Америкийн Ерөнхийлөгч, 13-р Далай лам, Агваандоржиев (Рокхиллын хоёр захидал, хоёр бэлэг)
Өмнөх дугаарт Уиллиам Рокхиллын Зургаан сарын гучинд бичсэн захидлыг, Ерөнхийлөгч Рузвельтийн Найман сарын нэгэнд бичсэн хариу захидлын хамтаар танилцуулсан билээ. Ерөнхийлөгч Рузвельт Есөн сарын долооны өдөр бас нэгэн захидал бичиж Рокхиллд илгээсэн нь өдгөө Харвардын их сургуульд хадгалагдаж байна. Энэ захидалдаа Ерөнхийлөгч:
(Рокхиллын хоёр захидал, хоёр бэлэг)
Цувралын Хоёрдугаар: 11 сарын 8-ны захиа
Өмнөх дугаарт Уиллиам Рокхиллын Зургаан сарын гучинд бичсэн захидлыг, Ерөнхийлөгч Рузвельтийн Найман сарын нэгэнд бичсэн хариу захидлын хамтаар танилцуулсан билээ. Ерөнхийлөгч Рузвельт Есөн сарын долооны өдөр бас нэгэн захидал бичиж Рокхиллд илгээсэн нь өдгөө Харвардын их сургуульд хадгалагдаж байна. Энэ захидалдаа Ерөнхийлөгч:
“Эрхэм нөхөр Рокхилл
Далай ламтай гайхамшигтай ярилцлага үүтгэсэн тухай таны захидал ялангуяа Британийн Засгийн газрын байр суурийн тухайд нэн чухал санагдсаны тул би Брайст1 [өгч], [Британийн] өндөр албан тушаалын зарим нэг тодорхой хүнд [таны захидлыг] үзүүлэхийг нь зөвшөөрсөн болно. Би танд түүний захидлыг хавсаргалаа. Брайсын сэтгэлийг [таны захидал] хэр хөдөлгөсөн нь тэр захидлаас тодорхой харагдах буй заа. Энэхүү асуудлыг бид Британийн зүгт зөв эргүүлж чадваас миний бие ихэд баярлах болно. Мөн хэрвээ та Далай лам болон Бээжингийн Хятад хоёрын хооронд ямар ч үйл боллоо гэсэн надад бүрэн бүтнээр нь мэдүүлнэ үү.
Хатагтай Рокхиллд мэнд хүргэхийн ялдар Далай ламтай ярилцсаны тань төлөө дахин баяр хүргэсү.
Чин сэтгэлээсээ талархсан
Таны
Теодор Рузвельт”
гэжээ. Рокхилл энэ захидалд яаралтай хариу бичсэнгүй, учир нь Ерөнхийлөгч “Далай лам Бээжин хоёрын хооронд юу болж буйг бүрэн дэлгэрэнгүй мэдэхийг хүссэн”, гэтэл үүнд хангалттай хариу өгч чадахааргүй байж.
Ерөнхийлөгч Рузвельтийн захидал
Ингээд Далай ламтай өөртэй нь болон түүний зөвлөх, монгол буриад лам Агваандоржиев, Оросын сайд Коростовец нартай уулзалдсаны эцэст, тодорхой дүр зураг гарган, сая хариу бичсэн ажээ. Энэхүү захидлын бүрэн орчуулгыг толилуулбал:
Америкийн төлөөлөгчийн газар
Бээжин, Хятад
1908 оны 11 сарын 8
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө.
Таны Найман сарын нэгэн, Есөн сарын долоонд бичсэн хоёр захидлын хариуг яаралтай барилгүй хойшлуулсны маань учир нь таны сонирхон мэдэхийг хүссэн “Далай лам Бээжингийн Хятад засаг хоёрын хооронд юу болж байгаа бол” хэмээсэн асуултад тань хариулах мэдээллийг өгч чадахыг хичээснийх билээ. Хэдийгээр тэрбээр хараахан эндээс яваагүй байгаа боловч чухам юу болсныг өдгөө өгүүлэх боломжтой, Далай ламын хэрэг явдал үндсэндээ цэгцэрсэн болно.
Машид сэжиглэн, удтал тээнэгэлзсэний эцэст, Бээжингээс удаа дараа тулгасны хойно Далай лам бараа бологчдынхоо хамтаар, нөгөө миний Зургаан сард очиж уулзаж байсан Утай шанаас Есөн сард сая нэг хөдөлж, Ханкоу Бээжин хоёрын хоорондох төмөр замд байдаг Тинчоу гэдэг газар хүрэв. Тэнд нь тусгай галт тэрэг хүлээж байсанд заларч, Есөн сарын 28-ний өдөр Бээжинд хүрэлцэн ирсэнд ёслол төгөлдөр угтан авлаа. Далай лам хотын хойд хаалганы гадна орших нэгэн хийдэд2 буув.
Бээжинд ирснийхээ маргааш Далай лам нэг түшмэлээ над руу илгээж, мэнд усыг маань асуулгаад, ирж уулзаач хэмээн хэлүүлсэн болно. Би түүнд сүсэгтнүүдээ хүлээн авч дуусгасныхаа дараа бол гэж зөвлөсөн боловч Далай лам харин ч хойшлуулж орхиод, ахин хүн явуулж, заларч буй газраа хүрч ирэхийг хүсэв. Тэрбээр Төлөөлөгчийн газрын бүх ажилтныг надтай хамт очиж бараалхахыг зөвшөөрсөн юм. Ингээд би түүнтэй Арван сарын зургаан буюу сүсэгтнүүд нь бараалхах ёстой байсан тэр өдөр уулзлаа.
Нэг ч хятад хүн оролцоогүй миний бараалхал ердөө арваадхан минут үргэлжлэв. Тэрбээр таны тухай асууж, Утай шанаас явуулсан бэлгийг нь авсан эсэхийг тань лавлалаа. Би түүнд таныг бэлгийг нь хүлээн авсан, тэгээд ихэд талархаж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөрэй хэмээн надад тушаасан гэж хэлэв. Далай лам нэг хоёр хоногоос хамба нарынхаа нэгийг над руу илгээнэ хэмээлээ.
Арван сарын есний өдөр Хятадын Гадаад Яамнаас манай Төлөөлөгчийн газарт Далай лам Нямаас бусад бүх гарагт үдээс хойш 3 цагийг хүртэл гадаад улсын төлөөлөгчдийг бараа бологчдынх нь хамт хүлээн авна, гадаадын төлөөлөгчдийг бараалхуулах зорилго бүхий Хятадын тодорхой түшмэд мөн байлцана хэмээн мэдээлэв.
Арван сарын арван есний өдөр Оросын элчин сайд3 над руу залгаж, Далай ламын зөвлөх, Хамба Наваан4 Лувсан Дорж буюу Доржиев хэмээх орсожсон нэрээрээ алдартай хүн (тэрбээр Оросын харьяат бөгөөд нэгэн цагт Энэтхэгийн засгийн газраас түүнийг Оросын тагнуул хэмээн үзэж байснаас гадна түүний Төвөдөд сууж байсан явдал нь Британийн 1904 оны экспедици өрнөх шууд шалтгаануудын нэг болсон юм) Далай ламын тушаалаар өөртэй нь уулзаж, Хятадын засгийн газраас Төвөдийн асуудлыг хэрхэж буй талаар асууна, өөрөө бол огт мэдээлэлгүй байгаа хэмээсэн гэв. Доржиев мөн Далай ламыг эндээ хүлээж асуудлыг цэгцэлсэн нь дээр үү, эс бөгөөс Төвөд рүүгээ нэгмөсөн явж одох нь зөв үү гэдэг дээр Оросын элчин сайдын зөвлөгөөг сонсохыг хүссэн ажээ.
Ноён Коростовецийн хувьд Далай лам Хятадын засгийн газрын хэрхэн шийдсэнийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж бодож буйгаа Доржиевд хэлсэн хэмээгээд, гэвч ямар нэг зөвлөгөө өгөөгүй гэв. Оросоос Дорнын хаад ноёдыг дэмжих, зөвлөх тэр цаг төгсгөл болсон, оюун санааны удирдагчийнх нь хувьд Далай ламын амьдрал байдалд Орос санаа тавьж буй, иргэний удирдагчийнхаа хувьд харин Хятадыг дагах ёстой хэмээсэн ажээ.
Тэгэхэд нь Доржиев нэгэнт Орос Далай ламд зөвлөгөө өгөхгүй бол Британийн элчин сайдаас тусламж хүсэх хэрэгтэй болох нь хэмээж. Ноён Коростовец “Тэр ямар ч хэрэггүй буй заа, учир нь Сэр Жон Жордан5 надад Төвөдүүдтэй шууд холбоо харилцаа тогтоож болохооргүй болсон гэдгээ хэлсэн, Төвөдийн асуудлыг захирч буй улс нь болох Хятадын засгийн газартай ярилцах ёстой гэсэн бодолтой буй” гэжээ. Оросын элчин сайд тэгээд Доржиевд огтоос ашиг сонирхолгүй гуравдагч хүчний төлөөлөл болох миний биетэй уулзаж зөвлө гэж зөвлөжээ. Үүнд Доржиев “Оросын элчин сайд та уулзалт ярилцлагыг зохицуулж өгвөл дуртайяа уулзах сан” хэмээсэн гэнэ. Би ноён Коростовецод Доржиевыг хэзээ ч залгасан дуртайяа хүлээн авах болно хэмээн өчив.
Хорин нэгний өдөр Доржиев над руу залгаж, Далай ламын итгэмжлэгдсэн зөвлөх өөр нэг хамбын хамтаар ирлээ. Хэдхэн жилийн өмнө Энэтхэгийн засгийн газраас Доржиевыг Төвөдөд цор ганц Оросын ашиг сонирхлын төлөөнөө далд үйл ажиллагаа явуулж буй, арга заль ихтэй, маш чухал этгээд хэмээн үзэж байсан билээ.
Доржиев дуу цөөтэй, боловсон, эгээ л бусад монголчуудынхаа адилаар нөлөөнд амархан автахуйц, Европ, Ази даяар аялсан хүн гэхэд дэлхий ертөнц, улс төрийн тухайд үл тоомсорлох нь бараг л жирийн төвөдүүдээс ялгаагүй хүн санагдав. Өөрийнхөө шашинд болоод шашныхаа удирдагч Далай ламд чин үнэнч болох нь тодорхой, Далай ламын төлөөнөө чадах чинээгээрээ тус дэм эрэлхийлж буй ажээ. Оросын харьяат, бага залуу насныхаа боловсролыг тэндээс олсон хүний хувьд зөвлөгөө авахаар Оросын талд хандсан нь гайхах юм ер биш. Гэвч миний бие түүнийг далдуур хутган үймүүлэгч байсан ч гэж, одоо байгаа ч гэж бодохгүй байна. Ерөөс Төвөдийн Төв Ази дахь бодлого, хөрш болох хоёр агуу гүрэнтэй харилцах харилцаа хэмээх түвэгтэй хэцүү асуудалтай анх удаа тулж байгаа Азийн ямар ч хүн тэгж л харагдах биз ээ.
Агваандоржиев
Доржиев надад Хятадын засгийн газраас Төвөдийн дотоод захиргааны талаар тодорхой чухал өөрчлөлтүүд хийх гэж буй талаар Далай лам сонссон гэж хэлэв. Далай лам тэдгээр өөрчлөлтийн мөн чанар, хэмжээ хязгаарыг мэдэхгүй байгаа ажээ. Тэрбээр Бээжинд үлдэж, өөрчлөлтийг хийж дуустал хүлээсэн нь дээр үү, эс бөгөөс Лхас руугаа нэгмөсөн харьж одох уу гэдэг дээр миний саналыг сонсмоор байна гэнэ. Далай ламын дэргэд төр иргэний талын зөвлөхүүдээс нь хэн нь ч байсангүй, тиймээс тэднийхээ дэмжлэггүйгээр урган гарч буй асуудлуудыг шийдэж чадахгүй байх хэмээн санаа зовж буй, бас нөгөө талаар Төвөд дэх шинэчлэлийн бодлого6 нэг мөр болж дуустлаа гүйцэлдэх вий гэдгээс айж байгаа, учир нь түүний ойлгосноор Манж нарыг ирэхээс өмнө өөрийнх нь болоод өөрийнх нь өмнөх дүрүүдийнх нь эзэмшиж байсан тэр эрх хүчийг Хятадын засгийн газар бууруулан танах гэж байгаа аж.
Хятадын олон нийтийн хэвлэлээс миний бие Засгийн газар нь Төвөдөд захиргааны шинэчлэл хийх гэж буй, үүнд нутаг орныг Хятадынх шиг ердийн нэгж дүүргүүдэд хуваана, улсын зэвсэгт хүчин, мөнгөн дэвсгэрт, боловсролыг шинэчлэн зохион байгуулна, газар тариалан, мал аж ахуйг тэлэн хөгжүүлнэ, шинэ замууд тавина гэх мэтийг олж мэдсэн билээ. Энэ бүхэн үнэхээр Засгийн газрын төлөвлөж байгаа зүйлс мөн бол би Далай ламын яагаад эсэргүүцэж буй шалтгааныг олж харахгүй байгаа юм. Нэмж өгүүлбээс, цэргийн асуудал, гадаад улстай харилцах болон боловсролын асуудлууд (зарим улсад) нь бүгд муж-улсууддаа бие дааж шийд хэмээн орхиж боломгүй, эзэнт гүрний хэмжээний асуудал билээ.
Доржиевын өгүүлэх нь: Далай лам Төвөдөд боловсролыг түгээн дэлгэрүүлэх асуудлыг, мөн цэргийн шинэчлэлийг ч тэр, эсэргүүцсэн зүйл үгүй... Оростой харилцаж буй өдгөөгийнхөө харилцааг ч буруу зөрүү гэж үзээгүй, гагцхүү шашных нь эрх мэдэл рүү Хятадыг халдахаас л айж буй гэнэ. Далай лам Эзэнт төрийн өмнө тэргүүн зэрэгт чухалчлах хоёр асуудлыг тавихыг хүсэж буй аж. Нэгдүгээрт, Шарын шашин бүхий л хүндлэлээ хадгалан үлдэх ёстой, хоёрдугаарт, аливаа ёслол үйлийг үйлдэхийг хүссэн тохиолдолд Лхас дахь Хятадын Амбан (өөрөөр хэлбэл Суурин суух сайд)-тай хэлэлцсэний дараа Эзэн хаанд өөрт нь шууд хандах эрхийг түүнд олгох ёстой, одоо бол заавал Сичуаний төлөөлөгч болон Ли фан Пу (Харьяат улсыг хариуцах зөвлөл)7-гаар дамжуулан хандаж буй. Бусад асуудлууд түүнийхээр бол энэ хоёртой харьцуулахад чухал биш ажээ.
Миний бие шашны тэргүүний чухалд тооцсон эхний асуудлын хувьд Эзэн хаан болон түүний засаг төр шарын урсгалын нөлөө хүндийг багасгах зүйл огт үйлдэхгүй гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ. Учир нь энэ бол эзэнт улсынх нь олон жил баримталж ирсэн уламжлалт бодлого, миний бодлоор бол эзэнт гүрний зүгээс тэр талаар дэмжлэг хүртсэн хэвээр байх болно гэдэгтээ Далай лам итгэлтэй байж болно. Харин хоёрдахь асуудлын хувьд би Далай ламд тийм хүсэлтийг цаад тал хэрхэн хүлээн авахыг нь эхэлж албан бус шугамаар олж мэдээд, зохистой хөдөлсөн нь дээр хэмээн зөвлөлөө. Хувь хүнийхээ үүднээс бодоход түүний асуусан зүйл учир үндэслэлтэй, Хаан төртэй шууд харилцах нь сайн засаглалын ашиг сонирхолд нийцэх үйл мөн бөгөөд Хятадын засаг төр түүнийг чухам энэ хүслээ хэчнээн их чухалчилж буйг мэдэх аваас учиргүй эсэргүүцээд байх нь юу л бол.
Миний хэлсэн бүгдийг Доржиев Далай ламд нэгмөсөн илтгэнэ, мөн дурдсан хоёр асуудлын талаар Эзэн хаанд илтгэх бичгийн нооргийг авчирч үзүүлнэ хэмээлээ. Тэрбээр энэ хоёр зүйлийг шийдсэнээр Далай ламын Лхастаа нэгмөсөн буцах асуудал цэгцэрнэ, бусад асуудлыг харин энд тусгайлан үлдээх ширээт лам нар нь Гадаад Монголын Төрийг Засах Яамтай харилцан шийдэж болно гэлээ.
Үүнд би өөрийгөө сүүлийн гурван жилийн туршид Далай ламыг Лхастаа даруйхан буц гэж зөвлөсөөр буйгаа илтгээд, одоо ч мөн тийм санаатай гэдгээ батлав. Гэвч бас Далай лам Хятадын засаг төрд улс орных нь ашиг сонирхолд нийцэх үйл бүхнийх нь төлөө талархлаа илэрхийлэх нь зүйтэй, чухам үүнээс Эзэн хааны тус дэмийг хүртсээр байх эсэх, мөн чухалчлан үзсэн хүсэлтүүдийг нь эергээр хүлээн авах эсэх нь шалтгаална гэдгийг хэлэв.
Энэ их урт ярианаас миний бие Далай ламыг хувийнх нь эрх ямба, мэдлийг л хөндөхгүй бол бусад асуудал бараг хамаагүй, Төвөдийн ард түмэнтэй холбоотой асуудлыг өөрийнхөөсөө салангид авч үзэж буй, Хятадын мэдэлд тэднийг өгөхөөс татгалзахгүй байгаа юм байна хэмээн ойлгов. Ялангуяа авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй засаг захиргааны шинэчлэлийн талаар ойшоох зүйл үгүй, харин хувийн эрх ямбыг нь хадгалах, болж өгвөл бага ч болов нэмэх нь л чухал буй мэт. Хятадын засаг яг л надтай адил дүгнэлтэд хүрэх болов уу. Тэдний хувьд Далай ламыг Шарын шашны тэргүүн хэмээн үзэж, зохих хүндлэлийн дагуу харьцах нь Эзэн хааны харьяат шүү гэдгийг нь тодорхойёо ойлгуулж буй хэрэг аж.
“Тэргүүн зэрэг тайж” хэмээх цолыг Далай ламд олгосон бөгөөд Аравдугаар сарын гучны өдөр түүнд зориулан Эзэнт төрийн ёслол цайллагыг үйлдэж, Эзэн хаан өөрөө байлцсанаас гадна Эзэн хаан болоод Бэлбэсэн хатан8 нар төрөл бүрийн үнэт бэлгийг илгээжээ.
Арван нэгдүгээр сарын гуравны өдөр Бэлбэсэн хатан 75 насныхаа төрсөн өдрөөр нүсэр том баяр зохион байгуулав. Далай лам, төрийн сайдууд, гүнж нар байлцаж, хатанд баяр хүргэлээ. Тэр өдөр Бэлбэсэн хатны нэрээр нэгэн зарлиг гаргаснаар Далай ламд өмнө эзэмшиж байсан алдар цолоос нь даруй дөрвөн үсгээр илүү урт цол олгож, жилд нэг түмэн лан цалин өгөх болсноос гадна Төвөдийн ард түмэнтэйгээ даруйхан очиж нийл, ард түмнээ энх амгаланг сахиул, мөн өөрийг нь хувь хүний хувьд Эзэн хааны төр засгийг өмгөөл, учир нь Эзэн хааны зүгээс шарын шашныг нь дэмжиж, Төвөдөд энх тайванг тогтоож буй хэмээжээ.
Арван нэгэн сарын тавны өдөр Далай лам дахин над руу яаралтай элч илгээж, зөвлөн асуух зүйл буй хэмээв. Тэрбээр тун таагүй ацан шалаанд унажээ. Арван нэгдүгээр сарын гуравны өдөр гаргасан Эзэнт гүрний зарлигийг талархан хүлээн ав хэмээн түүнд тулгасан гэнэ. Талархах ёстой заалт нь өөрт нь зориулсан хэсэг бөгөөд зарлигийн эх дээр өөр ганц ч үг нэмэхгүй хэмээжээ. Далай лам Бэлбэсэн хатанд өөрт нь өгсөн өргөмжлөл хүндлэлийнх нь төлөөнөө талархлаа илэрхийлэхэд бэлэн байсан боловч, машид хүсэмжилсэн чухал зүйл болох, мөнөөх Амбаны хамтаар Хаан төртэй шууд харилцах эрх гэдгийг нь олгоогүй цагт талархаж чадахгүйд хүрээд буй ажээ.
Элч нь надад Далай ламын талархал илэрхийлэх үгэндээ юу юу оруулмаар буйгаа бичсэн нооргийг (тэр нооргийн хувийг хавсаргав) үзүүллээ. Гэвч эдгээр санаа оноогоо Хаан төрд уламжилмаар байгаа бол тусгайлан бичиж, Гадаад Монголын Төрийг Засах Яамд гардуулах ёстой, хэдий тийн үйлдсэн ч Бэлбэсэн хатанд түүнийг нь чухам дамжуулан өгнө хэмээн амлаж чадахгүй хэмээжээ.
Энэ хүнд байдлаас гарах арга зам харагдахгүй байна хэмээн би хэллээ. Далай лам өөрийг нь харьяалж буй дээд удирдлагадаа захирагдах ёстой. Тэрбээр олон цол хүндэтгэл хүлээн авсан, Энэтхэгтэй харилцах харилцааг нь Хятадын талаас хангалттай сайн зохицуулж өгсөн, Шарын урсгалын эрх ашиг хамгаалагдсан буй. Хэдий гашуун ч хүлээн авахаас аргагүй, хэрвээ Хятадын засгаас тавьсан саналуудыг хүлээн авахгүй, нэн удах аваас буруу зөрүү ойлголт төрж, бүр ч хүнд нөхцөлд тулах магадлалтай.
Элч хэлэхдээ, Далай лам нөхцөл байдлын хүндрэл бэрхшээлийг ойлгож буй, засаг төрийн тушаалыг дагахаас өөр зам буй гэж бодсон зүйл үгүй, харин нэгэнт надтай анх учирснаасаа хойш чөлөөтэй санал солилцож байгаа учраас энэхүү асуудалд миний санаа оноог тусгах нь зүйтэй хэмээн үзэж буй хэмээв.
Өчигдөр хамба нарынх нь нэг нь надтай уулзаад Далай ламыг талархлын бичгээ тамгалаагүй байгаа боловч ганц хоёр хоногийн дотор гүйцэтгэнэ хэмээсэн, ийнхүү бүх ажил явдал цэгцрэх нь цаг хугацааны л асуудал болж үлдлээ.
Далай лам бараг энэ сарын сүүлээр Лхас руу буцаж, хойтонгийн таван сар гэхэд нийслэлдээ хүрчих биз ээ.
Би Британи болон Оросын сайд нарт Далай ламын зөвлөхтэй харилцсан ярианыхаа гол агуулгыг илтгэж, юунд санаа зовж буйг нь хийгээд ямар дүгнэлтэд хүрснээ хэлсэн, миний бодлоор бол тэр хоёр хоёул надтай санал нийлсэн болно.
Азийн улс төр лүү өнгийн харах энэ нэгэн жигтэй явдал миний сонирхлыг ихэд татсан билээ. Үүний тул ихэд нуршин бичсэнийг маань хүлцэн өршөөнө биз ээ.
Хүндэтгэн ёсолсон
Рокхилл
Захидлын тайлбар, зүүлт
[1] Жэймс Брайс (James Bryce) нь тэр үед Их Британиас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Рузвельтийн дотно нөхдийн нэг байв. Британийн парламентын гишүүнээр сонгогдож байсан, либерал үзэлтэй түүхч, улс төрч.
[2] Энэ нь Юн Хэ Гүн хийдийг хэлж байгаа нь тодорхой.
[3] Оросын элчин сайд гэдэг нь Монголын түүхэнд бас нэр нөлөөгөө үлдээсэн Иван Яковлевич Коростовец (1862—1933) -ийг хэлж байна. 1908 оны Таван сарын 9-нд энэхүү албанд томилогджээ.
[4] Наваан, Агваан хоёр нь үнэн хэрэгтээ төвөд хэлний Нгаг-дбан буюу “хэлний эрхт” гэсэн утгатай нэг нэрийн өөр өөр дуудлага юм. Монголчуудын дунд Агваан лхаарамба нэрээрээ алдаршсан бол Рокхилл харин захидалдаа Nawang буюу Наваан хувилбараар нь бичжээ.
[5] Сэр Жон Жордан нь (Sir John Jordan, 1852-1925) нь Бээжин дэх Их Британийн элчин сайдаар 1906 оны Есөн сарын 19-өөс 1910 оны Гурван сарын 12 хүртэл суужээ. Өдгөө Хонг Конгод түүний нэрээр нэрийдсэн Жорданы гудамж гэж бий.
[6] Энэ нь Манж Хятадын зүгээс Монголд мөн явуулсан Шинэ засгийн бодлоготой адил бодлого.
[7] Ли фан пу гэж хятад үгийг галиглаад хаалтан дотор англи хэлээр Харьяат улсыг хариуцах зөвлөл хэмээн тайлбарласан энэхүү газар нь Гадаад Монголын Төрийг Засах Яам хэмээгч мөн болно. Монгол, Төвөд аль алиных нь хэрэг явдлыг энэхүү яамаар дамжуулан шийддэг байжээ. Далай лам харин Манжийн хаан төртэй шууд харилцахыг хүссэн байна.
[8]Энэ үе болбоос Манж Хятадын төрийг Бэлбэсэн хатан Цү Ши тэргүүлж байсан үе билээ.
Төгсгөл
Рокхилл Далай ламтай үүнээс хойш мөн хэдэнтээ уулзсанаас гадна нас барах хүртлээ анд нөхрийн харилцаатай байж, кахидлаар харилцсаар байжээ. Энэ тухай Конгрессын Номын Сангийн номын санч, төвөд судлаач Сюзан Мэйнхэйттэй ярилцан суухад, үүнийг хуучилсан юм:
“Далай ламыг Лхастаа буцахыг Оросын тал ч, Британийн тал ч зөвлөсөн байсан, Рокхиллын зөвлөгөө ч мөн тийм байсан. Тэгээд Далай лам буцахаасаа өмнө Манжийн хааны урилгыг хүлээн авч, Бээжинд очиж л дээ. Тэр үеэс л бүх юм тодорхой болж, Далай лам сэтгэлээр их унасан бололтой. Рокхилл 1908 оны 10 сарын 6-ныхаа тэмдэглэлд “Үдэд Далай ламтай ярилаа. Утай шаны нөгөө сэргэлэн цовоо зан, баяр баясал нь үгүй болжээ” хэмээжээ. Манжийн хаан, бэлэвсэн хатан нар Далай ламыг хүндэтгэн, төр ёсны бүх ёслолыг үйлдсэн боловч цолыг нь сольж, “үнэнч, дагагч” гэсэн утгыг нэмсэн нь Төвөдийг цаашид хэрхэн үзэхээ тодорхойлсон хэрэг. Түүх гэдэг шоглоомтой ч юм шиг. Манжийн хаан, хатан эх хоёртой Далай лам ахин хэдэнтээ уулзаж, хатны төрсөн өдрөөр буюу 11 сарын 2-ны өдөр урт удаан наслахыг ерөөн ном айлдаж байсан боловч хоёр долоо хоногийн дотор хаан, хатан хоёул хоорондоо ганц хоногийн зайтай нас барсан билээ. Далай лам хоёулангийнх нь ясыг барьж, Юнхэгүнд хойтохыг нь уншсан юм. Ингээд Лхастаа буцсаных нь дараа Рокхилл Ерөнхийлөгч Рузвельтэд илгээсэн захидалдаа түүний тухай “Энэ бүх хүндрэлээс гарах гарц алга... Тэрбээр Бээжингээс Хятадад улам л дургүй болоод явлаа. Төвөдийг Хятадын нэг муж болгон захирах бодлогыг Далай лам мэдээж зөвшөөрөхгүй, энэ нь миний андад их зовлон авчрах вий хэмээн би эмээж байна...” гэж бичсэн билээ.
Рокхилл өөрөө хожим Юань Шикай -гийн зөвлөхөөр томилогдоод, тэрхүү ажил үүргээ гүйцэтгэхээр явах замдаа, 1914 онд нас барсан юм.
Цувралын дараагийн дугаарт 13-р Далай ламын Рокхиллд дурсгасан хоёр бэлгийн талаар өгүүлэх болно.