Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Өгөх, авахын нэр буюу эрүүл мэндийн салбар дахь авлигын теором
Хорват улс. Зүүн Европын Балканы хойгт орших энэ улсыг хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохоос нь өмнө монголчууд төдийлөн сайн мэддэггүй байв. Мэдэх ч албагүй байх. Харин хэсгээсээ гарч, Алтан дагины төлөө өрсөлдөх хүртлээ Хорват улс бидэнд хэдийнэ танил болсон байлаа. Газар нутаг, байгалийн баялгийн хэмжээгээрээ биш ч хүн амынхаа тоогоор, жишиж харьцуулах, тус улсаас үлгэрлэх зүйл олон байгааг онцолж байсан цаг саяхан. Үүнийг яагаад тодотгосон гэхээр Хорватын эрүүл мэндийн тогтолцоо манайхтай агаар нэг учраас. Танил талаараа дамжуулан үйлчилгээ авдаг, үзүүлдэг эмч, сувилагчдын харилцаа, түүгээр дамжсан авлигын систем Хорватад байсан уу гэвэл байсан. Ялгаатай нь, хууль тогтоогчдынх нь зүгээс тус улсын эмнэлгийн салбарт тулгарсан авлигын асуудлыг шийдвэрлэхийн тулд нэгэн аргыг хэрэгжүүлсэн нь хэдийнэ үр дүнгээ өгч эхэлжээ.
Үүн шиг саяхныг хүртэл хүн амын тоо, ДНБ-ий хэмжээ, ер нь төрийн байгууллагын үйл ажиллагаатай нь холбон жишиж асан монголчуудын өөрсдийнх нь тогцолцоо ямар төвшинд явна вэ. Ялангуяа эрүүл мэндийн салбарт.
Олон нийтийн дунд, тэр дундаа эрүүл мэндийн салбар, эмч нартай холбоотой авлигын асуудал байсхийгээд түгдэг ч түүнийг нь нотолсон нарийвчилсан мэдээлэл хараахан байдаггүй. Тиймээс энэ талаарх судалгаа, мэдээлэл байдаг эсэхийг хайж үзэхэд Азийн сангаас 2014 онд хийсэн нэгэн баримт олдлоо.
Тус сангийн санаачилгаар Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийсэн эрүүл үйлчилгээн дэх авлигын нөхцөл байдлыг судалгааг арай дөнгүүр, ханатай гэж хэлж болохоор байна. Судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагыг түүвэрлэн сонгож, үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагч, тэдгээр байгууллагад хандсан өвчтөнүүдийг хамруулснаараа онцлог юм. Ингэхдээ Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, нэг, хоёрдугаар амаржих газар, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх болон хэд хэдэн хорооны нийт 700 үйлчлүүлэгч, 110 эмч, 90 сувилагчийг хамруулжээ.
Нэгэн жишээ
Миний хүү Б-г зүрхний мэс заслын хагалгаанд орж байхад хагалгаа хийсэн багт захиалгын хоол авч өгч байсан. Ер нь бол хагалгаанд орсон хүүгээ хүлээгээд сууж байхад иргэд дандаа л захиалгын хоол эмч нарт өгч байгаа нь харагддаг. Би ч тэд нартай адилхан хоол захиалж өгөх хэрэгтэй юм байна гэж бодсон доо.
Иргэн П-гийн ярилцлагаас УГТЭ
Судалгааны явцад нэгэн зүйл анхаарал татсан нь эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авч байгаа иргэд тэнд ажиллаж буй эмч, сувилагчид бэлэг сэлт, бэлэн мөнгө өгөх байдал харьцангуй өндөр дүнтэй гарсан байх юм. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ авч байгаа иргэдийн 88.7, эмч, сувилагчдын 78.5 хувь нь ямар нэгэн байдлаар гар цайлгах мөнгө өгч, авалцаж байсан тухайгаа илэрхийлжээ. Тавиас доош бүр түүнээс ч бага байх учиртай атал чухам яагаад ийм өндөр дүнтэй гарсан нь эрүүл мэндийн тогтолцоонд авлигын нөхцөл байдал аалзны тор мэт хэрснийг илтгэх мэт. Үүнээс гадна гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд бэлэн мөнгө өгөх явдал хамгийн их ажилагддаг тухай үйлчлүүлэгч төдийгүй эмч, сувилагчид өөрсдөө хариулжээ.
Нэгэн жишээ
Хүний амь настай холбоотой хүнд мэс ажилбар, эсвэл хүүхэд төрүүлэхэд дандаа л дугтуйтай мөнгө өгдөг болчихсон шдээ. За яах вэ, зүгээр хэвтэж эмчилгээ хийлгүүлэхэд набор, вино гэх зэрэг зүйлийг иргэд өгч байгаа нь харагддаг. Хүмүүс эмч нарыг тасгаар орж гарах болгонд гарт нь юм бариулж гаргадаг.
Иргэн С-ийн ярилцлагаас ЭХЭМҮТ
Монголчуудын дунд тогтсон бараг хэвшил болсон түгээмэл ойлголт бий. Тэр нь ихэвчлэн аяганы хариу өдөртөө гэсэн зүйр үгийн агуулгаар илэрдэг. Хэн нэгэн хэрэгцээтэй, амь тулсан үед тус болсны хариуг нь заавал барих ёстой гэж ярьдаг нь дээрх үгээс улбаатай байж мэдэх. Жишээ нь, эмч, сувилагчид баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж бэлэг өгөх нь байж болох зүйл гэдгийг судалгаанд оролцогчдын 66.5 хувь нь хэмээн хариулжээ. Үүнийгээ “Эмч, сувилагчид бэлэг сэлт, эвсэл жижиг хэмжээний эд зүйл өгөхийг зөвшөөрөх хэрэгтэй. Монголчууд бид баярласан сэтгэлээ өөрөөр илэрхийлж мэдэхгүй хүмүүс. Набор, вино өгөхдөө нууж өгөөд л, эмч нь нууж аваад л. Энэ байдлыг ил болгох хэрэгтэй. Бэлэг өгөхийг хүлээн зөвшөөрчихвөл иргэд бид бэлэн мөнгө өгөхөө болино” хэмээн зөвтгөх нэгэн ч байгаа юм.
Сонирхолтой нь, бэлэг сэлт өгөхийг дэмжсэн нийт үйлчлэгчдийн 83.5 хувь нь эмч, сувилагчид бэлэн мөнгө өгөх нь байж болох зүйл гэж үзжээ. Бэлэг сэлт өгөх нь зүйн хэрэг ч бэлэн мөнгө өгөхөд сөрөг хандлагатай буйгаа илэрхийлсэн нь энэ. Өгч байгаа зүйлийнх нь өнгө зүс, хэлбэр дүрс, тоон хэмжээ нь өөр болохоос бүгдээрээ авлигад тооцохыг 2006 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Авлигын эсрэг тухай хуулийн “7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;” гэсэн заалтаас харж болно. Нэг үгээр баярласан сэтгэлээ илэрхийлж бэлэг сэлт өгч байна гэж зөөллөж байгаагаас биш бэлэн бусаар мөнгө өгч буйтай агаар нэг үйлдэл юм. Магадгүй эмч, сувилагчид бэлэг сэлт, мөнгө өгөх нь үйлчилгээний чанарт нөлөөлдөг, илүү сайн найдвартай эмчилгээ хийлгэнэ гэсэн иргэдийн гэнэн ойлголттой холбоотой байж мэдэх. Гэвч нэгэнт эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авран, хамгаалахаа гурвантаа тангарагласан эмч, сувилагчид гар цайлгасанд нь илүү үйлчилгээ үзүүлнэ гэсэн дүрэм, шаардлага байхгүй. Адаглаад эмчийн ёс зүйд нийцэхгүй. Төрөөс, төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс цалинжиж байгаагийн хувьд ч тэр.
Нэгэн жишээ
Ээжийгээ түргэн хагалгаанд оруулахын тулд хариуцсан эмчтэй нь уулзаж, хоолонд оруулж мөнгө өгсөн. Хагалгаанд орсных нь дараа мэс засал хийсэн багийг нь хоолонд оруулж, бас чихэр жимс, набор, мөнгө өгсөн. Хамгийн их юмыг эмчид нь л өгсөн дөө.
Иргэн Б-гийн ярицлагаас ХСҮТ
Өвчин зовлон хэлж гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг. Өнөөдөр инээж явсан нэгэн маргааш нь эмнэлэг бараадаж бусдаас тусламж эрэхийг хэнч таашгүй. Энэ үед бид хаана ханддаг вэ. Хариулт нь маш энгийн бөгөөд тодорхой. Эмнэлэг бараадаж, эмчээс тусламж гуйдаг. Үздэг, хардаг хүн бараадах үе бий ч эцсийн найдвар нь эмнэлэг, эмчийн чадвар дээр очоод тогтдог. Гэвч тухайн эмнэлэг, эмчээс ямар төрлийн үйлчилгээ авахтай холбоотойгоор нэн түрүүнд хэрэг болдог зүйл нь бэлэн мөнгө гэдгийг Азийн сангийн судалгаа бэлхнээ баталж байна. Ингэхдээ мэс засал болон төрөх үйлчилгээнд орохдоо эмч, сувилагчид мөнгө өгдөг тухайгаа дийлэнх нь хэлжээ.
Нэгэн жишээ
Эхний элэгний хагалгааны багт 500 мянган төгрөг өгсөн. Угаасаа хагалгаанд орсон эмч нар нь хуваагаад авчихдаг уламжлалтай юм шиг байна билээ. Хагалгаа дууссаны дараа мэс засал гайгүй боллоо, та эмчтэй нь уулзаарай гэж сувилагч хэлсэн. Мөнгөө өгөхдөө хагалгааны дараа өгсөн л дөө. Маргааш нь уушгины хагалгаанд ороход нь бас 500 мянган төгрөг, гэхдээ өмнө нь хагалгаа удирдах эмчид нь өгсөн. Хамгийн сүүлийн хагалгаагаар 200 мянган төгрөг өгсөн. Эмнэлэгт байх хугацаанд нь ээлжид гарч байгаа сувилагч болгонд л 10, 20 мянган төгрөг өгдөг байсан. Өөрөө ч сэрэнгүүтээ мөнгө өг гэж хэлсэн. Аминдаа дотор орж асарч чадахгүй болохоор сайн асраарай л гэж боддог байсан. Өдөрт хоёр удаа дотогшоо ордог болохоор орж гарах бүртээ мөнгө өгч байсан. Нийтдээ 500 мянган төгрөгийг зөвхөн сувилагч нарт нь өгсөн. Жишээ нь, боолт солиулах бүртээ тухайн хүнд нь 40 мянган төгрөг өгч байсан.
Иргэн Т-гийн ярилцлагаас ГССҮТ
Эмч болон сувилагчид өгдөг бэлэг сэлт, мөнгөний өртөг ялгаатай байгааг эндээс харж болно. Эмчид өгсөн бэлэг сэлт, мөнгөн дүн 200-1.8 сая төгрөг байгаа бол сувилагчид өгсөн нь 20-300 мянган төгрөгт хэлбэлзэж байна. Дунджаар авч үзвэл 25 мянга төгрөгийг өдөрт өгдөг гэсэн үг. Энэ нь эмч, сувилагчдын нэг өдрийн дундаж цалинтай дөхөх дүн юм.
Одоогоос таван жилийн тэртээ эрүүл мэндийн салбарт хийсэн судалгаанд дүгнэлт хийхэд ийм үр дүн гарчээ. Үүнээс хойш байдал хэрхэн өөрчлөгдсөн бол. Сайд нь солигдож, салбарын бодлого нь өөрчлөгдөж ирсэн болохоос тэндэх авлигын төвшинд өөрчлөлт гарсан уу. Өмнөхөөсөө сайжирсан уу, эсвэл бүр дордсон уу. Өнөөх авлига, өгдөг авдаг сэтгэхүй нь байсаар байна уу. Цаашид энэ байдлыг цэгцлэхийн тулд юу хийж, хэрэгжүүлэх ёстой вэ?. Хариултыг холоос хайгаад хэрэггүй л болов уу. Гагцхүү энэ бүхэн та биднээс л шалтгаална.