О.М.Ковалевскийн хөтөлсөн аяллын өдрийн тэмдэглэл
Оросын монгол судлалын сургуулийг XIX зууны эхэн хагаст үүсгэн байгуулсан О.М.Ковалевскийн тэмдэглэл Монгол, Хятадын түүх соёл, ахуй амьдралын үнэтэй эх сурвалж болоод зогсохгүй угсаатны зүй, хэл шинжлэл, соёл судлалын чухал хэрэглэгдэхүүн болдог.
"Монгол судлал" цувралын гурав дахь бүтээл - Орос, Польшийн монгол судлаач О.М.Ковалевскийн аяллын өдрийн тэмдэглэл, 1830-1831 он.
О.М. Ковалевский нь 1800 оны арван хоёрдугаар сарын 28/1801 оны нэгдүгээр сарын 9-нд Гроднен мужийн Гроднен гацааны Великая Берестовица (Бржестовица) хэмээх нутагт (Оросын хаант улсын бүрэлдэхүүн, өдгөө Беларусийн Гроднен мужийн Волковысск дүүргийн Большая Берестовица хотын дагуул тосгон) төрж, 1878 оны арван нэгдүгээр сарын 26 буюу хуучин тооллын арван нэгдүгээр сарын 7-нд Польшийн Варшав хотноо таалал төгсжээ.
Түүний намтарт Вилений (1817-1824), Казанийн (1824-1862), Варшавын (1862-1878) гэсэн гурван үеийг онцолдог. Казаньд байхдаа Ковалевский татар, араб, перс хэл судалж, 1828 онд монгол хэлний салбар нээх бэлтгэл ажилтай холбогдуулан ирээдүйн Казанийн их сургуулийн монгол хэлний багш, Санкт-Петербургийн их сургуулийн халимаг хэлний багш, профессор болсон Алексей Васильевич Поповтой хамт Ар Байгалд монгол хэл сурч, эрдэм шинжилгээ, сургалтад шаардлагатай ном зохиол цуглуулах ажилд томилогдсон байдаг. Тэрээр хоёр удаа Өргөөд ирж, чингэхдээ Дээд Үд (өдгөө Улаан Үд), Селенгинск, Троицкосавск (өдгөө Хиагт)-аар дамжин өнгөрчээ. Ингээд хэлээ сайжруулах, их сургуульд зориулж гар бичмэл, ном зохиол цуглуулах зорилгоор 1830-1831 онд долоон сарын турш Оросын үнэн алдартны шашны XI дэх төлөөллийн бүрэлдэхүүнд (1830-1840) багтан Бээжинд амьдарчээ.
Улмаар томилолтын хугацаа дуусахад (1833) Ковалевский Поповтой хамт монгол судлаач, академич Я.И.Шмидтэд шалгалт өгөхөөр Санкт-Петербург хотноо очжээ. Залуу хоёр эрдэмтний бүтээлийг уншсан Шмидт зөвхөн шинжлэх ухааны сэдвээр ярилцах болзол тавьж, тэр хоёрыг Казанийн их сургуулийн монгол хэлний салбарт ажиллуулахаар тодорхойлжээ. 1833 оны зургаадугаар сард О.М.Ковалевский тус салбарыг тэргүүлэн, 1837-1841 онд гүн ухааны (Дорно дахины ангиллын) факультетийн нэгдүгээр салбарын деканы албыг хашиж байгаад 1852 оноос 1855 он хүртэл буюу Николай I хааны зарлигаар Дорно дахины судлалын ангийг Санкт-Петербургийн их сургууль руу шилжүүлэх хүртэл түүх-хэл шинжлэлийн факультетийн деканаар ажиллав.
Дараа нь 1862 онд Варшавт шилжин сууж, тэндээ Төв сургуулийн Түүх, хэл шинжлэлийн факультетийн декан, жинхэнэ профессороор томилогдож, Эртний Дорно дахин, Грекийн түүхийг зааж эхэлжээ.
Оросын Үндэсний номын сангийн гар бичмэлийн сан хөмрөгийн ач холбогдол бүхий гар бичмэлийн нэг болох энэ өдрийн тэмдэглэлийг тэрээр XIX зууны тэргүүн хагаст Оросын шашны XI төлөөллийн бүрэлдэхүүнд Хиагтаас Бээжин орох замдаа хөтөлжээ. Шашны төлөөллийн баг 1830 оны наймдугаар сарын 30-нд Монголын нутагт хөл тавьсан бол Өргөө хотноо есдүгээр сарын 14-нд ирж, 1830 оны арван нэгдүгээр сарын 18-ны намрын нэгэн өдөр Бээжин дэх Үнэн алдартны шашны сүмийн хашаанд хүрчээ. Багийн тэргүүнээр жанжин штабын дэд хурандаа М.В.Ладыженский, харин О.М.Ковалевский түүний дэргэд бичиг хэрэг хөтлөгчөөр томилогдсон бөгөөд замын тэмдэглэл хөтөлж, орчуулагчдад туслах гэх мэт үүрэгтэй явжээ.
Энэхүү эмхэтгэлд О.М.Ковалевскийн Оросын шашны төлөөллийн бүрэлдэхүүнд орж асан тэр цагт хамааралтай хоёр хэсэг өдрийн тэмдэглэлийг багтаалаа. Тэмдэглэлийн тэргүүн дэвтрийг Хятад руу аялах замдаа хөтөлсөн бол хоёр дахь дэвтрээ буцах замдаа буюу Бээжингээс Хиагт орох замд бичжээ.
Өдрийн тэмдэглэлд Чин гүрний (1644-1911) бүрэлдэхүүнд багтаж байсан Монголын улс төр, засаг захиргааны зохион байгуулалтын тухай тэмдэглэл бий. Энэхүү тэмдэглэлд малын тоо толгой, мал бэлчээх арга ажиллагаа, хүн амын нийгмийн ба материаллаг аж байдал, боловсролын түвшин; цахар, халх, ордос аялгууны авиа зүйн онцлогийн талаарх сонирхолтой тэмдэглэл: буриад, монгол, хятадын амьдрал ахуйн бодит байдлыг харуулсан мэдээлэл: даяанчлал, сүм хийдийн боловсрол, тэмээн жингээр хийж байсан худалдааны талаарх мэдээ мэдээллүүд орсноос гадна амьдрал ахуй, ёс заншлаас авхуулаад хэл шинжлэлийн холбогдолтой тэмдэглэл гэх мэт янз бүрийн сэдвийг хөндсөн таталбар бичвэрүүд байна.
Түүхийн ухааны доктор Н.Ганбатын орчуулгаар монгол уншигчдад хүрч буй энэ тэмдэглэл Аз хур, Интерном, Их дэлгүүрийн Мажэстик номын дэлгүүрүүдэд 35 000 төгрөгөөр худалдаалагдаж байна.