Дэлгэр-4
Гуравдугаар бүлэг
Хулан тэр бүсгүй надтай аз жаргал болон амьдралын тухай, хайр энэрэл ба зүрх сэтгэлийн тухай ярилцах дуртай байдаг байлаа. Хулан тэр бүсгүй намайг ихийг мэдэх ба мэдэхгүй зүйлсээ ч зөв бодож, зөв ойлгоод зөв ярьж хэлж чадна гэж бодно. Тэр надад итгэдэг байв. Би түүнийг, бас түүний бүхий л зүйлийг хүлээн зөвшөөрдөг болохоороо. Тиймээ Хулаан «Хүмүүс үхэшгүй мөнх байж чадна». Тиймээ Хулаан «Бид бүгдийн амьдрал мөнх байж болноо» гэж би түүнд хариулна.
Би түүнд «Хайр гэдэг тэр хамгийн их агуу зүйл мөн билээ. Тэр агуу их болохоороо, тэр аз жаргалыг дагуулдаг билээ» гэж хэлнэ. Харин тэр надад итгэдэг бөгөөд тийм болохоороо миний энэ үгсээс өөр илүү их баталгааг надаас үл шаардана.
Хулан тэр бүсгүй ихэвчлэн нимгэн цайвар цагаан цамц эсхүл жижигхэн цэцэгтэй шаргал ногоон өнгөтэй ноосон цамц, цэнхэр хөх өнгийн джинсэн өмд өмсөнө. Тэр юунд ч санаа зовохгүй.
Тэр юу ч хийхгүй яг л над шиг ажээ. Тэр өглөө босоод ажилдаа явна. Орой гэртээ ирнэ. Тэр өөр бараг хаашаа ч явахгүй бөгөөд харин хааяа заримдаа цаг гаргаад надтай уулзаж ярилцаж зугаалах дуртай байсан.
Хулан тэр миний ирж явахыг холоос олж хараад хүүхэд адил баярлана. Тэр миний царай нүүр лүү том алаг нүдээрээ эгц ширтэн харж байгаад л ямар юм, юу болж өнгөрснийг хөөрөн ярина.
Түүний аав хөдөө нислэгт яваад яаж ирсэн. Ээж нь, эгч нь өчигдөр уржигдар юу хийсэн тухай. Бас тэр ажилдаг газрынхаа тухай ярина.
Хулан тэр бүсгүй миний урд алхана. Тэр бүсгүй юм бодон дуугаа хураагаад чимээ үгүй алхана. Тэр эргэж хараад, миний нүд рүү хараад ингэж хэлэв.
«Дэлгэрээ! Гайхалтай юмаа. Тийм биш гэж үү?» гэж тэр надаас асуугаад: «Ухаан нь миний нэг найз эмэгтэй. Тэр нэг залууд маш их хайртай.
Түүнийхээ төлөө бол амь насаа өгөхөд бэлэн гэдэг. Тэр залуу бас адилхан түүнд хайртай байсан. Тэр хоёр бие биендээ хайртай байсан юм. Тэгсэн нөгөө тэр залуу өөр нэг бүсгүйд сэтгэлтэй болоод, түүнийг орхиод яваад өгсөн.» гэв. Тэгээд тэр надаас «Тэр хоёрын энэ хайр жинхэнэ хайр мөн гэж үү?» гэж асуулаа. «Мэдэхгүй байнаа. Хулаан. Гэхдээ миний бодоход хайрыг хүн зөвхөн сэтгэлдээ хадгалаж явах бус. Зүрхэндээ шингээж хайрлаж чадах ёстой байх л даа» гэж би түүнд хэлэв.
Тэгээд би «Тийм хайр хэзээ боловчиг, цаг хугацаа өнгөрөхөд улам бүр үнэнч болдог. Улам бүр уужим их тэнэгэр, тэнгэрлэг сайхан болдог. Тийм хайр араасаа аз жаргалыг дагуулдаг бус уу» гэж Хуланд хэлэв. Би түүнд хэлж ярьсан үгэндээ улам бүр урамшин баярлаж өөрөө өөрийгөө зоригжуулан явав.
«Тиймээ миний гадна байдал гоо үзэмж, эд хэрэглээ энэ бол олдмол зүйлс. Энэ бол төрмөл биш олдмол юмс. Тийм учраас энэ бүгдийг өөрчилж болно. Бүү шантар! Битгий гунь!» Би өөрөө өөртөө ингэж хэлэв.
Би өөрийгөө зөв зүгт чиглүүлж, би өөрөө өөрийгөө зөв үнэлж дүгнээд, хичээж чармайн тэмцэж чадах ёстой. Бүх зүйлс зөвхөн миний гарт байгаа. Миний сэтгэл бодол хоёр бол минийх. Миний тэсвэр тэвчээр, миний хайрын сэтгэл бас минийх. Миний оюун ухаан, зориг зүрх минийх. Тийм учраас. Би яаж явах зөвхөн надаас шалтгаална. Миний хувь тавилан миний гарт байгаа. Хуйлж явах дэлгэж явах, яаж авч явахыгаа би өөрөө мэднэ. Ингэж бодоод би ахин дэвших хүсэл сэтгэлээр жигүүрлэв. Би цэцэг адил дэлгэрч, шувуу адил нисэж, бүргэд адил амьдрах ёстой билээ надад ингэж бодогдоно.
Би дуугүй бодлогшрон алхана. Би ам үл нээнэ.
Тэнгэр дуугарч, тэрхэн агшинд тэнгэр борооны өтгөн хар үүлсээр хучигдав. Борооны ганц нэг дусал ус дусалж эхлэв. Хулан доошоо тонгойгоод юм бодон алхах ба тэр миний урд хоёр алхам зайтай алхана. Тэгээд тэр бүсгүй эргэж над руу хараад ингэж хэлэв. Тэр өөрөө өөртөө өгүүлэх адил зөөлхөн дуугаар «Тиймээ Дэлгэрээ чиний зөв. Гэхдээ бүх юмс зөвхөн Бурханы тааллаар болдог бус уу?» гэв. Тэгэж хэлээд тэр дахиад бодолд автав.
Тэр өдөр Хулан намайг хот ордог автобусны буудал хүртэл үдэж өгсөн юм. Тиймээ тэгэхэд надад анх удаа итгэж шүтэж явах амьдралын сайн сайхан, түүний төлөө тэмцэж мэдэрч амьдрах итгэл сэтгэл хоёр хамтдаа зэрэг төрсөн билээ.
Тэгээд би Хуланд хандан ингэж хэллээ.
«Тиймээ Хулаан. Бурхан бидэнд их юм өгсөн юм. Бид бүгдэд оюун ухаан өгсөн. Энэрч хайрлах сэтгэл зүрх өгсөн. Тэр бас бидэнд тэсвэр тэвчээр өгсөн. Бурхан бид нарт бүгдэд өгсөн юм. Харин бид нар Бурхнаас бидэнд хайрласан энэ бүгдийг зөв зүгт залж, зөв зохицуулж амьдрах ёстой билээ.
Яг эндээс л хүмүүс Бурхныг эрж хайдаг байвал нь тун их сайнсан! Хааяа нэг заримдаа би ингэж боддог юм» гэж би түүнд хэлэв. Хулан «Дэлгэрээ чи түүнийг Бурхныг олж харсан уу?» гээд «Энэ бол боломжгүй юм л даа. Гэхдээ чи зүүдэндээ ч юм уу эсхүл мөрөөдөхдөө Бурханыг олж харсан уу?» гэж тэр надаас асуулаа. Тэгээд тэр бүсгүй «Би бол харсан Би нүдээ аниад мөрөөддөг. Би нүдээн аниад залбирдаг.Бурхан миний нүдэнд биш. Бурхан миний сэтгэл зүрхэнд үзэгддэг юмаа...» гэж хэлээд тэр хөгжилтэй сайхан инээлээ. Тиймээ Бурхан хүний нүдэнд бус. Бурхан хүний сэтгэлд харагддаг. Бурхан хүний зүрхэнд үзэгддэг. Тийм учраас хүмүүс нүдээ аниад тэвэрдэг үнсдэг боддог. Нүдээ аниад мөрөөддөг. Нүдээ аниад залбирдаг. Хайрлахдаа уйлахдаан хүмүүс бас нүдээ анидаг билээ. Ингэж бодоод би түүнд хэлэв. «Тиймээ Хулан минь. Чиний зөв. Бурхан хүний нүдэнд биш. Бурхан хүний сэтгэл зүрхэнд үзэгддэг билээ.» гэж би түүнд хэлэв. Тэгээд би цааш нь хэлэв. «Ганцаардан, уйтгарлаж, гунигтай суух тэр мөчид би Бурханыг санагалзан мөрөөдөж суудаг юм.» гэлээ.
Хулан бид хоёр, хоёр цаг гаруй хамт алхжээ. Бид хоёр цэцэрлэгт талбайн хашаанаас гарч хот явдаг автобусны буудал чиглэн алхав.