Дэлгэр-6
Дөрөвдүгээр бүлэг
Тийм ээ. тэр өдрийг би санаж байнаа. 1974 оны 8-р сарын сүүлчийн 7 хоногийн намар үнэртсэн гунигтай бүрхэг бороотой, тэр өдөр тийм нэг өдөр байсан юм. Тэр өдөр үдийн хойно би Нисэх тосгонд ирэв. Хулан тэр бүсгүй автобусны буудлын баруун хойд хэсэгт байх, жижигхэн төмөр самбарын дэргэд намайг хүлээгээд зогсож байлаа. Хулан бид хоёр аажуухан алхсаар цэцэрлэгт хашаанд, саглагар том модны доор байх урт модон сандал дээр очиж суув. Тийм ээ 8-р сарын сүүлчийн 7 хоногийн бүрхэг бороотой, бас уйтгартай гунигтай тийм нэг өдөр байсан юм.
Хулан тэр бүсгүй миний мөрийг дэрлээд, намайг түшээд сууж байв. Биднээс холгүй 5-6 насны болов уу? гэмээр эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд улаан, цагаан, цэнхэр өнгөтэй бөмбөг хөөцөлдөн тоглох бөгөөд Хулан тэр хоёр хүүхдийг чимээгүй ажиглан суух ажээ.
Тийм ээ тэр бүсгүй Хулан надад таалагдана. Тэр намайг автобусны буудал дээр тосдог. Тэр бүсгүй намайг тэндээс үддэг. Түүнд би баярлана. Тэр аливаа юмыг сонсож мэдэрч, бодож ухаарч ойлгох гээд чармайн хичээдэг тэр байдал нь бүүр ихээр надад таалагдана. Тэр надад хүндэтгэлтэй ханддаг нь надад таалагдана. Тэр бүсгүй миний таалалд нийцүүлэх гээд хичээж чармайх нь надад бас таалагдана.
Тэрбээр өөрийнхөө үнэ хүнд, өнгө үзэмж үнэ үнэлэмждээ хэрхэн их анхаарч ханддаг тэр байдал нь надад бас л таалагдана. Надад таалагдах өөр бусад олон сайхан юмсыг дахин би түүнээс олж харах хүслээр бүсгүйг би харлаа.
«Бороо орох болов уу? Үгүй болов уу?» бүсгүйгээс би ингэж асуув. Тэр дув дуугүй намайг ширтэн харна. Цэцэрлэгт талбайн явган хүний замаар захыг нь босгож өмссөн хар өнгийн цувтай, бүрх малгай өмссөн ахимаг насны нэг эр алхана. Тэр биднийг чиглэн алхсаар бидний дэргэд ирэв. Тэр өндөр нуруутай цайвар цагаан царайтай 50 эргэм насны хүн байлаа.
«Өнөөдөр бороотой цаг агаар муу байна гэж зарласан. Одоо удахгүй бороо орох нь» гэж тэр Хуланд хэллээ.
Хулан босож зогсоод «Ааваа одоо би удахгүй ээ... ингээд гэртээ харилаа» гэж хэлэв.
«Би чамд борооны цув бас шүхэр аваад ирлээ» гэж тэр эр намайг үл анзаарсан байдлаар Хуланд хэлээд, Хуланд цувыг нөмөргөв.
«Битгий норчихоорой доо!» гэж тэр хэлээд «За би явъя даа» гээд тэгээд тэр хүн буцаад алхлаа.
Тэр хүн Хулангийн аав нь байсан. Өндөр нуруу, шаргал цайвар царай, хар өнгийн цув, бор хүрэн өнгөтэй бүрх малгай, тэр дүр төрх дуу хоолойг одоо ч би санаж байна. Тиймээ би санаж байна. Тэр дүр төрх, дуу хоолой тэр чигээрээ миний сэтгэл зүрхэнд үлджээ.
Тэгэхэд би эцэг эхийн ер бусын тэр сайхан сэтгэл зүрх, гүн их хайр халамж чанарыг анх удаагаа би тэр хүнээс олж харж мэдэрсэн билээ.
Тийм ээ. Тэгэхэд эцэг эх гэдэг тэр сайхан хүмүүс аль аль нь надад байхгүй байсан юм. Гэхдээ энэ бол тиймчиг их чухал юм биш. Би ингэж бодов. Би хэн байсан. Энэ чухал биш. Би хэн байх вэ? Энэ л чухал! Яагаад гэвэл Есүс тэр мужаан хүн байсан. Тэр хэзээ ч баян байгаагүй. Будда бол хааны хүү байсан. Тэгэхдээ тэр түүнээс татгалзаж чадсан. Тэрбээр эцэг эх, эхнэр хүүхэд, эрх мэдлээ орхиод энэтхэг даяар хэрэн хэсэж Бурханы ном сургаалийг айлтгаж номлож, хэлж ярьж сургаж явдаг байсан.
Тэр идэж уух юм хүмүүсээс гуйдаг байсан. Неру, Ньютон, Моцарт тэд нар агуу их хүмүүс. Тэд тийм л байсан. Тийм учраас баян ядуу, бяр тэнхээ энэ хамаагүй. Тийм учраас гоо үзэмж, үндэс угсаа энэ бас хамаагүй. Өөрөөр хэлбэл би хэн байсан.Энэ хамаагүй. Би хэн байх ёстой билээ? Энэ л тун их чухал билээ. Яагаад гэвэл.
Бурхан бээр хүмүүн биднээс зөвхөн ганцхан үүнийг л харж хүлээдэг бус уу? Тийм учраас чин зүрхний үнэнч хайр сэтгэл. Чин сэтгэлийн халуун зөөлхөн инээмсэглэл. Би түүнд дуртай. Би сайн сайханд хайртай билээ. Би ингэж бодов.
Автобусны буудал гудамж, цэцэрлэгт талбай хоосон нэг ч хүн үл үзэгдэнэ. Бороо орж эхэллээ. Хайрга асгаж засаж янзалсан явган хүний нарийнхан замууд, цэцэрлэгт талбайн тэр зам дээр борооны ус тогтжээ. Хулан тэр бүсгүй хүнгүй хоосон цэцэрлэг, түүний нарийнхан зам дээр орох борооны дусал усыг тоолох адил ширтэн сууна. Тэр чимээгүй суух ажээ.
Тэгээд тэр над руу харж хэлэв. «Дэлгэрээ!» гэж тэр зөөлхөн хэлэв.«Саяхан манай энд их сонин юм болсон» гэв. «Манай хажуугийн орцны эмээ олон жил өвдөөд, тэр эмээ хэвтэрт байсан. Ямар ч эмч үзмэрч мэргэд тус болоогүй юм. Гэтэл тэр эмээ саяхан гэнэт өөрөө л зүгээр болчихсон. Одоо бүүр зүгээрээ. Дэлгүүр хоршоо орж идэх уух юмаа өөрөө цуглуулаад явдаг болсон шүү дээ» гэв.
«Тиймээ Хулаан! сонин юм байна. Гэхдээ сонин ховор хачин юмс өөрөө л бий болдог бус уу?» гэж би түүнд хэлэв.
«Ойлгомжгүй байгаа тэр эд зүйлс чамд ямар санагддаг вэ?» гэж бүсгүй надаас асуулаа. «Надад гайхалтай сонин санагддаг юм. Тэгэхдээ өөрсдөө тэд гайхамшигтай зүйлс байдаг шүү дээ. Тэр зах хязгааргүй уудам бас уужим их байдаг байхаа. Гэсэн хэдий ч тэр мөнх бус. Тэр бол яг л солонго гэсэн үг» гэж би түүнд хариулав.
«Аль ямар Солонгоо байдаг билээ?» гээд Хулан инээлээ. Тэгээд тэр бүсгүй «За яахав. Тэгээд чи цааш нь ярь л даа. Чи заримдаа их сонин юм ярьдаг шүү дээ» гээд тэр бас дахиад инээлээ.
«Үгүй дээ Хулан минь! Тэр бол яг л тэнгэрийн солонгын долоон өнгө гэсэн үг. Тэр бүх дэлхийг тойрч солонгордог. Тэр энэ дэлхийн зах хязгаараас мандаж гарч ирээд, яаж гарч ирсэн яг түүн шигээ солонгорон уусаж дуусан алга болдог бус уу?» хэмээн би өөрөө өөртөө итгэлгүй аяархан хэллээ.
«Тэр солонго бас байнга л өөрчлөгдөж байдаг. Хааяа бас өөр хоорондоо холилдож нийлээд, ялгагдаж танихын арга үгүй болдог. Учир гэвэл ийм л юмл даа» гэж хэлээд би дуугүй болов.