Эрлийз гэх элийрлийг задлаж, эх үүтгэлийг нь тогтоовол, социалист нийгмээс улбаатай коммунист үзэл суртлын нэг илрэл эрлийз гэх ангич үзэл хийгээд хятадаас айх айдас мөнхүү хийрхсэн айдас ба бусдыг буруутгах зөн мэдрэмж оршиж байна. Эдгээр үзэл, мэдрэмжээр дамжуулан монголчууд бидний оюун санааны бодит байдал, хэм хэмжээ, шинж гадагш тусч байна.

Эхнийх нь эрлийз гэх ангич үзэл. Халагдах учиртай боловч эс халагдсан эрлийз гэх ангич үзэл иргэдийн оюун санаанд нөлөөлсөн хэвээр, ертөнцийг үзэх үзлийг орлосон хэвээр байна. Коммунист үзэл суртлын ангич шинж нь эсрэг тал, дайсан этгээд гэсэн агуулгаар илэрдэг байсан юм байна. Дайсан хэрэгтэй, түүнтэй байнгад тэрсэлдэн тэмцэлдэх хэрэгтэй,ялж дийлж баатарлаг гавъяа байгуулах хэрэгтэй, дайсантай тэмцэгч баатар хүн хэрэгтэй. Эсрэг тал, дайсан этгээдгүй бол коммунист үзэл суртал агуулга, утгаа алдаж, ангич үзэл биш болно. Дайсан этгээд байж гэмээнэ коммунист үзэл суртлын мөн чанар нь тодорно, оршин байхнөхцөл нь бүрдэнэ. Ийм учир бүхий үзэл байсан байжээ. Мэдээллийн сувгаар иргэдийнхээ тархийг угаасан нэвтрүүлэг цацаж, АНУ, Япон, тэргүүтэй империалст гүрнүүдийг дайсанд тооцож, тэдний муу муухайг сурталчилж, эдгээр улсууд хийгээд Хятадыг эсэргүүцсэн үзэл, итгэл үнэмшлийг суулгаж өгнө. Коммунист үзэл суртлын нөлөөгөөр хятад гарвалтай хүмүүсийг нийгмийн дайсанд тооцож, мах цус, яс сэтгэл бүхий л зүйлээрээ эсэргүүцэж, үзэн ядсан сэтгэлгээ, хүмүүжил, үзэл социалист нийгэмд оршин амьдарч байсан хүмүүст хэвшин тогтсон юм байжээ.Тэр цагийн нийгмийн дайсан энэ цагт мөн л улс орныг сүйтгэж буйдайсан этгээдээр тодорч буй нь коммунист үзэл суртал иргэдийн оюун санаанд нөлөөлсөөр байгаагийн, ангич үзлээрээ улс нийгмийнхээ нөхцөл байдал, үйл явдал, үзэгдлийг харж, хүлээн авч, хариу үйлдэл үзүүлсээр байгаагийн шинж болно.Төрийн тэргүүн, сайд, дарга нарыг эрлийзээр тодруулж, тэднийг хийгээд эрлийз хүмүүсийг хайр найргүй буруутгаж, айж болгоомжилж, үзэн ядаж,хардаж сэрдэж, хараан зүхнэ, гүтгэн гүжирдэж ер нь болхамаг чадлаараа, цаг үргэлжид тэмцэлдэж байгаа явдал эрлийз гэх үзлийн нөлөө, үйлчлэл юм байна. Үнэндээ бол улс орныг сүйтгэж байна гэж буруутгаад, үзэн ядаад байгаа эрлийз гэх дайсан этгээд манай улс нийгэмд бодитой оршдоггүй. Энэ дайсан этгээд байхгүй гэсэн үг. Ангич үзлийн нөлөөгөөр бидний оюун санаа, оюун сэтгэлгээ, итгэл үнэмшил, үзэл бодолдоо бий болгосон,бодит бус хийсвэр дүр юм. Хий хоосноос, үндэслэлгүйгээр,зохиомлоор, хий төсөөллөөс бий болсон дүр юм энэ. Эрлийз хүмүүс хийгээд эрлийз гэх дайсан этгээд хоорондоо ялгаатай. Манай улсад оршин амьдардаг эрлийз хүмүүс бол улс нийгмийг сүйтгээд байгаа дайсан этгээд биш.Тэд хятад, монгол аав ээжтэй, монголд төрж өссөн, Монгол улсын иргэд, мөн зарим нь Хятад улсын иргэн боловч үүнээс үл хамааран, эгэл жирийн иргэд. Төрийн тэргүүнүүд, сайд, дарга нар ч гэсэн бидний л ижил монгол хүмүүс. Үнэндээ бол нийгэм шилжээд гучин жил өнгөрсөн, коммунист үзэл суртлыг халсан боловч эрлийз гэх ангич үзлээ гээж амжаагүй хүмүүс үй олон байна. Энэ үзэл оюун санаа, сэтгэхүйд нь нөлөөлсөөр, үйлчилсээр байгаа тохиолдолд тэдэнд заавал дайсан хэрэгтэй ба түүнтэйгээ тэмцэлдэх хэрэгтэй, энэ хэрэгцээ шаардлагаар дайснаа өөрөө бий болгоод, бий болгосон дайсантайгаа өөрсдөө тэрсэлдэн тэмцэлдэж буй аж. Эрлийз гэж элийрэхүйн ард нуугдсан бодит үнэн энэ. Хужаагийн эрлийз гэх зэвсэгтэй, энэхүү зэвсгээ янз бүрээр хэрэглэж, хараан зүхээд бусдыг дийлдэг, гутамшиглаж гутаадаг, атаа хорслоо тайлдаг, таних ба танихгүй хүмүүсийг дарамталдаг нөхдүүд үнэндээ бол өөрийн оюун санаа, итгэл үнэмшилтэйгээ, өөрөө өөртэйгээ л тэмцэлдэж суудаг юм байна. Утгагүй бодит байдал,дэндүү өрөвдөм, үхээнц хөөрхийлөлтэй үйлдэл Үнэн гэгч тун гашуун зүйл гэдгийг энд мэдрэв. Бид нийтээрээ хий дэмий, утгагүй, өрөвдмөөр хөөрхий зүйл ярьж, бичиж суудаг гэж бодохоос, хичнээн жилийг ингэж элийрч өнгөрүүлэв гэсэн бодол сэтгэлд хүнд тусав. Дүгнэж бичмээргүй, цааш үргэлжүүлмээргүй санагдав. 

Бидний элийрэл араасаа дараах үр дагаврыг дагуулжээ. Нэг хэсэг нь нөгөө хэсгээ эрс эсэргүүцэж, биесийн эсрэг болох, нэг хэсгээ адлах, гадуурхах, занаж зүхэх, дайсагнаж хандах эдгээр шинж тэмдгүүд бол улс үндэстэн дотоод талаасаа задран хуваагдаж буй үйл явцын гадагш туссан тусгал болно. Элийрэл чинь улс орон, монгол үндэстнээ монгол ба эрлийз гэсэн хоёр хэсэгт хувааж, дотоод талаас нь задлаж байна гэсэн үг. Ертөнц оршихуйд дотоод талаас задарсан зүйлийг задран бутарч, сүйдэж мөхөх тавилан тосдог билээ. Энэ явдлыг улс үндэстнийхээ оршин байхуйн үндэс суурь руу халдаад,эс орших нөхцөл рүү хөтлөөд, өөрсдийгөө хорлон сүйтгэж буй үйл явц гэж харна. Учир зүйн хувьд өөрөө өөрийгөө сүйтгэх гэдэг бол ертөнц дэх хамгийн солиот явдал, утгагүй үйлдэл мөнөөс мөн. Аливаа улс орон, үндэстэн, ард түмэн оршин байхын төлөө дотоод талаасаа нэгдэж нийлж, нэгдмэл нэг, цул бүхэл хүч үүсгэж байх учиртай байдаг шүү. Учир ийм тул улс үндэстнийхээ оршихуйг сүйтгэж, эс орших байдалд аваачиж үл болно. Эрлийз хэмээх элий балай санаанаас амьдралд өөр нэгэн элий балай үйл явдал, үзэгдэл үүсэж, бий болж буй хэрэг юм энэ. Өөрөө өөрсдийгөө сүйтгэж буй бол тухайн үзэл санаа утгаа алдаж, утгагүй хийрхэл, элийрэл болж өөрчлөгдсөн гэдгийн шинж.

Элийрлээр дамжин бидний оюун санааны бодит байдал гадагш тусч байгаа болно. Тэгэхээр амьдралд оршдоггүй, бодит бус, хий хоосон зүйл, хийсвэр дүртэй тэмцэлдэж тэрсэлдэж, улс орныг сүйтгэж байна гэж хардаж сэрдэж, үзэн ядаад байна, бид. Учир зүй талаасаа бол хий хоосон зүйлтэй харьцах, ярих, бодит мэт төсөөлөх, тэрсэлдэж тэмцэлдэх гэдэг хийрхэж буй үйлдэл. Хийрхэл бол утгагүй хоосон, хий дэмий, элий балай үйлдэл учир тэнэглэл, солиорол, галзуурал болно. Энэ хийрхэл бидний оюун санаа, сэтгэлгээхийгээд цаг үе, ардчилсан нийгэм хоорондоо таарахгүй, зохицол нийцэлгүй байдлаас үүдэлтэй үүссэн зөрчил болно. Өөрөөр хэлбэл, шинэ цаг, ардчилсан нийгэм хийгээд хуучин цаг, социалист үзэл, сэтгэлгээ хоорондоо агуулга, утга санаа, учир зүй, утга учрын хувьд авцалдахгүй, уялдахгүй, зохицохгүй байна гэсэн үг.Нийгмийн үйл явцыг эрлийз гэж ангич үзлээр харж, хүлээн авах нь тухайн үйл явдалд огт хамааралгүй байх, эсвэл тэс хөндлөн үйлдэл байх жишээтэй. Манай улсад дарга нар улсын төсөв, хөрөнгө мөнгийг дур зоргоороо, хайр найргүй үрэх явдал түгээмэл. Энэ явдалд бид даргыг шүтэх, түүнд найддаг социалист сэтгэлгээгээр хандаж, дарга идэх ёстой гэж хүлээн зөвшөөрч, эсвэл эрлийз гэж хараан зүхээд өнгөрнө.Зүй нь бол ардчилсан зарчмаар иймэрхүү хий дэмий төсөлд хяналт тавих учиртай. Хяналт тавьж, хариуцлага тооцох учиртай тохиолдолд эрлийз гэж хараагаад өнгөрч байна, бид. Нөхцөл байдалтайгаа огт хамааралгүй хариу үйлдэл үзүүлж байна. Мөн салбартаа бугшсан буруу явдалд хариуцлага тооцох гэсэн сайдыг нүүр царайгаар нь дүгнэж, эрлийз юм байна гэж тухайн сэдвээс тэс хөндлөн зүйл ярих. Энэ авцалдахгүй, утгагүй хандлага биднийг галзуу, солиотой харагдуулж байна. Хуучин сэтгэлгээ, үзлээр улс нийгмийнхээ нөхцөл байдлыг зөв харж чадахгүй. Харин ардчилсан үзэл, зарчим, сэтгэлгээ тусална. Эрлийз гэж хийрхэн элийрээд буйн цаана улс орон, нийгмийнхээ үйл явдал, нөхцөл, асуудлуудыг зөв харах тулгарсан асуудлуудыг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх, гарц гаргалгааг гаргаж ирэх, шийдэл ярих оюун сэтгэлгээний чадваргүй байдал нуугдаж байна.Үеэ өнгөрөөсөн зүйлийг үргэлжлүүлж үл болох, зайлшгүй хаяж гээж, халж байх учир, жамыг энэхүү элийрэл батлан харуулж, хаях цаг болсон гэдгийг дохиолон сануулж байна. 

Дараагийнх нь бусдыг буруутгах зөн. Төрөлх зөн \ инстинкт\-ээрээ улс нийгмээхарж, хүлээн авдаг хүмүүс нийгэм дэх тулгамдсан асуудлын нэг болж. Манай улсад авилга хээл хахууль дэлгэрсэн, ядууралд нэрвэгдсэн, тэгш бус байдал хавтгайрсан,хууль үйлчлэхгүй, худал хуурмагийн туйл болсон, ертөнцийн хамаг муу муухай хуран цугласан, буруу бусармагтаа живсээр уруудал доройтлын замаар гэлдэрч байна. Энэ явдалд буруутгах эзэн хайж, хэн нэгэн, төрийн өндөрлөгүүд, удирдах албан тушаалтан, хятад угсаа гарвалтай хүмүүс, эсвэл гадаадаас сүйтгэгч хайдаг нь бусдыг буруутгах төрөлх зөнгөөрөө улс нийгмээ харж, хүлээн авч буйн шинж. Ялангуяа үе үеийн төрийн өндөрлөгүүд, өндөр албан тушаалтай хүмүүс, сайд дарга нарыг эрлийзээр тодруулахын зэрэгцээ давхар бас улс орныг сүйтгэсэн буруутан гэж үздэг. Энэ үзэл, итгэл үнэмшил тэднийг эсэргүүцэх, үзэн ядах, буруутгах шалтгаан болж байна. Төрөлх зөн бол ухамсаргүй, автомат үйл ажиллагаа бөгөөд бусдын буруутгах зөн чинь өөрөөс бусдыг буруутгана, тухайн явдалд буруутан хайна, иш үндэсгүй, хий хоосон хардаж сэрдэнэ, бурууттгахдаа буруу зөвийг, үнэн худлыг үл хамаарна, хэн нэгнийг буруутнаар тодруулна, буруутай гэдэгт итгэж үнэмшинэ, буруутгаж үзэн ядна, төрөл бүрээр буруутгана. Ухамсаргүй зөн бол муйхар, харалган, харанхуй төлөв.Зүйл бүрээр буруутгахдаа гарамгай боловч өөрийн хийгээд бусдыг үйлдлийн буруу зөвийг ялгаж салгах, ухаж ойлгох чадваргүй. Учирлаж хэлээд, зөв ба бурууг ялга салгаж өгөөд, өөрийн нь бурууг ойлгуулах гэсэн оролдлого огт бүтэхгүй. Энэ тохиолдолд тэд шууд л өөрийгөө өмгөөлнө. Мөн л ухамсаргүй өөрийгөө өмгөөлөх зөнгөөрөө хүлээн авч, хариу үзүүлдэг. Тэд төрөлх зөнгийн үйлчлэл, нөлөөгөөр бусдыг бол зөвхөн буруутгана, өөрийгөө бол шууд өмгөөлнө ийм хязгаарлагдмал, харалган, муйхар үйлдэлтэй. Өөрийн үйлдлийн учрыг ухамсарлаж ойлгох оюун сэтгэлгээний чадваргүй ийм л хүмүүс үе үеийн төрийн тэргүүнүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг эрлийзээр тодруулаад, улс орныг сүйрүүлсэн гэж буруутгаж суугаа шүү дээ. Тэдний оюун сэтгэлгээний бодит байдал, үнэн энэ.

Нийгмийн үзэгдлүүдийг зөв харах, хүлээн авахад ухамсар хэрэгтэй. Нөхцөл байдлыг задлан шинжилж, юмсын хоорондох уялдаа холбоог тогтоож, учир зүйгээр харж,уруудал доройтлын шалтгааныг ухаж, гадаад хийгээд дотоод хүчин зүйлийг тогтоож, эцсийн дүгнэлт гаргаж, гарц гаргалгаанд хүрч, гарах арга замыг тодорхойлох учиртай. Ухамсаргүй төрөлх зөн эдгээр ухамсарт үйлдлийг гүйцэтгэх чадваргүй. Хүний оюун сэтгэлгээ, үйлдэл хандлага нь ухамсаргүй хэв шинжтэй байна гэдэг ухамсар бүрэлдэн тогтоогүйн, тархи ухамсарт хөгжил төлөвшил явагдаагүйн, хүмүн өөрөө байгалийн өгөгдөл, байгаллаг төрх, амьтныхаа анхдагч төлөвтөө буйн шинж болно. Ер нь бол улс нийгэмд тулгарсан асуудалд ухамсаргүй хандаж, буруутан хайх гэдэг хий дэмий үйлдэл бөгөөд эсрэгээр ухамсартай оролцох, гарц гаргалгаа, шийдэл ярьж хэлэлцэх ухамсарт үйл ажиллагаа нэн хэрэгтэй боловч бид энэ бүхэнд бэлэн биш байна. 


Хуучин үзэлулс нийгмийн нөхцөл байдал, тулгарсан асуудал, өрнөж буй үйл явцыг зөв харж чадахгүй, юу сүйдээд байгааг, ямар шалтгаанаас үүдэн сүйдээд байгааг тогтоож чадахгүй байна, энэ байдлаас гарах арга зам, гарц гаргалгааг гаргах чадваргүй байдалд аваачиж, мухардуулж, төөрүүлж байна. Эрлийз гэж нэгнээ үзэн ядах, улс орныг сүйтгэв гэж буруутгах энэ сэтгэлгээ, хандлага одоо хэрэггүй. Хэрэггүй, хортой сэтгэлгээ, хандлагыг хаяж гээх нь зүйтэй. Улс нийгмийнхээ нөхцөл байдлын тухайд нэгдмэл нэг, бодит, үнэн, зөв ойлголттой больё, зөв эрүүл харъя. Манай улс нийгмийн нөхцөл байдал дээд зэргийн эмх замбараагүй байдал буюухаос төлөв юм. Энэ нөхцөл эрлийз хүмүүс сүйтгэсэнээс биш, нийгмийн шилжилтийг дагалдаж явагдсан задрах үйл явцын үр дагавар юм. Социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих үйл явцыг дагалдаж, улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо, бүх салбарууд, оюун санааны ертөнц, гэр бүлийн амьдрал хүртэл задарсан. Гэхдээ энэ задрал жам ёсны үйл явц байв. Учир нь социалист нийгэмд оршин байсан бүх зүйлс ардчилсан нийгэмд хэрэгцээ шаардлагагүй. Энэхүү учир шалтгаанаар тэр зүйлс задарч, үгүй болжээ. Социализм мөхөж буй үйл явц юм энэ.Бүхий л зүйлсийн цаг нь дуусаж, хэргээ өнгөрүүлдэг нь жам. Тэгэхээр хэрэггүй болсон зүйлс, тухайлбал, хэд хоносон сүү гашилж, мах өмхийрч, төмс ялзарч, хоол мууддаг, талх хөгцөрдөг нь задарч буй үйл явц юм. Жам ёсны өгөгдлөөрөө бол задралын эсрэг бүтээхүй үйл явц явагдах учиртай байлаа. Гэвч энэ үйл явц сатаарчээ. Шалтгаан нь монголчууд бидэнд задарсан бүх зүйлийг дотоод талаас нь эмхлэн цэгцлэх, хөгжүүлж төгөлдөржүүлэх, шинээр бүтээх, зохион байгуулах оюун санаа, сэтгэлгээ, чадвар чадамж дутагдсан. Улс нийгмээ эмхлэн цэгцлэх, бүтээн байгуулах үүрэгтэй хүн нь бэлэн болоогүй байна. Бүтээгч хүн нь бэлэн болж байж улс нийгэм цэгцэрнэ, урагшилна, хөгжинө.

(Үргэлжлэл бий)

Ч.ТУЯА