Нэгдүгээр бүлэг

Олон жилийн өмнө энэ явдал болсон билээ. Намайг Дэлгэр гэдэг. Тэр үед би Украйнд уул уурхайн их сургуульд сурдаг байсан юм. Тэр жил 1974 оны зун би оюутны зуны амралтаараа Улаанбаатар хотод ирсэн байлаа. Тэгэхэдүнэндээ би юу ч хийдэггүй байв. Хаяа нэг ном уншина, ерөнхийдөө ихэвчлэн унтана.Телевиз харж хэвтэнэ. Заримдаа би хийх ажилгүй дэмий алхана. Хаана хамаагүй, шөнө дүл болтол тэнүүчлэнэ. 7-р сарын эхний долоо хоногийн тэр нэгэн орой, би хотын төв гудамж «Энхтайван»- ны өргөн чөлөөгөөр алхаж гарав. Нам гүм, нам гүмхэн тийм нэг сайхан орой байсан санагдана. Хаа нэгтэйгээс авто машины хурц шар гэрэл гэнэт цацран гарч ирээд, төдий удалгүй бүдэгхэн цайвар цагаан гудамжны гэрэлд ойж, солонго татуулан хоосон харанхуй агаарт шингэж алга болно. Замын хоёр талаар ойр ойрхон хоёр эгнээ тарьж ургуулсан өндөр өндөр хуш, улиас моднууд байх бөгөөд бас явган хүний цардмал зам, түүний захыг нь эмжиж жижигхэн сөөг бут моднуудыг их л шигүү тарьсан ажээ. Би Улсын их дэлгүүрийн урдуур өнгөрч төв шуудан чиглэн алхав. Гэрэл муутай боловч гоё модот өргөн гудамж дуусахад, миний зүүн гар талд төв шуудангийн том шар барилга үлдлээ. Би зам хөндлөн гарч, Сүхбаатарын талбайн урд талд байдаг цэцэрлэгт хүрээлэн рүү эргэж оров. Миний хүүхэд ахуй насны минь дотно танил дүр зураг, сэтгэл татам уянгалаг сайхан төсөөлөл тэрхэн зуур надад төрлөө. Тэгээд би улирч одсон гэгээн сайхан дурсамжаа санагалзан, өөрийн эрх үгүй санаа алдан түр зогсов. Би цэцэрлэгт талбайг урдаас нь хойшоогоо нэвт өнгөрч, Сүхбаатарын талбай руу ордог хуучин цагийн хийцтэй, бат бөх чулуун хаалганы хажууд ирэв. Хаалганы хажууд хоёр залуу бүсгүй зогсож байлаа. Тэдний нэг арай ахмад болов уу? гэмээр нарийхан туранхай биетэй, цагаан царайтай тэр бүсгүй царайлаг сайхан бүсгүй байлаа. Би тэдэнтэй мэндлэв. Зөрүүд гэмээр ширүүн төрхтэй тэр бүсгүй надад бараг анхаарал хандуулсангүй. Харин нөгөө нэг нь 20 орчим насны бүсгүй байсан бөгөөд, нарийхан туранхай биетэй, том алаг нүдтэй тунчиг их царайлаг бүсгүй байлаа. Тэрээр намайг гайхан харж, ямар нэг юм амандаа шивнэн хэлэв. Тэгээд тэр надаас харцаа буруулан буруу тийшээгээ харж зогслоо. Тэр бүсгүй дээшээгээ тэнгэр өөдөөгөөн харан зогсох ажээ. 

Тэрхэн агшинд би биеэ барин сандарч эхлэв. Би бага зэрэг зориг ороод «Намайг уучлаарай» гээд «Уг нь би энд Сүхбаатарын талбайд нэг найзтайгаа уулзах гэж ирсэн юм л даа. Одоо цаг хэд болж байгаа бол?» хэмээн би ямар ч гэмгүй нэгэн билээ гэх аялгаар тэднийг аргадаж, учирлаж тайлбарлан хэлэх аядав. «Залуу минь цаг. ..тэр байна» гээд гудамжны гэрлийн шонд өлгөсөн том шар цагийг заагаад «Сүхбаатарын талбай бол энэ дээ» хэмээн арай эгчмэд ширүүн төрхтэй тэр бүсгүй надад хандан, хүйтэн хөндий аялгаар хэллээ. Би бүсгүй хүний ер бусын сайхан, тэр өнгө аясыг мэддэг хэдий ч ингэтэл цочирдон сандарч байгаагүй билээ. Чухам ямар хэргийн учраас би тэр бүсгүйчүүдийн хажууд очоод, зовлон тоочин зогсох учрыг би өөрөө ч үл ойлгоно.

Тиймээ. Тэгэхэд надад харуусал, гуниг хоёр хамтдаа зэрэг төрсөн билээ. Би өөртөө байдаг хамаг сайхан юмсаа, итгэл ийгээд сэтгэлээ сохор зоосны үнэгүй алдсан мэт надад бодогдов. Харуусал гэхийн учир гэвэл энэ билээ. Би тэднээс түргэн холдон явахыг хүсэж эхлэв. Тэглээ гээд би яах билээ?Сайхан бүсгүйг харахад жаргал мэт санагддаг тийм нас, тийм л үе байсансан.Төдий их удсангүй, улаан өнгөтэй «Москвич» маркийн авто машин бидний хажууд ирж зогссоноор, би тэдэнтэй салах ёсыг гүйцэтгэн «Баяртай. ...сайхан амраарай. ...дараа уулзана шүү» гээд гар даллан хоцров.Тиймээ би санаж байна. Тэр өдөр Баасан гариг байсан юм.

Тэгээд тэндээс би гэр рүүгээ алхав. 

Би бодлоо. Эцсийн эцэст сайхан муухай, баян ядуу энэ хамаагүй. Яагаад гэвэл тэр мөнх бус. Тийм учраас бүү гунигла. Битгий харамс. Сайхан юмны өмнө нүд бөхийдөг. Оюун ухаан, итгэл сэтгэл бодлын өмнө орчлон ертөнц тэр өөрөө бөхийдөг бус уу? Зоригтой бай. Бас бодолтой бай. Зорилготой байх хэрэгтэй. Ямар ч үед өөр өөр юманд, яаж хандахыгаа мэддэг байх хэрэгтэй. Бүх зүйл бүгдэд ижилхэн байдаггүй ажээ хэмээн би бодов.