ЦУС ОЙРТОЛТ
Генийн банк мал ургамлын био материалыг шингэн азотод хадгалж селекц үржилд ашигладаг сав. Сүүлийн үед эр хүний үрийн шингэнийг худалдан аваад хүссэн эмэгтэйчүүдэд зохих үнээр зохиомлоор жирэмслүүлдэг бизнис бий болж. “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах” ажлын хэсэг баахан точго цуглуулж яах гээв? Гар хангалгаар цуглуулдаг юм шүү дээ! Монгол хүний бие махбод бусад үндэстнийхээс юугаараа өвөрмөц болоод өөр маягаар эвцэлдүүлэх гээв? Манайд одоо ДНХ дахь нуклейтид дарааллыг автоматаар тодорхойлдог ДНХ сэквэнатор гэх үнэтэй багаж 11 ширхэг байна. Хоёроос бусдыг нь ашигладаггүй. 500 мянган доллароор худалдаж авчраад 110 вольтын оронд 220-д залгаад цоо шинээр нь эвдээд хаячихсан ч бий. Гэтэл үүгээр цус ойртолтыг тодорхойлж болдог уу? Болдог гэж үзэхэд ганц шинжилгээнд орох урвалжийн өртөг наад зах нь мянган доллар, нарийвчилсан шинжилгээний өртөг 5-10 мянган доллар.“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах” сайн санаатнууд юун түрүүн өөрсдийгөө шинжлүүлмээр юм.
ЦУС ОЙРТОЛТ
Инбридин гэсэн ойлголт хөдөө аж ахуйн ухаанд бий. Үржил селекцийн нэг арга юмуу даа. Энэ нь амьтан дээр хэрэглэдэг, ургамалд болохоор инцухт гэж нэрлэнэ. Селекциэр бий болгож авсан сайн үүлдрийн мал, онцгой сортын ургамалын хэлбэр, ашиг шим зэргийг нь хадгалахын тулд зориудаар төрөл садан дотор нь үржүүлэг зохион байгуулах арга. Ингэснээр тухайн үүлдэр, сортын шинж чанар үе дамжихдаа алдагдахгүй, харин амьдрах чадвар нь сулардаг. Селекцийг тун нарийн тооцоотой явуулж байж амьдрах чадвартай хомогами организм гаргаж авна. Зорилго нь тухайн үүлдэр сортын ашигтай гэгдэх шинж чанарыг улам сайжруулахын зэрэгцээ амьдрах хугацааг нь уртасгахад чиглэнэ. Үүгээрээ ердийн эрлийзжүүлгээс өөр, үүнийг аутбридин гэнэ. Аутбрингээр өөр өөр шинж чанар хэлбэр дүрстэй амьтан ургамалыг хооронд нь эрлийзжүүлж дундаас нь цоо шинэ үүлдэр, сорт бий болгох зорилготой бол инбридин болохоор нэгэнт бий болсон ашиг шим хэлбэр бүхий үүлдэр сортыг цааш нь энэ чанарыг нь алдагдуулахгүй байх зорилттой. Инбридин үржүүлэг хийхэд байгалийн бус арга, тухайлбал зохиомол хээлтүүлэг, өөрт нь тоос хүртээх зэрэг арга хэрэглэнэ.
Гүү хураах болохоороо азрага “хамаатан саднаа” хазаж тангаран сүргээсээ элдэн хөөдгийг малчин монголчууд сайн мэднэ. Хувьслын явцад алив организм зөнгөөрөө төрөл дотроо үржилд орохоос зайлсхийдэг, хэрэв тийм биш бол богино хугацаанд тухайн зүйл устаж үгүй болно. Сонирхсон шинэ үүлдэр сортоо хадгалахын тулд чухам хүн л амьтан ургамалд инбридин арга хэрэглэсээр ирсэн. Цэвэр цусны гэгддэг англи адуу, араб адуу гэсэн үүлдэр нь ийм технологийн үр дүн билээ.
Хүн бол мөн л биологийн бүтээгдэхүүн, тиймээс зориудын инбридин, аутбридин ярьж болох уу? Хүний үүлдэр угсааг сайжруулах, эсвэл дордуулахгүй байх “евгеник” гэсэн онол бий л дээ. XIX зууны үед ийм онол их яригдаж байснаа Гитлерийн нацизм мөхсний дараа чимээгүй болсон. “Цохын удам” гэсэн нэг судалгаа их шуугиан тарьсан. Цох гэдэг хочтой нэгэн сэтгэцийн гажигтай тэнэмэл эрийн долоон үе удмыг судалжээ. Нийт 1200 хүн бүртгэгдсэнээс 300 нялхдаа өнгөрсөн, 310 нь тэнэмэл амьдарлаар насыг барсан, 440 нь өөрсдийн буруугаас тахир дутуу болсон, 130 нь янз бүрийн гэмт хэрэгт холбогдсон, эмэгтэйчүүдийн тал нь янхан болсон, зөвхөн 20 нь тодорхой мэргэжил эзэмшсэн ч 10 нь шоронд сууж байсан. Төрөөс тэдний халамжид нийт 1 сая 250 мянган доллар зарцуулжээ. Эндээс ийм хүмүүсийг албадан хөнгөлөх шаардлагатай гэсэн дүгнэлт эрдэмтэдийн дунд хэлцэгдэх болжээ. Энэ судалгаа нэлээд хэтрүүлэгтэй байх. Үнэн байгаад ч удамшлаас биш, ахуйгаас үүдэлтэй болов уу. Евгеник онолыг бүрэн дампууруулсан нь нацист Герман. Хүний үүлдэр угсааг сайжруулахын тулд ямар ч үнэ цэнгүй хүмүүсийг нийгмээс тусгаарлах, хөнгөлөх, улмаар устгах бодлого барьсанд жүүд, цыган зэрэг үндэстнүүд, коммунист зэрэг үзэлтнүүд, тахир дутуучууд, сэтгэцийн өвчтөнүүд, бэлгийн өөр хандлагатанууд, янхан, тэнүүлчин зэрэг ёс суртахууны ялзралтнууд гэх мэтээр тодорхойлж тэднийг баривчлан бөөнөөр нь устгасан юм. Орчин үед генетикийн ухаан хөгжсөнөөр хүний удам угсааг сайжруулан ёс суртахуунтай эрүүл чийрэг хүн бүтээнэ гэж ярихаа болиод удамшлын өвчнийг эмчлэх, өвчтөнд туслах, эмгэгийг нь засах, шаналгааг нь багасгах генотерапи гэх анагаах ухааны шинэ салбар бий болон хөгжиж байна.
Инбридин үзэгдэл хүний нийгэмд бий. Гэхдээ зориудаар хэн нэг нь зохион байгуулдаг тохиолдол бараг байхгүйтэй адил. Энэ нь зан заншил, санамсаргүй тохиолдол, хор уршигийг нь ойлгохгүйгээс үүдсэн гэрлэлт зэргээс болдог. Адгуус амьтан зөн билгээрээ инбридингээс зайлсхийж чадаж байхад ухамсарт хүний нийгэм адгууснаас дор байв л гэж!
Цус ойртолт хүний нийгэмд нэн эртнээс өдий хүртэл үргэлж тохиолдож байсан. Ихэнх нийгэм, иргэншил, соёлууд төрөл төрөгсөд хоорондоо гэрлэхийг ёс бус гэж үзсээр ирсэний нэг илрэл нь энэ үзэгдлийн “инцэнт” буюу нүгэл гэсэн утгатай үг шинжлэх ухааны нэршил болон тогтсоноос харагдана. Төрөл төрөгсөд гэр бүл болох нь гол төлөв Үндэстний, Кастын, Ангийн, Газар зүйн, Шашны шалтгаантай. Европт дээд язгууртнууд доодостой холилдож болохгүй гэсэн үзлээс болоод хаадын удам зөвхөн хоорондоо гэрэлдэг ёс олон жил ноёрхожээ. Үүнээс болоод Хабсбургийн сэтэрхий уруул, цус бүлэгнэдэггүй хэмофил зэрэг өвчин тэдний дунд элбэг тохиолдож байсан. Шашны шинжтэй ийм ёс ч зарим овог отогт байжээ. Африкийн нэг жижиг овог бусад овогтой цус холилдож болохгүй гэсэн шүтлэгээсээ болоод олон жилийн дараа цус холилдсон өвчин тэнд урхагшсан байна. Арал, хүн амьдрахад таагүй уур амьсгалтай нутаг зэрэг газар зүйн хязгаарлалтад хавчигдсан жижиг үндэстний хүмүүс өөрийн эрхгүй цус холилддог аж. Умард туйлын зарим үндэстэн энэ байдлаасаа гарахын тулд ирсэн зочинд эхнэрээ юмуу охиноо найр тавин хонуулдаг гэсэн яриа ч бий.
Санамсаргүй байдлаар төрөл төрөгсөд хоорондоо гэрлэхийг Эдипийн комплекс гэдэг. Эцгийгээ танихгүй алаад, эхтэйгээ танилгүй гэрэлчихдэг Эдип гэгчийн тухай эртний Герегийн зохиолч Софоклын жүжиг нь Фройдод сэдэл өгч психоаналитикийн нэг том тайлбар гаргалгаа болсон гэдэг. Дамдинсүрэн гуайн нэг зохиолд ч айлын хулгайлагдсан хүүхэд хожим нь төрсөн ахтайгаа гэрлэхээр болсон тухай гардаг.
Үүнээс гадна мэдсээр байж халуун хайр дурлал, эх эцэг удам судрын санал шахалтаар ойр хамаатнууд гэрлэсэн тохиолдол элбэг. Нэртэй алдартай хүмүүсийн зарим жишээ байна. XVI Луи хааны эхнэр Мариа Антуанэтта түүний хаяал, I Пётр хааны эхнэр хатан хаан Екатарина түүний хаяал, Хатан хаан Викториагийн нөхөр Альбэрт түүний үеэл. Хатан хаан 9 хүүхэд төрүүлсэн нь бүгд эрүүл саруул. II Элизабэт хатан хааны нөхөр Филипп түүний хаяал, хатан хааны 4 хүүхэд бүгд эрүүл саруул, одоо ч амьд мэнд. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамс үеэл Абигэйльтэй суусан, 6 хүүхэд төрүүлсний нэг нь нялхдаа эндсэн, гурван хүү нь хуульч болсныг нэг нь болох Кинси Адамс мөн АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. АНУ-ын Ерөнхийлөгч Жэфэрсон хаяал Мартатай гэрэлсэн, Хөгжмийн зохиолч Ёхан Бах үеэл Мариатай гэрэлсэн, 7 хүүхэд төрүүлсний хоёр нь алдартай хөгжмийн зохиолч болсон. Зохиолч Хэрбэрт Вэльс үеэл Мэритэй гэрэлсэн, Зохиолч Эдгар Алан По үеэл Виржинэтай гэрэлсэн, Чарьз Дарвин үеэл Эмматай гэрэлсэн. Дарвин 10 хүүхэдтэй байсны хоёр нь нялхдаа эндсэн. Бусад нь эрүүл саруул, хэд хэд нь алдартай эрдэмтэн болсон. Албэрт Эйнштэйн хаяал Эльзатай гэрэлсэн, Нью-Йоркийн мээр асан Рудольф Жулиани үеэл Рэгинатай гэрэлсэн гэх мэт.
Нэгдүгээр үе буюу эцэг охин, төрсөн ах дүүгийн хооронд гэрлэх байтугай бэлгийн харилцаанд орохыг нэлээд орон гэмт хэрэгт тооцдог хуультай. Төрсөн охиноо, болон төрсөн охин дүүгээ хүчинддэг мунаг тэнэг эрчүүд байдгаас ийм хорио бий болсон байх. Охидоо нууц байранд хорьчихоод ээлжилж хурьцсаар нэлээд хэдэн ач зээ төрүүлсэн австри эрийн явдал хэдэн жилийн өмнө илэрч дэлхийгээр нэг шуугисан. Харин хоёр, гурав дугаар үе буюу үеэл, хаяал, бөл, бөлөнцрийн хоорондын гэрлэлтийг хориглодог, бүртгэдэг, заавал хэлүүлдэг, албадан шинжилгээ хийдэг улс орон байдаггүй юм байна. Нэг үгэндээ ийм асуудлыг босгон хуульчилдаггүй, хүний ухамсарт даатгадаг бололтой.
Гол асуудал нь цус ойртсон гэр бүлээс төрсөн хүүхдийн зовлон юм. Ойр төрлийн цус ойртолт хэдий ойр байна рецессив мутант ген нь илрэх магадлал өндөр байна. Эцэг охин, төрсөн ах дүүгийнх 1/8 (бараг 15 буюу 8 төрөлт тутам нэг нь генийн эмгэгтэй гэсэн үг), үеэл бөлийнх 1/16, хаяал бөлөнцрийнх 1/32, дөрөвдүгээр үеийн хамаатан бол 1/64 эрсдэлтэй. Энэ прогрессийг цааш үргэлжлүүлж харвал “Есөн үе дамжиж байж цус цэвэршдэг” гэх яриа нь шинжлэх ухааны үндэслэлгүй, зүгээр л ардын домог. Цус ойртолтоос төрсөн үр төл Үргүйдэл, Төрөлт хязгаарлагдах, Нялхсын эндэгдэл, Дархлааны сулрал, Зүрх судасны өвчний эрсдэл, Нүүрний тэгш бус хэм гэх мэт эмгэгтэй байх магадлалтай. Үүнээс гадна шизофрени, хөл гарын хурууны эвдрэл, сохор, төрлөхийн зүрхний гажиг, олдмол чихэр шижин ч тохиолдож болно. Жишээ нь Францад хийсэн судалгаагаар ердийн гэр бүлээс төрсөн хүүхдийн 3.5% генийн гажигтай төрж байхад үеэлүүдээс төрсөн хүүхдийн генийн эмгэг 12.8% байсан аж. Цус ойртсон гэр бүлээс эмгэгтэй төрөх хүүхдийн магадлал хэдий чинээ маш ойр төрөл байна, ижил генийн давхцал мутацийн эрсдэл төдий өндөр байна. Үеэл, бөлөөс эмгэгтэй хүүхэд төрөх магадлал 6.25%, төрсөн ах дүү, эгч ах, эцэг охин бол 25%. Гэтэл төрөл биш гэр бүлээс төрөх амьгүй хүүхэд, нялхсын эндэгдэл болон генийн мутац 2.5%, оюуны хомсдол 3%.
Цус ойртолтоос төрсөн хүүхдийн гадаад төрхөд өөрчлөлт гарсан байх нь элбэг үзэгдэл. Хумсгүй, эсвэл зургаан хуруу зэрэг тохиолдол хэдийгээр төдийлөн хортой биш ч юутай ч гайхуулаад явахаар сайхан мутац биш нь ойлгомжтой.
Хромосомын болон доминант мутац нь байгалийн шалгарлаар устдаг учир ийм үр төл үржлийн насандаа хүрч насалдаггүй, эсвэл үргүй. Харин рецессив мутац байвал асуудал арай хэцүү, учир нь эцэг эх аль алин нь ижил төрлийн генийн гажигтай бол хэдэн үеэрээ удам дамждаг. Үүний тод жишээ бол Европын хаадын хамаатан садантайгаас бий болон удамшсэн Хабсбургийн гэгддэг сэтэрхий уруул.
Хүн төрлөхтний түүхийн туршид янз бүрийн популяцид цус ойртох үзэгдэл цөөнгүй тохиож байсан. Мутацын зарим нь хортой, зарим нь ашигтай байдаг. Нэг ч бай, мянган генийн хавсарсан муцтац ямар ч гажиг үүсгэж магадгүй, үүнийг тодорхойлох аргагүй. Хэмофил зэрэг тухайн эмгэг ганц генээс хамааралтай ч ихэнх эмгэг олон генийн хавсралтаас үүсдэг. Иймээс яг тухайн эмгэг цус ойртсон гэр бүлээс үүдэлтэй гэсэн нотолгоо байхгүй, үүнийг тогтоох боломж ч өнөөгийн анагаах ухаан төвшинд үгүй.
Оюуны хомсдол болгон цус ойртолтын үр дүн биш. Жишээ нь хромосомын мутац болгоноос хомсдол үүсдэг. Дауны, Патаугийн, Эдвардсын, Клайнфилтэрийн хам шинжүүд бүгд хромосын мутац, бүгд хомсдолтой төрөлттэй. Тархины биет гэмтэл ч хомсдол бий болгоно. Цус ойртолтоос үүсэх оюуны хомсдол ч эндээс төрсөн хүүхдийн нийт эмгэгт зонхилох хувь эзэлдэггүй.
Өргөн уудам нутагтай ч хүн ам цөөтэй нүүдэлчид цус ойртолтоос ихэд сэжиглэдэг, үүнээс зайлсхийх арга хайдаг байжээ. Үүний нэг арга нь ургийн бичиг юм. Гэхдээ өрх бүр ургийн бичиг хөтөлдөг байсан гэвэл их л эргэлзээтэй. Язгууртнууд л ийм баримт хөтөлдөг байсан байх. Өдгөө олдсоноос Шолой сэцэн ханы ургийн бичиг л байна. Лав л буриадууд дээшээ есөн үеэ хүүхдүүддээ цээжлүүлдэг байсан. Нөгөө нэг арга нь эхнэр нөхрийг өөрснөө биш эцэг эх нь сонголт хийдэг байсан явдал нэлээд элбэг үзэгдэл байв. Ер нь монголчууд ургийн нэргүй байсан нь зохих сонголт хийхэд амаргүй төвөг болдог байсан байх. Англиар фамили нэйм, сөр нэйм, оросоор фамилия гээд байгаа нь одоо овог гээд байгаатай огт хамаагүй нэршил юм. Овог гэхээрээ эцгийн нэрээ хэлнэ, их цаашилбал Нууц товчоонд гардаг тайчууд, хатигнууд, урианхайнууд, хонгиридууд, боржигонууд гэдгээр “овоглоно”. Ургийн нэр гэдэг нь цусан төрлийн хүмүүсийн дундын нийтлэг нэр. Мөнөөх тайчууд боржигонууд гээд байгаа нь удам судрын холбоо биш нэг аймаг овог бүлэгт хамаарч байсан хүмүүсийн нийтлэг. Одоогийнхоор бол анагаахын дээдийнхэн, өвөрхангайнхайн гэх маягаар тайлбарлаж болох юм. Ургийн нэртэй болох хөдөлгөөн ерээд оны эцсээр өрнөсөн. Харамсалтай нь мундаг удам судартай болж харагдах гэсэн юмуу, хүн амын тал нь боржгон ургийн нэр авсан нь утгыг нь алдагдуулчиж байгаа юм л даа.
Цус ойртолт хэдий ойр төрөл байна төдий хэрээр үр төл гений эмгэгтэй байх магадлал өндөр.
Ижил генүүд дупликац үүсгэснээр мутант төл үүсдэг. Мутант хортой ч ашигтай ч байж болно.
Цус ойртолтоос төрсөн үр төлийн дээд тал нь 20-25% нь генийн эмгэгтэй байдаг.
Цус ойртолтоос төрсөн генийн эмгэгтэй хүүхэд болгон оюуны хомсдолтой байдаггүй.
Оюуны хомсдол болгоныг цус ойртолтоос болсон гэсэн өрөөсгөл дүгнэлт их тархсан. Энэ санааг нийтэд цацаж улмаар хуульчилсан анхдагч нь нэгэн антропологич мэргэжилтэн байв. Хүн судлал нь генетик, молекуляр биологоос нэлээд хол зайтай мэргэжил. Мужааны багш, химийн багш нар адилхан багш гэсэн мэргэжилтэй боловч мэргэшил гэхээрээ төстэйгээсээ төсгүй нь их байдаг шиг. Ерээд оны эхээр УИХ монгол хүний генофондыг хамгаалах хууль гаргаж байсан. Генофонд (монгол орчуулга нь “удмын сан”) гэдэг нь тухайн популяц дахь бүхий л аллел генийн нийлбэрийг хэлдэг ба хөдөө аж ахуйд хэрэглэдэг нэршил. Селекциэр буй болсон үр ашигтай амьтан ургамалын генийн фондыг үр удамд нь хэвээр хадгалах тухай яриа. Монгол хүнийг мал гэж үзэх юм бол “монгол ухаан” гэх мэтийн ашигтай шинж чанарыг нь зохиомол хээлтүүлэг, инбридин зэрэг аргаар цааш авч үлдэх нь л дээ.
Цус ойртолтын аюултай нөхцлийн тухай зураг. Монгол нь 0,1%-оос бага буюу энэ талаар дэлхийн хамгийн аюулгүй орны тоонд оржээ. Судалгааг ДЭМБ-ийн захиалгаар солонгосчууд Монголд хийсэн байна. Монголын үзүүлэлт АНУ, Канад, Хятад, Баруун Европын орнуудаас дээр, лалын орнуудтай харьцаалах ч юмгүй.
Энэ түгшүүрийн харанга улам хүч авсаар тэнэг монголчууд ах дүү хамаатан садангаа ч танихгүй ил далдаар хоорондоо хурьцан эргүү маанаг хүүхдүүд үйлдвэрлэснээр Үндэсний аюулгүй байдал нэн аюулд ороод монгол үндэстэн мөхлийн ирмэгт тулсан болоод явчихлаа. Аюулгүй байдал хариуцсан төрийн инстүүцэд ийм асуудлаар мэргэшсэн шинжлэх ухаанч гэх нэг авгай байсхийгээд л зурагтаар ярина. График тоо баримт үзүүлээд л. Ярианаас нь үзэхэд энэ талын ямар ч ойлголт боловсрол, мэргэшил үгүй нь илт. Дээр нь бас худалч. Харин ч өөрийг нь сэжиглэмээр. Эдэнд ямар ч судалгаа байхгүй, нэн түгшүүр үүсгэх нэг сэдэв барьж авчихаад тэрийгээ мөнгө цаас болгох гэж яваа амьтас. Хятадын Глобал таймс сонин мэдээлэхдээ "Монгол эрдэмтэн Энхмаа хэлэхдээ, түүний баг Монголын хүн амын дунд цус ойртолтын үр дүнг тооцож, улмаар энэхүү итгэлцүүрийн 97.24 хувь нь шууд цус ойртолт, үлдсэн 2.76 хувь нь алсын цус ойртолт байгааг тогтоосон." Аймаар байгаа биз, бүгдээрээ ах эгч, үр хүүхэд, аав ээжтэйгээ бэлгийн харилцаанд орж хүүхэд цувуулсаар нийт үндэстнээрээ эргүү болчиж, айн?
Гэтэл 2008 онд Сөүлийн Үндэсний их сургуулийн Эпидэмологийн танхимаас “Азийн хүн амын генетик судалгаа (GENDISCAN)” төслийн хүрээнд Монголд цус ойртолтын судалгаа хийжээ. Эрдэнэт хот, Дашбалбар сум зэргийн сонгон хийсэн судалгаагаар Монголд цус ойртолт 0,1 хувиас бага буюу энэ үзүүлэлтээр дэлхийд хамгийн эрүүл саруул үндэстнээр ДЭМБ-д бүртгэгдсэн байна. Хойд Америк, Баруун Европ дахь цус ойртолтоос илүү цэвэр, лалын орнуудынхтай зүйрлэх ч аргагүй.
Хуурамч түгшүүр газар авсаар УИХ-ын хурц хараанд өртөж, тэндээс түгшүүрт автсан ухаалаг хүмүүсийн дэмжлэг аван хуульчлах болоод явчихлаа. Гарсан мэдээ нь энэ байна:
Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэл хангах хүрээнд “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулсан.
Тус хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод угийн бичиг хөтлөх, цус ойртолтоос сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, удамшлын өвчин, эрт оношилгоо, эмчилгээний чадавхыг дээшлүүлэх замаар монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүн амын өсөлт, хөгжлийг дэмжинэ гэж тусгасан.
Ажлын хэсэг байгуулаад бүр ахлагчтай болоод авч. Малаасаа ялгагддаггүй монголчуудыг шинжлэхийн тулд генетик оношилгооны лаборатори байгуулах гэнэ. Цус ойртолтын шинжилгээг нийт гэрлэгчдэд хийх гэнэ, зөвхөн үүний тулд жил бүр 16 тэрбум төгрөг нэхэж байна. Төсөвт суулгаснаар эрүүл монгол хүнийг бүтээх гэнэ (Гитлерийн мөрөөдөл). Монголчуудын хүн амын өсөлтийг дэмжих гэнэ, өөрснөө завхайрцгаах гээд байгаа юм уу, эсвэл бэлгэвч хориглох гээд байгаа юм уу? Генийн банк байгуулах, монгол хүний бие махбодид өвөрмөцөөр чиглэсэн эмчилгээ, оношилгооны салбар бий болгох гэнэ. Яриа хүний тухай биш монгол малын тухай хэлэлцээд байна уу гэмээр. Гэтэл мал ч өгөгдсөн зөнгөөрөө цус ойртолтоос зүйлээ хамгаалж чаддаг.
Генийн банк гэдэг нь мал ургамлын био материалыг шингэн азотод хадгалж селекц үржилд ашигладаг сав. Сүүлийн үед мал ургамал гэлтгүй эр хүний үрийн шингэнийг худалдан аваад хүссэн эмэгтэйчүүдэд зохих үнээр зохиомолоор жирэмслүүлдэг бизнис бий болсон. “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах” ажлын хэсэг баахан точго цуглуулж яах гэж байгаа юм бол? Гар хангалгаар цуглуулдаг юм шүү дээ! Монгол хүний бие махбод бусад үндэстнийхээс юугаараа өвөрмөц болоод өөр маягаар эвцэлдүүлэх болоод явчив? Манайд яг одоо ДНХ дахь нуклейтидийн дарааллыг автоматаар тодорхойлдог ДНХ сэквэнатор хэмээх үнэтэй багаж 11 ширхэг байна. Хоёроос бусдыг нь ашигладаггүй. 500 мянган доллароор худалдаж авчраад 110 вольтын оронд шууд 220-д залгаад цоо шинээр нь эвдээд хаячихсан нь ч байна. Их бодож ийм багаж л нэмж худалдан авна биз. Гэтэл үүгээр цус ойртолтыг тодорхойлж болдог юм болов уу? Болдог юм гэж үзэхэд нэг шинжилгээнд орох урвалжийн өртөг хамгийн наад зах нь мянган доллар, нарийвчилсан шинжилгээний өртөг 5-10 мянган доллар.
Сүрхий судалгаа шинжилгээ хийгээд ямархуу эргүү арга хэмжээ авдаг нэгэн монгол жишээ хэлье. Тухайн популяцид эзлэх оюуны хомсдолтой хүний тоо 2 хувиас давбал үүнийг аюултай үзэгдэл гэж үздэг. 1980-аад онд Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаагаар 5 аймгийн нийт 8 суманд энэ үзүүлэлт хязгаараа давсан байна гэж тодорхойлжээ. Үүний хоёр нь угсаатны сондгойролоос, бусад нь газар зүйн хавчигдмал байдлаас шалтгаантай аж. Хомсдол Монголын нийт нийгэмд түгшүүртэй биш байсан. Нэгд, маш цөөн хүн амтай ердөө найман суманд, хоёрт төвлөрсөн газарт жишээ нь Улаанбаатарт оюуны хомсдол 0.7 хувиас ч бага байсан.
Гагцхүү цус ойртолт гэж нэгэн утгаар тодорхойлсон дээрх үзэгдэлтэй тэмцэхээр Нам засгаас тодорхой арга хэмжээ авлаа. Монголын хамгийн өндөрлөгт аж төрдөг хэсэг цаатан үндэстнийг албадан шилжүүлж хамгийн нам дор газар болох Халх голын районд хүчээр авчирчээ. Яг мал шиг, одоо хоорондоо эвцэлдээд эрүүл саруул хүүхэд цувуулцгаа, айн? Арай л зохиомол хээлтүүлэг хийж төрийн төлөөлөгч хажууд нь лаа барьж зогсоогүй юм байх. Буянтай нам засаг шинэ эвцэлдэгч нарт зориулж нэлээд хэдэн шинэ гэр барьж өгчээ. Гэвч хээлтэгч хээлтүүлэгчийн зориулалтаар хүчээр авчирсан цаатангууд гэрийн унийг даавуун бүрээстэй нь салгаж аваад төвөөс зугтан урц барьж хэсэг амьдарч байснаа ганц нэгээрээ оргосоор бүгд нутгаа бараадсан. Харин сумын төвийн айлууд мөн л хана хаалгаар нь салгаж зөөсөөр бараг л үнэгүй шинэ гэртэй болцгоожээ.
Өнөөгийн Монголд төрсөн эцэг охин, төрсөн ах дүү үзэж тараад л үр хүүхэд цувуулсаар байгаад Үндэсний аюулгүй байдалд нэн хор учруулж байна гэдэгт итгэх хүн бий юу? Ганц нэг тийм тохиолдол илэрвэл генийн лаброторид биш Шар хаданд эсвэл шоронд аваачдаг байгаа даа. Үеэл хаяалын холбоо бол эмгэг гэхээсээ этик моралийн асуудал. Ийм холбоог ч монголчууд сайшаадаггүй заншил, уламжлалтай. Нэг үгэндээ ийм холбоо нийгмийн даралттай учирдаг, үнэхээр ийм холбоотой хүмүүс үүнээ чанадлан нууцалдаг болохоор “би үеэл дүүтэйгээ үсэрдэг учраас намайг шинжлээд өгөөч” гэж Чинбүрэн дээр очих хүн олдох уу, ямар хөлөө хугалчихсан биш? Үр хүүхдийнх нь эрүүл мэнд нь ч төдийлөн элбэг дэлбэг аюул учруулдаггүйг мянган судалгаа харуулсан. Тэр дундаа тэнэгрэх өвчин бүр цөөн. Ер нь тэнэг байх эрх ганцхан гишүүдэд л байдаг юм биш.
“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах” сайн санаатнууд юун түрүүн өөрсдийгөө шинжлүүлмээр юм. Идэж уудаг, авилгад живэгсэдийн арга улам нарийсч дээрмээ хуульчилдаг болсон нь шинэ юм биш. Гэхдээ нийт хүмүүсийн нэр төрд халдах, гутаан доромжлох, шившиглэх зэрлэг арга хэрэглэлгүй тэрүүхэндээ идэж уугаад аятайхан явж болдоггүй юм уу?
Хориод жилийн өмнө монголчуудыг иодын онц дутагдалтай учир хавтгайгаагаараа бамбай булчирхайтай (найлзуурыг эмч нар орчуулсан царай нь) болсныг судалгаа шинжилгээгээр илрүүлээд баахан иотой давс идүүлэв. Авчирсан иодоо борлуулаад дууссан бололтой, тэгэсхийгээд чимээгүй болсон. Хүүхдийг зөвхөн хөхөөр хооллоно, тэжээлээр хооллох болбол эмчийн бичигтэй яг тодорхой зааж зөвшөөрсөн тухайн тэжээлийг эмийн сангаас авна гэсэн хууль гарсан. УИХ-аар батлагдсан хууль шүү дээ. Харвард гэж нэг нохойд барьдаг мод байнаа. Тэр сургуулийн нэр барьсан нэг хүүхэн нутагтаа ирээд эцэг эхээс нь зөвшөөрөл авалгүй баахан хүүхдэд “шинжилгээ” хийгээд, монголчуудын 97 хувь нь “Д витамины онц дутагдалтай” гэсэн дүгнэлт гаргаваа. Хэрэв тийм бол үндэстнээрээ тахир дутуу баймаар? УИХ-аас дэмжигч гэх универсал эрдэмтэн олсон нь үүнийг хөөцөлдөн хуульчиллаа. Бүх хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ Д витамин хольж байхыг төрийн хуулиар албадан шаардах болсон. Мэдээж ийм юмны араас шуналдаа хөтлөгдсөн Мэргэжлийн хяналтын газрынхан тэргүүлээд рэкэтэнд мордоцгооно. Энэ бол угаасаа тэдний амьдрах цорын ганц гаршсан арга нь. Мөн эмч нартай тохирсон бололтой, тэд өвчтөн болгоныг Д-ийн онц дутагдалд орсныг хэлж, яагаад өдий хүртэл амьд явааг нь гайхан, бушуухан доод давхарт байгаа аптекаас олон арван мянган төгрөгийн үнэтэй витамин авч уу гэж зөвлөж байгаа царай гаргаад айлгах болов. Сүүлийн үед генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хориглох тухай яриа өрнөх боллоо. Хүнсний бүтээгдэхүүний ген нь өөрчлөгдсөн эсэхийг хүн амьтны ходоод таньдаггүй маанаг гайхал шүү дээ. Монгол гэлтгүй ямар ч хүний ходоодонд "Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хэсэг" огт байдаггүй.
2022.1.1