Ганган эр

Энэ ганган шувууны оноосон нэр нь Уранхажин. Амьд байгалийн өвийг таньж мэдэх, хайрлаж хамгаалах уламжлалд шингэсэн өвгөд дээдсийн минь мэргэн ухаан, монгол хэлний баялаг ундарга энэхүү нэрнээс үнэртэнэ. Гэтэл Шекспирын төрөлх хэлэнд Mandarin Duck гэх нь зүгээр л мандарин буюу хятад нугас гэдгийг орчуулсан хэрэг.

Уранхажин бол нүүдлийн жигүүртэн. Монгол оронд элбэг биш. Өмнөд Хятад, Японоос ирж зусдаг гэх боловч тэдний эрэлд зориуд мордохгүй бол жирийн нугас, галуу шиг энд тэндгүй тааралдахгүй. Гэхдээ манай зүүн нутгийн гол, горхины шугуй, жижиг цөөрмийн эрэг хөвөөгөөр цөөхөн тоотой зусдаг. Ихэнх нь манайхыг дайрч Оросын Амур, Уссурь мөрний сав газар, Сахалинд очиж өндөглөж зусдаг гэж судлаачид үздэг аж. Мөн Өмнөд Солонгос, Японы зарим нутаг ч зусдаг юм байна.

Тэд яргуй нүдлэхтэй уралдаж манай нутагт айлчилна. Тэр нь гол горхи, нуур цөөрөм нимгэн зайрмагтай, нойтон цас, зэвэргэн бороотой, хүйтэн жавар, жихүүн салхитай л цаг шүү дээ. Хаврын тэнгэрийн ороо бусгай араншин ид хөдөлдөг цаг.


Дэгжин бүсгүй


Уранхажины эрэлд олон хавар зүтгэсний хүчинд цөөхөн дүрс буулгасан удаатай. 

Голын эрэг дагуухнялх ногоон зүлэг, нярай ягаан яргуй бээрч, зулзаган бургасны туяхан нахиа хумигдаж хоносон жихүүн өглөө нэг хос, хоёр эр уранхажинтай нэг удаа тааралдсан юм. Хоёр эр нь онхол донхол бөөрөгтэй эргийн энгэр шүргэсэн нарны туяа тосч тухалсан харагдав. Харин хос хоёр нь зайрмагтсан хар усанд нааш цааш хөвнө. Тэрхүү голын урсгал сөрсөн зэврүүн жавар миний хамар, чихний үзүүр чимчигнүүлэх нь хэцүү боловч тэдний бараа намайг эрчилсэн юм. 

Урьд шөнө буусан цас энд тэнд хунгарлан царцаж хоножээ. Дөхөх санаатай сэмхэн мөлхөх бүрт цас чахар чахар гэж үглэнэ, хичээгээд ч нэмэргүй. 


Хошоочин

Тэр хоёр анир аван сэртэлзэж, эм нь сээхэлзэн өндийв. Эр нь чдагалаа. Усанд зууван цагираг хээлэгдэж зөөлхөн туналзах. Тэд эрэг рүү шулуудлаа. Амжиж дарах гэж миний түнтэгнэх, аюулаас холдох гэж тэдний яарах хоёр давхцаж би азгүйтэв. Тэд нарны тусгалын дагуубөөрөг дамжин дэгдээд салхины өөдөөс сэвхийн босч одлоо. Энэ дүрсэнд “ганган эр тод, дэгжин бүсгүй бүдгэвтэр” буусан нь дээрх бүтэлгүйтлийн минь баримт.


Харуул, унтамхай хоёр

Харин арай зайдуу эргийн нөмөртхоргодсон нөгөөхоёр нь эс анзаарав, энэ удаад. Нэг нь хошуугаа сугандаа шургуулан зүйрмэглэж, нөгөө нэг нь харуулд цэгц зогсоно. Тэр хардаж сэрдэх шинжгүй боловч сэргэг соргог харцтай. Арайхийж хэдэн алхам урагшилж бүдүүн бургасны араар орж амжив. Тэгээд бээлийгээ углаж, малгайныхаа чихэвчийг буулгаж, захаа босгов. Жиндүү жавраас өөрийгөө халхлаж тэднийг сахихад бэлтгэсэн ухаантай. Яг л бурхи сахисан тарвагачин гэсэн үг. Ялгаа нь галт бууны оронд зургийн аппарат. Жавар намжиж, нар лавшрах алдад нөгөө хоёрын хөдлөх агшин бүр нь үнэ цэнэтэй учраас ингэж анах ёстой. Хөл гар минь хөших, жиндэх ч сонин биш.

Монгол орны шувуудын лавлахаас харьцуулж үзэхүл уранхажин бол биеийн хувьд ч, далавчны дэлхэцийн хувьд ч манайд элбэгдүү зусдаг хээрийн галуунаас бараг хоёр дахин бага аж. Ердөө хагас кило жинтэй. Усны ургамал, зарим загас жараахай, мэлхий, хорхой шавьж зэргийг түүж иддэг аж. Таваас арав насалдаг гэнэ. 

Эр уранхажины түмэн өнгөтэй өд сөд нь орооны дараа зуны дэлгэрт гуужиж унаад эмтэйгээ адил зүстэй болдог нь сонин. Гагцхүү хошууных нь ягаавтар улаан өнгө л түүнийг ялгах тэмдэг болдог онцлогтой гэж өөр нэг сударт дурджээ. 

Ашгүй харуулын “цэрэг” нь алжааж эхэлсэн бололтой нөгөөдөхийгээ сэрээх аястай өдөв. Ээлж солих сэдэл гэж би ойлголлоо. “Унтамхай” нь дүргүйхэн өндөлзөж хоёулаа сэрвэлзэж эхлэв. Тэд голын ус руу орвол миний шунал ханах гээд байдаг. Нөгөө “унтамхай” хөдөллөө, ус руу. Миний зүрх оволзож, аппаратны товчлуур халж эхлэв. 


Жүжигчин

Гэвч мань эр ус руу орох шинжгүй дүүхэлзэж, гол руу түрж унасан нүцгэн модны салаа дээгүүр дэндэлзэж урам хугалав. "…Ус руу бууж ганц хоёрхон шумбаж өгөөч, эрхэм минь, гуйж байна" гэж би амандаа хий үглэн хүлээсэн боловч тэр эс тоов. Хээрийн зэрлэг жигүүртнийг яалтай ч билээ, уургалж чадахгүй юм чинь. Яаж ч үглээд, яаж ч залбираад нэмэргүй. 

Гэтэл нөгөөдөх чинь гэнэт циркчин лугаа жүжиглэж намайг баясгав. Янз янзын үзүүлбэр эсгэж уран хөдлөх нь бүр хөгжөөнтэй. Нарны тунгалаг тусгалд түүний өд сөдний мянган өнгө ялгарч тодрох нь гайхалтай. Байгаль эхийн онгод бадарч уран сэтгэмж, будаг шунхандаа нэн өгөөмөр ханджээ. Хүмүүний бүтээж эс чадах өнгө бүрийн төгс бүрдэл тийнхүү уранхажинд л заяасныг өгүүлэх нь илүүц биз.

Мань эрийн дух, зулай, дагз, шилэн хүзүү, нуруу, хондлой, сүүл, далавч, жигүүрийн үзүүр, эрүү, хоолой, цээж, хэвлий, хөл, шилбэ, сарвууны өнгө тус бүрийг онож нэрлэх мэдлэг чадвар маньд дутлаа. Түүний чамин зүс царайг уламжлалт гар хатгамалын урлагийн шилдэг бүтээлтэй зүйрлэх гэж нэг оролдов. Өнгө өнгийн торгон болоод эрдэнэсийн утсаар зүү ороож шаглан урласан хуучны ховор нандин эд ч юм шиг санагдана. 


Ховор агшин

Харуулын ээлж солигдсонгүй. “Унтамхай” нь усан дээрх модон тайз дээр жүжиглэх хооронд харуулын "цэрэг" нь үүргээ гүйцэтгэсэн хэвээр байлаа. Гэхдээ тэр ясны эрхэмсэг төрх, ихэмсэг донжоо хадгална. 

Эцэст нь хоёулаа эрэг дээр нийлж зогсоод миний зүгт ёслох мэт тонголзов. Чингэж ядруухан зурагчинг нэн ховор бэлгээр мялаасан юм. Энэ агшин нь сэтгэл, зүрхний минь уянгын утсыг хөглөж уяруулав. Миний ганзага тийнхүү дүүрч, жаргалын нар мандаж билээ. 

Япон, Хятад, Солонгост уранхажиныг дурлал, урт нас, удаан жаргалын бэлгэ тэмдэг хэмээн шүтдэг эртний түүхэн уламжлалтай ажгуу. 

Нэгэнт учирсан хоёрыг хошоочин уранхажин, өөрөөр хэлбэл эр, эмийн хослол гэнэ.

Эм нугас нь эрийгээ эхэлж сонгодог, насан туршдаа илүүэрх мэдэлэдэлдэг өвөрмөц зохиролтойг судлаачид тогтоожээ. Хошоочин уранхажины дурлал, түүндээ туйлын үнэнч тухай сэдэв дээрх гурван үндэстний үлгэр домог, уран зохиол, яруу найраг, дүрслэх урлагт мөнхөрчээ.

“...Баян чинээлэг нэгэн япон залуу гэрийнхээ ойролцоох голд буусан хос уранхажины гоёмсог эрийг нь буудаж үдшийн хоолондоо зооглочихжээ. Тэгтэл эм нугас тэр шөнөзүүдэнд нь ирж мань эрийг унтуулсангүй үүр цайлгажээ. Аргаа барсан баян босч нөгөө гол дээр очтол эм уранхажин бээр гунигтай хөвсөөр дөхөж ирээд цээжин биеэ зад татан амиа егүүтгэсэн” гэж Япон ардын хуучны домогт өгүүлснийг энэ ялдамд тэмдэглье.


“Эс хайрлахын аргагүй ертөнц” цувралаас

2021.06.05