ДОЛОО:

Бурхан багш зарлиглав.

Ананд аа. Тэр цагийн тэр үед хан хүү Махасаттва хэмээх нь би өөрөө байсан юм.

Ананд аа. Хүсэл шунал, уур хилэн, атаа хорсол, болон мунхаглалын түнэр их харанхуйгаас орчлонгийн олон амьтныг гэтэлгэж би чадсан. Гэм бүхнээсээ хагацаж бурханы ариун хутгыг би олсон. Одоо энд үүнийг өгүүлэх бол илүүц үйлдэл биш. Яагаад гэвэл. Амьтаны тусын тулд аливаа үйлийг үйлдэх бэрх байдаг.

Тийм учраас. Алин боловч сайн үйлээр хамаг амьтанд тусыг хүргэх хэмээн шулуудах тэр сэтгэл оюунд л бодь-ийн 

/Гэгээрлийн/ үнэн их утга учир нь оршдог хэмээн Ялж төгс нөгчсөн Бурхан багш зарлиглав.

Ялж төгс нөгчсөн, дайснаа дарсан түүнчлэн заларсан, ариун санваарт Бурхан багш тэр цагт, ариун номын орон Панчаласт чуулсан олон мянган гэлэнгүүдэд. Энэ шүлэг номыг зарлигласан билээ. Шүлэгт сургаал ном нь. Энэ адил байдаг:

Шүлэгт: Бурхан багш тэр цаг үед Махарата хааны хүү, хан хүү Махасаттва болж төрсөн ...тэрбээр өлсөж ядарсан эм бар болон түүний зулзагнуудын төлөө ... тэднийг амирлуулан хайрлаж ... хэрхэн яагаад амь биеэ огоот өгсөн тухай өгүүлдэг билээ. ...


Дээд бодь би үүнийг эрж

Олон галавт би биеэ өгсөн

Хаан хийгээд хаан хүү болсон

Тэр болгонд би өгсөн.


Урьдын төрлөө би санахад

Махарата гэдэг хаан байсан

Махасаттва гэдэг хан хүү байсан.


Махасаттва хан хүүд эрэмгий хоёр ах байсан

Махапранада болон Махадева гэдэг байсан

Ах дүүс тэд гүнд одож

Тэд тэнд өлсгөлөн эм барыг харсан.

Дээд төрөлхтөн түүнд нигүүлсэнгүй их сэтгэл төрөв

Эм бар өлсөж цангахад нэрвэгдсэнээр

Өөрийн зулзагыг идэх аюул ирнэ

Би одоо биеэ өгье гэж шийдсэн.


Махаратагийн хүү Махасаттва, тэр хүү 

Өлссөн бар эх зулзага нарыг хараад

Гэтэлгэж үйлдэхийн тулд их нигүүлсэнгүй сэтгэлээр

Уулын хавцлаас үсэрсэн билээ.


Газар хөдөлж, уул доргив

Шувуудын чуулган нэн олон үзэгдэв.

Гөрөөсийн чуулган айн сандрав

Энэ ертөнцийг харанхуй нөмрөв.


Түүний ах Махапранада

Түүний ах Махадева тэр хоёр

Их шугуйд түүний хайв

Махасаттва түүнийг эс олов.


Машид их гаслангаас сэтгэл нь шаналав

Мансуурч ой дотуур нааш цаашаагаа гүйв.

Бага дүү түүнийг эрээд

Бархиран ой дундуур хэрэв


Махапранада болон Махадева

Ах дүү тэдгээр хан хөвгүүд

Туйлдаж ядарсан эм барын үүрэнд

Тэнд ойртон очиж харав.


Эм бар болон түүний зулзага

Өлсгөлөн тэдний хошуун дахь цус

Хувхайрсан яс, үс гэзэг

Хаа сайгүй бутарсныг үзэв.


Түүний цусны хэсэгхэн дусал

Тэрхүү газарт шингэсэн байв

Улсын хааны хоёр том хүү

Улаан цус түүнийг үзээд

Гэнэт балмагдан тэр газарт

Гэдрэг харан муужран унав.


Хамаг биенд нь шороо наалдав

Хамгийг мартан сэтгэл нь мансуурав.

Эрхэмсэг тэдгээрийн бараа болооч тэд 

Ихэд харамсан бүгд уйлан гашуудав.


Тэд усыг машид их цацлан

Тэнгэр харан уйлан сууцгаав.

Тэд муужран унах тэр цагт

Тэнгэрлэг дээд хатан эх бээр


Олон эмс шивэгчнээр хүрээлүүлэн

Ордны дотор амран байтал

Чинэсэн хоёр хөхнийх нь үзүүрээс

Сүү, цус хоёр холилдон гоожив.

Хамаг бие үе мөч бүгд нь

Хурц зүүгээр хатгах мэт өвдөв.


Сэтгэл нь машид их гаслангаар дүүрэв

Хагацал харууслын суманд тэрбээр оногдов.

Эзэн хааны дэргэд тэр очив

Энэлэн харуусан машид түгшив

Энэрлийн дуугаар уйлав.

Махарата хаанд тэр ийн өгүүлэв.


Эрхэт хүний хаан минь намайг сонс

Энэ бие минь шаналлаар түлэгдэв

Миний хоёр хөхний үзүүрээс

Муу цус сүү мэт гоожив.

Зүүгээр хатгасан мэт бүх бие минь өвдөж байна

Зүрх минь бас хагарах шахав

Хайртай хан хөвгүүд минь

Хойшид үл үзэгдэх муу ёр би зөгнөв.


Алаг үрсийг минь эрж хайгаач, та

Асарч нигүүлсэн, амь өршөөгөөч та

Өнөөдөр бас миний зүүдэнд үзэгдэв

Өхөөрдөм хөхөөний гурван ангаахай тэд

Онцгой хөөрхөн нэгэн байсан юм.

Хөөрхий түүнийг үхлийн эзэн бээр

Харцага шувуу шүүрэн одсон билээ

Гайтай хар дарсан зүүд надад бас

Гаслан харууслыг сэтгэлд минь авчрав.


Түгшсэн сэтгэл минь машид энэлж байна

Тун удалгүй би үхэх болов уу хэмээн бодлоо

Энхрий хөөрхөн хөвгүүдийг минь эрж олох хэрэгтэй байна

Энэрэн нигүүлсэж амийг минь аварч өршөө.


Тийнхүү өгүүлээд эх хатан

Тэр газарт муужран унав.

Дурьдлын эрхтэн нэн доройтож

Сэтгэл нь хоосорч, санамж нь үгүй болов.