Дэлгэрр-7
Дөрөвдүгээр бүлэг
Хулан «Тэгээд? Цааш нь ярь л даа. Би сонсмоор байна шүү дээ» гэлээ. Би бага зэрэг тайвширлаа. Зориг оров. Тэгээд цааш нь би үргэлжлүүлэн ярьж гарлаа.
«Тэгэхээр хүмүүсийн амьдрал, хүсэл мөрөөдөл хайр дурлал гэдэг бол ердөө л энэ гэсэн үг. Яг л солонго. Үнэн гэвэл орчлонд цорын ганцхан байдаг. Тэр бол бид бүгдийн зүрх. Тэр зүрх хэзээ ч солонгорч өөрчлөгддөггүй юм. Тэр ямар байсан, яг тэр чигээрээ үнэн үг хэлсээр, үнэнч хэвээрээ тэр чигээрээ чи бидний төлөө зүтгэсээр явсаар, энэ ертөнцөөс бидэнтэй хамтдаа явж оддог.
Тийм учраас би сэтгэлд биш. Би хүсэл бодолд биш. Би мөрөөдөлд биш. Би цорын ганцхан зүрхэндээ итгэхийг хичээдэг» гэв.
Хулан тэр бүсгүй миний яриаг таслав. Түүнд Солонгоо таалагдсангүй. «Өршөөгөөрэй» гэж тэр тайван хэлэв. «Чиний зөв санагдаж байна. Хэрвээ бид ганцхан зүрхэндээ итгэж чаддагсан бол, зүрх болоод сэтгэлээ нийлүүлээд нэг болгоод бодож хэлж, хүсэж мөрөөдөж чаддагсан бол бид нар бүгдээрээ яг л Бурхан шиг байсан байх л даа. Гэвч тийм юм хэзээ ч болохгүй шүү дээ» гэлээ. Тэгээд Хулан цагаа хараад хэлэв. «Дэлгэрээ чи маргааш өдрийн галт тэргээр явна. Одоо их орой болжээ. Одоо 10 цаг болж байна. Эндээс хот руу явдаг сүүлчийн автобус 10:30 цагт хөдлөнө шүү дээ» гэж тэр надад хэлэв. Харанхуйд миний царай бас миний нүдийг олж харахыг хичээн, над руу ширтэн харах түүний нүдийг би олж үзэв. Наймдугаар сарын сүүлийн гунигтай харанхуй шөнө байсан. Тйимээ намар үнэртсэн бүрхэг харанхуй шөнө байсан юм. Хар үүлээр битүү хучигдсан тэнгэрт сар гарч, орчлон дэлхийг арай ядан гэрэлтүүлнэ.
Хулан тэр бүсгүй намайг сугадаад, миний мөрөнд мөрөө нийлүүлээд шүхэрээ дээр өргөн алхах бөгөөд бид хоёр цэцэрлэгт талбайн хайрга асгаж зассан нарийнхан явган хүний замаар алхаж хот явдаг автобусны буудал дээр ирж зогсов. Бүрэнхий... үгүй ээ бүүр харанхуй болсон байсан. Гэсэн хэдий ч бороо орохоо аль хэдүйнээ зогссон байлаа.
Бүсгүй шүхрээ дээр өргөн зогссоор «Бороо орохоо зогссон байна шүү дээ. Одоо бидэнд шүхэр дэлгэх хэрэгтэй гэж үү?» гэж би түүнээс асуув. Тэгээд би инээсэн. «Таныг норгочихгүйн тулд шүхэр бидэнд хэрэгтэй» гээд тэр инээмсэглэв. Инээмсэглэл. Тэр хүчтэй. Тэгэхдээ тэр дундаас түүний тэр нэг инээмсэглэл, тэр бол бүхнээс илүү их хүчтэй байсан юм. Хүсэл сэтгэл, хайр энэрлээр хүн тэгэж түүн шиг үнэн инээмсэглэж чадна гэж үү? Би ингэж бодов.
«Танай энд нисэх тосгон тэр чигээрээ унтжээ» гэж би түүнд хэлэв. Тэгэж хэлээд би түүний царайг харлаа. Харанхуйд миний нүдийг олж харахыг хичээсэн тэр бүсгүйн гунигтай хар нүдийг би дахин олж үзэв. Бүсгүй тэр намайг ширтэнэ. Бүсгүй тэр намрын бороотой бүрхэг шөнийн хүйтэн агаарт даарч атийн зогсоно.
«Сайн яваад ирээрэй» гэж бүсгүй надад шивнэн хэлэв. Би урьд нь гав ганцаараа ямар байлаа? Би яг тэр чигээрээ үлдэх болно. Ийн бодоод миний дотор дахин муухайрав. Би өөрөө ч өөрийгөө ойлгож чадахаа больчихсон юм шиг надад бодогдоно. Тэгээд би дотор сэтгэлээ бүсгүйгээс нууж өнгөрөөхийг хичээв. Гэсэн хэдий ч би тэвчээр алдав.
«Хулан минь! Чи надад ямар их сайхан харагдах билээ?» гэж би түүнд хэллээ. «Дахиад чи надтай хамт жаахан байгаач дээ. Би чамаас гуйж байна шүү дээ» гэж би түүнээс хүсэв. Тэгэж хэлээд би түүний тэвэрлээ. Би нүдээ аниад, би түүний гар хүзүү, хацар нүүрийг үнслээ. «За одоо яв даа. Маргааш чи их хол явна шүү дээ» гэж бүсгүй надад зөөлхөн хэлэв. Тэгээд тэр бас намайг болгоомжтойгоор тэвэрлээ. Тэгээд тэр бүсгүй «Би чамд сайхан харагдах гээд дандаа л хичээдэг юм. Бид хоёр бие биенээсээ юу ч нуудаггүй шүү дээ. Чамайг надад захидал бичвэл би их баярлана даа. Захидал бичихийг хүсвэл бичиж байгаарай» гэж хэлээд, тэгээд цааш нь үргэжлүүлээд тэр хэлэв. «Би чамд их дасажээ. Ийм богинохон хугацаанд. Би өөрөө гайхаад байдаг юм» гээд тэр намайг дахин тэвэрлээ. Яг энэ мөчид хот явдаг автобусны хаалга онгойв. Би хаалгаар орлоо. Бүсгүй тэрбээр «Баяртай! Сайн яваарай» гээд надад гараа сунгав. Би түүний гарыг зөөлхөн хайрлан атгав. Автобус хөдөллөө. Би автобусны цонхоор гараа гаргаад бүсгүй рүү даллан «Баяртай! Хулан минь! Сайн сууж байгаарай» гээд хашгирлаа. Бүсгүй хот явдаг автобусны буудал дээр зогссоор. ... Бүсгүй гав ганцаараа гараа даллан зогссоор л байлаа.
Тэндээс явах хүсэл надад үл төрнө. Гэртээ харих хүсэл надад үл төрнө. Тэгээд бүү мэд. Сургуульдаа буцаж явах хүсэл надад бас үл төрнө.
Би тэр хол газарт, хүний газарт сургуульд суралцах учир юусан билээ? Би 2-3 минут бодлогоширон зогсов. Тэгээд тэрүүхэн богинохон энэ хугацаанд Хулан тэр бүсгүй, миний амьдралд ямар их чухал хүн болж эхэлсэнийг би олж мэдрэв. Би бүсгүйн амьдардаг тэр байшинг автобусны цонхоор олж харав. Тэгээд би чимээгүйхэн санаа алдаад, цонхон талын суудалд очиж суулаа. Гадаа харанхуй болжээ. Бороо шаагин орж эхлэв. Ямар ч гэрэл гэгээ үгүй, юу ч үл харагдах харанхуй хоосон ертөнц. Би түүнийг гадагш цонхоор ширтэнэ. Миний хажууд билет шалгагч бүсгүй зогсоно. «Уучлаарай!» гэж тэр надад хэлэв. Тэр тэгээд эргээд буцаад яваад өгөв. Би автобусны цонхоор юу ч үгүй харанхуй хоосон ертөнцийг ширтэн харсаар. Тас харанхуй хоосон орчлон. Бас намрын хүйтэн бороо цутган ордог орчлон. Тэгээд би өнгөрсөн бүхий л амьдарлаа дахин нэг эргэж санахыг хичээлээ. Тиймээ би энэ орчлонд 21 жил амьдарчээ. Би харах боловч үзэхгүй. Би сонсох боловчиг санахгүй. Би өөрийгөө бас өрөөл бусдыг ойлгох хүсэлгүй явж иржээ. Орчлон ертөнц гэдэг тийм их баян, сүрлэг уудам их ийгээд утга учиртай хийгдсэн.
Тэгээд би өөрөө ч бас адилхан ийм л билээ гэдгийг, би анзаарч бодох сөхөөгүй явж иржээ.
Би ингэж бодов.
Тийм ээ! Толгой эргэм, хэлбэр хэмжээ гэж үгүй орчлон ертөнц гэдэг өөрөө тэр төгсөшгүй их ажээ.Түүнд эхлэл эцэс төгсгөл гэж үгүй. Түүнийг мэдэж танина гэдэг бас төгсөшгүй. Тийм учраас төгсөшгүй гэдэг өөрөө бас төгсөшгүй их билээ. Хэм хэмжээ цаг хугацаа, бодит ба бодит юмсын ялгаа гэвэл ердөө л энэ бус уу? Би ингэж бодов. Тийм учраас амьдралыг хайрла, амьтныг хайрла.
Чин үнэн сэтгэл зүрхээрээ хайрлаж чаддаг бай. Тийм хайрын эзэн нь үгүй болсон чиг, хайрласан хайр нь үлдэнэ. Тэр хайр орчлонгоос тэнгэрт, оршихуйгаас сүнслэг чанарт, ердийн нэг юмнаас ер бусын тэр их хэмжээс рүү очдог. Тийм учраас тэр хайрын сураг чимээ нь тэнгэрт газарт, тэнгис далайн гүнд ч сонсогддог бус уу?
Би ингэж бодов.
Тиймээ. Амьдрал гэдэг тэр агуу их ажээ...