САЙН ДУР, САЙН ДҮР
"Үндэстний ТОЙМ" сэтгүүл жил бүр монголын нөлөө бүхий 20 сэтгүүлчийн саналаар "Оны онцлох 10 хүн"-ийг тодруулдаг. Энэ жагсаалтанд 2020 онд Ч.Ганжавхлан нэрлэгдэж байв. Тухайн үед "Үндэстний ТОЙМ" сэтгүүлд түүний тухай бичсэнээ хүргэж байна.
Үл итгэхүйг туулахуй
Сурагчдын зөвлөл, оюутны зөвлөлд яаж ийгээд л орчихсон явдаг залуучууд байдаг даа. Дээр нь илтгэх урлаг, мэтгэлцээний клубт тогтмол хамрагдана. 2000-аад оны эхээр ийм залуучууд бүр гаарсан юм. Тэдний олонхи нь том болоод аль нэг намын залуучуудын байгууллагын хаалгыг татаж, одоогийн “цүнх баригчид”-ын армийг бүрдүүлсэн. Бас цөөнгүй нь бүдүүн дарга нарын өмнөөс аавын хаалга татах шахсан, татсан нь ч бий. Ямартай ч нусан багын хүсэл мөрөөдөл нь одоо ширэн нүүрээр солигдсон.
Ч.Ганжавхланг олон залуус, тэр дамаа үе тэнгийнхэн нь өнөө л цүнх баригч “хэнхэг”-үүдийн нэг гэж харж хардаг байсан цаг саяхан. Бээжин хотын МОХ-ын сургалтын албаны дарга, “Нэг хуудас цагаан цаас” илтгэл, “Босоо” Ганбаагийн туслах гээд түүний албан бус намтар ингэж бодоход хүргэсэн хэрэг. МҮОНРТ-ийн “4 урилга” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж, 2012 онд “Лантуун дохио” төрийн бус байгууллага байгуулж, хүчирхийлэлтэй тэмцэж эхэлснээс хойш түүнийг ингэж үл итгэхүйн нүдээр харах нь багассан.
“Сайн дур”-ын сайн тал
Volunteerism гэдэг нь velle буюу хүсэх гэсэн латин үгнээс гаралтай. Энэ дурыг монгол хэлнээ “сайн дур” гэж орчуулсан нь чухам л нүдээ олсон оноолт. “Сайн дур”-ыг “бөөн дур”-тай андуурч болохгүй, “сайн байх дур”-тай эндүүрч бол бүр болохгүй. Уг нь “сайн дур” бидний ёс уламжлалд нэвт шингээстэй бий. Монгол судлалын домог Лев Гумилев “Анд нөхөртөө тусалсангүй гэж иргэнээ шийтгэдэг хуультай улс Монголоос өөр байсангүй” хэмээсэн нь бий. Монголын нүүдэлчин ахуйг жалга жалга дагасан айлууд хэмээн адалдаг ч, аж төрөхүйн хамаг хэцүү бэрхшээлтэй ажлуудынхаа ард монголчууд хамтын хүчээр гардаг уламжлалтай. Ардын билэг зүй, үндэсний урлагт ч энэ нь шингэн үлдсэн.
Түүхч Д.Сэрдарам өгүүлрүүн, “Монгол ахан дүүс” гэж ярилцдагаараа бид бусад үндэстнүүдээс онцгойлон ялгагддаг. Иймээс дээд үедээ ураг төрлийн барилдлагаар холбогдсон нэг өвөг дээдэстэй Монгол ахан дүүсүүд цөөхөн ч гэсэн овгуудынхаа хүрээнд харилцан дотносож, өнчин ядуус, ядарсан хүмүүсээ асран тэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцдаг олон сайхан заншил, баяр ёслол эрт үеэс бий болж эдүгээг хүртэл уламжлагдан иржээ. Энэ сайхан уламжлал Төвдийн ламаизм, Манжийн засаглал, ЗХУ-ын дагуул улс болсон 500 жилийн түүхэн хугацааг дамжиж бусдаар өөрсдийн хувь заяагаа мэдүүлдэг болсноос хойш алга болжээ” хэмээжээ.
Чингэхээр “Сайн дур”-ын үйл гэдэг бол улс орны сэтгэлгээний дэвшил, соёлын соёлын түвшингийн илэрхийлэл юм. Дэм дэмэндээ дээс эрчиндээ явах цагтаа бид дэлхийг эзэлсэн соёлт гүрэн байж, нэг нэгнийхээ улыг шагайх үедээ бид бусдын хараат, социалист утопийн туршилтын туулай болж байжээ.
“Сайн дур”-ын сайн дүр
Чадраабалын Ганжавхлан бол хар багаасаа сайн дурын ажил хийсэн хүн. “Хамтын халуун сэтгэл”, “Бүгдээрээ дулаахан өвөлжье” гээд түүний гардаж байсан сайн дурын аянуудыг санах нэг нь санаж л байгаа. Хамгийн гол нь түүний үүсгэсэн клубууд хэсэгхэн сайхан ажил хийгээд тарчих биш улам бэхжиж, сайн дурын ажилдаа мэргэшиж иржээ. Өдгөө түүний цуглуулсан, хүрээлүүлсэн залуус Ганжавхлантай Ганжавхлангүй сайн дурын ажлаа хийгээд явчих чадалтай болсон нь гол дэвшил. “Үүжгэнэ жүүжгэнэ өглөөний клуб”, "Хамтын халуун сэтгэл", "Bright Mongolia”, “Кофе Монголиа”, "Self Publish Ulaanbaatar”, “Тархи цэнэглэгч” клуб, “Номын жор уулзалт” гээд түүний санаачилсан, гар бие оролцсон, зөвлөн тусласан хамтын оролцооны ажил, клуб төслүүд олон.
Энэ талаараа Ч.Ганжавхлан эдүгээ иргэний нийгмийн алдартай менежерүүд болох Хүчирхийлийн эсрэг үндэсний төвийн Д.Энхжаргал, “Глоб Интернэшнл”-ийн Х.Наранжаргал, Урлагийн зөвлөлийн Ц.Ариунаа нартай зэрэгцэхээр идэвхжүүлэгч, бодлогын зөвлөх болжээ. Манайхны чамирхан биесээ цоллодгоор, “инфлүенсэр” гэмээр ч юм уу.
“Ид шидийн орон-2”
Ч.Ганжавхлангийн хувьд “Ид шидийн орон-2” төсөл дээр гол анхаарлаа хандуулж ажилласан гэдгээ нийгмийн сүлжээнд бичжээ. Өнгөрсөн жилүүдэд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд “Ид шидийн орон-1” төслийнхөө үргэлжлэл болгож Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст “Ид шидийн орон-2” төслөө эхлүүлэн, ажил нь үндсэндээ дуусчээ. Зургадугаар сарын 3-нд барилгын ажлаа эхлүүлсэн уг төслийн явц өмнөх төслөөсөө илт урагштай байж, ирэх нэгдүгээр сард тохижилтоо дуусгаж, дөрөвдүгээр сараас хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөөд байна.
Ч.Ганжавхлан төслийнхөө талаар “Засгийн газрын мэдээ” сонинд өгсөн тодруулгаас эшэлье:
“...Энэ төвдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай бүлэг нээнэ. Мөн бүжиг, йога, бясалгал, балет зэрэг өмнөх төвд байгаагүй зүйлсийг шинээр оруулахаар төлөвлөж байгаа. Ойролцоогоор 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэхдээ тэр хавийнхаа 2-3 мянган хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой...”
“Ид шидийн орон 2” нь нийт 7000 ам метр талбайтай, үүнээс ашигтай талбай нь 1400 ам метр энэхүү төвийн бүтээн байгуулалтад одоогоор хоёр тэрбум, 120 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа аж. Төслийг 100 хувь дуусгахад дахин 170-180 сая төгрөг шаардлагатай байгаа гэнэ. “ЖДҮ”-чин сайд нарын хувьд ч сэтгэл чилэхээр мөнгө биш ч жирийн ардын хувьд 10 гаруй жилийнх нь цалин. Гэхдээ л олны хүч оломгүй далай гэдэг монгол үг бий.
2020 он
Үндэснтний ТОЙМ сэтгүүл.
"Эргэлтийн цэг" дугаар
Sarnai
Зочин