МОНГОЛЫГ ХЯТАДТАЙ ЭВЛЭРҮҮЛЭХ

ЗӨВЛӨЛТ ОРОЛДЛОГО

(Р.Болд: БҮРЭН ЭРХ НЬ ХЯЗГААРЛАГДСАН ТУСГААР ТОГТНОЛ номоос)

Чан Кайши тэргүүтэй Гоминданы төлөөлөгчид Москвад айлчилсаны дүнгээр Коминтерний Гүйцэтгэх Хороо 1923 оны 11 дүгээр сарын 28-нд Хятадын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн болон Гоминдан намын тухай тогтоол гаргажээ. Тогтоолд “Монголын ард түмэн өөртөө засан тогтнох эрхээ эдэлснээр тусгаар тогтнолоо олсон” цаашдаа “Хятадын ард түмэн эрх чөлөөгөө олсоны дараа Хятадын эзэнт улсын бүрэлдэхүүнд багтаж байсан бусад ард түмний нэгэн адил Холбооны Улсын зарчмаар нэгдэж болох”-ыг заасан байна. Гэвч тогтоолд Монгол “тусгаар тогтносон” гэж дурдсаныг Чичерин эмзэглэж, Монголыг Хятадын бүрэлдэхүүнд автономит статустай байлгах гэсэн Зөвлөлтийн гадаад бодлоготой зөрөлдөж байна хэмээн эсэргүүцсэн байна. Чичерин Войтинскийд Монгол, Хятадын хооронд зуучлахад дэмжлэг үзүүлэхийг хүсээд, гэхдээ Монгол нь Хятадын Холбооны улсын бүрэлдэхүүнд багтах зарчмыг дэмжиж буйгаа тлэрхийлжээ.[i] Чичерин Зөвлөлтийн гадаад бодлогод Коминтерн хутгалдан орохыг хүчтэй эсэргүүцдэг, энэхүү зөрөлдөөний улмаас албан тушаалаасаа огцрох хүсэлтийг 1923 онд тавьж байжээ. 

Бүрэн эрхт төлөөлөгч Васильев Ерөнхий сайд Цэрэндоржид итгэмжлэх жуух бичгээ 1924 оны 1 дүгээр сарын 3-нд барьсаныхаа дараа Монголын талд хандан “Газраас тасралгүй, орчноо харах нүдээ таглалгүй “бодит бодлого”-ын зарчим” баримтлахыг уриалж, дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд: нэгдүгээрт, хүрээлэн байгаа харгис орчин биднээс давуу байгаа тул давших биш харин хориглолтод шилжихийг шаардаж байна, хоёрдугаарт, энэхүү нөхцөлд Монголын тусгаар тогтнолыг дэмжихгүй, зөвхөн автономит байхыг л дэмжинэ, Монголын Засгийн газрын тэргүүлэх үүрэгтэй зарим зүтгэлтнүүд ч ийм байр суурьтай байна, гуравдугаарт, “тусгаар тогтнол”, “автономи” хоёр нь яг таг үгэндээ таарсан үнэлэмж биш, энэ бол дотоод агуулга гэхээсээ гадаад хэлбэрийг л илэрхийлсэн ойлголт юм гэжээ.[ii]

Чичеринээс Караханд өгсөн заавартаа “Бид Монголын тусгаар тогтнолыг дэмжихгүй, өвөр монголчуудын дунд монголчууд улс төрийн үйл ажиллагаа явуулахыг ч бас дэмжихгүй...” гэж байв.[iii] Тэрээр “Монголыг автономит гэж үзэх манай чиг бодлоготой зөрчилдсөн байр суурийг Ринчино илэрхийлж, өдөөн дуудсан бодлого явуулж байна, Ринчиногийн толгойлсон МАН болон залуучуудын эвлэлийн хооронд хурц зөрчил өрнөж байгаа тул Монголын дотоод байдалд анхаарч байхыг” Карахан, Васильев нарт даалгажээ.[iv]Карахан Бээжинд ирмэгц Хятадын нөлөө бүхий сэхээтнүүд, Засгийн газрын зарим гишүүдийг нэгтгэсэн “Ардын дипломатын нийгэмлэг”-т үг хэлж, “СССР нь Монголыг түрэмгийлэн эзэлсэн” гэх хоёр талын найрамдалт харилцаанд саад болж байгаа асуудал нь Монголын ард түмнээс хөөгдөн Бээжинд бүгсэн монгол ноёдын л тавьж буй өчүүхэн гоншигнол учраас үүнд анхаарал тавих шаардлагагүй” гэж мэдэгджээ. Монголын асуудлаар Карахан байр сууриа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: “Нэгдүгээрт, Монгол нь газар нутгийн хувьд Хятадын бүрэлдэхүүн мөн, улс төрийн хувьд Монголд Хятадын бүрэн эрхийг зөрчихгүй, хоёрдугаарт, Монголоос цагаантнууд Зөвлөлт Орос улст аюул учруулахгүй гэдэг баталгааг өгвөл цэргээ гаргана, гуравдугаарт, Монголд байгаа Улаан цэргийн дайчид нь Хятад, Монголын хооронд харилцааг сэргээхэд ямар ч саад болохгүй, Хятад нь Монголын ард түмэнтэй сайн санааны үүднээс хэлэлцээр байгуулах нь зүйтэй, тэгвэл байдал тодорхой болж аугаа их Хятадын хилийн доторх эвтэй хөгжил, харилцан ойлголцол бий болно” гэсэн байна. 

Гэсэн хэдий боловч Монгол, Хятадын уулзалт хийлгэх шахалтаа Зөвлөлтийн тал үргэлжлүүлсээр. Караханы саналаар МАН-ын Төв Хорооны дарга Баатарын Данзанг (япон) Хятадад илгээхэд бэлтгэх чиглэлийг Чичерин Монголд суугаа Бүрэн эрхт төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэгч Юдинд 1923 оны 11 дүгээр сарын эхээр өгчээ.[v] Монголын төлөөлөгчдийг Бээжингийн засгийн газар, Гоминданы төлөөлөл хоёулантай нь уулзуулах, тэдгээрээр Монголын автономит статусыг хүлээн зөвшөөрүүлэх, ингэснээр Зөвлөлт, Хятадын яриа хэлцээнд буй саадыг багасгахад энэхүү айлчлал чиглэгдэх ёстой байв. Зуучлах бодлогыг дэмжин Виленский “Автономит Монгол Улс байгуулагдахын хувьд асуудлын гол нь монголын ард түмний хүсэл эрмэлзэлд орших бөгөөд Орос нь Монголын ард түмний өөртөө засан тохинох эрхийг татгалздаггүйн нэгэн адил чанд мөрдөх гэрээнд үндэслэсэн харилцаа Хятад, Монголын хооронд тогтоохыг бас татгалзахгүй байгаа юм” гэж бичиж байв.[vi]

Карахан ч өөрөө Хятадын Кuo Chi Hsieh Bao сонины сурвалжлагчид 1923 оны 12 дугаар сарын 9-нд ярилцлага өгч ”Монголын асуудлыг ЗХУ-тай биш харин Хятадын тал өөрөө төлөөлөгчөө Монголд илгээж ярилцах хэрэгтэй, CCCP нь Монголын хэрэгт оролцох боломжгүй” гэж мэдэгджээ. Уг сонин “ Энэ нь Монголын талаарх Зөвлөлтийн тактик өөрчлөгдсөнийг харуулахын зэрэгцээ энэхүү өөрчлөлт нь Хятадад ашигтай байж болох боловч Монгол бүхэлдээ Зөвлөлтийн нөлөөнд байгаа бодит байдлыг харгалзах хэрэгтэй” гэж бичжээ.[vii]

Караханы дэмжлэгээр Данзан Бээжиндгенерал Фэн Юйсян, Хууль зүйн яамны орлогч сайд Шүе, парламентын гишүүд, Өвөр Монголын хэсэг ноёд, Зөвлөлт, Хятадын яриа хэлцээнд Хятадын төлөөлөгчдийг ахалж буй Ван Жэнтин нартай уулзаж будаалсан байна. Карахан Данзанг Кантонд очиж гоминданы гүйцэтгэх төв хорооны хуралдаанд Монголын нөхцөл байдал, МАН-ын бүтэц, зохион байгуулалт, ажлыг танилцуулсан илтгэл тавихыг санал болгож, бүхий л бэлтгэлийг Бородин хангаж, дагалдан явжээ.Карахан “Кантон, Улаанбаатар хоёрыг ойртуулахад энэ уулзалт маш шаардлагатай хамгийн чухал нь болох учиртай” гэж байв.[viii]  Данзангийн айлчлалыг Хятадын хэвлэлд мэдээлэх ажлыг Карахан зохион байгуулж, “МАН- дарга Данзан Шанси мужийн Утайд хүндэтгэлээ илэрхийлэхээр гэр бүлийн хамт хувиараа ирсэн, нэгэнт ирсэнийх Монголын бодит нөхцөл байдлын талаар Хятадын олон нийтэд мэдээлэл хүргэхийг зорьсон” гэж тайлбарлаж байв.Карахан Бородинд зааварлахдаа “Данзан Сүн Ятсэнтай уулзахдаа монголчууд тусгаар тогтнолыг хүсч буй талаар хөндөх байх, таны зүгээс Сүн Ятсэнд үүнийг ойлгуулахдаа Хятадын өнөөгийн байдал түүнд нэгдэх гэсэн үндэстнүүдэд амар тайван орших баталгааг өгч чадахгүй, ийм л шалтгааны улмаас монголчууд одоохондоо тусгаар тогтнох байр суурь бариад байгаа юм, Хятадад ардчилсан, үндэсний, шударга засгийн газар байгуулагдвал монголчууд автономийн үндсэн дээр тус Бүгд найрамдах Дундад улсад нэгдэхийг зөвшөөрөх нь дамжиггүй гэж тайлбарлах хэрэгтэй”.[ix]

Данзан Роста агентлагт өгсөн ярилцлагадаа: Монголын ард түмэн эрх чөлөөгөө олсон, МАН гэсэн зохион байгуулалттай улс төрийн хүчин бий болсныг Хятадад уулзсан албаныхан дэмжиж буйд баяртай буйгаа илэрхийлжээ. Тэрээр уулзалтуудын явцад Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцлийн ач холбогдлыг Хятадын олон нийтийн нилээд хэсэг нь зөв ойлголттой болсон гэж найдаж байна гэж мэдэгдээд... Хятадын худалдаачдыг шахан хавчиж байгаа гэдэг нь үндэслэлгүй, Монголын эрх баригчид хятадын худалдаачдад найрсаг ханддаг, худалдаачид бүгд хэвийн таатай нөхцөлд наймаагаа хийж байна, тэднийг ялгаварлан гадуурхсан гэсэн ямар нэгэн гомдол гараагүй, Монголын байдал тогтвортой, Хаалган хүртэлх худалдааны зам аюулгүй хэвийн ажиллаж байгаа, Монголын армийг Европын жишгээр өөрчлөн байгуулж 21 наснаас дээш бүх эрчүүд заавал цэргийн албыг хаах хуультай болсон, лам нар цэргийн албанаас чөлөөлөгддөг. Хүрээнд цөөн тооны зөвлөлтийн цэрэг бий, манай дотоод хэрэгт оролцдоггүй гэсэн мэдээллийг өгчээ. Хятадтай харилцах талаар ярихдаа олон жилийн дарлал, хүнд тэмцлийн эцэст Монголын ард түмэн эрх чөлөөгөө олсон. Монголын ард түмэн, ялангуяа МАН нь бие даан тусгаар тогтнолоо олох, оршин тогтнохын төлөө тэмцдэг ард түмэнд найрсгаар ханддаг, Хятадын ард түмэнтай сайн хөршийн найрсаг харилцаатай байхыг хүсч байна.1921 онд ЗОУ, Ардын засгийн газрын хооронд найрамдлын гэрээ байгуулсан, гэрээгээр хоёр талын засгийн газрыг харилцан хүлээн зөвшөөрч,найрсаг харилцаа тогтоон, бие биеийн дотоод хэрэгт оролцохгүй гэж заасан гэж ярьжээ.[x]

Данзангийн зүгээс Монгол, Хятад нь сайн хөршийн эрх тэгш зарчимд тулгуурлан харилцаа тогтоож болох талаар ярьснаас биш Зөвлөлтийн талын хүлээж байсан байр суурийг илэрхийлсэнгүй. Энэ нь ч удалгүй түүнийг МАН-ын Төв Хорооны даргаас огцруулах нэг гол шалтгаан болсон. Харин Хятадтай хэлэлцээр байгуулахын өмнө Монголын засгийн газраар Хятадын суверенитетийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг хийлгэж, Бээжинд хийж байгаа яриа хэлцээгээ урагшлуулахад ашиглахыг оролдсон Караханы чармайлт ийнхүү бүтэлгүй болсон юм. 

Энэ үед Хятадын бүлэглэл хоорондын тэмцлийн шинэ давалгааны улмаасулс төрийн дотоод байдал нь дахин гүнзгий хямралд автсан. Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргахыг хүчтэй шаардан Караханд таагүй ханддаг Веллингтон Кү Хятадын Ерөнхий сайдаар томилогдлоо. Шэнси мужийн захирагч, Фэн Юйсян маршал Жили бүлгийн толгойлогч У Пэйфү-гийн эсрэг төрийн эргэлт хийж, хуучин Аньхуй бүлгийг баримтлагч байсан Дуан Чижуйг Ерөнхийлөгчөөр өргөмжлөн, Сүн Ятсэнд талтай Засгийн газрыг Бээжинд 1924 оны 11 дүгээр сард байгуулжээ. Фэн Юйсян хэдийгээр Жан Золинтой холбоотой, япон зөвлөхүүдийг дэргэдээ ажиллуулдаг боловч Жили болон бусад бүлэглэлийн хоорондын зөрчлийг ашиглах, гоминданчууд, коммунистуудтай холбоо тогтоох зэргээр тэнцвэр барихыг чармайж байв. Фэн Юйсянд Хятадын баруун умард хил хязгаарыг “хамгаалах” болон Монголыг “хариуцах” буюу өмнөх Сюй Шүжантай адил үүргийг оногдуулсанаар тэрээр Монгол, Хятадыг холбодог худалдааны зангилаа болох Хаалган хотод суух болжээ. 

Төрийн эргэлтээр тогтсон Бээжингийн засгийн газрын оршин тогтнох хугацаа нь Хятадын цэргийн эрхтнүүдийн хоорондын тэмцлийн улмаас түр зуурынх учир энэ нь Монголд хэрэгтэй буултыг хийлгэх аятай боломж гэж Карахан үзжээ. Тэрээр Зөвлөлт, Монголын аль алин нь хүлээн авч болохуйц тохиролцоог Монгол, Хятадын хоорондхийлгэх зорилгоор Монголын төлөөлөгчдийг Бээжинд ирүүлэх саналыг 1924 оны 11 дүгээр сарын 12-нд тавьсан байна.[xi] Автономит статусыг нь хүлээн зөвшөөрүүлэхээр Монгол, Хятадынбага хурал хийх дээрх саналыг Юдин Монголын удирдагчдад дамжуулсан боловч тэд сонсохыг ч хүссэнгүй. МАН-ын Төв Хорооны дарга ийм бага хурал хийх сонирхолгүй, Монголын төлөөлөгчдийг Хятадад явуулахыг аль болох хойшлуулах саналтай байжээ.[xii]Энэ нь Монголд Үндсэн хуулийг батлах, бүгд найрамдах засаглалыг тунхаглахаар хуралдаж буй Улсын анхдугаар их хурлын эргэн тойронд Зөвлөлт, Хятадын 1924 оны хэлэлцээрийг шүүмжлэх уур амьсгал хүчтэй байсантай бас холбоотой байв. Хэдий тийм боловч Зөвлөлтийн шахалтаар Монголын засгийн газар Хятадад төлөөлөгчдөө илгээхээр зарчмын хувьд тогтсон тухайгаа 1924 оны эцсээр Караханд мэдэгдсэн байна. Гэхдээ ямар бүрэлдэхүүнтэй, хэзээ явуулах асуудал нээлттэй үлдэнэ гэжээ.[xiii]  Ингэснээр Зөвлөлтийн саналыг хүлээн авсан мэт боловч байдал дээрээ зайлсхийж буй хэрэг. 

БНМАУ-ыг тунхагласан нь Хятадын цэргийн зарим эрхтэнд нөлөөлж, Монголтой харилцаа тогтоох саналыг өөрсдөө гаргахад хүргэлээ. Генерал Фэн Юйсян Караханд хандан нэгэнт өмнө танилцсан МАН-ын Төв Хорооны дарга Данзантай холбогдоход туслахыг хүсчээ. Карахан энэхүү хүсэлтийг ашиглан Монгол, Хятадын хоёр талын уулзалтыг зохион байгуулахын тулд Монголын төлөөлөгчдийг даруй ирүүлэх шинэ саналыг Чичерин, Молотов нарт хандан 1925 оны 2 дугаар сарын 15-ндтавьжээ. Энэхүү уулзалтыг амжилттай болгохын тулд Карахан Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргасан гэсэн мэдэгдэл гаргахыг санал болгосон байна. Энэ нь гадаадын цэргийг гаргасан гэдгээр монголчуудын байр суурийг бэхжүүлнэ гэж үзжээ.[xiv] Чичерин уг саналыг дэмжин Ерөнхий сайд Цэрэндоржид хандан “цагаан гвардийн үлдэгдлийг бүрмөсөн устгасан, Монголд дэг журам тогтож улс орноо ардчилах нөхцөл бүрэлдсэн, хил хязгаартч дэг журам тогтсон учраас Монголд Зөвлөлтийн цэрэг байх шаардлагагүй болов” гэж мэдэгдэв. Монголын тал ч уг мэдэгдлийг баяртайгаар хүлээн авч байна гэдэгхариу ирүүлжээ.[xv] Карахан Хятадын гадаад яамны зөвлөх Гаосиян-тай уулзаж, Зөвлөлтийн цэргийг Монголоос бүрэн гаргасан тухай ноотыг 1925 оны 3 дугаар сарын 6-нд гардуулжээ. Зөвлөлт, Хятадын бага хурлаар цэрэг гаргах тов, хугацааг ярилцах байсан боловч сайн санааны үүднээс хурлыг хүлээлгүйгээр Зөвлөлтийн цэргийг гаргаж байна гэдгээ Карахан дурдаад Хятадын засгийн газрын зүгээс Монгол, Хятад гэсэн ах дүү хоёр ард түмний хооронд харилцаа тогтоох асуудлыг энхийн аргаар шийдвэрлэхэд энэхүү таатай боломжийг ашиглана гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, зуучлах саналаа дахин дэвшүүлсэн байна.[xvi]

Монголын төлөөлөгчдийг ирэх таатай нөхцлийг хангахын тулд Зөвлөлт Орос нь Фэн Юнсянтай хамтран ажиллах хэлэлцээрийг 1925 оны 3 дугаар сарын 11-нд Бээжинд байгуулж, Фэн Юнсян, Бородин, Сэн Катаяама нар гарын үсэг зуржээ. Хэлэлцээрт Гадаад Монголд төмөр замын хоёр шугам тавих, Шинжаан, Монголд Япон, Британий эрх ашгийг нэвтрүүлэхгүй байх талаар Орос, Хятад, Монгол хамтран ажиллана гэсэн заалтууд оржээ. Мөн Фэн Юнсяний цэрэгт Зөвлөлт Орос нь сар бүр 100 мянган алтан рублийн тусламж үзүүлнэ, цэргийн 60 зөвлөхийг илгээнэ, Фэн Юнсян ба гадны империалист гүрний хооронд дайн гарвал СССР нь 50 мянга хүртэл цэргээ илгээнэ гэж тохиролцсон байна.[xvii]

Карахан Москва руу бичихдээ “Москвад Элчин сайдаа суулгах, мөн өөрийн армитай байх зэрэг автономит өргөн эрхийг” бид монголчуудад олгоод байхад тэд хариуд нь бидэнд тус болж бидний хэл гэснийг хэлэх ёстой, Монголын Засгийн газрын хувьд үүнээс өөр байр суурийг би олж харахгүй байна гэжээ.[xviii] Хятадын талтай уулзалт хийх Монголын төлөөлөгчид “Амар, Цэцэнхан, Гэлэгсэнгэ нарын бүрэлдэхүүн хэзээ мөдгүй гарахад бэлэн” гэдгийг Улаанбаатарт суугаа Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч Васильев Караханд мэдэгдэв. Төлөөлөгчид 1925 оны 3 дугаар сарын 25-нд Улаанбаатараас мордлоо. Карахан Васильевт“Ринчино-бидний хяналтад байх бөгөөд коммунистуудаар хүрээлүүлнэ, Рыскулов монгол хэлгүй тул Москвагийн комиссар гэж л уншигдана даа гэсэн хариуг өгч байжээ.[xix] Хятадад хийсэн Монголын төлөөлөгчдийн уулзалтын дүнгийн тухай дэлгэрэнгүй мэдээгКарахан 1925 оны 5 дугаар сарын 7-нд Гадаад харилцааны ардын комиссариатад явуулжээ. Энэхүү хоёр талын уулзалтын мөрөөр МАН-ын ТХ-ноос Ринчино-г Бээжинд, Нацовыг Хаалганд явуулахаар тогтоол гаргасан байна.[xx] Хятадын талтай яриа хэлэлцээ хийсэн Амарын байдлыг Рыскулов дүгнэн Коминтерн, ГХАК-д бичихдээ “Амар бол эргэлзээгүй ухаалаг, чадвартай монгол хүн болохоо харуулав. Амар нь ясны үндсэрхэх үзэлтэн мөн бөгөөд Монголын эрх ашгийг хэнд ч худалдахгүй, үүний сацуу Монгол улс тийм төрөлхийн авъяастай хүмүүсгүйгээр оршиж чадахгүй. Тэрээр нэлээд хүлээцтэй дипломатич..., тогтвортой барууны үзэлтэн боловч учир зүйгээ ололцоход хялбархан, яагаад гэвэл асуудлыг гоц гойд чадвараараа ухаж ойлгодгийг хэлэх учиртай” гэжээ. 

[i] Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) х-72 (Архив Внешей Политики РоссийскойФедерации 0179Оп.7. П.4. Д.5. Л. 27-28) [Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021) p-72]

[ii] Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) х-77 (Архив Российский государственный архив социально-политической истории РГАСПИ ф.495.Оп.152.Д.29.Л.19-22) [Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021) p-72]

[iii] Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) х-77 (Архив Внешей Политики РоссийскойФедерации АВПФ. 0179Оп.7. П.4. Д.5. Л.21-24) [Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021) p-77]

[iv] Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) х-84 (Архив Внешей Политики РоссийскойФедерации АВПФ. 0179Оп.8. П.6. Д.7. Л.9-10) [Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021) p-84]

[v] Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) х-84 (Архив Внешей Политики РоссийскойФедерации АВП Ф 0179.Оп.7. П.4. Д.5. Л.21-24) [Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021) p-84]

[vi] Виленский Вл. (Сибиряков) Россия на Дальнем Востоке (Москва. 1923)

[vii] Records related to Internal Affairs of Russia 761.93/429

[viii] Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) х-80 (Архив Внешей Политики РоссийскойФедерации АВП Ф. 0179.Оп.7. П.4. Д.9. Л.224)[Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021) p-80]

[ix]ВКП (б), Комминтерн и Китай документы Т.I.1920-1925 (Москва.1994) стр-352

[x] The Situation in Outer Mongolia: Mr.Danzan Bagatad of Peoples’s Revolutionary Party gives his personal views, (Far Eastern Times.December 19, 1923)

[xi]Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) х-92 (Архив Внешей Политики РоссийскойФедерации АВП ф.0179. Оп.8. П.6.Д.9. Л.290) [Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021) p-92]

[xii] Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) (Архив Внешей Политики РоссийскойФедерации АВП Ф.0179 Оп.8. П.6. Д.7. Л.91-93) [Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021)]

[xiii] Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) (Архив Внешей Политики РоссийскойФедерации АВП Ф.0179 Оп.8. П.6. Д.7. Л.96) [Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021)]

[xiv] Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) х-92 (Российский государственный архив социально-политической истории РГАСПИф.82.Оп.2. Д.1278. Л.1-4) [Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021) p-92]

[xv] Советско-монгольские отношения 1921-1974 Т.I(Москва.1975) стр-103-

[xvi] Soviet Troops leave Mongolia:Karahan informs Waichiaopu of Complete Withdrawal in Despatch (The North China Stantard, Peking”, Sunday Mar.8, 1925)

[xvii] Hicks, Мargaret de Forest Japan and Russia in the East:Stunted Seeds of a Second Russo-Japanese War (The Virginia Quarterly Review Vol.3 No1 January 1927) p-.61-62

[xviii] Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) х-86 (Российский государственный архив социально-политической истории РГАСПИф.82.Оп.2. Д.1278. Л.1-4)[Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021) p-86]

[xix] Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) х-92 (Российский государственный архив социально-политической истории РГАСПИ ф.495.Оп.152. Д.31. Л.9)[Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021) p-92]

[xx] Болд. Р. Бүрэн эрхээ хязгаарлуулсан Тусгаар тогтнол (Nepko publishing Улаанбаатар 2021) х- 92 (Российский государственный архив социально-политической истории РГАСПИ ф.495.Оп.152. Д.31. Л.20) [Bold.R. Limited Independence (Nepko publishing Ulaanbaatar 2021) p-92]