Бэлдэж цацсан бичлэгийг үзлээ. Хэдэн үг хэлье!
Оюун-Эрдэнээ чиний эвлүүлсэн рекламыг би сая харлаа. Чи их сандарч байгаа юм байна. Надтай нүүр тулахаараа дүү чинь больё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ.
1. Оюун-Эрдэнээ чиний эвлүүлсэн рекламыг би сая харлаа. Чи их сандарч байгаа юм байна. Надтай нүүр тулахаараа дүү чинь больё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ. Чиний нүд чинь бөглөрч, чих чинь таглагдсан байна. Чимээгүй байгаа ч, чамд хүмүүс дургүй болсоор. Чи Монголыг Хойт Солонгос болголоо гэж бодсон уу! Дикторын хоолой дэвсэж, ашиглаж энэ тэр.
Мэдээллийн их урсгалд орчин цагийн хүмүүс хэрсүүжсэн. Өөрийгөө магтсанд нь биш муулуулсанд нь илүү итгэдэг, сонирхдог болсон. Чамайг олон улсын хэллэгээр бол нарсисист гэж байгаа юм. Өөртөө дурласан, өөрийгөө шүтсэн гаж дон.
Уг нь би чиний нэрийг дурсахгүй байя гэж хатуу бодсон. Монголоо харахаар элэг хүндрээд байхым. Чи Эх орноо шорон шиг, социализмын үеийн уурын зуух шиг болголоо. Хүмүүс тэндээс гарч зугтахын түүс болж байна.
2. Оюун-Эрдэнээ чи намайг буруу уншсан. Чи намайг мааф гэж уншсан. Чи бүр том болох гэж оролдоод буруу замаар явж байна. Эрх мэдэл рүү улам шунаад л, хууль бус бизнест хутгалдаад, төрийн хулгайг дэлбэртэл нь өөгшүүлээд. Олон жилийн өмнө цээжилсэн үлгэрээ үргэлжилжлүүлж давтаад.
Зоригийн алуурчдыг мөрдөгчид илрүүлсэн. Хууль шүүх тогтоосон. Тэр алуурчид одоо ч сэжигтэн хэвээр. Чи Ерөнхий сайд болоод эхний хийсэн үйл, уулзсан хүнээсээ эмээж байгаа. Чи шалгагдана нэг өдөр. Зоригийг алсан хэргийг санаатай будилуулдаг, алуурчидтай хамсаатан болсон этгээдүүд үргэлж сандралтай байгаа. 26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, Монголын ардчилал юу туулсныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж ирсэнийг би мэднэ.
Аллагын эзэн олдохгүй цөөн хоноход, би Америкийн элчин сайдтай албан ёсоор уулзаж хөндлөнгийн, олон улсын мөрдөгчид ирүүлэхийг хүсэж байсан. Ажлын хэсгийг хаанаас байгуулдаг, хэн өөрчилж, тараадгийг хуульчид хэлнэ. Юун түүнд Ерөнхий сайд оролцох! Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай тийм санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар тус дэм болохыг хичээж ирсэн. Би энэ тухай хэзээ ч, хэнтэй ч ярихаас цааргалж байгаагүй. Хамгийн сүүлд олон хүний дунд, шууд, нээлттэй 2021 оны 5 дугаар сарын 18-ны орой Клабхауст болсон дэлгэрэнгүй яриа миний фэйсбүүкт байгаа.
Манай хууль шүүхийн ажилтнууд чиний бодож байгаа шиг хямд хялбархан хүмүүс биш. Тэд тусгайлан тэр мэргэжлээрээ сурсан, тусдаа хууль барьж ажилладаг. Хуульчийн мэргэжил бол өөрийн онол, арга зүй, дэс дараалалтай. Тэд сургалт, дахин сургалт, хяналт шалгалт, тодорхой шалгуур ажлаар өөрийгөө байнгын сорилтод байлгадаг хүмүүс. Зүгээр нэг дурын гялгар хамартай гачгаарт тохиолдлоор тийм хариуцлагатай ажил үүрүүлнэ гэж байхгүй. Зарим нэг асуудал гарсан байж болно. Гэхдээ түүгээр бүхнийг харлуулж болохгүй.
Чамд тодорхой санал хэлье. Илэрсэн хэрэгтэй ҮАБЗ дэлгэрэнгүй танилцсан. Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч, Миеэгомбын Энхболд УИХ-ын дарга, Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд байсан. Ба бэгүй бичлэг нь цаасан дээр бас аудиогоор байгаа. Тэд мэднэ, түүнийг ил болго.Харин чи Зоригийг алсан хэргийг юу ч мэдэхгүй хөөрцөглөж өвлөсөөн. Алуурчдыг нь ивээлдээ авсан. Нийгэм тэр чигээрээ харж байгаа.
3. Чи юу хийснээ харж байна уу. Телевизээр бэлдсэн 2цаг 25минутын рекламаа цацуулж чадсан ч хүмүүст чи тэр хогоо хүчээр үзүүлж чадахгүй ээ. -Эхлэхийг нь хараад ой гутлаа, сэжиг хүрэм гэж улсууд ярьж бичиж байна. Чи ковидыг амжилт гэсэн тархи угаалтаар нэвтрүүлгээ эхэлсэн. Ковидоос болж монголчууд хичнээн их зовж шаналсныг, албан тушаалтнууд яаж иргэдийг доромжилж байсныг, яаж завшиж идэж уусныг чи мэдэхгүй байна гэж үү! Чамайг Ерөнхий сайд байхад Монгол улс хүн амдаа ноогдох ковидын үхлээр дэлхийд тэргүүлсэн.
Одоо ч гэрт нь сандал нь эзгүй олон айл өрх байгаа. Чи ард түмнээсээ уучлал гуйгаагүй, хэдэн их наядын хяналтгүй зарлагын тайланг тавиагүй. Олон улсад бидний оролцоотой маш их мөнгө боссон. Монголд 900 гаруй сая доллар ирсэн.
Чиний ажил дандаа хоёр нүүртэй байх юм. Чамайг тойрсон хүмүүсл сайн сайхан амьдарч байгаа байх. Бусдынх нь амьдрал нойл заалаа. Чамайг хүмүүс "нойл" гэж дуудаж байгаа. Чи авлигалтай тэмцэж байна гэж хашгирдаг. Гэтэл төрийн оролцоо, хүнд суртал, хулгай дарамт газар сайгүй нэмэгдсэн. Жирийн бүтээлч иргэн ажил бизнесээ тайван эрхлэх орон зай алга болсон. Засгийн эрх мэдлээс гадуур, Оюун-Эрдэний оролцоогүй, чиний мэдэхгүй хийгддэг хулгай дээрэм гэж байхгүй. Чи модон жорлон дотор батгана сэвж суугаа хүн шиг л зүйл ярих юм. Гэтэл тэнд хүндэрдэг хүмүүсийнх нь тоо хэдэн мянгаар нэмэгдээд байдаг. Идэж уух нь хэдэн их наядаар яригдаад байдаг.
Монголд шүүх шиг дарамттай, их ажилтай институт байхгүй. Үйлдвэрчин, ПР-чингүй газар. Чиний үгэнд орохгүй байна уу? Тэгвэл шүүх бие даасан байдлаа бага ч болов хадгалж байгаа юм байна. Миний үед шүүхийн үйл ажиллагаа ил тод, шүүхийн шийдвэр нээлттэй болсон. Шүүхийн захиргаа, шалгаруулалт, хяналтыг шүүн таслах мэргэжлийн үйл ажиллагаанаас нь салгасан, бие даалгасан. Шүүгчид дарамт ирвэл хөндлөнгийн мэдүүлэг бичдэг болсон. Шүүгч болох үүд хаалга, сонгон шалгаруулалт, бичиг цаасанд Ерөнхийлөгч оролцох ямар ч боломжгүй болгосон. Бүх шалгуурыг давсаны дараа энэ хүн шүүгч боллоо гэсэн зарлигт гарын үсэг зурдаг. Өөр хэн зурах уу? Үндсэн хуулийн заалттай. Хууль нь өөрчлөгдвөл шүүгчийн үнэмлэхийг шинээр Ерөнхийлөгч олгож л таарна.
Хар цагааныг ялгадаг шүүхээ, шүүгчээ үнэлж, өөд нь өргөж дэмжиж байж улс гүрэнд хууль ёс тогтдог. Төрийн тийм ухаан бодлого бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн. "Judiciary integrity" гэж Монголын шүүхийн бие даасан байдлыг Европын стандарт түвшин-65 хувьд хүрлээ гэж олон улсын байгууллага дүгнэсэн. Ийм үе байсаан. Шударга хүн шүүх рүү дайрдаггүй юм. Шүүхийн шийдвэрийг өөлж гоочилдоггүй юм. Хуулийг дээдэлдэг хүн шүүхийг доош хийдэггүй юм. Хулгайч худалч, хууль зөрчдөг, хоёр нүүртэнүүд шүүх рүү ноцдог.
4. Чи Бэрхийнхээ улаан булангаас гарах болоогүй юу? Бас систем гээд нэг үг цээжилчихсэн. Наадах чинь коммунист ойлголт. Бусдаар “rent-seeking” буюу "institutional corruption" гэдэг. Албан тушаалтны хөдөлгөөн бүр нь хөлс мөнгө, авилга хулгай болох үзэгдэл. Оюун-Эрдэнээ чиний сайд нэг бүр шахам тендерчин, санчин, төсөвчин, авилгач байгаа. Чи үнэхээр шударга юм бол сайд нараа сонгуульд нэр дэвшүүлэхээ болиоч. Намынхаа удирдах зөвлөлийн гишүүдийг ч адил. Над шиг 5-7 жил шалгуул. Тэгээд улс төр ярь.
Чи эрүүл хүн үү? Чамд юу тохиолдов? Хоолны чинь хордлого тархи руу чинь орсон уу? 1998 онд амь насаа алдсан Зориг, 2016 онд Монголын мэдэлд ирсэн Эрдэнэтийн 49 хувь холбоотой ч гэх шиг. Оросууд бидэнд сонголт өгдөггүй юм. Эрдэнэтийн 49 хувь зөв цагтаа, зөв үедээ Монголд ирсэн. Би тэр 49 хувьд бүтэн шалгагдаж хавтаст хэрэгтэй нь бүрэн танилцсан. Тэр хэргийн материал нь ялынх биш шагналын тодорхойлолт шиг. Би тэр залуусаар үнэхээр бахархсан. Чи Чингисийн Монголын хийморийг, эр зоригийг үхүүлж байгаа. Хөшөөг нь барьж нурааж элэг авна. Их нүгэл үйлдэж байгаа. Чингисийн монголчууд том зүрхтэй. Чи Монголыг алж байгаа. Украинчуудыг дайнаар алж байна. Чи Монгол хүний зориг эрмэлзлэлийг дайнгүй алж байна. Хариас захиалга авч Монголын төлөө, эрх чөлөөний төлөө зүрх сэтгэлтэй бүхнийг егүүтгэх гэж чи чичирч байгаа. Ард түмэн нүдтэй шүү.
Чи Монголын төмөр замын талыг хойноос авч ирж чадсан уу? Төсөл нь бэлэн Эгийн гол, Таван толгойн цахилгаан станцыг бариулсан уу? Зэс хайлуулах, зэсээр юм хийх үйлдвэр хаана байна? Ураны гэрээ юу болов? Чамд нэрлэчих нэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт байна уу? Чи Эрдэнэтийг, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн болгосон уу? Хүмүүсээ ингэж чөмөгжүүлье, тэтгэвэр цалингаас нь хэд дахин бодит орлоготой болгоё, гэж би чамд давтан давтан хэлж байсан. Чи хийсэнгүй, чадсангүй. Чамд тийм сэтгэл алга. Би чамайг бүтээсэн зүйлээ, хийх ажлаа ярих болов уу гэж бодсон юм. Чи шүгэлдсээр 8 жил боллоо. Бамбарууш кафе, 49, Элбэгдорж гэж гонгинсоор дууслаа.
5. Дахиад үлгэр. Чи өсөж болдоггүй юмуу, үнэн юм ярьж болдоггүй юмуу? Оюун-Эрдэнээ чи үнэхээр үнэнийг хүсэж байгаа бол хоёулаа олон түмний өмнө ил ярилцая. Монголоор ч бай, англиар ч бай, оросоор ч бай би бэлэн. Оюутнуудын төгсөлт, лекц, диплом гээд зав багатай ч чамтай суухад би цаг гаргана. Технологи бэлэн байна. Газрын хол ойрд ялгаа байхгүй. Спэйс-Х, Клабхаус гээд боломж бишгүй нэг байгаа. Зоомээр дамжаад чиний дуртай телевизээр шууд халз ярилцсан ч болно. Би чамайг дуудна, чи бас урилгаа хэлээрэй.
Дашрамд, чамайг юу хийж, ямар үр дагавар, гай дагуулж байгааг олон улсад хэлэлцэж тогтоол шийдвэр, уриалга гаргасаар байна. 1989 оны тэр хүйтэн царцанги өвлөөс эх авсан Монголын ардчилал, эрх чөлөөг хүн төрөлхтөн чухал нэг ололтоо гэж үздэг. Тэр түүхэн сонголтоо монголчууд сүйтгүүлчихгүй хадгалж яваасай гэж хүсдэг. Саяхан Дэлхийн Ардчиллын Холбоо Ази Номхон далайн бүсэд Веллингтонд цуглаж хуралдсан. Монголын байдал, ардчилал, болох гэж сонгуулийн талаар тусгайлан санаа тавьж тогтоол гаргалаа. Ноднин 12 сард Вашингтонд хуралдахдаа бас онцгой анхаарсан. Шинэ, хуучин тогтоолыг би биечлэн олонд хүргэх үүрэгтэй. Танилцуулнаа. Оюукаа чи ардчиллыг эрхэмлэдэг дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдвэрт бусад "despot"-ын адилаар эгдүүцэж, хорсож, өш зангидаж явдагийг чинь сайн мэднэ. Түмэн олон ярьж байна.
6. Гүй тэр. Дахиад л зохиол. Тийм албан тушаалтнуудыг нэг дор дуудах, тэр тусмаа Их тэнгэрт. Байж болохгүй. Албаны, ёс зүйн наад захын код ойлголт байхгүй, энэ хүнд. Тийм уулзалт, шампанск болоогүй. Бүгд худал. Эхний шалгалтаар шууд унана. Чиний бохирдсон оюун л ийм юманд итгэнэ. Худалч хүний нээрээ олон гэж. Арга ядаад, чи тэр хүмүүсийг үнэнээ ярих байх гэнээ. Бүү горьд. Новш л биш бол тэд чиний бохирыг долоохгүй.
Хоёр нүүртэй хүнээс шудрага юм хүлээх боломжгүй. Үнэн гарахгүй. Сонголттой хэрэгждэг шударга ёс гэж байхгүй. Оюун-Эрдэнээ чи худлаа юм байна. Үнэхээр шудрага байсан бол намайг юу ч гэж байсан би чамайг дэмжинэ. Хуулийг тэгш хэрэгжүүлнэ гэж чи худлаа ярьсан. Авлигалтай тэмцэнэ гэж худлаа шүгэлдээд байна. Анх талбай дээр "байнгын хорооны дарга ч болохгүй" гээд жагсаж байхад чинь би чамайг дэмжиж л байсан. Би сошиалд хүртэл бичсэн. М. Энхболдыг чирээд буулгасан. Гоё. Тэр хутга ханцуйлж өрөөнд нь ордогоос бусад нь. Намынхаа бүх хулгайчидтай тэгэж тэмцэх байх гэж харсан. Энд Ардын намын жирийн гишүүд буруугүй.
Энхболд бид хоёрыг манан мааф гэж ирээд л холбох гэж олон жил оролдлоо. Бид хоёрт хамтраад үйлдсэн юм байхгүй. Хамгийн холбоогүй, өөр өөрийн замаар яваа хоёр хүн. Улс төрийн, үзэл санааны, сонирхлын ямар ч холбоо байхгүй. Харин одоо бол чи албан тушаалд хүрсэн, шүлэнгэтсэн гэмт бүлэглэлийн толгойлогч болсон. Хаацайлагч улаан хамгаалагч нь болсон.Ганц нэг золиосны ямаа хаяж өгнө. Чи өөрөө үлдэнэ. Үүнд чинь хууль шүүх эгдүүцээд байгаа юм. Ийм гэмт бүлэглэлийг тараах ч багадна. Ер нь шинэ хууль гаргаж намуудыг тарааж, цоо шинэ зарчим, шалгуураар шинээр зохион байгуулах хэрэгтэй.
Монголын ерөнхий сайдыг худалч гэдгийг олон улсад баталчихаад байна. Авилгатай тэмцээд байгаа дүрд тоглодог, гэтэл авилга нь өсөөд байдаг. Чиний үед хамгийн өндөр түвшинд хүрлээ. Өнгөрсөн жилийн дүнгээр Transparency International-ын зарласнаар 121 гэж Монголынх дэлхийд зарлагдлаа. Миний үед 120-иос 5 жил дараалан уруудаж 72 хүрсэн. 48 шатлалаар Монголын авилгын үзүүлэлт буурсан. 2016 онд та нар сонгуульд ялсан, эргээд өссөн. Хэрэв манай авлигын үзүүлэлт 20 луу орсон байсан бол би чамд алга ташна. Надад чамайг ярих албан тушаалын, хувийн болоод улстөрийн сонирхол байхгүй. Оюун-Эрдэнэ чиний худал, хулгай Монгол улсыг муухай харагдуулж байна.
7. Өөрөө рекламандаа тоглож, өөрөө чиглүүлж зааж монтажилж. Ийм эвлүүлэг мөнгө төлж цацаж буй нь улсаа хорлож байгаа юм. Тэр 14 телевизийн жагсаалтыг, Ерөнхий сайд нь ийм юм үзүүлж чадаж байгааг хараад л манай хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг олон улсад унагаж тэмдэглэдэг.
Оюун-Эрдэнээ чиний энэ ухуулгын бүдүүлэг халдлага манай эрх чөлөөт байдлыг, Монголын нэрийг ямар ч дайснаас илүү сүйдэлж байгаа. Нөгөө ардчилалын баян бүрд хатаж байна л гэж харна. Монголд ардчилал бол зөвхөн улс төрийн тогтолцооны асуудал биш. Ардчилал, эрх чөлөөт байдал бол Монголын хувьд тусгаар тогтнолтой нь, бие даасан байдалтай нь дүйцэхүйц ойлголт.
Ямар ч дайсан Монголд ийм аюул учруулаагүй. Харин Ерөнхий сайд нь санаатай, зохион байгуулалттай үүнийг үйлдэж байна. Ийм болохоор чамайг хүмүүс үзэхгүй байгаа юм.
8. Ямар ч улс төрч гардан Үндсэн хуулинд дараалан халдаж байгаагүй. Чи хоёр удаа халдлаа. Олон зүйлийг дордууллаа. Манай УИХ 126 гишүүнтэй болоод урьдахаасаа дээрдэхгүй. Энэ бол эрх баригч, Оюун-Эрдэний хулгайн бүлэглэл олны олонд дулдуйдаж сандал суудалтайгаа үлдэх зальт арга. Намын жагсаалтаас гадна тойрогт хэн эхэнд нь жагсах уу гэдэг зодоон болно. Намын даргын эрх улам төвлөрнө. Энэ сайн юм авч ирэхгүй. Их мөнгө, их хулгай, эрх мэдэл түүнийг улам аймхай, хоёр нүүртэй, улам худалч болгоно. Тэр та бүхэнд аюултай дайсны тухай үлгэрээ ярьсаар, Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг алга болгосоор байх болно.
Харсан юм шиг хэлье. Ард түмэнд ямар ч эрх мэдэл очихгүй, бүсчилсэн ямар ч хөгжил ирэхгүй. Бүрэн эрхээр халхавчилсан баахан хуйвалдаж идэгчдийн тоо нэмэгдэнэ.Монголоо өмөөрсөн улсууд улам хавчигдана, цөөнх болно. Оюун-Эрдэнээ чи өөрчлөлтийн гарчгийг ашиглаад агуулгыг хаясан. Чи хүмүүст худал хэлсэн. Өөрийгөө л бодсон. Харин чамд бусдаас ялгарах хоёр юм бий. Хулгайн хэмжээгүй их мөнгө, тэр мөнгөөр угждаг тоймгүй олон цулам. Хууртсан, арга ядахдаа чиний бохир мөнгөнд гар сарвайсан хүмүүс нэг өдөр чиний эсрэг босно.
9. Энэ одоо хүний хийсэн юмыг ичихгүй хулгайлна. Наад сангийн чинь хуулийг 2014 онд би санаачлаад УИХ-аар батлуулсан. Ирээдүй үедээ өр биш өв үлдээе гээд. Өмнөх байдлаараа явсан бол уг нь төгрөгөөр 16 их наяд, доллараар 5 тэрбум илүү хадгаламжтай сан байх ёстой. Энэ этгээд тэр бүрдэж байсан хадгаламжийг ковидоор дамжуулж, хууль зөрчиж хулгайлж идсэн. Тэр үед л 2 тэрбум шахам доллар цугласан байсан. Би "болохгүй ээ, хүүхдээс битгий мөнгө хулгайл, хууль зөрчлөө" гэж жиргээ хүртэл бичсэн. АН-ын гишүүд сануулж хэлж байсан.
Одоо ичихдээ тэр хуулийг хагас дутуу хуулаад баялгийн биш авлигын сангийн болгоод энэ өдрүүдэд УИХ-аар өөрөө хэлэлцүүлж жүжиг тоглож байна. Бас миний нэрийг дуудаж худал яриад л. Оюун-Эрдэнээ би чиний тархинд удаан оршино, түрээсгүй. Чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн. Чи үхсэн карээрээ миний нэрээр хадгалж байгаа. Миний нэр бол чиний bible.
10. Харав уу! Ах дүү хоёр алга ташаад. Цаг нь багтахгүй, мартаж санаад ай. Ард түмэнд учруулж байгаа зовлонгоо надаар хаана, энэ бузар тархи угаалтад нь хүмүүс хууртана гээд итгэчихсэн. Ардчилсан Монголд үүнээс илүү доромжлол гэж байх уу! Домогт Амар гуайн үгийг иш татаж монтажлаад л. Москвад буудуулахынхаа өмнө тэр улаан коммунист шүүхэд хандаж хэлсэн Амар сайдын үгийг би хадгалж, биширч явдаг юм. Дахиж хэлж үлдээнэ гэж боддог. Монголын эрх ашгаас урвасан этгээдүүд Амар гуайг цаазалсан тэр бусармаг дэглэмийг Монголд дахиж амилуулах гэж хичээсээр байгаа нь нууц биш. Алагдсан хойно нь байтугай амьдад нь Монголоо гэх нэгний нэрийг эд улаан цайм худалдаж иддэг.
Оюун-Эрдэнээ чи ичиж амьдар. Амар гуайн нэрийг хэлэхээсээ. Чи бол Монгол хүнд хамгийн ээлгүй Ерөнхий сайд. Монголын ардчилал, эрх чөлөө, бие даасан байдалд ээл, ивээлгүй хүн гэвэл чи. Харийн даргын өмнө бол бүр хазганаж, маасайж, татанхай мэдрэл муутай юм шиг тал засна. Монгол хүн рүү шүд зууна. Ийм учраас Оюун-Эрдэнэд дэлхийн монголчууд дургүй. Хөх толбот Монгол хүндээ үзэн явагдаж үлдэх бол хэн хүний хүсэх өв биш.
Би Монголдоо хайртай. Гадаадад байгаа монголчууд Монголоо бүр илүү санадаг, хайрладаг. Тэд Монгол хэцүү байхад аврал нь болж ирсэн. Одоо ч, цаашдаа ч Монголоо зүрхэндээ тээж яваа. Бид хэцүү цагт Эх орондоо аврах хантааз нь болно. Хүмүүсийн хэлж ярьж байгааг сонсож байгаа. Монголоор л нэг гадагш явахын мөрөөс болсон хүмүүс. Энэ засгийн өөрийнх нь санал асуулгаар 15-65 насны манай иргэдийн 67 хувь нь "боломж гарвал гадагш явмаар байна" гэжээ.
Монголчууд бас сайныг бүтээж явсан. Монголд эдийн засаг нь 2 оронтой тоогоор өссөн, авилга хулгай нь 2 оронтой тоогоор багассан, өрсөлдөх чадвар нь цойлсон, иргэд нь өнгөтэй мөнгөтэй, дэлхийн гайгүй бүхэн Монголыг гэдэг үе байсан юм шүү. Бүр гадаадаас монголчууд хүртэл Эх орон руугаа ирдэг тэмүүлдэг цаг байлаа. Ерөнхий сайдаа чи ийм байсан орныг ямар болгов! Монгол хүмүүс 8 жилийн өмнөхөөс сайн амьдарч байна уу, муу амьдарч байна уу? Чи хүмүүсээс асуу, өөрөөсөө бас асуу. Уг нь сонгуульд орох гэж байгаа, 8 жил тасралтгүй засагласан намын даргаас энэ асуултыг л асуудаг. Өөрөө ч хариулдаг. Муудсан бол хариуцлага хүлээдэг.
Чи хүн суудлаас нь чирч буулгаж явсан. Оюун-Эрдэнээ чи одоо өөрөө өөрийгөө чирч буулгах цаг чинь болжээ. Өөр газар бол бүр өчигдөр чиний улс төр дууссан. Чи улс төр хийх тусам улс маань уруудаж байна. Чи арилгана гэж улиглах бүр Монголд засгийн хулгай дээрэм, хүнд суртал нэмэгдэж байна. Бусад хүн ажиллах тусам ядуурна, дарамтад орно. Харин чиний ах дүүс, эргэн тойрон баяжина. Чиний улс төр ийм гаж.
Өөрөө Ерөнхий сайд байж шүгэл үлээнэ гэнэ. Төр, төрийн албан хаагчид руу дайрна. Ард олон бухимдаж тэмцэхээр төлбөртэй гаруудаа турхирч утгыг нь алдуулна. "Би та нартайгаа хамт" гэж хаалт бамбайн дороос жүжиглэнэ. Жинхэнэ хуурамбаа бол чи. Монголд аль нэг харь улс аюул тарих нь юу л бол. Харин адгийн шаарнууд тэдэнд худалдагдах, биеэ үнэлж гүйх эрсдэл байсан, байгаа.
Чи ирэх сонгуулийг хулгайлах гэж гашилж суугаа. Ард түмнийг, ардчиллыг яаж ашиглахаа чи мэдэж байгаа. Чи ийм хулгай луйварт гаршсан, бүр амташсан. Хэнд хэзээ яаж долигонохоо тооцсон. Хэнийг харлуулж үгүй хийхээ ч чи бас заалгасан. Чи бүхнийг худалдаад авчихсан, бас айлгачихсан гэж бардам яваа. Оюун-Эрдэнээ чи их сандарвал ахыгаа ч худалдаж иднэ.
Чи, чиний эргэн тойрныхон ёс зүйтэй бол ард түмнээс дахиж дэмжлэг хүсэх, санал гуйх нүүргүй болсон. Ёс суртахууны эрхгүй, нүүргүй хүмүүс. Чи ард түмэндээ өр хулгай дарамт, үнийн өсөлт, ядуурал дампуурал авч ирсэн. Танайхан Монголын эрх, эрх чөлөөт байдал, иргэдийн амьдрал ажлыг өдөр тутам бусниулж байгаа. Чаддаг ганц юм нь тархи угаах, миний нэрийг хэлэх. Цааш явах тусам чи Монголын дон дээр суух хэрээ болсон. Би чиний сонсохыг хүсээгүй үгнүүдийг хэлж байна. Чи хараад улам хорсоно, улам улайрна.
Уг нь түүх эргэдэгсэн бол, болдогсон бол чиний оронд Анандын Амар сайд сууж байсан бол...
2024.04.09