Эрсдэлээс айвал орчлон хорвоог өөрчлөх нь юу л бол
Ноён Сэврэйн Хайзангийн Жамбалжамц. 41 настай. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн. Улмаар Москвагийн Театр урлагийн дээд сургуулийг дүүргэсэн ЗХУ-ын (хуучнаар) Сэтгүүлчдийн их сургуулийг Радио сурвалжлагчийн мэргэжлээр төгссөн. Бүх холбоотны Урлаг судлалын хүрээлэнд аспирантурт суралцсан. Одоо Калифорни муж улсын Нортриж, мөн Стэнфордын их сургуулиудад зочин судлаач мэргэжлээр суралцаж, бас ажиллаж байна.
2007 оны 11-р сарын 21
"Цаг төр" сэтгүүл
Ноён Сэврэйн Хайзангийн Жамбалжамц. 41 настай. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн. Улмаар Москвагийн Театр урлагийн дээд сургуулийг дүүргэсэн ЗХУ-ын (хуучнаар) Сэтгүүлчдийн их сургуулийг Радио сурвалжлагчийн мэргэжлээр төгссөн. Бүх холбоотны Урлаг судлалын хүрээлэнд аспирантурт суралцсан. Одоо Калифорни муж улсын Нортриж, мөн Стэнфордын их сургуулиудад зочин судлаач мэргэжлээр суралцаж, бас ажиллаж байна.
-Та нутагтаа ирээд “Ардчилал руу шилжихуй” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Энэ талаар яриагаа эхэлье.
-Монгол Улс, АНУ-ын хооронд 1987 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон юм байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц /өдгөө Калифорни мужийн сангийн даамал/ НҮБ дахь Монгол Улсын байнгын төлөөлөгч Нямдоо нар гарын үсэг зурж байсан. Энэ түүхэн үйл явдлын 20 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж олны хүртээл болголоо. Бид бүгдээрээ хүний сэтгэлд нигүүлсэхүй, амар амгаланг хүргэхийг өөр өөрийнхөөрөө л оролдох учиртай. Үзэсгэлэн маань өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж чадсан болов уу гэж бодож байна.
-Энэ үзэсгэлэнгийн гол зорилго, ач холбогдол нь юу байв?
-Дипломат харилцаа тогтоосноос хойшхи энэ хугацаанд, Монгол орон ардчилал руу эргэлт буцалтгүй шилжсэн түүхэн үйл явдлууд болж, олон тавцанд байр сууриа бүрэн дүүрэн бэхжүүлж чадлаа. Зарим нэгэн жишээ баримт түшиж ярья л даа. Зөвхөн 1990-1998 оны хооронд манай улсад АНУ, 120 сая ам.долларын санхүү, хүнс, хүмүүнлэгийн бас техникийн туслалцаа үзүүлжээ.
Энэ тусламж нь ялангуяа Эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, ардчиллыг хөгжүүлэх эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, сургалтын чиглэлд голчлон зориулагдсан байдаг. Шилжилтийн энэ “зурвас” үед Монгол Улсад тохиолдож буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг АНУ ойлгож бүхий л талаар дэмжиж ажиллаж байгаа. Зах зээлийн тогтолцоо жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ бизнесийн үйл ажиллагаа, менежментийн арга барилтай танилцуулах хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. АНУ-ын Азийн сан, Мэдээллийн агентлаг, Соросын сан зэрэг байгууллагын шугамаар АНУ-ын хууль тогтоох, улс төрийн зохион байгуулалт, нийгмийн бүтэц, дипломат алба, эрх зүй, англи хэлний дамжаанд суралцуулах зэргээр идэвхтэй ажилладаг юм байна.
Хоёр орны хооронд худалдааны нийт эргэлт 1992 онд есөн сая ам.доллар байсан бол 1997 онд 50,9 сая болж өссөн. Мөн 2007 оны эхний долоон сарын байдлаар Монгол-Америкийн худалдааны эргэлт 95 сая ам.долларт хүрээд байгаа зэргийг дурдахад хангалттай болов уу. АНУ нь Монголын худалдааны гол түншүүдийн нэг болсон.
Соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны, харилцааны салбарт хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаа шүү дээ. Монголын 6-7 мянган оюутан, сурагч АНУ-ын их, дээд сургууль коллежид суралцаж байгааг манайхан мэдэж байгаа шүү дээ.
-АНУ-ын ололт амжилтыг Монголд шууд аваад хэрэгжүүлэх боломж байна уу?
-Хэдийгээр дэлхий даяарчлагдсан мэдээллийн асар уудам орон зайд байгаа боловч Монгол орныг маань монголчууд өөрсдөө л хөгжүүлнэ ээ. Өндөр хөгжилтэй орнуудын арвин туршлагаас суралцахдаа авах гээхийн ухаанаар хандах нь зүйтэй болов уу?
Эртний нүүдэлчин монголчууд, хурд, хүч, ончийг эрхэмлэн шүтэж явсан нь өнөөдөр эрийн гурван наадмаар илэрхийлэгдэж байдаг шүү дээ.
-Эцэг өвгөдийн өвлөн үлдээсэн энэ гүн ухааныг үеийн үед шүтэж явах цаг нэгэнт болсон юм биш үү?
-Эрдэм шинжилгээний ажил хийж буй сургуулиасаа жишээ авъя л даа. Стэнфордын их сургууль бол олон хэлбэрийн судалгааг онолын санаанаас эхлээд практикт хэрэгжүүлэх арга зам хүртэл урамшуулж бүхий л талаар дэмжиж байдаг орчин юм. Амьдралын эрс өөрчлөлтүүд ихэнхдээ асуудалд арай өөр талаас хандахад хүргэж байдаг. Энэ нь юу юунаас илүүтэйгээр аливаа ажилд олон талын, хэтийн төлөвлөгөөтэйгөөр, өөрөөр хэлбэл инженерийн ухааныг анагаах ухаантай, физикийг биохимитай холбох зэргээр хандана гэсэн үг юм. Шинжлэх ухааны нэгэн салбарт гарсан ахиц дэвшил нь өөр салбарт өсөж дэвших боломжийг бүрдүүлж өгнө гэсэн үг. Мэдээж судлаач өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Эрсдэлээс айдаг хүн орчлон хорвоог өөрчилж чадах нь юу л бол доо.
-Нутаг орноосоо хол АНУ-д хэдэн жил болоод ирлээ. Эх орондоо ирэхэд чинь ямар өөрчлөлт гарсан байна. Сайн сайхан зүйл ч байгаа байх, бас саар зүйл ч мэдээж ажиглагдаа биз?
-Юуны өмнө сайн сайхан зүйлээс нь эхэлж яримаар байна. Хүмүүс гадаад дүр төрхөндөө их анхаардаг болж гэж хэлмээр байна. Шүүлжлэлтэй хандаж яримаар зүйл бол машин тэрэг олширсноос замын ачаалал ихсэж, бөглөрөл маш их үүсдэг болжээ. Улаанбаатар хот маань Утаанбаатар хот болжээ. Ялангуяа өвөл цагт энэ нь мэдрэгддэг бололтой. Саяхан Английн нэг сэтгүүлчийн бичснийг уншсан юм байна. Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын 70 хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллынхон утаагаар нийслэл хотоо хордуулж байна гэж бичсэн нь үнэн байна. Зориуд нэмж хэлэхэд, хаа нэг газар ямар нэг эвдрэл зөрчил гарах төдийд л төр засгийн өндөрлөг рүү хошууран дайрдаг болж. Үүний оронд анхан, дунд, шатандаа бүтээлч, ажил хэрэгч, санаачлагатай ажилламаар санагдаж байна. Өөрөөр хэлбэл төрийн түшмэлүүд, хяналтын байцаагч нар сайн ажиллах цаг болсон юм биш үү. Хүн бүр л хотдоо хайртай байж чадвал болж бүтэхгүй юм гэж байхгүй л болов уу.
-Танд нэмж хэлмээр юм юу байна вэ? Санаж бодож байгаа зүйлээ илэн далангүй яриач.
За, би түрүүн хэлсэн. АНУ-ын Азийн сан, Монголын үндэсний төв номын сантай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан тухайгаа ярианы эхэнд дурьдсан. АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Уильям Инфанте, Бетина Инфанте, төслийн ажилтан А.Төгсжаргал, ҮТНС-ийн захиал доктор, профессор Г.Аким, дэд захирал Д.Бямбасүрэн нартаа талархал илэрхийлж байна. Цаашид үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж хэлсэнчлэн эрс шийдмэг, өөдрөг үзэл бодолтой, хамтач, нийцтэй ажиллах нь амжилт олохын түлхүүр гэж бодож байна.
Ш.Эрдэнэбилэг