Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ХХ ИХ ХУРАЛ
Ши Жиньпин “Тэг Ковид” бодлогыг үргэлжлүүлэхээ мэдэгдэж, “Хятадын хөгжил дэлхийгээс хамааралтай, дэлхийн хөгжил Хятадаас хамааралтай” гэж мэдэгдсэн нь онцгой анхаарал татаж байна.
Уржигдар зургаан өдөр хуралдсан Хятадын Коммунист Намын ХХ их хурал өндөрлөж, Намын Төв Хорооны 205 гишүүнийг “сонгосон” бол өчигдөр шинэ Намын Төв Хорооны анхдугаар Бүгд хурал болж, Улс төрийн Товчооны 25 гишүүн, Улс төрийн Товчооны Байнгын Хорооны 7 гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нар буюу Хятадын дээд удирдлагыг “сонголоо”. Энэ бүрэлдэхүүн 2027 онд болох намын ХХI хүртэл Хятадыг удирдана.
ХХ их хурал нь Дэн Сяопин 1992 онд улс төрийн амьдралаас бүрэн хөндийрөхдөө тогтоож үлдээсэн “улс төрийн дэг журам” өөрчлөгдсөний дараа болж байгаа анхны их хурал, мөн “Тэг Ковид” бодлого, Орос-Украины дайн, Хятад-Америкийн зөрчил давхцан өрнөж байгаа сорилтын үед болж байна.
Эдгээр хүндрэлүүд нь Хятадын эдийн засагт томоохон сорилтыг учруулж байна. Дэн Сяопин “Яагаад ард түмэн та биднийг дэмждэг вэ? Яагаад гэвэл манай эдийн засаг 5 жил зогсонги байдалд орох, эсвэл өсөлт нь жилд 4-5 хувь, бүр 2-3 хувь хүртэл буурвал ямар үр дагавар үүсэх вэ? Тэгэхэд хүрвэл зөвхөн эдийн засгийн төдийгүй улс төрийн асуудал үүснэ” гэдэг болгоомжлолыг шийдвэрлэх зорилт шинэ удирдлагын багт оногдож байна.
Ши Жиньпин “Тэг Ковид” бодлогыг үргэлжлүүлэхээ мэдэгдэж, “Хятадын хөгжил дэлхийгээс хамааралтай, дэлхийн хөгжил Хятадаас хамааралтай” гэж мэдэгдсэн нь онцгой анхаарал татаж байна.
Намын их хурлаас харах хамгийн гол хүлээлт бол шинээр сонгогдох намын удирдлагын бүрэлдэхүүн буюу Улс төрийн Товчооны Байнгын Хорооны долоон гишүүн байдаг. Тэд бол Хятадын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах хамгийн дээд түвшин, Хятадын хамгийн эрх мэдэлтэй долоон эрхмийн зөвлөл юм.
1992 онд Хятадын улс төрийн шинэ “дүрэм” тогтсоноос хойш анх удаа Ши Жиньпин зөвхөн өөрийн ойрын хүрээлэлд багтдаг шадар албатуудаараа Улс төрийн Товчооны Байнгын Хороог бүрдүүлж чадлаа. 1992-2002 онд Жян Зэминь, 2002-2012 онд Ху Зиньтао ийм сонголтыг хийж чадаагүй билээ.
Түүх сөхөхөд, Дэн Сяопин тэтгэвэрт гарахдаа улс төрийн эрх мэдлийн шинэ дэг журмыг үлдээхдээ Мао Зэдун шиг хязгааргүй эрх мэдэлтэй эзэгнэн захирагч төрүүлэхээс болгоомжилж, дээд албан тушаалуудыг бие биедээ хяналт тавих хамтын удирдлагын зарчмаар хуваарилж үлдээжээ.
1990-ээд оны турш Жян Зэминь Улс төрийн Товчооны Байнгын Хороонд өөрийнх нь эрх мэдлийг ганхуулж дөнгөх сөрөг хүчинтэй байсан бөгөөд тэднийг нэг нэгээр нь улс төрөөс хөндийрүүлэхэд багагүй хугацааг зарцуулжээ. 1993 он гэхэд Жян Зэминь зөвхөн намаа удирдаж байсан юм. 86 настай ахмад хувьсгалч Ян Шанкунь 1988 оноос Төрийн тэргүүнээр сонгогдсон бол түүний төрсөн дүү Ян Байбин нь зэвсэгт хүчний дээд командлал болох ХКН-ын Цэргийн төв комиссын нарийн бичгийн дарга, Улс төрийн Товчооны гишүүн, ХАЧА-ийн Улс төрийн газрын даргаар хавсран ажиллаж, зэвсэгт хүчнийг бүрэн хянаж байв.
1993 онд тэднийг тэтгэвэрт гаргаснаар Жян Зэминь Төрийн тэргүүн болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн суудлыг гартаа оруулж чадсан аж. 1994 онд түүний өрсөлдөгч, УТТ-ны гишүүн, Бээжин хотын намын хорооны дарга Чэнь Ситун-д авлигын хэргээр шийтгэгдсэн бол 1997 онд Дэн Сяопин-г нас бармагц тэргүүн эрх мэдлийн төлөө ямагт өрсөлддөг парламентын спикер Цяо Ши-г тэтгэвэрт нь гаргав.
Тийнхүү Зэн Чинхун-ы хичээл зүтгэлээр Жян Зэминь 1997-2002 онд хоёрдахь бүрэн эрхээ сэтгэл төвшин өнгөрөөж, өөрийн фракцын нөлөөг нэмэхэд хүч чадавхиа зориулах боломжтой болсон болой.
Жян Зэминь 2002 онд ХКН-ын ХV их хурлаар намын даргын суудлыг Ху Зиньтао-д залгамжлуулсан ч Цэргийн төв комиссын даргын суудлаа хэвээр хадгалж, 2007 он хүртэл зэвсэгт хүчнийг удирдаж байсан билээ. “Экономист” сэтгүүлд бичсэнээр, Жян намын удирдлага дахь нэр нөлөөгөө хэвээр хадгалахын тулд намын бүх эрх мэдлийг өөрийн сонгож дэвшүүлсэн Улс төрийн Товчооны Байнгын хорооны есөн гишүүнд тэнцүүхэн хуваарилж, тэднийг биеэ даасан хүчирхэг эрхмүүд болгожээ. Ийм нөхцөлд Ху Зиньтао бодит байдал дээр де-факто удирдагч болоход төвөгтэй байв.
Харин Ху Зиньтао 2012 онд Ши Жиньпин-д нам, төр, цэргийн эрх мэдлийг бүхэлд нь шилжүүлсэн ч Улс төрийн Товчооны Байнгын Хороонд нам доторх фракцуудын төлөөлөл тэнцвэртэй суудал эзэлжээ. 2017 онд фракцуудын хүчийг сульдаасан тул намын XIX их хурлаар Улс төрийн Товчооны Байнгын Хороонд Ши Жиньпин-ий хамтран зүтгэгчид дийлэнх суудлыг авсан юм.
ХХ их хурлаар Улс төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүнээр Фузянь, Жэжян, Шанхайд Ши Жиньпин-ий шууд удирдлагад ажиллаж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд дээд албан тушаалуудад шат дараалан дэвшсэн хүмүүс сонгогдлоо.
Ши Жиньпин-д шадарлан зүтгэсэн эдгээр улс төрчид 2012-2022 онд түүний улс төрийн тогтвортой, хүчирхэг байдлыг бүрдүүлэх, бодлогыг нь боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг тус тусдаа гүйцэтгэсэн билээ. Өөрөөр хэлбэл, тэд нэгэн цогц баг юм.
Ли Цян
ХХ их хурлаар Ерөнхий сайд Ли Кэчян солигдох нь тодорхой тул түүний оронд Ху Чуньхуа, Ван Ян хоёрын аль нэг нь томилогдоно гэдэг таамаглалыг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагаад, хятад судлаачид дэвшүүлж байв. Ван Ян, Ху Чуньхуа хоёулаа эдийн засгийн гол мужуудыг удирдаж, дараа нь Шадар сайд болж, Хятадын Ерөнхий сайдаар томилогддог мерит шалгуурыг хангасан нэр дэвшигчид байсан. Тэд Коммунист Залуучуудын Эвлэлээс угшилтай, мөн Дэн Сяопин, Жян Зэминь-ий эдийн засгийн реформ, Ху Зиньтао-гийн хятадын онцлогтой ардчиллын үзэл баримтлалыг тууштай баримтлагчид билээ.
Олон шинжээчид энэ таамаглалаа батлахын тулд Ху, Ван хоёрын аль нэгийг Ерөнхий сайдын суудалд томилсноор ХКН дахь улс төрийн фракцуудын тэнцвэрийг хангаж, Цар тахлын дараа хөл хорионд хэт агшсан эдийн засгийг сэргээхэд зах зээлийн эдийн засгийн либерал бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн цаашдын хүндрэлийн хариуцлагыг түүнд тохох боломжтой болж, Коммунист Залуучуудын Эвлэлийн фракцын нэр нөлөөг хязгаарлах боломж нээгдэнэ гэж дүгнэж байлаа.
Гэтэл энэ бүх таамаг зөрж, өмнө нь Ерөнхий сайд болох хүнийг заавал Засгийн газарт Шадар сайдын түвшинд ажиллуулдаг байсан жишгийг эвдэж, Ши Жиньпин Шанхай хотын намын хорооны дарга Ли Чян-ыг Улс төрийн Товчооны Байнгын Хороонд дэвшүүлж, Ерөнхий сайд болгохоор шийджээ. Энэ их хурлаар Ван Ян тэтгэвэрт гарсан бол Ху Чуньхуа Улс төрийн Товчооны гишүүний суудалдаа ч үлдэж чадсангүй. Хэдийгээр Ли Чян-ыг Ерөнхий сайд болох магадлалтай гэж таамаглаж байсан ч Шанхай хотод тогтоосон Цар тахлын хатуу хөл хорио нь түүний нэр хүндийг иргэдийн дунд төдийгүй намын удирдлагын хүрээнд сэвтүүлсэн тул магадлал муутай гэж үзэж байсан юм.
Тэгвэл ирэх 5 жилд Хятадын Засгийн газрыг тэргүүлэх Ли Чян гэж хэн бэ? 1959 онд Жэжян мужид мэндэлсэн тэрээр 1982 онд мужийнхаа Хөдөө аж ахуйн дээд сургуулийг хөдөө аж ахуйн механикжуулалтын мэргэжлээр төгсчээ. 1982-2016 он хүртэл тэрээр төрөлх Жэжян муждаа ажлын замналаа өнгөрөөсөн аж.
2002-2007 онд Ши Жиньпин Жэжян мужийн намын хороог тэргүүлж байхдаа өөрийнхөө улс төрийн багийг анхлан бүрдүүлсэн байдаг. Тэр жилүүдэд Ли Чян түүний сонголтод багтаж, 2002-2004 онд Жэжян мужийн Вэньжоу хотын намын хорооны дарга, 2004-2012 онд Жэжян мужийн намын хорооны Тамгын газрын дарга байж, Ши Жиньпин-ий шууд удирдлагад ажиллажээ.
2012 онд Ши Жиньпин-ийг Хятадын удирдагч болоход тэрээр Жэжян мужийн дарга буюу мужийн хоёрдахь хүнээр томилогдож, 2016 он хүртэл ажиллажээ. 2016-2017 онд Хятадын Коммунист Намын XIX их хурлын өмнөх жилд тэрээр Жянсу мужийн намын хорооны дарга буюу мужийн нэгдүгээр хүнээр ажиллаж, 2017 онд XIX их хурлын дараа Улс төрийн Товчооны гишүүн болж, Шанхай хотын намын хороог тэргүүлэхээр томилогджээ. 1989-2017 он хүртэл Шанхай хотыг Шанхайн фракц гэгдэх улс төрийн бүлэглэлийн гишүүд ээлж халаагүй удирдсан бол анх удаа Шанхайн фракцын бус, Ши Жиньпин-ий итгэмжит хүн энэхүү хотыг удирдах болсон аж.
Ердөө хоёрхон жилийн дотор Жянсу, Шанхай шиг эдийн засгийн гол бүс нутгийн удирдлагаар гэрлийн хурдаар дэвшсэн тохиолдол Хятадын орчин үеийн улс төрийн түүхэнд маш ховор байдаг. Тэр тусмаа, намын их хурлын өмнө мужийн удирдлагын сэлгээ хийдэг тохиолдол ч байхгүй. Энэ нь Ли Чян-д хандах Ши Жиньпин-ий онцгой дэмжлэг гэдэг нь мэдээж.
Тэрээр яагаад Ши Жиньпин-д онцлон итгэгдэх болсон тухай мэдээлэл тун хомс. “Eurasia Group”-ын шинжээч Нэйл Томас дүгнэхдээ, Ли Цян нь санхүү, эдийн засгийн голлох төв мужуудад ажилласан нь давуу тал боловч дэлхийн хоёрдахь том эдийн засгийг макро зохицуулалтыг удирдахад туршлага дутах магадлалтай гэжээ. ОУВС-ийн тооцоолсноор, Хятадын ДНБ 1976 оноос хойш анх удаа доод түвшинд хүрч, “Тэг Ковид” бодлого үргэлжлэх нөхцөлд Ли Цян санхүү, эдийн засгийн хүнд сорилтыг даван туулах зорилтыг хэрэгжүүлэх болно.
Жао Лэжи
2012 оноос Ши Жиньпинд шадарласан, энэ жил 65 настай Жао Лэзи ХХ их хурлаар Улс төрийн Товчооны Байнгын Хороонд хоёрдахиа улирч, Хятадын парламентын спикер буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны даргаар ажиллахаар боллоо.
Гол төлөв путунхуа аялгатай нийслэлийн түшмэдийн дунд илт шааньси аялгаараа ялгарах Жао Лэзи Бээжинд дээд боловсрол эзэмшихээр таван жил суралцсан хугацааг эс тооцвол 1974-2012 он хүртэл 38 жилийн ажлын замналаа өөрийнхөө төрсөн нутаг Хөхнуур болон өвөг дээдсийнхээ уугуул нутаг Шааньси мужид өнгөрөөсөн аж.
Түүний эцэг болон өвөө нь Ши Жиньпин-ий эцэгтэй маш ойрын хамтран зүтгэгчид байжээ. Жао Лэзи-гийн өвөө Жао Шоушань 1949-1950-иад оны дунд үе хүртэл Хөхнуур, Шааньси мужийн дарга байв. 1962 онд Ши Жиньпин-ий эцэг Ши Жунсюнь намын дайсан гэж буруутгагдахад Жао Шоушань ганцаараа түүнийг өмгөөлж, Мао Зэдун-тай хэд хэдэн удаа уулзаж, цагаатгаж өгөхийг гуйж байжээ. Мао Зэдун-д адлагдаж, намын дайсан болсон хүнийг өмөөрөх нь өөрийнхөө төдийгүй гэр бүлийнхээ хувь заяагаар мөрийцсөн зоримог үйлдэл байсан юм. Нөхөд нь Жао-г ятгаж, “Чи үхэхийг хүсээ юу? Ши Жунсюнь шийтгэгдэж байгаа энэ үед чи хоёрдахь нь болмоор байна уу? Цаг ширүүн байгаа одоо үед хэн урагш гарахыг хүсэх юм бэ?” гэхэд “Би түүнийг сайн ойлгож байна. Тэр намынхаа төлөө аль эртнээс шударгаар зүтгэж ирсэн хүн. Одоо хилс буруугаар шийтгэгдээд байгаа энэ үед нь би л түүнийг шударгаар өмөөрөх учиртай” гэж байв. Мао Зэдун түүнийг хүлээн авч уулзсан ч хүсэлтэд нь хариу өгөөгүй юм. Тэгэхэд Мао удахгүй Хятад даяар өөрийг нь эсэргүүцэгчид, эргэлзэгчдийг гэсгээн цээрлүүлэх Соёлын хувьсгалыг эхлүүлэхээр төлөвлөж байв. 1965 онд Жао Шоушань нас нөгчсөнөөр ганцхан жилийн дараа эхлэх Соёлын хувьсгалын хомрогоноос аврагджээ. Жао-г нас нөгчсөнөөс хойш 10 гаруй жилийн дараа Ши Жунсюнь цагаатгаж, 1985 онд түүний тухай дурсамж бичиж, алдар гавьяаг нь магтан дуулсан байдаг.
Жао Лэзи-гийн эцэг Жао Симинь-ийг Ши Жиньпин-ий эцэг Ши Жунсюнь 1954 онд Москвад Зөвлөлтийн Комсомолын Дээд сургуульд явуулсан. Тэнд тэрээр ирээдүйн Гадаад харилцааны сайд Цянь Цичэнь-тэй хамт суралцаж байжээ. Төгссөнийхөө дараа Цянь Цичэнь Москвад Хятадын ЭСЯ-нд томилогдсон бол Жао Симинь “хамгийн хүнд бэрх газар томилж ажиллуулж өгөхийг” хүссэн гэдэг. Зөвлөлт-Хятадын харилцаа 1960-аад оноос дайсагнасан хэмжээнд хүрч, Зөвлөлтөд суралцсан хүмүүс чухам түүнийхээ төлөө хардлага сэрдлэгэд өртөж байв. Тэгэхэд Жао-тай хамт сурсан олон оюутнууд, түүний дотор Цянь Цичэнь хүртэл шийтгэгдэж, хөдөө цөлөгдсөн аж.
1980 онд Бээжингийн Их сургуулийн философийн анги төгссөн Жао Лэзи Хөхнуур муждаа янз бүрийн удирдах ажил хашсаар 2000-2007 онд мужийнхаа даргаар ажиллажээ. Хөхнуур муж нь Хятадын хамгийн хоцрогдсон алслагдсан хязгаар нутаг бөгөөд газар нутгийнхаа хэмжээгээр Хятадын 23 мужаас дөрөвт ордог ч (5 сая) эдийн засгийн үзүүлэлтүүдээр 31 мужаас 30-д ордог, 46 хошууных нь 39 нь ядууралд нэрвэгдсэн байжээ. Зөвхөн Хөхнуур муж төдийгүй Хятадын баруун бүс 1980-аад оноос эхэлсэн Хятадын хурдацтай хөгжлөөс хоцрогдож, ядууралд нэрвэгдсэн байсан. Энэ бүс нутаг Хятадын газар нутгийн 71 хувийг эзэлдэг ч хүн амын 28 хувь, эдийн засгийн дөнгөж 19 хувийг эзэлж байв. Гэтэл далайн боомт Гуандун муж дангаараа Хятадын нийт эдийн засгийн 12 хувийг бий болгож байжээ. Жао Лэзи-г энэ мужийг удирдсан цаг үе нь Хятадын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт зөвхөн далайн эрэг дагуух боомт мужуудад төвлөрч байсан тэнцвэргүй бодлогыг залруулж, эх газрын гүн дэх хоцрогдсон мужуудыг хөгжүүлэх бодлоготой давхцсан юм.
2007-2012 онд Жао Лэзи уугуул Шааньси мужийн намын хороог тэргүүлж байгаад 2012 онд Ши Жиньпин-ийг Хятадын Коммунист Намын тэргүүн болоход Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны Зохион байгуулалтын хэлтсийн эрхлэгч болжээ. Коммунист намын удирдагчид эргэлзээгүй итгэдэг хамгийн найдвартай хүнээ Намын Төв Хорооны Зохион байгуулалтын хэлтсийн эрхлэгчээр томилж, хүний нөөцийн асуудлыг атгуулж иржээ. Коммунист тогтолцоонд бүхий л албан тушаалд зөвхөн коммунист намын гишүүд томилогддог учраас намын хүний нөөцийн дарга нь тэр улсынхаа хамгийн том ажил олгогч болж хувирдаг. “Times” сэтгүүл энэхүү албан тушаалыг барууныханд ойлгуулахын тулд сонирхолтой харьцуулалт хийж, Зохион байгуулалтын хэлтсийн эрхлэгч нь Америкаар бол АНУ-ын муж-улсуудын амбан захирагчид, Вашингтон, Нью-Йорк зэрэг бүхий л хотуудын дарга нар, Дээд шүүхийн Шүүгчид, Фэйсбүүк, Твиттер, НАСА, Нью-Йорк Таймс, Вашингтон пост, Блүүмберг, Харвард, Стэнфордын удирдлагыг томилох эрх мэдэлтэй нэгэн гэжээ.
Нөгөө талаар, Намын Төв Хорооны Зохион байгуулалтын хэлтсийн эрхлэгч нь халаа сэлгээ, томилгоог бүрэн хариуцсанаар “улс төрийн шатрын хөлөг” дээр Намын удирдагчийн дэмжигчдийг “өрж”, тогтвортой засаглах тулгуурыг нь бэлдэж өгдөг нэгэн. Тиймээс Жао Лэзи 2012-2017 онд энэ хэлтсийг удирдахдаа сайд, мужийн намын хорооны даргаас эхлээд нам, төр, арми, төрийн өмчит компанийн 5000 гаруй өндөр албан тушаалд томилогдох хүнийг санал болгох харьцуулшгүй эрх мэдлийг атгаж, Ши Жиньпин-ий хүний нөөцийн бодлого, улс төрийн томилгоог “найдвартай” хариуцжээ.
2017-2022 онд Жао Намын Сахилга батыг хянан шалгах комиссын дарга буюу Хятадын Коммунист Намын “прокурор”-оор ажиллахдаа 2.6 сая албан тушаалтныг авлигын хэргээр шийтгэсэн аж. Харьцуулахад, 2012-2017 онд авлигын эсрэг кампанит ажлын оргил үед 1 сая 500 мянган албан тушаалтан шийтгэгджээ.
Жао Лэзи нь 2012 оноос Ши Жиньпин-ий хувьд хүний нөөцийн томилгоо болон намын хяналтын байгууллагыг тэргүүлж, улс төрийн найдвартай тулгуур нь болж чадсан юм. 2012-2017 онд Сахилга батыг хянан шалгах комиссын дарга байсан Ван Цишань 2017 онд БНХАУ-ын Дэд дарга болж, төрийн протоколын ажилд шилжиж байсан жишиг энэ удаа давтагдлаа. Хэдийгээр коммунист тогтолцоонд парламент нь намынхаа шууд удирдлага-хяналтаар ажилладаг боловч Жао-гийн найдвартай дэмжлэг нь ирэх 5 жилд Ши Жиньпин-ий засаглалын тогтвортой байдалд томоохон нөлөө үзүүлж чадна.
Ван Хунин
67 настай профессор Ван Хунин хоёрдахь удаа Улс төрийн Товчооны Байнгын Хороонд улиран сонгогдож, Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх хорооны дарга буюу зөвлөлдөх ардчиллын институцийг ахалж, албан тушаалын зиндаагаараа Хятадын дөрөвдэхь эрхэм боллоо. Тэрээр 2002-2020 он хүртэл Хятадын Коммунист Намын Төв Хорооны Бодлогын судалгааны хүрээлэн буюу хамгийн дээд түвшний тинк-танкыг удирдаж, Жян Зэминь, Ху Зиньтао, Ши Жиньпин-ий бодол санааг улс төрийн онолын хувьд боловсруулан, намын албан ёсны бодлого болгодог Хятадын “уураг тархи” юм.
1992 оноос хойш өнөөг хүртэл Хятадын Коммунист Намын удирдлагад дандаа эдийн засгийн голлох мужуудыг удирдаж байсан туршлагатай технократ зохион байгуулагчид сонгогдож байсан. Харин Ван Хунинд тийм туршлага байхгүй, тэр 1981 онд Шанхайн Фудань Их сургуулийг төгсмөгцөө тэндээ багшаар үлдэж, 1995 он хүртэл профессороор ажиллаж, франц хэл, философи, улс төр судлалаар мэргэжсэн нэгэн. Тэрээр номын хэнээтэн, хэнэггүй сэхээтэн байлаа. Хуримынхаа өмнөх өдөр сүйт бүсгүй нь түүнд баглаа цэцэг, ширээ чимэглэх хүнс захиад явуулахад орой нь өдөржин номын санд саатсан Ван Хунин захисан зүйлсийнх нь оронд баахан номтой л ирсэн гэдэг.
Ван Хунин 1980-1990-ээд оны турш гурван үндсэн чиглэлээр судалгаа хийж, өөрийн үзэл баримтлалаа дэвшүүлсэн:
Нэгт, 1988 онд бичсэн “Өөрчлөгдөн буй Хятадын улс төрийн соёлын тогтолцоо” гэдэг нийтлэл нь Хүйтэн дайн Барууныхны ялалтаар өндөрлөх нь тодорхой болж, Хятадын реформ эрчимжиж, гадаадад хаалгаа нээх тусам гадаадаас (Барууны) үнэт зүйл, соёлын нөлөөлөл нэвчиж, 1987 онд Хятад даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн, коммунизм дэлхий даяар нуран унаж байсан цаг үед цаашид Хятадын социалист улс төрийн тогтолцоог яаж хадгалж, бэхжүүлэх вэ гэдэг асуудлыг хөндсөн.
Тэрээр, эдийн засгийн гэхээсээ нийгмийн соёлын хүчин зүйл буюу нийгмийн үнэт зүйл, сэтгэлгээ, соёл нь улс төрийн тогтолцоог тодорхойлдог. Соёлын хувьсгалын үед Хятадын улс төрийн тогтолцоо бүхэлдээ нуран унасан нь энэхүү тогтолцоо хичнээн эмзэг, хэврэг байгааг харуулсан гэж нотолжээ. Тиймээс 5000 жилийн Хятадын эртний уламжлалт тогтолцоо болон марксист тогтолцоог эвцэлдүүлэх замаар Хятад маягийн орчин үеийн улс төрийн соёлыг төлөвшүүлж, хятад үндэстний сэтгэлгээний хөрсөнд нутагшуулж, нам, төр, нийгмийн бүхий л удирдлагыг Хятадын Коммунист Намд төвлөрүүлэх нео-авторитар тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатайг онцолжээ.
Хоёрт, 1989 онд хэвлүүлсэн “Америкийн эсрэг Америк” номондоо Хүйтэн дайны дараах дэлхийн шинэ дэг журамд ирээдүйн их гүрний хувьд Хятадын эзлэх байр суурь, Америкийн нийгэм, улс төр, геополитикийн талаарх ажиглалт, дүгнэлтээ бичжээ. Хятадын эртний стратегич Сүнз “Өөрийгөө болон дайснаа нэвтэрхий мэдвээс зуун удаа байлдавч зуун удаа ялна” гэдэг ойлголт энэ номын ач холбогдлыг тодорхойлдог.
Ван Хунин 1988 онд Их сургуулийнхаа солилцоогоор Америкт очиж, 30 гаруй хот, 20 орчим их сургууль, тинк-танкуудад зочилж, зургаан сарыг өнгөрөөхдөө энэ номоо бичжээ.
Гуравт, 1994 онд “Соёлын тэлэлт ба соёлын бүрэн эрхт байдал: Бүрэн эрхт байдлын үзэл баримтлалын сорилт” гэдэг нийтлэл бичсэн нь Самуэль Хантингтоны томьёолсон “иргэншил хоорондын мөргөлдөөн”-ий эрин зуунд хятад үндэстэн соёл иргэншлийн хувьд хэрхэн совернти байдлаа хадгалж үлдэх талаар байв. Тэрээр, өнгөрсөн зуунуудын хатуу хүчний мөргөлдөөн үеэ өнгөрөөж, харин соёлын зөөлөн хүч нь улс төр, цэргийн мөргөлдөөнийг орлох болно гэдэгт санал нийлжээ. Хүйтэн дайны дараахь барууны үнэт зүйлийн тэлэлт нь хятад үндэстний оршин тогтнолд гол аюул учруулах болно гэж таамаглажээ.
Тиймээс хятад үндэстэн соёл иргэншлийн совернти байдлаа хадгалж үлдэхийн тулд барууны үнэт зүйлийн хятад загварыг олж түгээх (жишээ нь, ардчилал, хүний эрх бол зөвхөн барууныхны бодож олсон шинэ зүйл биш, харин хоёр мянганы өмнө Күнз, Мэнз зэрэг эртний сэтгэгчдийн сургаалтай яг адил гэдэг сурталчилгаа), Фрэнсис Фукуямагийн сүүлд тодорхойлсончлон “identity politics” буюу тайлбарлавал “үнэт зүйл чинь хөсөр хаягдсан, тийм учраас дахин сэргээх ёстой” гэж ард түмний гомдлыг өдөөх ондоошил ижилслийн улс төрийг санал болгожээ.
Орчин үеийн улс төр зөвхөн эдийн засаг, үзэл сурталд биш, харин олон нийтийн гомдлыг нэгтгэсэн гомдол, бухимдлын менежмэнтэд суурилах болсныг тэрээр олж анхаарчээ. Тийнхүү мянга мянганы турш цэцэглэн хөгжсөн хятадын соёл иргэншил 19, 20-р зуунд Барууны гүрнүүдэд доромжлогдсон ба түүхт их гүрний статусаа дахин сэргээх замд нь Америк, Япон болон бусад гүрнүүд саад учруулсаар байгаа тухай сэдэв хятадуудыг коммунизмаас илүү нягтруулах боломжтой байжээ.
Түүний ном, нийтлэлүүд нь Шанхайн уугуул, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий хэлтсийн эрхлэгч Зэн Цинхун, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга У Бангуо, Шанхай хотын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Ван Даохань нарын анхаарлыг их татжээ. Зэн Цинхун Фудань Их сургуульд нэгэн арга хэмжээнд оролцохдоо Ван Хунин-г дуудаж уулзаад хоёр цаг гаруй ярилцсан гэдэг. Тэд цөмөөрөө Хятадын удирдагч Зян Зэминь-ий ойрын шадар хүмүүс байсан бөгөөд түүнд залуу профессор Ван Хунин-ы тухай ярьцгааж, номуудыг нь үзүүлжээ. 1995 онд тэдний зуучлалаар Зян Зэминь Ван Хунин-тай анх удаа уулзахдаа “Хэрэв та нийслэлд ирээгүйсэн бол эд намайг авч хаях байлаа” гэж тоглоом шоглоомоор хэлжээ. Тэгж уулзаж байхдаа Зян түүний номоос олонтаа иш татаж ярьсан гэдэг.
Зян тэр жилдээ түүнийг Бээжинд татаж, Намын Төв Хорооны Бодлогын судалгааны хүрээлэнгийн Улс төрийн судалгааны газрын даргаар томилж, 1998 онд хүрээлэнгийн орлогч захирлаар дэвшүүлжээ. Ван Хунин түүний онцгой итгэл хүндлэлийг хүлээх болсон юм. 1998 онд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Хятадад айлчлах үед түүнд барьсан хүндэтгэлийн зоогийн үеэр Зян Зэминь Ван Хунин-г магтаж, дэлхийн тэргүүний сэхээтнүүдийн нэгтэй хамт байгаа нь азтай хэрэг гэж сайрхжээ. Клинтон хариуд нь манайд Самуэль Хантингтон байгаа гэж хариу барьсан аж.
2012 онд Ши Жиньпин Хятадын удирдагч болоход Ван Хунин Улс төрийн Товчооны гишүүн буюу намын удирдлагын хоёрдугаар түвшинд дэвшиж, Бодлогын судалгааны хүрээлэнгээ удирдаж, 1980-1990-ээд дэвшүүлсэн дээрх 3 үзэл баримтлалаа намын бодлогын түвшинд тодорхойлж хэрэгжүүлжээ:
Ван Хунин 2017 онд Институцийн зохион байгуулалтын хорооны орлогч дарга, Иж бүрэн реформын хорооны орлогч дарга буюу Ши Жиньпин-ий орлогчоор ажиллаж, Хятадын улс төрийн тогтолцооны реформыг тодорхойлон хэрэгжүүлжээ. Түүний удирдан хэрэгжүүлсэн энэхүү реформоор Дэн Сяопины үед буюу 1987 онд баталсан Нам болон Засгийн газрын үүрэг хариуцлагыг тусгаарлаж, намын зүгээс Засгийн газрыг хянах үүргийг багасгасан байсныг бүрэн өөрчилж, төр засгийн бүх шатны институцийг Хятадын Коммунист Намын бүрэн хяналтад оруулж, намын удирдлага-хяналтын тогтолцоог бий болгосон нь түүний нео-авторитар онол амьдрал дээр хэрэгжсэн тохиолдол болжээ.
Тэрээр 2012 онд “Бүс ба Зам” санаачилгын үзэл баримтлалыг боловсруулж, дэлхий даяар Америкийн нөлөөллийг хязгаарлах улс төр, эдийн засаг, дэд бүтцийн глобал төслийг санаачилснаар Хятадын геополитикийн давамгай байдлыг тогтоохыг оролджээ.
Мөн 2012 онд Ван Хунин “Америк мөрөөдөл”-ийг сөрсөн “Хятад мөрөөдөл” гэдэг томьёоллыг гаргаж, “Хятад үндэстнийг агуу ихээр сэргээн мандуулах” зорилготой гэж тунхагласан нь барууны үнэт зүйлийг сөрөхийн тулд хятадын ард түмнийг түүхэн гомдлоор нь нэгтгэх “identity politics” болжээ.
Энэ их хурлаар Ван Хунин-ыг Улс төрийн Товчооны Байнгын Хороонд улираан үлдээсэн нь дараахь үндэслэлтэй байж болох юм:
Нэгт, Ши Жиньпин өөрийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэхийн тулд онолын хувьд боловсруулсан “онолын эцэг”-ийг нь намын ба төрийн дээд удирдлагад үргэлжлүүлэн ажиллах шаардлага гарна.
Хоёрт, олон улсын харилцаанд АНУ-ын манлайллыг тэнцвэржүүлж, Хятадын манлайллыг гаргах геополитик улам хурцдах тул энэ бодлогыг 1990-ээд онд дэвшүүлсэн Ван Хунин үргэлжлэн ажиллах нь туйлын чухал билээ.
Дин Сюэсян
Ши Жиньпин-ий тэргүүн туслах, 60 настай Дин Сюэсян Улс төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүнээр дэвшиж, ирэх оны 3-р сард Засгийн газрын тэргүүн Шадар сайдаар томилогдож, Хятадын санхүү, эдийн засгийн асуудлыг хариуцахаар болжээ.
Өмнөх Тэргүүн Шадар сайд нар нь бүгд банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр дагнан ажилласан туршлагатай байсан бол Дин Сюэсян-д тийм туршлага байхгүй, Хятадын Коммунист Намын “дотоод гал тогтоог” хариуцаж ирсэн намын аппаратчик нэгэн.
Зүүн Хойд Хятадын Хүнд машин, механизмын дээд сургуульд инженер мэргэжил эзэмшсэн тэрээр 1982-1999 онд Хүнд машин, механизмын яамны харьяа Шанхай хотын Түүхий эдийн судалгааны хүрээлэнд ажиллахдаа захирал хүртэл дэвшсэн аж.
1999 онд Шанхай хотын намын хорооны удирдлагын анхааралд өртөж, Шанхайн Шинжлэх ухаан, техникийн комиссын орлогч даргаар томилогдсоноо 2001 онд намын ажилд шилжиж, Шанхай хотын Жабэй дүүргийн намын хороог удирдсан. 2004 онд Шанхай хотын намын хороонд Хүний нөөцийн газрын даргаар томилогдсон нь түүний улс төрийн хувь заяаг тодорхойлсон томилгоо болжээ.
2006 онд Хятадын улс төрийн фракц хоорондын тэмцэл хурцдаж, Шанхай хотын намын хорооны дарга Чэнь Лянюй авлигын хэргээр баривчлагдахад Дин Сюэсян хотын намын хорооны Тамгын газрын даргаар томилогдсон аж. Тэрээр 2007 онд Шанхай хотын намын хорооны даргаар зурвасхан хугацаанд ажилласан Ши Жиньпин-д шадарлах болж, Шанхайн намын хорооны Тамгын газрын даргаар ажилласан үеэс хойш түүний ойрын хүрээлэлд багтжээ.
2012 онд Ши Жиньпин Хятадын удирдагч болмогцоо түүнийг Бээжинд татаж, Намын Төв Хорооны орлогч гишүүн болгоод өөрийнхөө Ажлын албаа даатгасан юм. 2017 онд Ши Жиньпин улс төрийн багаа бүрэн дэвшүүлсэн намын ХIX их хурлаар Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны Тамгын газрын дарга, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга болгосноор Хятадын Коммунист Намын төв аппаратыг бүхэлд нь хариуцсан асар их эрх мэдлийг олгожээ.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд итгэмжит тэргүүн туслахаар нь ажилласан түүнд огт хариуцаж ажиллаж үзээгүй Хятадын санхүү, эдийн засгийн салбарыг хамгийн сорилт, хямралын цаг үед тулган даатгасан нь улс төрийн шалтгаантай гэж Барууны хятад судлаачид таамаглаж байна.
Цай Чи
Бээжин хотын намын хороог 2017 оноос хойш тэргүүлсэн 67 настай Цай Чи Улс төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүнээр дэвшихдээ Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга болж, Ши Жиньпин-ий дараа эрэмбэлэгдэх Хятадын Коммунист Намын хоёрдахь хүн боллоо. Барууны улс төрийн ойлголтоор, Ши Жиньпин бол намын дарга, харин Цай Чи нь намын генсек болж байна.
Тэрээр сошиал медиа идэвхтэй хэрэглэдгээрээ алдаршсан нэгэн. Хятад маягийн твиттер болох “Вэйбо”-д “Цай Чи, большевик” гэдэг хаягаа идэвхтэй ашигладаг байсан түүнийг 10 сая хүн дагадаг байжээ. Цай Чи сошиал медиа ашигладаг Хятадын нэн цөөхөн улс төрчийн нэг бөгөөд үүнийгээ хүмүүсийн юу бодож, хүсч байгааг мэдэрч, тэдэнтэй шууд харилцах боломжийг олгодог хамгийн сайхан суваг гэж тайлбарладаг байсан бол намын консерватив хэсэг түүнийг сошиал медиа ашиглах замаар өөрийгөө олны танил болгож, нэр хүндээ өсгөж байна гэж тааламжгүй дүгнэдэг байв.
Гэхдээ Цай Чи сошиал медиагаар Ши Жиньпин-ийг магтан дуулах, намын удирдагчийн албархуу дүрийг нь интернэт хэрэглэгчдийн сэтгэлгээнд өөриймсүүлэх “Boss Xi”, “Father Xi” хаштагын давалгааг өрнүүлж байжээ. Apple-ийн төхөөрөмжүүдийг хэрэглэх дуртай тэрээр “Хөзрөн байшин” киног үзэх дуртай гэдэг. Дашрамд дурдахад, Путин Шойгуг Батлан хамгаалахын сайдаар томилоод улс төрийн энэхүү драмыг үзэхийг зөвлөж байсан бол Хятадын дэд Дарга Ван Цишань байнга үздэг аж.
Далайн эрэг дагуух Фузянь мужийн уугуул тэрээр 1999 он хүртэл төрөлх муждаа ажил, амьдралаа өнгөрөөсөн нэгэн. 1978 онд Фузянь-ы Багшийн Их сургуулийг улс төр судлалын чиглэлээр төгсмөгцөө Их сургуулийнхаа Намын хороонд ажилласан Цай Чи 1983 онд Фузянь мужийн намын хороонд дэвшин томилогдож, 1996 он хүртэл янз бүрийн хэлтэс, газрын орлогч даргаар ажиллаж байв. 1996-1999 онд Фузянь мужийн аялал жуулчлалын нэгэн төв Саньмин хотын дарга байжээ.
Цай Чи Фузянь мужийн намын хороонд ажиллаж байхдаа Ши Жиньпин-тэй ойр танилцаж, түүний удирдлагад оржээ. Ши Жиньпин 1985-2002 онд Фузянь-д ажиллаж, 32-49 нас хүртэлх 17 жилийг энд өнгөрөөжээ. Тэрээр энэ хязгаарт хотын орлогч даргаас мужийн дарга хүртэл дунд шатны янз бүрийн албан тушаалуудад томилогдож байсан ч мужийн “нэгдүгээр хүн” буюу мужийн намын хорооны нарийн бичгийн даргын өндөрлөгт хүрч чадаагүй юм. Гэхдээ ирээдүйд Хятадын удирдагч болсныхоо дараа хэрэгжүүлэх бодлого, ажлын арга барил, ойлголт, зарчмынхаа суурийг чухам энд төлөвшүүлсэн болой.
Фузянь муж ХХ зууны сүүлийн хоёр арванд Дэн Сяопин-ы удирдсан Өөрчлөлт, шинэчлэлтийн бодлогын анхны туршилтын бүс болж, эдийн засгийн огцом өсөлтийн үр өгөөж хийгээд үр дагавруудыг бусад мужуудаас түрүүлж амссан юм. Эдийн засаг, улс төр, аюулгүй байдал, шашин соёл, хүн ам зүй, газарзүйн өвөрмөц олон асуудлуудын зангилаа нутагт бараг хорин жил ажилласнаар Ши Жиньпин хожим үндэсний хэмжээний удирдагч болоход тулгарах сорилтуудтай нүүр тулахад чухал бэлтгэл болсон нь мэдээж. Тиймээс тэрээр Шааньси, Хэбэй, Жэзян мужуудад ажиллаж байсан ч гагцхүү Фузянь мужийг өөрийнхөө хоёрдахь нутаг хэмээн бахархан дурсаж, “Би Фузянь-д 17 жил дөрвөн сар ажилласан. Улаан хөрст өндөрлөг (Фузянь-ы нэр) намайг бэлтгэн хүмүүжүүлсэн юм” гэж хэлсэн удаатай.
Цай Чи 1999 онд Жэжян мужийн Цюжоу хотын дарга бөгөөд намын хорооны дэд даргаар томилогдсоноор тэдний зам түр салсан ч 2002 онд Ши Жиньпин Жэжян мужийн намын хороог тэргүүлэх томилолт авснаар дахин нийлжээ. Ши Жиньпин түүнийг дэвшүүлж, Жэжян мужийн төв Ханжоу хотын намын хорооны дарга болгож, өөрийнхөө шууд удирдлагад татжээ. 2007 онд Ши Жиньпин Хятадын дэд дарга болж, Бээжинд шилжсэн бол Цай Чи 2014 он хүртэл Жэжянд ажилласан аж.
Ши Жиньпин 2013 оны 11-р сард хууль хүчний бүх байгууллагуудыг нэгтгэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг анх удаа байгуулаад дараа жилийнх нь 3-р сард Цай Чи-г нийслэлд татаж, уг зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар дэвшүүлжээ.
2017 оны 3-р сард Ши Жиньпин Цай Чи-г Бээжин хотын намын хорооны тэргүүнээр томилсон нь Хятадын улс төрийн уламжлалт жишгийг эвдсэн юм. Учир нь Бээжин хотын намын хорооны даргаар заавал Улс төрийн Товчооны гишүүнийг томилдог журамтай атал Цай Чи Намын Төв Хорооны гишүүн ч биш байв. Найман сарын дараа Хятадын Коммунист Намын ХIХ их хурлаар түүнийг Намын Төв Хорооны гишүүн, Улс төрийн Товчооны гишүүнээр шатгүй дэвшүүлэн сонгожээ.
Цай Чи Ковид-19-ын халдвар тархсан үед “Бээжин-2022” Өвлийн Олимпыг зохион байгуулах ажлыг хариуцаж, олон улсад нэрд гарчээ. Тэрээр бүр залуугаасаа Ши Жиньпин-д шадарласан түүний багийн гол гишүүдийн нэг учраас Хятадын Коммунист Намын Төв Хороонд түүний улс төрийн нөлөөг хадгалах, бэхжүүлэх ажилд гол түлхэц өгөх нэгэн.
Ли Си
2017 оноос Гуандун мужийн намын хороог удирдсан 66 настай Ли Си Улс төрийн Товчооны Байнгын Хороонд орж, Намын сахилга батыг хянан шалгах комиссыг тэргүүлэх боллоо.
Хятадын баруун хойд хязгаарын Ганьсу мужийн уугуул тэрээр 2006 он хүртэл төрөлх муждаа намын янз бүрийн удирдах ажил хийж байв. 2006-2011 онд Хятадын хувьсгалын түүхт өлгий нутаг Шааньси мужийн Янань хотын намын хороог даргалсан Ли Си 2011-2014 онд Шанхай хотын намын хорооны дэд дарга байхдаа Ши Жиньпин-ий шууд удирдлагад зурвасхан ажиллажээ.
Брүүкингс институтийн судлаач Ли Чэн-ий бичсэнээр, Ли Си бүр 1980-аад онд Ганьсу мужийн намын хорооны дарга, Ши Жиньпин-ий эцгийн дотно анд Ли Зичи-гийн туслахаар ажиллаж байхдаа Ши Жиньпин-тэй анх танилцсан гэдэг. Ганьсу мужийн Ляндан хошуу нь Ши Жиньпин-ий эцгийн хувьсгалын дайчин замналын өлгий нутаг учраас Ляндан хошууны намын хороог даргалж байсан Ли Си хошуугаа “хувьсгалын түүхэн ач холбогдолтой загвар нутаг” болгон зарлаж, энэхүү хэлхээ холбоогоор Ши Жиньпин-тэй ойртсон аж.
Нөгөө талаар, Ши Жиньпин-ий улс төрийн холбоотон, 2012-2017 онд Намын Төв Хорооны Зохион байгуулалтын хэлтсийн эрхлэгч, 2017-2022 онд Намын сахилга батыг хянан шалгах комиссын дарга Жао Лэжи-г 2007-2012 онд Шааньси мужийн намын хороог тэргүүлж ахуйд Ли Си түүний удирдлагад зүтгэж байжээ.
2015-2017 онд Зүүн хойд хятадын Ляонин мужийн намын хорооны даргаар дэвшин ажилласан бол 2017 онд намын ХIХ их хурлаар Улс төрийн Товчооны гишүүн, Гуандун мужийн намын хорооны даргаар дахин шат дэвшин томилогдсон аж. Гуандун муж нь 1980 оноос Хятадын эдийн засгийн реформын анхны туршилт болж, улмаар Хятадын экспортын 40 хувь, импортын 35 хувийг эзэлж, нийт ДНБ-ний 12 хувийг дангаараа бүрдүүлдэг тул мужийн намын хорооны тэргүүн нь Улс төрийн Товчоонд багтдаг “дархан эрхтэй”.
Гуандун муж нь ДНБ-ний үзүүлэлтээрээ Хятадын 31 мужаас нэгдүгээрт жагсдаг, эдийн засгийн хэмжээгээрээ Канадтай эн тэнцдэг, 94 сая хүн амтай, хэлний аялга, соёлын онцлог ялгаанаасаа улбаалж, биеэ даасан нутгархаг үзэл хүчтэй дэлгэрсэн юм.
Ли Си Гуандун мужийг “Бүс ба Зам” санаачилгын Далайн торгоны замын чухал боомт болгох хөрөнгө оруулалтыг татаж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийг дэмжихэд гол анхаарлаа хандуулжээ.
ХХ их хурлаар тэрээр улс төрийн ивээгч Жао Лэжи-г залгамжилж, Намын сахилга батыг хянан шалгах комиссын дарга болсноор Хятадын Коммунист Намын гишүүдийн улс төрийн төдийгүй амьдралын хувь заяаг нь шийдэгч боллоо.
Учир нь нэг нам дангаараа засагладаг коммунист улс төрийн тогтолцоонд нам нь төрийн дээр байдаг учраас намын хяналтын алба нь бүх шатны албан тушаалтныг намын гишүүнийх нь хувьд шалгаж, намаас хөөх хүртэл шийтгэл оноосноор тэр хүний ажил амьдралыг шийднэ. Хэрэв намын гишүүн гэмт хэрэгт сэжиглэгдвэл эхний ээлжинд намын хяналтын алба түүнийг намаас хөөсний дараа л хууль хяналтын байгууллага мөрдөн байцааж, шүүхээс ял оноох боломж бүрдэнэ.
Хятадын Коммунист Намын хяналтын тогтолцоо нь бүхий л социалист улс орнуудын нэгэн адил Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намаас импортлогдсон хуулбар юм. Намын хяналтын тогтолцоог коммунист нам орших тогтнох тулгуурын нэг гэж үздэг байсан Ленин 1920 онд Намын хянан шалгах хороог байгуулж, дарга нь Улс төрийн Товчооны гишүүн болдог байсан тогтолцоо 1991 онд Зөвлөлт задрах хүртэл хэвээр үргэлжилсэн. 1997 онд ХКН-ын ХV их хурлаар Намын сахилга батыг хянан шалгах төв комиссын дарга нь заавал Улс төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүнээр сонгогддог журам албан ёсоор батлагдаж, одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэхүү комисс нь 1970, 1980-аад онд намын үзэл суртлын чиг шугамыг сахиулдаг улс төрийн цагдаа, прокурор, бас шүүхийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж байсан бол Хятад улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1980-аад оны эхэн үеэс үйл ажиллагааны үндсэн чиглэл нь намын гишүүдийн авлигын асуудал болж хувирчээ.
Ван Чишань 2012-2017 онд энэ комиссыг удирдаж байхдаа авлигын эсрэг кампанит ажлыг зохион байгуулж, 1.5 сая намын албан тушаалтнуудыг шийтгэснээр комиссын улс төрийн нөлөө нэмэгдсэн юм. Тийнхүү Ли Си-д авлигын эсрэг кампанит ажлыг үргэлжлүүлэх үүрэг оногдлоо.
СОДБИЛЭГ