Энэ оны 3-р сарын 22-ны өдөр буюу Исламын шашны Наурызийн баярын өдөр Москва хот орчмынКрасногорскийн “Крокус Сити Холл” танхимд оросын рок хамтлагийн концерт үзэх гэж ирсэн 6000 үзэгчдийн эсрэг алан хядах ажиллагаа явагдав. Крокус танхимын гадаах автомашины зогсоол дээр “Рено”маркийн цагаан өнгийн суудлын автомашинаас 4 хүн гарч ирээд концертны заалыг чиглэн явжээ. Тэдний гурав нь автомат буугаар зэвсэглэсэн, нөгөө нь гартаа бензинтэй канистр барьсан байлаа. Алан хядагчид хагас цагийн турш “Крокус” танхимд байсан олон зуун хүмүүс рүү автоматаар шүршиж, танхимыг шатаасан юм. Энэхүү балмад халдлагын дараа 137 энгийн иргэн амь үрэгдэж,182 хүн шархдсан нь тогтоогджээ. 

Энэхүү алан хядах ажиллагааг хэн зохион байгуулсан тухай дэлхийн хэвлэл мэдээлийн агентлагууд гурван төрлийн таамаглал дэвшүүлж байна. Үүнд: Нэгд, Энэхүү алан хядах ажиллагааг “Исламын улс” хэмээх байгууллага зохион байгуулсан. Хоёрт, Энэхүү ажиллагааг Оросын тусгай албаны ажилтнууд өөрсдөө санаатайгаар үйлдсэн. Гуравт. Энэхүү ажиллагааг Украины тал явуулсан. Эдгээр гурван таамаглалаас “Исламын улс” хэмээх байгууллагаэнэхүү аллагыг үйлдсэн гэдэг нь бодитой болж ирж байна.

АНУ болон өрнөдийн тусгай албадууд “Орос улсад ойрын үед исламын алан хядагчид алан хядах ажиллагаа явуулахгэж байна” хэмээн Оросын эрх баригчдад анхааруулж байсан боловч Путин “ Энэ бол өрнөдийн Орос улсыг бутаргаж нэгдсэн байдлыг бусниулах гэсэн башир арга” хэмээн үл тоож мэдэгдэл хийжбайв. Харин өрнөдийн улсууд Оросын Москва болон бусад том хотуудад амьдардаг өөрийн улсын иргэдээ анхааруулж байсны хүчинд өрнөдийн иргэд аллаганд өртөөгүй аж.

Тэр өдөр “Крокус” танхимд иргэд тоглолт үзэхээр олон мянгаараа очиж байхад тэнд орох хаалганы дэргэд ямар ч хамгаалалт байсангүй. Росгвардийнханааснэг ч хүн үзэгдсэнгүй. Цагдаагийн газраас нэг ч цагдаа харагдсангүй. Бүтэн хагас цаг алан хядах үйл ажиллагаа явагдаж дууссаны дараа бүтэн нэг цагийн дараа Росгвардийнхан ирсэн нь туйлын хариуцлагагүй хэрэг байлаа. Росгвардийнхан “Крокус” танхимаас ердөө гучхан минутын зайтай газар байрлаж байжээ.

Москва хотын Шүүх 3-р сарын 25-ны өдөр аллага үйлдсэн гэх 4 сэжигтнийгбаривчилжээ. Энэ дөрвөн хүн бол тажик үндэстэн Далержон Мирзоев, Муродали Рачабализоде, Мухаммадсобиру Файзов, Шамсидин Фаридуни нар юм. Энэ дөрвөн хүнийг Брянскийн ойролцоо машинтайгаа явж байхад баривчилсан. Тэд Украин руу явахыг завдсан хэмээн оросын хэвлэл мэдээллээр зарласан. Брянск бол Беларусийн хилд арай дөхөм нутаг юм. Исламын алан хядагчид тусгай хүчнийхэн дүүрэн хөлхөлдөж байгаа баруун зүг Украины хил рүү явна гэдэг санаанд багтамгүй явдал юм. Хэрэв исламын алан хядагчид зугтлаа гэхэд өмнө зүг рүү Грузин, Казахстан руу зугтах нь мэдээж байлаа. Тэндээсээ Иран, Пакистан руу явах нь мэдээж баймаар юм.

Шүүх дээр эдгээр 4 сэжигтнийг ихэд хүндээр зодсон байдалтай авчирчээ. Мирзоевын хүзүү гэмтсэн, Рачабализодегийн нэг чихийг огтолсон байв. Энэ хоёр нь буруугаа хүлээсэн гэсэн. Эдгээр дөрвөн сэжигтний хоёр нь орос хэл мэдэхгүй байсан тул орчуулагч авчирчээ. Сэжигтэн Мирзоев Оросын Новосибирск хотод амьдардаг, 32 настай, эхнэртэй, 4 хүүхэдтэй. Муродали 30 настай, эхнэртэй, хүүхэдтэй. Шамсидин Фаридуни 25 настай, эхнэртэй, 8 сартай нялх хүүхэдтэй. Фарудин “Крокус” танхим байрладаг Москва орчмын Красногорскд ажилладаг байжээ. 19 настай Мухаммадсобир Файзов маш их зодуулсан, нүд нь мултарч сохорсон, тэргэнцэр суулгасан байдалтай авчирчээ. Энэ тажик залуу Оросын Иванов хотод амьдардаг, тэр хотдоо алдартай үсчин байсан ажээ. 

Оросын тусгай хүчнийхэн “Даваа” гаригт нэмж Аминчон, Диловар, Исроил Исломов гэсэн эцэг, 2 хүүг нь баривчлав. Эцэг нь цагаан “Рено” машины эзэн байжээ. Исломов 7 хоногийн өмнө цагаан “Рено” машинаа өөрийн эхнэрийн ахд заржээ. Телевизээр алан хядах ажиллагаанд оролцсон гэх машиныг хартал өөрийнх нь зарсан автомашин мөн болохыг тэр мэдэж Цагдаагийн газар очиж хэлжээ. Цагдаагийн газар түүнийг 2 хүүгийнх нь хамт шууд л баривчилсан байна. Исроил бол Тажикстаны иргэн, 62 настай, 5 хүүхэд нь насанд хүрсэн. Нэг хүү нь 24 настай, эхнэр хүүхэдтэй, Тверь хотод таксины жолооч, нөгөө хүү Аминчон нь 33 настай, 7 хүүхэдтэй, автобусын жолоочоор ажиллаж байсан аж.

Эдүгээ энэхүү алан хядах ажиллагааны дараа Орос улсад тажик болон дундад азийн царай зүстэй хүмүүсийг зодох, дэлгүүрийг нь шатаах явдал гарч байна. Киргизстаны төр засаг Орос улсадамьдардаг киргиз хүмүүсийг гудамжинд гарчгадуур явахыг хориглохыг анхааруулсан байна.

“Исламын улс” байгууллагын энэхүү алан хядах ажиллагаа 2015 онд Францын Париж хотод гарсан алан хядах ажиллагаатай тун адилхан байв. Тэр үед Парист алан хядагчид “Батаклан” танхимд америкийн рок хамтлагийнконцерт тоглох үед халдлага хийж 90 хүн амь үрэгдэж байсан.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 3-р сарын 25- ны өдөр: “Исламын улс” байгууллагын “Вилаят Хорасан” хэмээх байгууллага Москва хот орчмын энэхүү алан хядах ажиллагааг зохион байгуулсан байж болкошгүй. Энэ байгууллага өмнө нь Францад хэд хэдэн удаа алан хядах ажиллагаа явуулахын оролдож байсан. “Исламын улс” байгууллага энхүү аллагыг зохион байгуулсан нь тодорхой. Франц улс алан хядагчдын эсрэг хамтын ажиллагаа явуулах талаар Оросын талд санал тавьсан боловч хариу өгөөгүй, хамтран ажиллахыг татгалзсан байна. Харин оросын тал энэхүү халдлагыг Украины талд бурууг өгч байгаа нь ямар ч үндэслэлгүй юм” хэмээн мэдэгдэв.

Өнгөрсөн оны 6-р сард “Исламын улс” байгууллага Герман, Голланд улсад алан хядах ажиллагаа явуулах гэж байхад нь амжиж алан хядагч 9 хүнийг баривчилсан ажээ. Эдгээр баривчлагдсан иргэд бол Тажикстан, Туременистан, Узбекистан, Кыргизстаны иргэд байжээ.

“Исламын улс” байгууллагын “Вилаят Хорасан” байгууллага нь Халифат улсыг Ираны гурван муж, Афганистан, Тажик, Узбект байгуулна гэсэн зорилготой, 2015 онд Афганистан, Пакистан улсад алан хядах ажиллагаа явуулсан байдаг юм. 2022 оноос тэд Узбек, Тажикт алан хядах ажиллагаа явуулж эхэлсэн.2024 оны 1-р сард энэ байгууллагын гишүүн хоёрбүсгүйИранд генерал Сулейманыг оршуулах ёслолын үеэр бөмбөг дэлбэлж, 94 хүн амь үрэгдсэн ажээ. 

Бас нэг хувилбар бол Красногорскийн энэ алан хядалгыг ИГИЛ-ын афганы салбар нэгж үйлдсэн байж болох юм. “Хорасан” байгууллага бол тажик нартай холбоо тогтоож, тажик хэл дээр радио нэвтрүүлэг цацаж тэдний тархийг цэнэглэдэг.Маш олон тажикийн иргэд Орост ажилладаг. Тэдэнд Орос улс маш бага цалин өгдөг.Оросын эдийн засаг тэдэнгүйгээр оршиход ч бэрх . Тэдгээр тажик залуус орос хэл ч мэдэхгүй. Оросууд тажик залууст муу ханддаг. Тажик хүмүүсийг хоёрдугаар зэргийн хүн мэт үздэг. Үүнээс үндэслэж тажик залуус ямар нэгэн исламын шашны байгууллагад элсэж өшөөгөө авна гэдэг чбайж болох юм.

Түүхээс үзэхэд Зөвлөлт засгийн үед улаан оросууд дундад азийн узбек, казах, тажикуудын нэгдсэн Бухарулсыг довтолж эхлэхэд узбек,казахууд улаан Орост амархан бууж өгчээ.Харин тажикууд исламын шашнаа хамгаална гээд оросуудтай тулалдаж эсэргүүцэж байсан түүх ч байдаг ажээ. Улаан армийн Фрунзе жанжныорос цэргүүд Бухарын эзэнт улсынэзэн хааны цэргүүдийг бут цохиж, дундад азийн исламын соёлт хотууд болон исламын шашны олон зуун мечеть, медресийг устгасан байдаг. 

Орчин үед оросууд афганы талибанчуудад найрсаг хандаж тэдэнд зэвсэг, санхүүгийн тусламж өгдөг ажээ. Үүнд нь “Исламын улс” байгууллага маш дургүйцдэг аж. Афганд Талибанчууд ба Исламын улс байгууллагабие биентэйгээ өрсөлдөж тулалддаг ажээ. “Исламын улс” байгууллага Египетийн дээгүүр нисэж явсан онгоцыг буудан унагаж 200 хүн амьүрэгдэж байлаа. “Исламын улс” байгууллагын хамгийн томдайсан нь талибанчууд удаах дайсан нь Иран улс ажээ.Сири, Афганистанд оросууд юү хийлээ дээ.Афганы тажикууд бол оросуудыг үзэн яддаг юм. Тэхлээр Сири болон Афганы талибанууд,Иранчуудыг дэмждэг оросуудыг “Исламын улс” байгууллага үзэн яддаг гэдгийг оросууд уг нь мэдмээр л юм.

Харин “Исламын улс” байгууллагын Орост үйлдсэн халдлагыг Оросын эрх баригчид Украин болон АНУ, Өрнөдийн орнууд руу чихэх нь тун зохисгүй, үнэмшилгүй зүйл гэдэг нь харагдаж байна.

Орос улс одоо Украины эсрэг дайны ажиллагаагаа түр ч гэсэн зогсоож, “Исламын улс” хэмээх байгууллагын алан хядах ажиллагааны эсрэг АНУ,  Өрнөдтэй хамтран ажиллах нь юу юунаас чухал хамгийн зөв бодлого болох юм биш үү.

2024.03.27