Дэлгэр-8
Тавдугаар бүлэг
Тавдугаар бүлэг
Маргааш өглөө нь би босоодойр зуур хэрэглээний эд зүйлсээ хуучин хүрэн чемодандаа чихэж аваад, автобусанд сууж галт тэрэгний вокзал дээр ирлээ.
Тийм ээ. Тэр өдөр Баасан гариг байсан юм. Тэгэхэд намар 8-р сард тэнд тун их хөл хөдөлгөөнтэй байдаг байсан. Гадаадад сургуульд суралцдаг оюутан сурагчид буцах энэ үеэр тэнд төмөр замын вокзал дээр нэг жижигхэн сумын наадмын дайны хиртэй юм болдог байсан. Өдөр бүр л ийм явдал болдог байв. Бужигнасан тэр олон хүмүүсийн дундуур, би бараг хоосон том хүрэн чемоданаа бариад зүтгэсээр зүтгэсээр арай гэж өөрийн суух билеттэй тасалгаат купенд орж суулаа. Тиймээ тэгэхэд тэр нэг жижигхэн тасалгаат купенд би гав ганцаараа сууж байсан юм. Би 2 гараараа толгойгоо тэврээд өвдөгөө тохойлдон сууж байлаа. Доошоо тонгойгоод юм бодоод би удаан суусан.
Тийм ээ. Бурхан бээр надад дэндүү хатуу хандах ажээ. Би ингэж бодов. Хувь тавилангаан би үзэн ядна. Эцэг эхгүй өнчин ядуу энэ амьдралыг би бас үзэн ядна. Хэрвээ ээж минь амьд сэрүүн байсан бол. Хэрвээ би аавтай хүн байсансан бол. Би орь ганцаараа энд ингэж гуниглаж гаслан суух юусан билээ? хэмээн Бурханд би гомдоллон суусан билээ.
Тэгэхэд миний зүрх надад ингэж хэлсэн билээ. «Дэлгэрээ чи яаж амьдарсаныгаан биш, яаж амьдрах арга ухаанаа олж бод. Бурханд бүү гомдолло» гэв. «Бурхан чамайг ойлгож харж байгаа. Бурхан чамайг хүлээж байгаа. Харин Бурханд чи өөрийгөө таниулж харуулж чадахгүй байгаа шүү дээ. Энэ л үнэн байдал учир шалтгаан нь юм шүү дээ» гэж надад хэлэв. Тиймээ. Бүх юмс сайн сайхан байх алба үгүй билээ. Аливаа хүнд хэнд ч юу ч тохиолдож болно. Харин тэр бүхний өмнө, хүнд хатуу бүхний өмнө толгой гудайлган нулимс дуслуулан сууж хэзээ ч болохгүй. Надад тохиосон юмыг хэн ч өөртөө үүрэхгүй. Харин энэ бүгдийн өмнө, зовлон бэрхшээлийн өмнө хатуу чанга тэсвэр тэвчээртэй байж чадаж байж гэмээнэ би түүнийг өөртөө сөхрүүлж чадна. Би ингэж бодов.
Ингэж бодоод би бослоо. Орхигдож өнгөрсөн бараан баргар өнгөөр хучигдсан, тэр өдрүүдээс салж хагацах тэр нэг их хүслээ тулж би бослоо. Тэгээд би вагоны корридорт гарч цонхон тушаа очиж зогсов. Зорчигчид оюутан сурагчид тэнд зогсоно.Тэд нар вагоны корридорын цонхоор цээж толгойгоо гаргаад, эцэг эх ах дүү, найз нөхөд ойр дотныхоо хүмүүстэй харилцан ярилцана. Хулан тэр бүсгүй энд байгаа байх!!! Тэр миний суух вагоны дугаарыг мэднэ шүү дээ! гэнэт би ингэж бодов. Тэгээд би цонх руу яаран авиран гараад хажууд зогсох бүсгүйгээс надад жижигхэн зай тавьж өгөхийг хүслээ. Тэр гараа савчин «Цаашаа цаашаагаа бай.» гээд намайг түлхэж цонхноос буулгав. Тэгээд тэр эмэгтэй цонхоор цаашаа харан хашгачин ярилцана. Тэр намайг үл тоомсорлоно. Миний дургүй хүрч би түүнийг тэр цонхноос угз татан буулгав. Тэгээд би өөрөө тэр цонхоор цээж толгойгоо гаргаад, Хуланг хайн харж зогслоо. Төдий их удсангүй өндөр том биетэй хүдэр бор нэг эр вагоны хаалгаар шурд хийн дайран орж ирлээ.
Тэр эр намайг бас тэр цонхноос угз татан буулгалаа. Үл таних тэр эр хаанаас гарч ирээд, надаас юу хүсээд байгааг би үл ойлгоно. Айдас гайхшралд автсан би хойшоогоо 2-3 алхам ухрав. Вагоны давчуухан корридорын хананд тулаад би зогслоо. Тэр эр намайг вагоны коридорын хананд шахаад, заамдан барьж аван дээр өргөөд хашигчиж зандчин загнаж гарлаа. Би газарт үл хүрэх бөгөөд би агаарт зогсоно. Миний хоёр хөл хий хоосон агаарт савчина. «Чи яасан дээрэлхүү муу хар новшив.» «Эмэгтэй хүүхдийг чи яана гэнээ» гээд тэр эр тохойгоороо миний гэдэс цээж рүү хэд хэд хүчтэй ёвров. Миний нүд чинэрэн чих шуугив. Хоолой бачууран хөлс цутгаж дотор муухайрна. Тэгээд ашгүй тэр вагоны үйлчлэгч хоёр эгч хүрч ирэв. Тэр намайг газарт буцааж буулгав. «Дахиад чи хүүхэд дээрэлхэвэл чинь юу болохыг үзээрэй!!!» гэж намайг заналхийлээд «Би газар дээр, газар доор хаанаас чамайг олоод бодийг чинь хөтөлчихөж чадах хүн шүү!» хэмээн хашгирав. Тэгээд тэр хүн эргэж харалгүй ихэмсэгээр тэр чигээрээ алхаад гарч одлоо. Ийнхүү вагоны үйлчлэгч эгч нарын ачаар би түүнээс аврагдлаа. Харин энэ мөчид эрхэмсэг тэр эмэгтэй нүүрэндээ баярын мишээл тодруулан, бахархсан басамжилсан харцаар тэр эр бид хоёрыг ээлжлэн харж зогсов. Тэгээд тэр эмэгтэй онгорхой цонхны сул үлдсэн тэр нэг жижигхэн зайг, тэр чигээр бүхэлд нь эзлэв. Тэр цаашаа гадагш харж инээж хөхрөн баясгалантай тэгээд бахархалтайгаар удаан үргэлжлүүлэн ярилцах ажээ. Тэр хүн тавь орчим насны том биетэй лунжгар бүдүүн эр байсан. Том том таван хошуутай погон зүүсэн цэргийн хувцастай хүн байсан юм. Би болсон явдалд ихээр харамсаж бас ичингүйрхэн зогсов. Би хувцас биеэ цэвэрлэж янзлан зогсов. Тэгээд би тасалгаат купендээ буцаж ороод хаалгаа хаагаад харамсаж халаглан суусан билээ.
Би өөрийгөө үзэн ядна. Би өнчин ядуу сул дорой байдлыг үзэн ядна. Энэ бүгдийг орчлон ертөнцийг би үзэн ядна. Ёс бус байдал, тэгш бус байдал, ядуу дорой байдал, хорвоо ертөнцийн шударга бус эл байдал түүнд би харамсаж халшран суув. Түүнийг би бас үзэн ядна. Орчлон ертөнцөд өнчин ядуу миний зовлон гэдэг дуусахгүй их ажээ. Би ийн бодов. Тэгээд энэ бүхэнд хэн буруутай билээ? гэж би өөрөө өөрөөсөөн асуулаа. Бурхан гэж уу? Аль бөгөөс ертөнц дэлхийд төрүүлсэн тэр муу заяат миний хувь тавилан уу? Үгүй бөгөөс нялх балчир тэр цагт минь намайг орхиж Бурханы оронд одсон аав ээж хоёр минь гэж үү? Үгүй дээ. Намайг заамдан чирч алан алдсан тэр офицер. Бас намайг үл тоомсорлож үзсэн эрхэмсэг ярвагар энэ оюутан бүсгүй бус уу? Би ийн бодов.