Хатны бараа болооч шивэгчин нар

Харуусан өрөвдөж машид уйлав.

Тэнгэрлэг хатан тэрбээр ухаан алдан

Тэр газарт унахыг үзэв.


Эзэн их хаан Махарата бээр

Үрээсээ хагацахын гасланд дарагдав.

Түшмэл болон бараа болооч нар

Түргэн хөвгүүдийг хайхаар одов.

Бүх хотын ард иргэд тэд 

Бүгд тус тусын гэрээс гарав.

Уйлан гашуудаж нулимс асгаруулж

Махасаттва тэр хүүг газар сайгүй хайв.


“Амьд юм уу, аль эсвэл үхсэн юм уу

Махасаттва тэр хаана одов?

Бид өнөөдөр үзсэн билүү? Үгүй билүү?

Сэтгэлд зохистой амьтан зарим нэгэн хүн бээр

Тэд өнөөдөр яруу бусыг сонсох болов”

Өнө удаан барагдашгүй гаслангаар тэд огшив.


Дуу үл хүрэх хийгээд хязгаарлашгүй байлаа

Хүчтэй дуугаар хашгиран хайв

Махарата хаан

Их гаслангаар гашуудан уйлж

Энхрий хатангаа газарт унасныг тэр үзэв.

Элдэв олон рашаан усаар цацан сүрчив

Хэдий сэргэн босох болох

Төдий хүртэл тэр усыг цацав.


“Миний хөвгүүн үхсэн юм уу, амьд юм уу? хэмээн

Мятарсан сэтгэлээр асууж үйлдэв.

Эзэн хаан Махарата

Эрхэм хатанд ийнхүү өгүүлэв:


“Түшмэл болон бараа болооч нар

Тэднийг хайхаар гадагш одов

Чи машид сэтгэлээ хямруулж

Үргэлжид гаслан бүү зов

Тэр мэт Махарата хаан

Тийнхүү хатныг аргадан тайвшруулав.


Хааны орд харшнаас тэд гараад

Харуусалд дарагдан уйлан уйлсаар

Түшмэдийн чуулганаар огоот хүрээлэгдэн

Түгшин сандарч бие нь доройтов.


Олон зуун амьтад тэд бас 

Уйлан гашуудан тэднийг дагалдав

Хаан хүүдийг олж эрэхээр тэд

Хот балгасаас холдон гарч одов.


Хаан гарч явахыг харсан тэд хүмүүс

Хааны хойноос бүгд дагав.

Махарата хаан тэр бээр

Их хотоос гарсан даруйдаа

Хайртай хөвгүүдээ олж харах хэмээн

Хурц нүдээр зүг бүрт харав.


Толгойгоо бүтээж ядарч сульдсан

Тоос шороо бүх биеийг нь бүрхсэн

Нүүр нүд нь нулимсаар дүүрч, уйлан хайлсан

Нэгэн хүн ирэхийг тэд үзэв.


Махарата хааны зүрх сэтгэлд

Маш их барагдашгүй их түгшүүр төрөв.

Нүүр нүдэнд нь нулимс хургаж гомдсон тэр хаан

Гараа дээш өргөөд уйлан суув.


Тэр цагт, тэр үед түүний нэгэн түшмэл

Тэр холоос түргэн яаран ирэв.

Их эзэн хүмүүний хаан

Махаратад ийн хэмээн тэр айлтгав:


“Тааллаа хямруулан бүү зохиогтун эзэн минь

Таны хөвгүүд сэтгэлд зохистой байна

Тун удахгүй тэд энд ирнэ

Өөрсдөө ирэхийг та болгоо!”


Хаан түр нэг цааш явахад

Хоёрдогч их түшмэл хүрч ирэв.

Хамаг хувцас нь хир тоос болсон тэр түшмэл

Хаандаа уйлан ийн айлтгав.


Эзэн хаан минь ээ, таны хоёр хүү

Энэлэн машид гашуудаж байна

Эзэн таны нэг хүү алга болсон байна

Махасаттва тэр хүү мөнх бусыг үзүүлэв.


Эм бар төрөөд удалгүй

Өлсөхийн эрхэнд зулзагаа идэх сэтгэлийг тэр үзэв

Тэдгээрт залуу их хүмүүн тэр бээр

Тэсэшгүй их нигүүлсэнгүй сэтгэлд автав.

Арилсан бодь-д ерөөлийг тэр хүү ихэд тавив

“Амьтан бүгдийг би гэтэлгэж үйлдье гээд

Асар гүнзгий агуу их бодь-д оршив

Асар удалгүй би хүрч үйлдье”


Их тэр хүү хадан хавцал руу харайв

Өлссөн эм бар түүнийг

Агшин төдийд биед нь мах үгүй болгов

Энд тэнд хэдэн яс үлджээ.


Машид аймшигтай үг үүнийг сонсоод

Махарата хаан муужран унав.

Газарт унаад тэр сэтгэл хоосон болов

Гаслангийн гал машид барагдашгүй их бадрав.

Хамаг нөхөд түшмэлүүд халаглав

Харуусан гашуудаж эзэн түүнийг

Усаар сэрүүцүүлэн машид ихээр уйлан гашуудав.

Гурав дахь түшмэл хаанд өгүүлсэн нь:

“Би өнөөдөр хоёр залуу хүүг харсан билээ

Их ойн тэнд машид их гашуудан

Газарт унаж сэтгэл нь хоосорсныг үзэв.


Ухаан сэргээд босохыг хүртэл

Усаар бид машид их сүрчив.

Дөрвөн зүг бүхнээс бадрахыг үзсэн

Агшин төдий сэргээд ахин газарт унасан

Асар хөөрхийлөлтэйгөөр машид уйлан дуулсан

Үргэлжид гараа өргөн суугаад

Дүү түүнийхээ сайшаалыг машид өгүүлсэн.


Хаан тэнд машид сэтгэл хямарч

Хүүгээсээ хагацсан сэтгэл нь зовлонд дарагдав.

Харуусан машид энэлж үглэн дуулав

Хаан тэр нь ийн хэмээн сэтгэв:


Хайртай хүү, сэтгэлд зохистой хүү минь

Хамаг амьтны тусын тулд мөнх бусыг үзүүлэв

Миний хоёр хүү тэд минь

Гаслангийн галаар амиа алдах вий дээ,

Тиймээс би түргэн тэнд очоод

Үзэхүй баясгалант хөвгүүдээ харж үйлдье.


Хурдан унаагаар хааны ордны

Хааны харшаас түргэн хөтөлж үйлдье

Тэдгээрийг төрүүлсэн эхийн зүрх

Тэсэшгүй гаслангаар хагарах шахаж байна.

Хоёр хүүгээ үзээд амирлахыг олох аваас

Амь наснаас хагацахгүй болох биз ээ,


Хаан түшмэлийн чуулганаар хүрээлэгдэв

Их заан унаад хөвгүүдээ тэр харахаар одов.

Хоёр хүү машид хөөрхийлөлтэй машид уйлан хайлан

Дүүгийнхээ нэрийг дуудан ирж явахыг тэд үзэв.

Эзэн хаан хоёр хүүгээ хөглөв

Машид уйлан гэртээ тэд очив

Тэр хаан ирээд, тэгээд

Их хатанд өөрийн хөвгүүдийг үзүүлэв.


Түүнчлэн заларсан Шакъяамуни бурхан

Махарата хааны хүү

Тэр цагт би Махасаттва хүү болж төрсөн билээ

Алин бээр эм барыг амирлуулан би бээр үйлдсэн билээ.

Эрхэт дээд хаан Шуддодана (мон: Ариун идээт) тэр хаан

Тэр цагт Махарата хэмээгч хаан байсан

Түүний хатан болбоос дээд хатан Маяа (мон: Илбэ хувилгаант) байсан юм

Махапранада бол Майтреяа байсан юм.

Махадева нэрт тэрхүү ханхүү

Энэ цагийн Манжушри мөн билээ

Эм барс нь Махапражати (мон: Төрөлхтөн бүгдийн их эзэн) байсан

Энхрий зулзаганууд нь таван гэлэн юм.


Хаан хатан хоёр машид ихээр гашуудан уйлж хамаг чимэг зүүлтээ тайлаад таягдан хаялаа. Тэгээд олон түм буман нөхдийн хамт ханхүүд зориулан тахилга ихийг үйлдэв. Ханхүү Махасаттва-гийн ясыг энэ ариун газарт Панчаласт тавьсан. Тэгэж их долоон эрдэнийн суврага үүнийг босгосон юм. Учир шалтгаан нь гэвэл энэ мэт. Энэ билээ. Тэр суврага одоо бээр ариун бурханы атистэдийн хүчээр энэ газрын доор оршиж байгаа хэмээн Бурхан багш зарлиглав.

Жич: Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судар. Эм баранд биеэ огоот өгсөн” хэмээх хорин зургаадугаар бүлэг болой.