БАТЗАЯА ДҮҮТЭЙГЭЭ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭНЭМ

Батзаяа маань яваад өглөө. Бид хоёр ах дүүгийн хүүхдүүд, миний үеэл дүү. Бидний өвөг эцэг олон хүүхэдтэй байсан. Тэндээс Батзаяагийн аавынх бүр олон хүүхэдтэй, дээр нь бас хоёр өргөмөл бандитай. Ингэхээр надад хамаарах үеэл хаяал тэдний үр хүүхэд ач гуч гэхээр шоргоолжин түм. 100 жилийн дотор нэг хүний үр удам ийм олон болдог аж.

Өвөг эцгээс доош энэ олон үр ач нар эцгийн талаас бүгд Завхан Цагаанхайрхан сумынхан, харин эхийн талаас Монголын бараг бүх аймагт хамаарах байх. Эцэг эх маань сургууль төгсөөд Архангайд хуваарлагдаж битэнд төрсөн, харин хоёр дүү нь тэндээс гэрэлсний нэг нь Батзаяагийн ээж. Хэдийгээр тэднийх олон хүүхэдтэй ч тун багад нь ээж нь өөд болсон учир хагас өнчин өсцгөөсөн юм. 

Жүжигчний авъяас нь их багаасаа илэрсэн, хошин шог зантай, бусдыг элэглэх чадвартай болохоор хүн болгон л том болоод жүжигчин болох хүүхэд гэдэг байж билээ. Үнэхээр ч дунд сургууль төгсөөд Багшийн дээдийн кино драмд орсон. Оюутан байхдаа хэд хэдэн кинонд тоглосноор улс даяар танигдах болсон юм. Дүрүүд нь голдуу л хошин шог талдаа.

Хүүхдийн театрт Нямгаваа найруулагчийн дор ажиллаж байхдаа 1979 онд цэрэгт татагдваа. Хятад, Вьетнамын дайн болсон учир Монгол улс цэргийнхээ хүчийг эрс нэмэгдүүлж бараг л эр хүйстэй болгоныг армид татсан жил л дээ. Санжийн Баяр, Дашдоржийн Баярхүү гээд өдгөө хүмүүсийн сайн таних найз нар маань явсан. Тэд тэндээ офицерууд болсон. Харин Батзаяа армид үлдэхээс татгалзан гурван жилийн хугацаат цэргийн албыг хаасан даа. 

1990 оны хувьсгал бүх хүнд цаашид амьдралаа хэрхэн зохиохын өөрснөө шийдэх бололцоо олгосон юм. Алдсан нь ч бий, оносон нь ч бий, огт сонголт хийгээгүй төрдөө үлдсэн нь ч бий. Урлагийнханд бүр ч том боломж, сонголт өмнө нь хаалгаа нээжээ. Сосорбарам, Найдандорж, Онон, Одончимэг, Батзаяа гээд нийгэмд хэдийнээ байр сууриа олчихсон байсан найруулагч жүжигчин залуучууд чөлөөт уран бүтээлийн замыг сонгосон юм. Үнэндээ үзэл суртлын үнэгүй зарц явсаар залхсан байх.

Батзаяа бусад жүжигчдийг талдаа татан, Улаанбаатарын том том заал түрээслэн голдуу инээдмийн хошин үзүүлбэр, бичил тоглолт тоглохоос чөлөөт уран бүтээлээ эхэлсэн. Ийм төрөл Монголдоо анхных байсан, тэгээд ч түүнийг зарим нь хошин шогийн анхны хаан гэж нэрэлдэг байлаа. Жэксоныг попын хаан гэдэг байсан шиг. Анхных учир үзэгчид ч шаваастай. 

Хошин урлаг Монголын театрын урлагт бие даасан том төрөл болон өргөжсөн. Чанар, далайц, сэдэв, ололт, оролцоо ч тэр дороо маш хурдан өргөжин тэлж билээ. Удахгүй хүрээгээ тэлж кино дэлгэц, телевизийн дэлгэцэд нэвтэрсэн билээ. Хошин урлагийг ч кино дэлгэцэд хүргэх ажлын анхдагчийн нэг нь Батзаяа. Үзэл суртлаас чөлөөтэйгээр гэдэг утгаараа. Явсаар хошин урлагт хамгийн авъяастай чадалтай жүжигчид, найруулагчид цугласан, тэд ч хамгийн сонирхолтой, шинэлэг, асуудал дэвшүүлсэн тоглолт үзүүлэх болсон ба найруулга, тайз засал, шинэ санаа, орлогоороо тэргүүлэх болжээ.

Хошин урлагийг ихэд басамжлан жигшлээ илэрхийлдэг “шүүмжлэгч” нэлээд харагддаг. Атаархагчид даа. Аль эртний Герегээс урлагийн энэ төрөл нийгмийн амьдралд том орон зай эзэлсээр ирсэн. Шоглолын мэдрэмж гэж хүний оюуныг сорьсон илтгэцүүр бий гэх. Дотроо ч сатир, сарказм, юмор, онигоо, пароди, аллегор, мимик гээд олон төрөлтэй, Батзаяа бараг бүгдэнгээр нь дамжсан.

Батзаяагийн маань үлдээсэн дүр бидэнтэй олон жил цуг амьдрана. Замдаа амар амгалан яваарай, дүү минь!

2021.12.11