Алтангэрэлт судар-37
Хутагт Алтангэрэлт буюу Судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх Их хөлгөн судар оршвой
ДӨРӨВ:
Жавалахана тэр нэгэн цагт их баярын идээ зооглоод дарсанд согтов. Тэгээд түүнийг унтах үест их тэмдэг түүний зүүдэнд үзэгдэв. Энэ.мэт. Тэр түмэн загас үхэх цаг нь ирэхэд, тэд бүгдээрээ гучин гурван тэнгэрийн оронд төржээ. Тэд бүгдээрээ бид ямар их буян номын авралаар энэ их тэнгэрийн оронд төрсөн билээ? хэмээн бодох ажээ. Тэгээд тэд бид урьдын тэр цагт замбуу тивд адгуусны төрөлд загас болж төрсөн. Тэр цагт цөөрмийн ус ширгээд бид үхлийн ирмэгт очсон. Тэр цагт Жавалахана гэгч өөрийн хоёр хүүгийн хамт ирж бид бүгдийн амийг аварсан. Тэр бид нарт их шүтэн барилдлагын гүн утгат их ном айлтгасан. Тэрбээр бидэнд түүнчлэн заларсан, дайснаа дарсан үнэнхүү төгссөн Радна-шикхин бурханы алдрыг дуудан дуурсагсан. Буян номын энэ мэт шалтгаанаар бид бүгдээрээ тэнгэрийн оронд төрсөн. Мөн Жавалахана тэр эргэх буцах сэтгэл үгүй олон түм буман хүмүүсийг өвчнөөс салгаж үхдээс аварсан. Энэ их буяны үйлийг бид санагалзах ёстой.
Тийм учраас. Бид одоо Жавалхана тэрбээр хаана байна? Тэр газарт очих болно. Түүнд тахил өргөх хэрэгтэй билээ хэмээн тэд ярилцав. Ийн хэлэлцээд тэд өөрсдийн биеийг нууцлан гучин гурван тэнгэрийн орноос замбуу тивд ирэв Жавалахана түүний гэрт тэд ирлээ. Жавалахана нойрсож байв. Тэгээд тэнгэрийн хөвүүд, охид нэг түмэн сайн сувдан зүүлтийг Жавалахана-гийн тэргүүний дэргэд тавив. Нэг түмэн зүүлт хөлний нь хажууд, мөн баруун зүүн талд нь нэг, нэг түмэн сувдан зүүлт тавив. Тэр үест тэнгэрээс мандарваа цэцгэсийн хур буув.
Тэнгэрийн их хөгжим эгшиглэв. Замбуу тивийн хүн амьтан бүгд нойрноос сэрэв. Жавалахана тэр бас сэрлээ.
Тэгээд нэг түмэн тэнгэрийн хөвүүд охид тэд тэнгэрт нисэн Сурашвара-прабха хааны улс оронд мандарваа цэцгэсийн хур буулгав. Тэд мөн цөөрөм хаана байдаг тэр газарт мандарваа цэцгэсийн хурыг булгасан. Тэгээд тэд замбуулангийн хүн амьтанд үл үзэгдэн тэнгэрийн орондоо эргэж одсон билээ. Тэд хүслийн орондоо цэнгэлийн манлайг эдлэв.
ТАВ:
Замбуу тивд үүр цайлаа. Сурашвара-прабха хаан нойрноос сэрэв. Тэр хаан “Ямар учир утгаар энэ гайхамшигт юмс үзэгдэв?” хэмээн өөрийн албат түшмэл зөвлөх нараас асуув. "Тэнгэр дээдэс минь болгоож соёрх. Жавалахана түүний гэрт урьд шөнө дөрвөн түмэн сувдан зүүлтээр тэнгэрээс хур буусан. Өвдөг шүргэн мандарваа цэцгэсийн их хур тэнд бас буусан хэмээн тэд хаанд өгүүлэв. “Та нар Жавалахана түүнийг өнөөдөр энд ирүүлэгтүн” хэмээн хаан тэдэнд зарлиглалаа. Жавалахана хаанд бараалхав.
Хаан. “Жавалахана өнөөдөр болсон энэ гайхамшигт үйл явдалын учрыг чи мэдэхүү?” хэмээн өгүүлэв. Жавалахана. "Тэнгэр дээдсээ. Би үүнийг мэдэж болно. Хадан хавцалд орших тэр нууранд байсан түмэн загаснууд үхсэн болов уу. Тэр загаснууд үхсэн, эс үхсэн болохыг мэдүүлэхээр миний хүү Жаламбара-г тийш нь илгээх хэрэгтэй" хэмээн тэр өгүүлэв. Хаан. “Тэр мэт. Үйлдэгтүн” хэмээн зарлиглалаа. Тэгээд тэр хүү тийшээ очоод эргэж ирээд. “Тэнгэр дээдэс минь болгоон соёрхоно уу. “Тэр загаснууд бүгд үхсэн байна. Тэнд мандарваа цэцгэсээр хур буусан байна” хэмээн хаанд айлтгалаа. Тэгээд Жаламбара тэр хүүгийн эцэг Жавалахана хаанд бас ийн айлтгалаа. “Тэнгэр дээдэс минь. Тэр газарт би тэр цагт, тэр нэг түмэн хөөрхий загаснуудад ном айтгасан билээ. Миний айлтгасан номын хүчээр, тэр загаснууд бүгд сайн төрөл олоод, гучин гурван тэнгэрийн оронд төрсөн ажээ. Тэд нар миний гэрт урьд шөнө дөрвөн түмэн сувдан зүүлтээр хур буулгасан байна. Тэд манай улс оронд болон бусад олон газарт их мандарваа цэцгийн хур буулгасан байна” хэмээн эл утга учрыг нягт нарийн тайлбарлан айлтгав. Хаан түүнийг даган баясав.
ЗУРГАА:
Бурхан багш язгуурын охин тэнгэр Самукчаяа-д зарлиглав.
Язгуурын охин тэнгэрээ. Тэр үед Сурашвара-прабха хаан. Тэр бол Шагжа хаан байсан. Шуддодана /Сайн идээт/ хаан бол Жавалахана-гийн эцэг.Жатимдара /Шанхийг баригч/ хэмээгч байсан юм.
Язгуурын охин тэнгэрээ. Шагжаан охин Гопа /Газар тэтгэгч эх/ тэр цагт Жавалахана-гийн эхнэр Жаламбу-гарба гэгч байсан. Ананд тэгэхэд Жавалахана-гийн хүү Жалагарба /Усны хувцас/ гэдэг нэртэй байсан билээ.
Язгуурын охин тэнгэрээ. Жваланан-тратежоража хаан тэргүүтэй нэг түмэн тэнгэр дээдсүүд тэр цагийн, тэр үед нэг түмэн загас байсан юм. Би тэр үед тэднийг идээний дээдээр цэнгүүлэн, гүн их номыг болгоож түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэнхүү төгссөн Радна-шикхин бурханы алдрыг дуурсагсан билээ. Тэр буянт үйлийн шалтгаанаар тэд бүгд гучин гурван тэнгэрийн оронд ирсэн. Ийнхүү тэд өнөөдөр дээр үгүй үнэнхүү их бошгийг үзүүлсэн.
Язгуурын охин тэнгэрээ. Энэ мэт. Орчлон ертөнц эргэх тул олон амьтныг бодь хутагт боловсруулан үйлдэгтүн. Тэдгээр бүгдийг дээр үгүй үнэнхүү төгссөн бодь-д /Гэгээрэх сэтгэл/ эш бошгийг үзүүлэх тэр газрыг олж мэдэж үйлдээрэй хэмээн Бурхан багш зарлиглав.
Жич: Энэ бүлэгт “Төрлийн шалтгаан байх аваас. Хөгшрөх, үхэх, болон гаслан, харуусал, зовлон, сэтгэл хямрал, амгалан үгүй сэтгэл энэ мэт олон зүйл юмс төрөх болно. Тэр мэт. Зовлонгийн их цогцос бүрдэх болно. Харин мунхагын үүдийг хааснаар хуран үйлдэгсэд хаагдах болно. Тэр мэт. Зовлонгийн их цогц энэ бас хаагдана хэмээн номлосон” Энэ мэт. Орчлонгийн амьдралын шалтгаан хийгээд авир ёсны талаар айлдсан байдаг.