2018 оны онцлох явдал хийгээд явдалтнууд
2018 оныг бид аанай сонин сайхнаар дүүрэн өнгөрөөлөө.
Гучиннэгний мэнд ээ. Ингэс тэгэс гэсээр явтал он гарангаа алдлаа. Оны онцлох ч гүй байх шахлаа.
Оны ууган сенсаац
2018 оны ууган төдийгүй оныг бүрэн хамарч, дараа оныг ч давж буй сенсаац билээ. Он дөнгөж гараад, бараг л 18 оны 1-р сарын 1-ний 00 цагт шахуу Мурат гишүүний боов хөхөөтэй цагны хөхөө шиг л гараад ирсэн юмдаг. Гишүүний чухам, боовноос бусад нь байдаг манай нийгэмд энэ явдал 2018 оныг шинэ содон, зоримог, муйхар олон ч зүйлээр дүүрэн байхыг зөгнөсөн юм.
Хэрэг явдал өөрөө ч одоо хэр нь шийдэгдэж дуусаагүй байгаа бөгөөд Бахытгүль нь Муратыг гүтгэсэн, Мурат нь Бахытгүлээ зодсон, сэтгүүлч нь Бахытгүлээс авсан Муратын боовыг олон нийтэд дэлгэсэн гэх гомдлуудаар тус тус цагдаагаас дуудагдсан маягтай байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр ард түмэн Муратыг нэр дэвш гэж шахаад байгаа тухай мань эр өөрөө ярьсан. Хаана байгаа ямар ард түмэн гэдгийг харин хэлсэнгүй.
Оны баримжаа.
Оны баримжаа.Билэгт гишүүнийг гараад ирэх болгонд би зурагтаа чангалдаг. Гэвч түүний гүүгл транслэйтийн орчуулга шиг там тум ярианаас санааг нь ч олж барихад бэрхтэй билээ. Заримдаа хуралдааны дундуур гэнэт нодлингийн хуралдааны бичлэг яваад унав уу гэж андуурдаг. Хэлэлцэж байгаагаас тэс өөр зүйл яриад эхлэхээр өөр яах ч билээ.
Гэхдээ бүтэн жил өнгөрлөө дөө эрхбиш. Хэд хэдэн баримжаа бол байна. Тэрээр чуулганы хуралдаан дээр дараах санаануудыг там тум илэхийлж чадсан:
-Монголчуудын дотооддоо хэрэглэж болох олон бүтээгдэхүүнийг гаднаас импортлож байна.
-Өвөл болохоор хүйтэн болдог.
-Шударга байлаа гээд юу хожихым?!
-Малаараа Хятадаас бинзээн бартердаж авы!!!
Гэхдээ зүгээрээ, тэд бидний аж амьдралыг шийдсээр л байгаа.
Оны зөнөг
Ерөнхийгийн тамгын дарга Зи гуай Хуулийн сайд Ц.Нямдоржийн тухай “тэр зөнөсөн” гэж мэдэгдсэн. Хүн зөнөж л байдаг л даа. Гэхдээ Монголын улстөрийн хувьд бол энэ цоо шинэ өнцөг юм гэдгээрээ яахын аргагүй энэ оны онцлох зүйл боллоо. Монголын улстөрд “хогийн луйварчин”, “чи муу хулгайч”, “энэ муу хүчиндэгч”, “чи урвагч шдээ”, “чам шиг янхан”-ууд хангалттай байсан ч“зөнөг” байгаагүй юм шүү.
Нямдорж сайд ийнхүү улстөрд шинэ хуудас болон нэмэгдэж, Зи албан ёсоор бүртгэлжүүллээ. Одоо Ардчилсан намын зөнөгийг олж нэрлэхгүй бол АН ингээд хоцорчлоо.
Оны тааварлашгүй эр
Тиймээ, ерөнхий сайд. Хүүхнүүдийн хувьд төдийгүй адал явдал хайгч эрчүүдийн хувьд хүртэл тэрээр эгэл нэгэн биш юм.
Он гараад л удаагүй мань хүн Байгаль орчны сайдаа фэйсбүүкээр загнав. Манай засгийнхан чинь ордон дотор тааралддаггүй төдийгүй, нэгнийхээ дугаарыг ч мэдэхгүй, бичиг сачиг ч өгөлцөж авалцдаггүй юм байна. Ер нь мань хүн сайд нараа таньдаг л байгаа даа гэж бодогдсон.
ЖДҮ зээлийн хэрэг мандахад мань эрийг хяргаж эхлэхийг бүгдээрээ хүлээж байлаа. Гэтэл юу ч болсонгүй хэсэг байснаа хэдэн дунд тушаалын дарга нарыг халаад гишүүдийнхээ үсэнд ч хүрсэнгүй орхилоо. Өөрийн хүүхдийг илээд дагавар хүүхдээ зоддог хойд эх шиг.
Дараа нь Их хурлын даргатай муудалцангуутаа... Хотын даргыг огцруулаад хаяв. Будаатай хуурга хийнэ гэснээ гурил зуурчихсан.
Удалгүй гэнэт гар дээрээ 86 суниацан. Өвөрмөц. Яагаад 85 эсвэл 87 суниаж болоогүй юм.
Мөн засгийг нь огцруулах эсэх хурал дээр “чи өөрөө халзан”, “тэгж яривал чи тарган биз дээ” гэж өдөржин өөр зүйлийн тухай хэрэлдсээр байгаад нэг мэдсэн засаг нь огцрохоо больцон байсан. Өвөрмөц л байгаа биз дээ.
Бүр өөрийнхөө эсрэг жагсаал ч хийсэн!
Ер нь түүний үйлдэлд ямар нэг логик байдаггүй, түүний үйлдлийг хэн ч таах байтугай дараа нь ч тайлбарлах аргагүй тийм л эр. Баабар лав түүний хүн зоддогт нь найдаж байгаагаа удаа дараа жиргээгээр илэрхийлсэн. Гэтэл тэр хүн зодохоос л бусдыг хийлээ.
Саявтар нэг том хурал дээр нөхөддөө “за хулгайгаа хийж байгаад гогодуулав аа” гэж ил цагаан захиж, нөгөө хэд нь учиргүй бичиж авч...
Хамгийн сүүлд уржигдар нэгэн Нанзадбаатарыг баруун хязгаарыг тохинуулахаар явууллаа. Энэ Нанзадбаатарын тухай хойно өгүүлэх болно.
Оны бул хар чулуу
Улстөрийн шинэ бүлэглэл, хуучнаа буулган авч, эзлэн түрэмгийлээд явж байтал замд нь бул хар чулуу тээг болсонтой холбогдуулан намар өвөлжингөө тэрхүү чулуутай ноцолдлоо. Урдаас нь чирээд, ардаас нь ч түлхээд, буталж үйрүүлэх гэж ч үзээд огт бахь байдгаараа. Маниус оюутан байхдаа автуусанд ийн гүрийдэг сэн. Кондуктор эгч ирээд хатгаад, чимхээд, тоншоод байхад л цонхоор хар цагаан ширтэн шийр заасаар байгаа л буух газраа буудаг байв. Их хурлын дарга тэрбээр цаашдаа хэр удаан ийн бүлтийж суух нь бас л сонирхолтой, үзүүштэй.
Наанаа жаран тэрбум гэх шалтагтай, цаанаа манан гэх шалтгаантай, яг үнэндээ бусаддаа зай тавьж өгөхгүй байгаа улстөрийн бүлэглэлийн нэгэн том бөгөөд сүүлчийн түшиц болсон тэр үнэхээр дараа дараагийн ээлж, хаан суудал мөрөөдөгчийн ч гутланд орсон чулуу болчихоод байна. Ядаж байхад дугараад өгөхгүй, дорвитой ноцолдох ч гүй байгаа нь үзэгч бидний ч тэвчээрийг барахдаа тулж байна.
Оны манан
Нэр бүхий таван гишүүнээр нүүр царайгаа хийсэн хэсэг хүмүүс “манан дэглэмийн эсрэг тэмцэл” хэмээн нэрлэсэн зүйл хийж байгаа. Бүхий л тэмцэл хууль биелүүлэх шаардлага, муудлаа гэхэд хуулинд заалт нэмэх эсвэл хасахын төлөө байдаг бол мань хүмүүс хуулиас гадуурх зүйл шаардан “тэмцэж” буй.
Дөчүүлээ байж даргыгаа огцруулдаг хуулийг нийлж батлуулаад явсан бол аль эрт болчих байсан юмыг зүгээр л нийгэм дүүрэн сенсаци болгож байгаа нь тэд үнэхээр түүнийг огцруулах хүсэлтэй юу эсвэл ямар нэг тохироо хүсч байнуу гэсэн харыг аяндаа үүсгэж байна. Зарим нохой хашааны цаанаас л хэрэлдэх дуртай байдаг. УИХ-ын дарга хуулийг нь хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй гэвэл “оруулахгүй байна” гэж ард түмэндээ ховлож, "оруул" гэсэн шаардлага тавьж жагсаал үүсгэсэн бол харин сая зүй ёсны, шударга ч ёсны "тэмцэл" болох байсан билээ. Манангийн эсрэг тэмцэл өөрөө ийнхүү манантай л байна.
Оны од
Манай Жавхлан гишүүн улстөрд орсноосоо хойш анх удаа эрэлттэй байж үзлээ энэ жил. Эрх баригч МАН-ын гишүүд хоёр талцан засгаа огцруулахаар бужигнах үед мань эрийн кноп шийдвэрлэж ч магадгүй хүчтэй болж ирсэн юм.
Бусаддаа дандаа муриулдаг, сүүлд ЖДҮ дээр хүртэл “азаар” муриулаад тэр зээлийн тухай дуулаа ч гүй өнгөрсөн Жавхлан энүүн дээр ёстой таашаал авлаа. Өрөөгөөрөө баахан сэтгүүлчдийг цуглуулцан, “аа муусаймнууд над дээр өт батгана шиг шаваад” энэ тэр гэцэн. Тэгж тэгсний дараа сэтгүүлчид нь “нэг хөөрөг зарах гээд байгаа болтойм” гэсэн мэдээтэй гарч ирсэн ч билүү яасан ч билээ.
Оны далан худалч
МАН-ын гишүүн, шүлэгч Ж.Мөнхбат 2018 оны онцлохоос мултрангаа алдсанаа гэнэт хүч түрэн орж ирлээ. Тэр удаа дараалан худлаа ярьсан юм. Туслахаа зодуулсан, намаас хөөгдсөн, Дэмжигчдийн холбоо байгуулсан хэмээн сүүлийн ганцхан сарын дотор гурван удаа паньлаа.
МАН-ын шилдэг залуу лидерийн нэг Мөнхбатыг бас төгсөрцөн хув худалч гэхэд бас хэцүү, худлаа ярьж байхдаа өөрийгөө үнэн л ярьж байна бодож байсан нь лавтай. Есүс дагалдагч Петртээ “тахиа донгодохоос өмнө чи надаас гурвантаа урвана” гэсэн гэдэг. Нөгөөдөх нь ерөөсөө тэхгүй гэж өөрийгөө бодож байсан ч тэгцэн гэдэг.
Оны эндүүрэл
Болсон явдал нь ч дээр үед л дээ. Сайд асан Тэмүүжин дээр үед жиргээн дээр 4 сая долларын баримт гаргаад чимээгүй болсон түүхтэй. Тэгээд чимээгүй болсон байтал гэнэт саяхан Алтан дорнод Монголын хамар Ганболд зурагтаар ярихдаа “Ерөнхий Прокурор Дорлигжавын данс руу 4 сая доллар шилжүүлсэн нь үнээн” гээд халуу оргитол авдын. Хүмүүс айн нчодо юу болжээнаа гэлцэж байтал Дорлигоо гуай өөрөө халуун дээр нь зурагтаар “харин дүүг өөрөө мэдээгүй байхад нь данс руу нь 2 сая доллар ороод гарцан байдийн” гэж ярив.
Хоёр сая доллар андуураад хүний данс руу хийж л байдаг, нөгөөх нь ч андуураад авч л байдаг. Тэр банк нь ч гэж яацан газарын, тэрийг нь дамжуулж л байдаг. Одоо ухаан нь заан хулганыг жирэмслүүлээд, эсвэл чоно нисэхийг хараад... маягийн зүйл хэлсэн Дорлигоо сайд тэгээд амар сайхандаа жаргана л даа. Бид ч тэгсийм байх гэж бодоод жаргана. Монгол улс ингээд жаргана. Монголчуудын “жаргалын” шалтгаан ер нь ийм юм.
Оны үлээлт
Батзандан 15 настайдаа эх орноо хөгжүүлэхээр шийдсэнээ саяхан хэллээ. Заза өөр юм бичихээс ч залхуу хүрчлээ. Мань хүний үхэх нь ч худлаа байж магадгүй ер нь.
Оны үг
Жилийн жилд л олон арван үг нийгмийн трэнд болдог. “Яасан олон юм асуудын, нэг л юм асуу л даа” ч гэжаах шиг, Их хурал дээр “Би чиний ишиг биш” гэж ч хэрэлдэж бариад. Гэхдээ эднүүсийг цөм цохисон сүүпэр үг бол “эрдэнэ мэт дүү” юм.
Наранхүү гишүүний дүү ЖДҮ-гээс зээл авсан нь баригдаж, яажаагаам бэ гишүүнээ гэсэн сэтгүүлчийн асуултад гишүүн хариулахдаа “дүүгийнхээ зээлийг төлчнөө, нэмээд 2 тэрбум төгрөг хүүгүй өгнө. Би одоо эрдэнэ мэт дүүгээ анзаарахгүй бөхөд л мөнгө өгөөд яваад байсан байхын” гэсэн билээ. Ер нь энэ ертөнц дээр урьд хожид ийм анзааргагүй хэрнээ баян хүн байсан ч юм уу гүй ч юмуу.
Оны юм ойлгодоггүй новшнууд
Саяхан өөрөөс нь илүү гараад байна гээд сайд нь огцруулчдаг ХЗДХЯ-ны дэд сайд Энхбаярын хийсэн Бүртгэлийн хуулийн шинэчлэл дарга нарын цусыг нь холилоо. Хамгийн эхнийх нь жидүүчид болсон.
Хамгийн сонирхолтой нь нэг ч гишүүн ард түмнийхээ боломжийг хулгайлснаа ойлгохгүй байгаа явдал юм.
-Та энэ зээлийг аваагүй бол 20 хүн бизнес хийж мөнгө олох байжээ?
-Би энэ улсад хэрэгтэй юм хийсэншд.
Ердөө л энэ.
Гэхдээ мэдээж энийг ойлгохгүй байгаа юм биш л дээ. Зүгээр мэдэн будилж бөгсөө аварчих гэж үзээд байгаа юм. Харин өөрснийгээ ард түмэнтэйгээ өрсөлдөх гэж биш, амьдралд нь тус нэмэртэй зүйл хийх гэж УИХ-ын гишүүн болсон гэдгээ л ойлгохгүй байгаа юм. Тэрнээс болоод “мэдээлэлд ойрхон” бөгөөд “бүгдээрээ л авдаг”-аараа түрий барин “барьцаа хөрөнгөтэй”-гээрээ онгирч зээл аваад “тэгсгээд учир нь олдох байлгүй дээ” гэж бодоод л яваа улсууд.
Өөдтэй өнгөтэй нь сонгуульд гарахгүйм л даа. Ирэх жил улам олон бөх, улам олон билэгт, улам олон жавхлан, нэмээд босоо хөхчүүд биднийг удирдах байх.
Оны ашиг сонирхолч
“Би шударга хүн” гэсэн амны уншлага хоосон зүйл болохыг Лу.Болд гишүүн биеэрээ харуулсан. Шударга гэж юу байдгийг хэн ч мэдэхгүй боловч ямартай ч “ашиг сонирхол” гэгчийн тэс эсрэг зүйл гэдгийг бол бүгдээрээ мэднэ. Ардчиллын алтан хараацай, манай улсын хамгийн том хувийн өмчтний нэг тэрээр сая болсон жагсаал дээр “уурхайнуудыг төрд буцааж авна” гэж бахархалтайгаар тунхаглав.
Гучин жил үхсэн хүүрээ ярьж, хийж ирсэн хүн гэхээрээ ийм байдаг байнаа гэж хүмүүсийн нүд орой дээрээ гарав. Одоо тэр мэдээж талбайн хажуудах, дээр нь банк барьцан байгаа газраа хамгийн түрүүнд төрд буцааж өгч үлгэрлэх байх.
Оны тоо
Сүхбаатарын талбайд хавь ойрд жагсаагүй олон хүн жагслаа. Тэр их хүйтнээр гэхэд гайхам амжилт. Сайн ч зохион байгуулж. Харин жагсагчдын тоог 30 мянга гэж гудиггүй зарласан нь жагсаалын сэдвээс гэхээсээ илүү тооны тухай хэрүүлийг дэгдээж орхив. Үнэмшээгүй хэсэг нь жинхэнэ гучин мянган хүний цугларалтын зургийг тавин няцааж, харин нотолж байгаа хэсэг нь “алышүү хужаагийн эрлийзүүдээ” гэж байв.
Хэл бол таны биеийн эрүүл мэндийн толь гэдэгчлэн, жагсаал бол улстөрийн үйл явдлын толь билээ. Жагсаал дээр хэн ирж, хэн үг хэлж, хэн эсэргүүцэж байгаагаас Монголын улстөрд хэн хэн хоорондоо үгсэж, хэн хэн үзэж тарж байгааг тодорхой мэдэж болдог. Жагсаал бүхэн “шударга ёсны төлөөх ард түмний уур хилэн” гэсэн малгайтай байдаг ч үнэндээ 1990 оноос хойш манай улсад нэг ч тийм жагсаал болоогүй л байна. Тодруулбал, иргэд хар аяндаа нэгдэж жагссан түүх нэг ч тохиогоогүй бөгөөд үргэлж аль хэсэг улстөрчид, эсвэл тэдний төрийн бус байгууллагаас зохион байгуулагдаж ирсэн. Энэ удаагийнх бүр гардан зохион байгуулалт дээр нь хүртэл тавын таван их хурлын гишүүн байсан гэдгээрээ онцлог болсон.
Оны байлдан дагуулалт
Баруун аймагт давраад байгаа Дамбийжааг болгож тавиад ир гээд Сүх жанжин Нанзадбаатарыг явуулдаг кино байдаг. Манай орчин цагийн Сүх Салхитын ордыг үнсэн товрого болгоод ир гээд Занданшатар баатарыгаа явуулжээ.
Хуулийг нулимж, элдэв зөрчил гаргаж байгаа нөхдөд төр төмөр нүүрээ харуулах нь сайхан байх л даа, бид ямар мэдэх биш төргүй юм шиг л явдаг хүмүүс. Гэхдээ хууль тогтоомж, учир шалтгаанаа хүн шиг дурдахын оронд ард түмэн, гучин гэр бүл мүл гэж босоо хөх монгол шиг бичиг үсэг ч гүй юм ярингуутаа гэмгүй хэдэн залуусын гары нь мушгиж шороон дээр хэвтүүлсэн кино хийжээ.“Ард түмэн утаатай, цалин багатай тул” гэдэг ямар хуулийн заалт, “цөөхөн гэр бүл, гаднын том компанийн гар хөл баяжчихлаа” гэдэг яадаг эрхзүйн үндэслэл байдаг юм бэ?
Дээрхээс гадна тэнд зүгээр л хамгаалагч гэдэг ажилд орцон залуусыг ТЕГ-ынханочиж зодож унагаадаг, “тагнуулчдыг” толгойлж очоод лиценз цуцалдаг ажил үүргийн чиглэл бүхий Засгийн сайд байдаг, буутай л очихгүй бол болохгүй байсан зэрэг зүйлсийг биддэлхийтэй хамт мэдэж авлаа. Дараа дараагийн уурхайнууд, гадаадын хөрөнгө оруулагчид Занданшатар сайд, “түүний ерөнхий сайд” хоёроос нэлээн түрүү үеийн африк маягийн үлгэр жишээ үзэж, “за эд лав хүний хэлээр ярихгүй юм байна” гэдгийг ойлгож авсан байх. Мөн уурлуулж байгаад шүүхдэж хэдэн төгрөг хийхийгээ ч тооцчих биз.
Мэдээж пиарын хувьд бол боловсрол нимгэн хэсэгт бол алсан. Тэд алгаа хорстол ташиж байгаа. Ширүүн дориунаараа нэрд гарсан ерөнхий сайдын ирэнтгээн нэг л босож өгөхгүй байгаатай холбогдуулан бодож олсон энэ акц анхнаасаа ийм сценаритай байсан уу, мань Занданшатар сайд хэтрүүлчихэв үү гэдэг л байна. Ямартай ч босоо хөх монголынхон маань ч энэ хавраас АКА барьж явахыгаа мэдэж авсан байх. Нээх ч ялгаа байхгүй харагдана лээ угаасаа.
Төгсгөл
Тиймээ, бид 2018 оноо ийм амжилтуудаар үдлээ. Бичих өөр олон үйл явдал байгаа боловч он гарчих гээд болсонгүй кккк. ЖДҮ-гээс бид улстөрчдийн авилгалын систем, тэдний ёс суртахуун, “үнэт зүйлийг” нь олж харсан бол сүүлийн Салхитын уурхайгаас бид африк, латин америкт байгаа нөгөө хэдийнхээ араас жагсаж байгаагаа мэдлээ. Мөн эндээс популизм нэгэнт манай улсад бэхжиж, боловсрол биш булчин, мэдлэг биш “хайр” эргэлт буцалтгүй ноёлж эхэлснийг харлаа. Улстөрийн ууган намын 100 жилийн ойг хэд хэдэн газрууд булаалдан тэмдэглэж нигууртай ч юм байна. Мөнхүү мөнхийн хөдөлгөөн гэж болох улстөрчдийн мунаглал ч ертөнцийн мөхөлтэй л хамт дуусах юм байна. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье. Шинэ ондоо шижгэр амжилтаар дүүрэн байх болтугай.
DR RUH
DR ADITYA
Зочин
zochin
Зочин
зочин
Зочин
Зочин
Uugnaa
Зочин
bileg
Зочин
Зочин
ЦЭЦЭГ
зочин
Bat
иргэн
baterdene
unshigch
Зочин
мгл
ikhbayar
Зочин
Баяка
Zorig
Зочин
Baldan ah n
zochin
Зочин
Zochin
Zochin
amarjargal
amarjargal
artag boovnii us
Зочин
Зочин
burhan min
СҮХБОЛД
showman
erdem
Дээвид
Б.Батболд
aaa
Зочин
ККК
Zochin
Ard
Зочин
zochin
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Уншигч
Үхэр
Батаа
Зочин
Sain
Ишгэн
Зочин
Goyo.
зочин
Иш чааваас
Зочин
Ганаа