Кристен Пийрсон: 150 метр урт монгол бичгийн хуйлмал ажиллахад хамгийн хэцүү нь байлаа
Бидний гол зорилго бол Кливезийн үлдээсэн тэр их өвийг монгол судлаачдад хүргэх. Ингэхэд нэг том асуудал бий. Кливезийн өөрийн гэрээслэл ёсоор номын санд дахь номыг гадагш огт гаргаж болохгүй, салгаж болохгүй, зарж болохгүй. Тэгэхлээр номын сан хөдөөний тэр буйдхан тосгондоо л байна гэсэн үг.
2020 оны 10 сард Элчин сайд Уиллиам Браун, Пеннсилваниагийн их сургуулийн монгол хэлний багш Цэвээндуламын Наранцэцэг, бидний гурван хүн Нью-Хампшир хэмээх мужид очиж, хөдөө тосгоны нэгэн католик сүмийн хонгилд орших Франсис Кливезийн номын санг судлан сурвалжилсан, энэ тухайгаа та бүхэнд мэдээлсэн билээ. Мэдээ сурвалжилга маань Монгол судлалын ертөнцөд хүрч, монголч эрдэмтдийн анхаарлыг эрхгүй татав. Ингээд цааш нь улам гүнзгийрүүлэн үзэж, олон нийтэд хүргэх нь зүйтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байлаа. Харин гагцхүү хэрхэн гэдэг л асуудал болсон юм. Үндэсний хэмжээний ийм чухал өвийг анхааран судалж, дижитал болгох ажлыг хийдэг гол байгууллага бол Конгрессын Номын Сан. Харамсалтай нь цар тахлаас болж уг номын сан хаасан тул ямар ч үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон юм. Энэ зуур цаг хугацаа явсаар.
Америкийн Монгол Судлалын Төв
АНУ-д Монгол судлалыг үүтгэгчдийн нэгний тэр их өв хөрөнгийг анхааран судлах ёстой байгууллага бол Америкийн Монгол Судлалын Төв байх нь зайлшгүй. Биднийг 10 сард аялах үеэр тус байгууллагын захирлаар олон жил эрдэм судлалын ертөнцөд хамтран ажилласан Минжингийн Болорцэцэг нөхөр маань томилогдсоноор зорилго хүсэл маань бүр ч нийцэв. Ингээд АМСТ-өөс хандивын аян өрнүүлснээр Кливезийн номын санд ахин нэгэнтээ, гэхдээ энэ удаад бүтэн багаар очиж ажиллах боломж бүрдсэн билээ.
Баг бүрдүүлэв
Нью-Хампширт очиж ажиллах багт маань АМСТ-ийн захирал М. Болорцэцэг, Элчин сайд Браун гуай, Цэвээндуламын Наранцэцэг нар шууд багтав. Харин Монгол судлалын өөр өөр салбарт ажиллаж буй, олон өөр хэлтэй судлаач нараас бүрдсэн баг буй болгох ажлыг Ц. Наранцэцэг хариуцан ажилласан юм. Ц. Наранцэцэг нь Пеннсилваниагийн их сургуульд монгол хэл зааж байгаа докторант шавь нартаа юуны өмнө тус номын сангийн тухай танилцуулав. Монгол судлал дахь Кливезийн бүтээл гавьяаг мэдэх тэд ихэд олзуурхан гайхаж, бушуухан очиж ажиллая, хувь нэмрээ оруулъя хэмээн яарсан билээ. Үүнээс гадна Ц. Наранцэцэг монгол хэлний хичээлгүй бусад их дээд сургуулийн оюутнуудад хувиараа монгол зааж буй. Тэднийх нь нэг болох Харвардын их сургуулийн докторант, археологич Кристен Пийрсон мөн угаас өөрөө Нью-Хампшир мужийн хүн болохын хувьд манай багт дуртайяа нэгдэв. Ингээд Кливезийн Номын санд ажиллах баг бүрдсэн маань:
- Элчин сайд Уиллиам Браун, Кливезийн шавь, 91 настай.
- Цэвээндуламын Наранцэцэг, Пеннсилваниагийн их сургуулийн монгол хэлний багш
- Минжингийн Болорцэцэг, АМСТ-ийн захирал
- Ёнг Чо, Калифорнийн их сургуулийн багш, Юанийн үеийн урлаг судлаач
- Гриффин Крийч, Пеннсилваниагийн их сургуулийн докторант, Буриадын түүх судлаач
- Кристэн Пийрсон, Харвардын их сургуулийн докторант, Монголын археологи, нэхмэл эдлэл, материал судлаач
- Вэроника Петерсон, Харвардын их сургуулийн докторант, түүхэн археологи
- Наёон Ким, Принстоны их сургууль, Нейро шинжлэх ухааны доктор
Гол зорилго
Бидний гол зорилго бол Кливезийн үлдээсэн тэр их өвийг монгол судлаачдад хүргэх. Ингэхэд нэг том асуудал бий. Кливезийн өөрийн гэрээслэл ёсоор номын санд дахь номыг гадагш огт гаргаж болохгүй, салгаж болохгүй, зарж болохгүй. Тэгэхлээр номын сан хөдөөний тэр буйдхан тосгондоо л байна гэсэн үг. Тэнд судлаач нар очиж удаан хугацаагаар ажиллана гэдэг бараг боломжгүй зүйл. Иймээс гар бичмэл, бусад сонин эх баримтыг дижитал болгож, олон нийтэд хүргэх нь л чухал. Ийм том хэмжээний дижитал номын сан буй болгох нь мэдээж, нэг удаагийн аяллаар нэг хэсэг хүний хийчих ажил биш. Тиймээс энэ аяллын гол зорилго нь чухал үнэт материал бүрээс тодорхой хэмжээний жишээ цуглуулах, үүгээрээ номын сангийн эхлэлийг тавих ажил билээ.
Өөр нэг чухал зүйл бол номын санд соёлын өв бас буй. Зарим нь бүр элэгдэж муудаад, цаг алдвал устахын аюулд өртсөн байсныг анх очихдоо бид тогтоосон юм. Иймээс энэ удаад бүрэн төгс биш юм аа гэхэд ядаж ойрын хэдэн жилдээ муудахааргүйгээр хадгалах, сэргээх ажил хийхийг зорьсон болно. Сэргээх хадгалах ажлыг гардан хийсэн археологич Кристен Пийрсоноос тусгай ярилцлага авснаа танилцуулъя.
М. С. Кливезийн номын сан дахь нэг чухал соёлын өв бол Манж Монгол ноёны дээл байлаа. Энэхүү дээлийн нөхцөл байдал ямархуу байв?
К. П. Яг бүтэн дээл биш, харин торгон пансан дээр маш уран хатгаж бэлдсэн зах, нударга, энгэр зэрэг юм. Алт мөнгөн утас оролцуулан хатгасан тэр хатгамал бол үндсэндээ яг хэвээрээ, огт хуучирч муудаагүй байв. Хатгамлыг торгон пансан дээр бэлдээд, дараа нь нугалж, хатуу шар цаасаар ороосон нь хадгалах, илгээх арга нь байсан бололтой. Харин огт хэрэглэж байгаагүй, хэрэглэх хүн нь уг нь огтолж аваад дээлэндээ оёх учиртай байж. Эрэгтэй хүний луут дээл байсан бөгөөд бодвол эхнэр нь хатгамлыг нь дээлэнд нь оёж өгөх ёстой байсан биз. Ямар нэг шалтгаанаар тийм явдал тохиосонгүй, тиймээс ингээд үндсэндээ шинээрээ хадгалагджээ. Харин цаас нь ихэд гэмтсэн, тэр нь үүргээ сайн гүйцэтгэсэн, хатгамлаа хамгаалсан гэсэн үг юм.
М.С. Цаас үүргээ гүйцэтгэж, хатгамлаа хамгаалаад өөрөө муудаж. Одоо харин хатгамлыг хамгаалах бидний үүрэг иржээ. Хэрхэн хадгалав?
К.П. Нугалахгүйн тулд хүчлээс ангид нимгэн цаасаар тулгуур хийж өгөөд хүчлээс ангид хайрцагт хийж хадгаллаа. Хавтгайлаад эвхсэн байсан учраас нугалаас хуниас дээр ачаалал маш их төвлөрсөн байлаа. Тиймээс ахин тэр ачааллыг буй болгохгүйн тулд тулгуур хийж, ивж өгсөн юм. Ингээд хүчлээс ангид тусгай цаасаар гадуур нь бас боогоод, яг энэ өв багтахуйц тусгай хайрцагт хийв.
М. С. Бидний ажилласан дараачийн өв бол маш урт, нэн том ургийн бичээс байлаа. Бичээсийн цаас, хадгалалт зэрэг ямар байдалтай байв? Хэрхэн хадгалав?
К. П. Энэ бол бидний хувьд үнэхээр чангахан сорилт байлаа. Яагаад гэвэл маш урт юм. Бараг 25 метр байсан болов уу. Уртаас гадна маш өргөн, бараг 5 фут орчим (метр хагас) байсан. Нөхцөл байдал нь яах вэ, муугүй, гэхдээ цаас нь нэг төрлийн будааны цаас, маш нимгэн эд байлаа. Гайгүй хэвээр боловч дэндүү эмзэг юм. Ялангуяа нугалсан хэсгээрээ бол бүр тасрахдаа дөхөж. Хэр удаан ийм нугалаатай хэвтсэн юм, мэдэхгүй, Кливез дээр ирснээсээ хойш ч ийм байдалтай байсаар байсан байж ч мэднэ. Тэгэхлээр цаасны гол гэмтэл нь тэр нугалаасууд гэсэн үг. Иймээс өргөх зөөх зэрэгтээ нэн болгоомжтой хандав. Маш том эд учраас хөдөлгөх бүрийдээ байнга гурван хүн оролцож байлаа. Азаар хөгцөрсөн зүйл алга. Цаас ерөнхийдөө тогтвортой, гэхдээ нугалаасаараа нэлээд нимгэрч. Тэр нимгэн хэсэгт ачаалал өгөхгүйн тулд өргөх зөөх бүрийдээ олон хүн оролцож, хатуу картон цаасан дээр байрлуулж авч явж байлаа.
М. С. Зөвхөн хадгалах хамгаалах бус, бас баримтжуулан үлдээх ажил давхар хийсэн гэж байгаа. Энэ бас л хэцүү байв. Энэ талаар?
К. П. Харин тэглээ хө. Бичиг баримтыг хэсэг хэсгээр нь авсаар байж нийлүүлж, нэг том дүр зураг болгох арга чарга бодох хэрэгтэй байв. Учир нь бид нэг удаад тавхан фут (1,5 метр) л дэлгэж харж чадах боломжтой, дэлгэсэн хэсэг бүрээ баримтжуулсан ч дараа нь нийлүүлэн нэг цогц болгон ойлгоход асуудалтай. Үүний тул яг ижил хэмжээтэй, дараа нь залгахад яг таарахаар тооцож зураг авах ёстой гэсэн үг. Ингээд угийн бичгийг уртааш өргөөш метр хагасаар багтааж авах маш урт гурван хөл олж (олж гэдэг нь найзынх нь аав, мэргэжлийн зурагчин хүн гэрээсээ тусгай трипод авчирсныг хэлж байна. М. С.) зураг авуураа байрлуулав. Яг адил хэмжээ, байрлалаар авахын тулд огт хөдөлгөөнгүй байх ёстой. Тиймээс Кливезийн номын санд байсан эрдэм шинжилгээний сэтгүүлийн нээгээгүй хэдэн том хайрцгаар суурь хийж бэхэллээ.
М. С. Харин тийм. Болор эрхийг хэвлэсэн Scripta Mongolica гэж сэтгүүл тэгж та бидний зураг авуурын хөл болох шив дээ.
К. П. Тэр сэтгүүлтэй хайрцаг гурван хөлийг өндөрлөж өгөөд, дээр нь бас хүнд учраас маш сайн тулгуур боллоо. Ингээд нэгэнт тогтоож авсан зураг авуурыг огт хөдөлгөж болохгүй болсон учраас доогуур нь угийн бичгээ нэг талаас нь хуйлан, нөгөө талаас нь задлан хөдөлгөж эхэлсэн болно. Ингэж байж хэсэг бүрийг бүрэн, хавтгайгаар нь авч чадсан хэрэг. Дараа нь бүгдийг нийлүүлэхэд таарах байх гэж найдна.
М. С. Тэгээсэй л гэж найдаж сууна даа. За тэгээд хэдүүлээ өнөө урт хуйлмал бичиг рүү орсон гэж байгаа. Угсаа залгах, өв залгамжлах гээд хамаг чухал зарлиг тогтоолыг тэмдэглэсэн нэгэн хошууны олон арван жилийн бичиг байлаа. Хуйлмалын хадгалалт, байдал төрх нь ямархуу байв?
К. П. За энэ бичиг бол бидний ажилласан олон өвөөс хамгийн болоод хавьгүй хэцүү нь байлаа даа. Угийн бичиг өндрөөшөө хагас метр орчим байсан, хөдөлгөж зөөхөд олон хүн оролцож байснаа их хэцүү гэж дүгнээд жижгэвтэр энэ хуйлмалыг амархан янзалчихна гэж бодож байлаа. Гэтэл тийм биш байжээ. Энэ бичиг дээр ажиллаж байхдаа бид ихийг ч сурлаа. Байдал нөхцөл нь бол маш сайн. Багаахан урагдлууд бол байсан, гэхдээ тэр нь ноцтой биш. Урагдлууд нь голдуу хуудас хоорондын наалт дээр. Тэр нь ус суурьтай наалт байсан учраас муудаад салж эхлэх маягтай болж. Өөр нэг төрлийн гэмтэл бол тамга. Улаан өнгийн, ямар материалаар хийсэн нь үл мэдэгдэх тамгаар баталгаажуулж дардаг байсан нь нэн тосорхог, хуйлахад хүрсэн газар бүрдээ нялагдаж. Үүнийг бол засах боломжгүй, угаас бичиг баримтыг үйлдэж, хадгалж ирсэн арга нь л тэр юм. Бидний анхаарах янзлах ажил бол тэр тамга биш боловч бичигтээ яах аргагүй нөлөөлж, уншиж тодорхойлоход садаа учруулахуйц болжээ. Бусдаар бол бүтэн сайхнаараа хадгалагдсан баримт байна.
М. С. Хэрхэн баримтжуулав?
К. П. Түрүүчийн бичгийн адилаар хуйлмалыг задалж, зураг авуурынхаа доогуур бага багаар урсган, нөгөө талдаа хуйллаа. Зураг бүрийг хоёр дахин авч, давхцуулсан юм. Энэ явц маш удаан үргэлжлэв. Учир нь бичиг дэндүү урт ажээ. Анх хуйлаатай байхад нь багийнхаа гишүүдэд үзүүлэн, хэр урт байгаа бол хэмээн асуусан юм. Бага нь хорин метр, их нь дөчин метр болох байх гэж хариулж байлаа. Гэтэл тэр будааны цаас маш нимгэн байж, дэлгэж зураг авсаар байж дуустал 150 метр урт болдог юм даа.
М. С. Үүнийг үйлдэхдээ зарлиг, шинэ мэдэээлтийг нэмээд л наагаад яваад байжээ дээ?
К. П. Тийм, тэгж нэмсээр байж тийм урт, хөл бөмбөгийн талбайг хоёр нийлүүлсэнтэй тэнцэх шахам үргэлжилсэн бичиг болж. Энэ баримт дээр ажиллахдаа бид ихийг сурлаа. Хуйлмалын нэг хэсэг нь эхлэл гэсэн тэмдэгтэй, тиймээс бид нэг талаас дэлгээд нөгөө талдаа ороогоод дуусвал эхлэл нь төгсгөл болчихно, дараа үзэх хүнд хэцүү болно гэж тооцоолсон юм. Тэгээд дэлгэх буцааж ороох ажлаа хоёр дахин хийлээ. Гэтэл одоо эргээд бодоод байх нь ээ, энэ бичгийг судална гэсэн хүн бол тэртэй тэргүй бүгдийг нь дэлгэж л таарна, энэ тал дээр санаа зовж, цаг алдах хэрэггүй байсан бололтой. Гэвч ахиад өөр төстэй баримт буй, тэдгээрийг хадгалж хамгаалахын тулд ихийг ойлгож авсан ажил боллоо.
М. С. За тэгээд, гадна дотнын аюулаас хамгаалаад найдвартай болсон хойноо яг цаасанд боолттой чихэр шиг зүйл болчихлоо. Яагаад ийм болов?
К. П. Тэр бол бичиг баримтыг ахин хуйлж дууссаныхаа дараа ахин задрахгүй болгосон хамгаалалт юм. Архивын тайвек гэж материалаар боолоо. Хүмүүс тайвек гэхээр байшинг анх барьж байхадгаднаас нь бүрдэг материал гэж мэдээд байдаг. Тэрэнтэй адилхан материал, гэхдээ Дюпонт компани архивт зориулсан хувилбарыг нь арай өөрөөр үйлддэг юм. Маш сайхан эд дээ. Соёлын өвийг агаар, ус, шавжнаас хамгаалж чаддаг атлаа бас амьсгалдаг. Даавуу шиг оёж хатгаж болно. Цаас шиг бас хайчилж болно. Ийм олон талын ач холбогдолтой материал. Ингээд тайвекаараа хэд хэд давхарлан сайтар ороогоод хоёр талаас нь жижиг бүчээр боочихсон юм. Тэгэхээр яг тийм нэг чихэр шиг харагдаж байгаа хэрэг.
М. С. Тэглээ. Харагдах талаасаа ч, хальсан утгаараа ч хөөрхөн “чихэр”, ерөөс Монгол судлалд барьж буй сайхан “бэлэг” болчихлоо. Та угаас Монголын түүх соёл, археологийн холбогдолт өвийг засан сэргээх тал дээр ажиллаж байсан хүн. Өмнө хийж байсан ажлаасаа сонирхуулна уу.
К. П. Одоогийн байдлаар хамгийн сүүлчийн ажил маань энэ болоод байна. Өмнө би голдуу дундад зуун, түүнээс өмнөх үеийн материал дээр ажиллаж байлаа. Яагаад та бүхний санаачилсан энэ удаагийн төсөл дээр миний бие ажиллахыг сонирхсон гэхлээр би өөрөө археологийн нэхмэл сүлжмэл эдлэлүүдийг малтлагын талбарт ч, музейн тавцанд ч сэргээх янзлах туршлагатай юм аа. Олон жил ажилласны дүнд эмзэг эдлэлтэй харьцаж сурсан хэрэг. Энэ удаагийн ажил цаасан материал, миний өмнө ажиллаж байсан даавуу нэхмэл эдээс өөр ч гэлээ барих зөөх, дэлгэх хуйлах бүх л арга нь адил юм.
Өмнө хийж байсан ажлуудаас маань хамгийн алдартай нь гэвэл өнөө эртний монголчуудын “адидас” гэж алдаршсан Үзүүр гялааны гутал байна. Ховд аймгаас олдсон ганц эмэгтэй хүний булшнаас гарч ирсэн эд. Доктор Мөнхбаяр малтаж олоод, Соёлын өвийн төвийн мэргэжилтнүүд сэргээгээд, Үндэсний түүхийн музейд тавьсан байхад нь анх удаа олж үзэж байлаа. Ингээд Соёлын өвийн төвийн шугамаар хоёр зун дараалан энэ гутал дээр ажилласан юм. Материалыг нь судалсан хамтарсан шинжилгээгээ тахлаас өмнө хэвлүүлсэн билээ.
М. С. Энэ судалгааны хамгийн чухал үр дүн юу байв?
К. П. Маш чухал нэг зүйл бий. Гутлын нэхмэл нь, мэдээж эсгий нь бас өмсөж байсан хүний хийц, өөрөөр хэлбэл тухайн эмэгтэйн хамаарч байсан бүлэглэл болох бэлчээр дагаж нүүдэллэдэг улсын хийсэн эд болохыг тодорхойлсон юм. Энэ юугаараа сонин бэ гэхлээр тэр үеийн буюу Торгоны зам дагасан хэмээх газар нутаг, цаг үеийн нэхмэл эдлэлийн тухайд нэхмэл эдийг суурин соёлынхон л үйлддэг, газар тариалангийн талын соёл, бичил суурин үйлдвэрт л боловсруулдаг гэсэн тогтсон ойлголт байсан юм. Нүүдэлчдийг бол зөвхөн хэрэглэгчид, за сайндаа л Торгоны замын дагуу цааш түгээдэг “ченж” маягийн л үүрэгтэй, өөрсдөө бүтээдэггүй гэж үздэг байлаа. Гэтэл нүүдэлчид өөрсдөө гар урлаачидтай, өөрсдөө хэрэгцээгээ хангаж чадахуйц үйлдвэрлэлтэй байсан нь харагдаж байна. Тиймээс ийм эд өлгийн зүйл, нэхмэл эдлэлийг хийсэн аргыг тогтоох, орон нутагтаа өөрсдөө хийж чаддаг байсныг батлах нь маш чухал холбогдолтой, үүнээс монголчуудын он удаан зүйлийн нэхмэл бөс эдлэлийн бахархам түүх тодрох учиртай билээ.
М. С. Манай өв соёлыг судалж, хадгалж, хамгаалж буй танд баярлалаа.
Зочин
Зочин
Ganzorig
Ж.Урангуа
Ц. Эрдэнэбат