Энэ 7 хоногт
Социалист сэтгэлгээг халъя (III хэсэг)
Хятадуудаас айх айдас хэрээс хэтэрсэний цаад шалтгаан бол бидний чадамжгүй байдал. Хэрвээ тэр чадамж бүрэлдсэн байсан бол бид хийрхэн үзэн ядаж, хий хоосон сүржигнэж, дүвчигнэх бус оюун санаа, үзлээрээ, бодит оролцоо, техник технологи, чадамж, нэгдмэл нэг байдлаараа оршихуйгаа хамгаалах байлаа. Ахуй оршихуй, орон зай, өөрсдийгөө хамгаалах хамгаалалт дутаад байна, бидэнд.
Удаах нь айдсын зөн мэдрэмж хийгээд хятадаас айх айдас. Ямар нэг зүйлийг хэт үгүйсгэн хийрххүйн цаана тухайн зүйлээс айх айдас хүйдэс хийгээд мөн сул дорой байдлаа нуух гэсэн зөн мэдрэмжнуугдаж байдаг жамтай. Эрлийз гэх элийрлийн цаана хятадаас айх айдас нуугдаж байна. Дэлхийн олон улс үндэстэнд хятадаас айх айдас бий. Тэрбум давсан хүн, Хятад улсын үсрэнгүй хөгжил, эдийн засгийн өсөлт, техник технологийн дэвшил, дэлхий даяар түгэх Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, хаана ч дасан зохицох чадвартай,мөнгөжиж хөрөнгөжсөөр буй хятад хүн, ер нь бол Хятад улсын хүчирхэгжилт, орон зай дахь тэлэлт нь бусад улс үндэстэнд тэднээс айж болгоомжлох бодит нөхцөл, шалтгаан гэж харагдах болж. Хүчтэй байдал гэдэг хүчгүй доройн айдсыг өдөөгч хүчин зүйл билээ. Нэг улсын хүчирхэгжилт хөрш орнууд, бусад улс үндэстэнг айлгаж, эзлэгдэх вий гэсэн битүүхэн айдаст автуулж, тэднээс болгоомжилж эсэргүүцэх, оршихуй орон зайгаа хамгаалах санаа сэдлийг өдөөдөг жамтай. Манай улсын хувьд уул уурхай, мал аж ахуй, үйлчилгээ, бизнес гээд олон салбарт хятадууд эзэн сууж, оршихуй, орон зайг эзлэн, тэд түрж, бид түрэгдэж, орон зайгаа алдаж буй явдалбидэнд тэднээсайх хийгээдүзэн ядах хүсэл сэдлийг өдөөж байна. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү боловч бидний хувьд хятадаас айх айдас хэрээс хэтэрч, утгаа алдаж, айдас маань утгагүй хийрхэл болж хувирчээ. Энэ хийрхэл амьдрал дээр янз бүрийн үзэгдэл болж хэлбэржжээ.
Мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцөд “ Манай улс ирээдүйд Хятадад эзлэгдэнэ” , “ Тэдэн онд хятадууд манай улсыг эзэлнэ”, “ Монголыг эзлэх нь Хятадын зөөлөн хүчний бодлого”, “ Эрлийзүүдээс болоод монгол хүн гишгэх газаргүй болно ” , “ Хятадад эзлэгдвэл бид Шинжаан Уйгар шиг болно” иймэрхүү агуулга, утга санаатай бичвэр элбэг. Бичсэн хүн нь ирээдүйд ирэх аюулыг урьдчилан анхааруулж, монголчууддаа сэрэмжлүүлэх зорилгоор бичлээ гэсэн тайлбар зүүдэг. Гэвч бодит байдалд тэд эзлэж, бид эзлэгдэнэ хэмээн баталж нотолсон утга, санааг илэрхийлчихэж байгаа юм. Ер нь бол бусдад эзлэгдэх тухай, хэн нэгэнд эрхшээгдэх тухай энэ мэт үг яриа, сэтгэлгээ, хандлагыг хийрхсэн айдсын үр нөлөөлөл, үйлчлэл гэж үздэг. Ухамсрыг дийлж, хар аяндаа л бусдад эрхшээгдэх гэж байгаа мэт, эзлэгдэх гэж байгаа мэт, зовж зүдэрч байгаа мэт, эргэн тойрон дайсан хүрээлж буй мэт, бүх зүйл дайсан мэт ийм бодит бус, хуурмаг хоосон, худал мэдрэмж төрөх, мухардмал, баригдмал, хүлэгдмэл байдлыг мэдрэх нь айдсын үйл ажиллагаа хэт идэвхжиж, хийрхсэний шинж болно. Хийрхсэн айдастай хүн бичвэрийг анхдагч зорилго, санаагаар нь бус баталж нотолсон утгаар хүлээн авч, бид эзлэгдэнэ гэдэгт итгэж үнэмших болно. Ийн итгэж үнэмшиж буй хүн олон байна. Ер нь бол иймэрхүү утга санаатай бичвэрүүд нь хэн нэгэнд эрхшээгдэж, эзлэгдэхээс өөр аргагүй болсон мэт, бидэнд өөр зам үгүй, гарах гарцгүй болж мухардмал байдалд орсон мэт итгүүлж үнэмшүүлж байна. Гадаад улсын иргэд биш өөрсдөө, дотоодоосоо иймэрхүү санааг дэлгэрүүлж, өөрөө өөрсдийгөө ятгаж үнэмшүүлж буй үйлдэл шүү. Энэ мэт утгагүй дэмий бичвэрийг бүгд санаа нэгдэн эсэргүүцэх учиртай болно.
Хятадаас айх айдас хэрээс хэтэрч, утгаа алдаж, айдас маань утгагүй хийрхэл болсон гэдгийн нотолгоо өөр нэг жишээ энэ. Нийгмийн оюун санааны ертөнц хужаагийн эрлийз гэсэн хараал зүхэл, хятадуудыг алж талах, буудаж хороох хүсэл санаа, өширхөл хорсол, үзэн ядалтаар хахчихжээ. Эсэргүүцлээ хурц мэдрэмжээр илэрхийлжээ. Уул ньэнэ нөхцөл байдал бол нэг улс нөгөө рүүгээ түрэмгийлэл үйлдсэн, эзлэн авахыг завдсан, дайн байлдаантай үеийн сэтгэл зүй билээ. Дараах шалтгаантай. Айдсын нөлөө, үйлчлэлээр хүн айдаг зүйлээ хэт эсэргүүцэж хийрхдэг жамтай. Айх хийгээд эс айх нөхцөл, тохиолдлуудыг хооронд нь ялгаж салгаагүй, хэт туйлширсан эсэргүүцлээр нь тухайн хүний айдас хийрхжээ гэдгийг мэдэх боломжтой байдаг. Ер нь бол хүчтэйн өмнө хүчгүйгээ мэдрэх гэдэг дотоод сэтгэлд хар аяндаа л атаархал хорсол, үзэн ядалт,айдас болгоомжлол, түгшүүр зовнил, үзэн ядалтын мэдрэмжүүдийг идэвхжүүлж өдөөдөг жамтай. Дотоод дахь өдөөлт гадагшлахдаа хурцаар эрс эсэргүүцсэн үйлдэл хандлага болж илэрдэг зүй тогтолтой. Айдас хийрхсэний гор. Нийгмийн оюун санаа дахь дээрх хараал зүхэл, үзэн ядалт бол сүржигнэл дүвчигнэл юм.
Хятадаас айх айдас хэрээс хэтэрч, утгаа алдаж, айдас маань утгагүй хийрхэл болсон явдлаас үүдэн дараах дүр төрх төрж, бий болжээ.Э нэхүү хараал, үзэн ядалт гаднаа сүрдэм сүржин дүр төрх, мундаг хүн, оршихуйгаа хамгаалсан тэмцэгч хүнийг бүтээж, сүржигнэл дүвчигнэлийг дэврээж байна. Сүржигнэл бол хоосон дүр төрх, хэлбэрдэл. Сүрт сүржин хэлбэрийг даван дотоод руу нь харвал үнэндээ туйлын аймхай, хулчгар, гөлөлзсөн, өчүүхэн, үхээнц, долигнуур, долдой, зусарч, зулгуйч шинжтэй туйлын барьцгүй, тогтворгүй нэгэн нуугдаж байдаг. Үзэл бодол, үг яриа нь холбиромтгой, хаашаа чхэлбийж, хэний ч талд орж мэдэх урвагч шинжтэй. Эрлийз хүмүүс, Хятад орон, хятадуудыг үзэн яддаг хүмүүсийн үг яриа хийгээд үйлдэл хандлага нь хоорондоо алд дэлэм зөрөх юм билээ. Бодит байдалд тэдэнтэй сүжирсэн, дагаж гүйсэн, энд тэнд зуучилсан, ажил хэрэг бас хувийн нягт харилцаа холбоотой байдаг юм билээ. Бодит байдал, төрх нь ийм атал сошиал ертөнцөд эрлийз хүмүүс гэж хашхираад хятадуудыг үзэн ядсан хандлагатай. Энэ бол нийгмийн оюун санаа, сэтгэл зүйд нийцүүлж бүтээсэн дүр юм. Нийгмийн харилцаа, сэтгэл зүй хүнийг аяндаа хуурмаг дүр бүтээхийг шаардаж байна, хурц эсэргүүцэхийг шаардаад байна, зайлшгүй байдалд оруулжбайна гэсэн үг. Буруутгах аргагүй ээ. Хүмүүс бид цаг үеийнхээ бүтээл болохын хувьд нийгмийн оюун санаа хятадуудын эсрэг үзлээр хахсан энэхүү нөхцөл өөрийн хүслээр ч бай, эс хүссэн ч бай хуурмаг дүр бүтээх хийгээд тэднийг эсэргүүцэн хийрхсэнхүмүүс бий болж, төрж бүтэхэд хүргэж байгаа юм шүү. Сүржигнэл, дүвчигнэл гэдэг тухайн хүнд хатан зориг бүрэлдээгүйн шинж болно. Зориггүй учир тунчиг аймхай, хулчгар, өчүүхэн, үхээнц шинж илэрч, бүх зүйлээс хэтрүүлэн айна. Энэхүү сүржин сүртэй хэлбэр дотоод дахь үхээнц, хулчгар, аймхай, үхээнц шинжээ нуух арга юм. Эрлийз гэж элийрлийг дагалдсан сөрөг үр дагаврууд энэ.
Үеэ өнгөрөөж, утгаа алдсан зүйл амьдралд мөн л утгагүй хоосон үг яриа, үйлдэл хандлага, дүр төрх, хэлбэрдлийг төрүүлж, бий болгож байна. Гэвч энэ бүхний цаана бидний гашуун үнэн, оршихуй орон зайгаа хамгаалах чадамжгүй байдал, хятадуудаас айх айдас нуугдаастай байгаа. Тэднээс оршихуй орон зайгаа хамгаалж буйгаа, тэднийг эсэргүүцэж буй гэдгээ, дотоод сэтгэл дэх санаа зориг, бодол хүслээ бид сүржигнэл, дүвчигнэлээр илэрхийлж байна.Амьд байгальд амьтад үсээ өрвийлгөн, араа шүдээ ярзайлган архирч, сүрийг үзүүлж, дайсан этгээдиийг сүрдүүлж айлгах аргаар амь нас, эзэмшил нутгаа хамгаалдаг гэдгийг мэдэх байх. Байгалийн энэ өгөгдөл нийгмийн амьдралд хэлбэржсэн нь энэ юм. Мөн коммунист үзэл суртлын нөлөө ч бас байгаа. Хойд хөршид өрнөж буй үйл явдлаас үүдэн социалист үзэл гэгч дайснаа айлгах гэж сүрийг бадраасан, хий хоосон сүржигнэж, дүвчигнэсэн бөөн хэлбэрдэлт, худал хоосон үг яриа, үйлдлийн цуглуулга юм байна гэдгийг харав.
Хятадуудыг үзэн ядаж,эсэргүүцэн хийрххүйн цаана бид тэднээс айж болгоомжлох хийгээд оршихуй орон зайгаа, өөрсдийгөө хамгаалж буй сэдэл нуугдаж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хий хоосон сүржигнэл дүвчигнэл,амьтныхаа төрөлх зөнгөөр, сүр бадраасан дайсны тухай үзлээр, эрлийз гэх элийрлээр бид оршихуй, орон зайгаа хамгаалах гэж оролдож байна гэсэн үг. Гэвч үнэн байдал нь ахуй оршихуй, орон зай, өөрсдийгөө хамгаалсан хамгаалалт огт биш, хятад улс, хятад үндэстнийг хатгаж өдөж, дайсагнаж буй үйлдэл юм. Оршихуйгаа хамгаалах чадамж бидэнд бүрэлдэн тогтоогүй өдий хүрчээ. Чадамжгүйн учир л ийн сүржигнэж дүвчигнэж байгаа болно. Бидний хувьд үнэн байдал тунчиг гашуун байх юм аа. Бид Хятадтай холбоотой аливаа асуудлыг айдсын хийгээд үзэн ядах, өмөөрөх, буруутгах төрөлх зөнгөөрөө харж, хүлээн авч, хариу үйлдэл үзүүлж байна. Ухамсаргүй мэдрэмж, айдсын зөнд суурилсан дээрх дүр төрх, итгэл үнэмшил, үйлдэл хандлагыг өөрчлөх учиртай.
Хятадуудаас айх айдас хэрээс хэтэрсэний цаад шалтгаан бол бидний чадамжгүй байдал. Хэрвээ тэр чадамж бүрэлдсэн байсан бол бид хийрхэн үзэн ядаж, хий хоосон сүржигнэж, дүвчигнэх бус оюун санаа, үзлээрээ, бодит оролцоо, техник технологи, чадамж, нэгдмэл нэг байдлаараа оршихуйгаа хамгаалах байлаа. Ахуй оршихуй, орон зай, өөрсдийгөө хамгаалах хамгаалалт дутаад байна, бидэнд. Бидэнд эдгээр зүйл, оршихуйгаа хамгаалах тухай шинэ үзэлсанаа хэрэгтэй. Тэр үзэл нь эрлийз гэх элийрэл, ангич үзэл огтхон ч биш. Социалист нийгэмд оршихуй, орон зайгаа хамгаалж байсан арга барил, эрлийз гэх үзэл энэ цагт оршихуйг маань хамгаалах чадамжгүй болж. Энэ элийрлийг халж, өөр үзлээр сольж, оюун санааны ертөнцөө шинэчлэх учиртай билээ. Гэхдээ хар таамгаар, мухар сохроор элдэв үзлээр сольж болохгүй.Ямар үзлээр сольж, шинэчлэх вэ? бидэнд ямар үзэл хэрэгтэй вэ? гэдгийг оршихуй, орон зайн маань бодит нөхцөл байдал шийднэ. Оршин амьдарч буй оршихуй, орон зай, зах зээлээ нэг хар даа. Түрэлт хаа сайгүй. Тэд түрсээр л, бид түрэгдсээр л. Түрэлт манай оршихуй, орон зайд бодитой явагдаж буй үйл явц болж. Энэ нөхцөл байдалтай уялдуулж, эрлийз гэх элийрлийг түрэлтээс хамгаалах тухай үзлээр солих нээ. Эхнийх нь үндэстэнг хувааж задласан хортой элийрэл бол нөгөөх нь оршихуй, орон зай, зах зээлээ хамгаалсан үзэл санаа. Хоорондоо эрс тэс ялгаатай. Нэг нь огтоос хэрэггүй, нөгөөх нь ус агаар мэт зайлшгүй хэрэгцээтэй. Хэрвээ түрэлтээс хамгаалах тухай үзэл санаа, ойлголт ухагдахуун бүрэлдэн тогтсон байсансан бол бид эрлийз гэж элийрээд, хятадаас айж хий хоосон хийрхэхгүй байлаа.
Түрж байгаа нөхцөлд түрэлтийн эсрэг үйл явц явагдах жамтай. Түрэлтийг хязгаарлаж, хянаж, оршихуй, орон зайгаа хамгаалах үйл ажиллагаа юм энэ нь.Оршин амьдрах орон зайгаа тэлэх хийгээд хамгаалах гэдэг байгалийн түгээмэл хууль, зарчим. Амьд байгальд гэм хоргүй хөөрхөн хэрэмнээс эхлээд араатан чоно, ургамал цэцэгс мөнхүү хүмүүс бид оршин амьдрах орон зайгаа тэлэх, шинэ орон зайг эзлэх хийгээд өөрийн оршин амьдрах орон зайг бусдаас хамгаалан тэмцэх хүсэл сэдэл, санаа зорилгыг тээдэг нь байгалийн жам хууль юм. Улс үндэстэн бүрд жам ёсны энэ хуулийн гүнзгий утга санаа, утга учир, зүй тогтлыг ухаарч ойлгосон, зуу зуун жил мөрдөж хэвшсэн, амьдрал оршихуйдаа бодитоор хэрэгжүүлсэн, бараг мах цусандаа хүртэл шингээсэн, түрэлтээс хамгаалах тухай оюун санаа, сэтгэлгээ, үзэл тогтсон байдаг. Бидэнд харин энэ тухай ойлголт туйлын дутмаг, энэ тал дээр бид цагаан цаастай ижилхэн. Түрэлтээс хамгаалах дархлаагүй, түрэлтийг хязгаарлах нөхцөл, хүчин зүйлс бүрдээгүй, үзэл сэтгэлгээ тогтоогүй, бидэнд.Үүний уршгаар оршихуй орон зай хяналтгүй, хамгаалалтгүй,сул чөлөөтэй, эзэнгүй байна. Орон зай эзлэхэд хялбар, түрэхэд тун таатай нөхцөл бүрдсэн гэсэн үг. Шинэ орон зайд, шинэ газар нутагт орон зайгаа эзлэх байтугай дасан зохицох гэдэг хэзээд хүнд хэцүү, амаргүй байдаг. Гэвч манайд байдал яг эсрэгээрээ. Манай оршихуйд төрөл бүрийн салбарт түрэхэд, орон зайг эзлэхэд тун амар хялбар, бүтэмжтэй, хурдтай байна. Энэ явдлын шалтгаан, учир дараах хэсгээс тодорхой болно. Түрэлт бол бидний хоцрогдлын гай. Дэлхий дахин, хүн төрлөхтнөөс оюун санааны төвшин, чадвар чадамж, менежмент, техник технологи, нэгдмэл байдал, мэдлэг, мэдээлэл, үндэсний үзэл, амьдрах арга ухаан энэ мэтээр тоочвол тун олон зүйлээр хэдэн арван жилээр хоцорч яваа, бид.Бидэнд бүрэлдэн тогтоогүй эдгээр зүйлс тэдэнд бүрэлдэн тогтоод хэдэн арван жил болж. Энэ байдал тэдэнд давамгай байдлыг бий болгож байна, давамгай байдлаа ашиглан амархан түрж байна. Тэд түрж, бид түрэгдэж байгаагийн цаад шалтгаан, учир, нөхцөл, хүчин зүйл энэ юм. Түрэлтийг яаж хязгаарлах вэ? яаж оршихуй орон зайгаа хамгаалах вэ? үүний тулд юу хийх вэ? ямар үзэл хэрэгтэй вэ? энэ мэт зүйл ярьж, хэлэлцэж суух цаг шүү, өнөөдөр бол.Түрж буй нөхцөл байдлаасаа, түрж буй талуудын үйл ажиллагаанаас, хандлагаас нь эргээд түрэлтийг хязгаарлах арга зам, хэлбэрүүд, үзэл санаа, ойлголт ухагдахуун, бидэнд хэрэгтэй байгаа зүйлс мааньаяндаа тодроод гараад ирэх зарчимтай шүү. Энэ тухайд булт бүгдээрээ санаа нэгдэн хэлэлцэх аваас бүтнэ. Энэ мөн давхар нэг зүг рүү харж, нэгдэн нийлж буй үйл явц юм. Эрлийз хэмээн элийрээд, өөр зуураа толхилцоод, өвөр зуураа дайсагнаад, биесээ химлээд, дэмий баахан хэрэлдээд, элийрч балайраад суух чинь тэднүүсийн түрэлттэй, түрэгдэж буй бидний байдалтай, орон зай, зэх зээлээ алдаж буй нөхцөл байдалтай үнэхээр авцалдахгүй, зохицож нийцэхгүй байна. Улс нийгэм, ахуй оршихуй, орон зай, цаг үедээ зөв, хэрэгтэй, үр дүнтэй, өнөө ч ирээдүйд ч үр ашгаа өгөх зүйл хийж, ярьж, үйлдэж байя л даа.
Ч.ТУЯА