Ялагчид өөрсдийн хэрхэн "баатарлаг" байснаа харуулахын тулд "ялагчид" -ын бичсэн эх сурвалж илүү олдомхой аж. Иймээс түүх судлал нь өнөө үед бодит түүхийг хэн илүүтэй илрүүлэн дүгнэх вэ гэсэн аргумэнтийн өрсөлдөөн юм. Бодит түүх гэж юу вэ? Өнгөрсөн үйл явдлыг ямар ч алдаагүй яг таг үнэн зөвөөр нь гаргаж ирэх бололцоогүй. Тэр байтугай яг одоо болж буй процессийг ч үнэнээр нь дүгнэх боломж хомс. Үнэн ганц байдаггүй. Хавар Якутаас Улаанбаатарт ирсэн зочин дулааханыг гайхна, харин яг тэр цагт Тайландаас ирсэн гийчин маш хүйтэн байлаа гэнэ. Аль алин нь худал хэлээгүй, үнэн хоёр талд үлдэнэ. Иймээс яг үнэн түүх гэж үгүй. Гэвч үнэн рүү дөхсөн бодит түүх гэсэн ойлголт бий, өнгөрсөн түүхэн үйл явдлыг хамгийн бодитоор илрүүлэн дөхүүлж аргумэнтаар өрсөлдөх уралдаан бол түүх судлалын зорилго.