Байсгээд л нийслэлийн хаа нэгтээ, ямар нэгэн газрын асуудал мандаж, тэр нь сошиалаар давалгаалж, хэвлэлүүдээр шуугиулсаар эцэст нь хэн нэгэн улстөрч нөхцөл байдалтай танилцаад тэгсгээд намждаг. Нөхцөл байдалтай “газар” дээр нь очиж гэгээн дүрээрээ очиж танилцсан улстөрчийн гараас ямар шийдвэр гарч, үр дүн хэрхсэнийг хүмүүс ч аандаа сонирхохоо больж дараагийн шуугиан руу орж явчих нь жаахан тиймхэн.

Хамгийн сүүлийн жишээгээр бол Богд хааны ордон музейн газрын асуудал улсын Ерөнхийлөгчийг өөрийн биеэр очтол өндөрт гарлаа. Вантрейд ХХК хэмээх аж ахуйн нэгж (олны шуугих нь АПУ-гийн харьяа компани гэж байгаа) 2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 15993 м2 газрыг эзэмшсэн нь Богд хааны ордон музейн газар байж. Засгийн газар Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсийг тогтоож өгчихөөд байхад тэрнээс нь 2010, 2011 онд ч тойруулаад өм цөм компаниудад олгоод байж. 2010-2012 онуудад нийт 2.3 га газрыг компаниудад өгснийг (тухайн үед хэн Нийслэлийн Засаг дарга байсныг хотын вэбсайтаас ороод харж болох) музейн удирдлагууд ярьж байв. 

Улмаар 2012 онд газраас нь хэлтэлж авсан Вантрейд ХХК өнөөдрийн шуугианы гол эзэн болж таарсан. Мандаасан асуудал бол ерөнхийдөө ийм. 

Асуудлын мөрөөр төрийн тэргүүнийг Богдын музейд очсон явааг хараад хүмүүс ч тэгтлээ гайхсангүй. Яагаад гэвэл өмнөхөн нь Ерөнхийлөгч маань гудамжинд жагсагчдын дунд орчихсон л явсан юм чинь. Музейн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл, гомдол гаргасан аж. Яадаг ч байсан улсын Ерөнхийлөгч газар дээр нь асуудлыг харж, “имэрч” үзээд явахдаа асуудалд шийдвэр гаргах субьект биш тул “...хотын захиргаанд хандсан, хариу удахгүй ирэх байх” гээд л явсан. 

Хариу нь ердөө маргааш нь гарч Нийслэлийн Засаг даргын захирамж тас буух нь тэр. Ерөнхийлөгч ороод гарсандаа ч тэр юм уу, лав асуудлын гол гогцоог татах ёстой хүн нь шийдвэрээ дор нь гаргаснаар Богдын музейн газар өнөө маргаашдаа хөлбөмбөгийн тоглолт үзэх хөөрсөн залуус, халамцуу олны хөлд талхилагдахгүй боллоо.

Болж байна шүү. Өмнө нь Б.Цэрэндоржийн гудамжийг яалаа. Бас л Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж олны эсэргүүцэлтэй тулгарсан барилга байгууламжийн асуудлыг зогсоосон. 

Тэрнээс өмнө түгжрэлийг бууруулахын тулд гадны туршлагыг авч хэрэгжүүлэх гэсэн, иргэд эсэргүүцээд ирэхээр нь больж л орхисон. Иргэдээ сонсож байна гэсэн үг. 

Хотын захиргааг дэргэд нь авчрах гэлээ гэж ундууцсан Яармагийн иргэдтэй бүтэн багаа дагуулж уулзалт хийгээд, төлөвлөгөөгөө танилцуулаад, газар дээр нь зарим асуудлыг нь шийдэж өгөөд явсан.

Өмнөх дарга нарынхаа илт но-той ноцтой захирамжуудыг ч хүчингүй болгож чадаж байна. Шударга ажиллаж байна гэсэн үг. Гаргасан тушаал, шийдвэр нь иргэд бидний амьдралд шууд нөлөөлөх нэг ч гэсэн төрийн түшээ иргэдээ сонсоод чих зөөлөнтэй, буруу зөрүү асуудалд хатуу байр суурьтай байвал болоо юу даа.

Гол сэдвээсээ далийж орхилоо.

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Монгол Улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. 1924 онд байгуулагдсан Монгол Улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болж. 1954 оноос Улсын төв музейн харьяа болж байгаад 1961 онд бие даасан музейн статустай болсон. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг. Лав өвлийн ордонд нь VIII Богд Жавзандамба, хатан Дондогдуламын хамт 20-иод жил өвөлжсөн юм гэнэ лээ.

Тэгээд ийм газар тоглолт үзэх хөөрсөн залуус, халамцуу олны хөлд талхилагдахгүй болно гэдэг бас сайхан ч юмаа аа. Одоо музейн удирдлагууд “ямааны мах”-ыг халуун дээр нь 2010, 2011 онд тасдуулсан газраа эргүүлж авахаар тэмцэх юм гэнэ. 

Тэгвэл ч ёстой Богдын сүнс амирлана даа.