Билгэ хаан (683-734) Хожуу Түрэгийн хаан (717-731)