УИХ-ын Дэд дарга, эдийн засагч Салдангийн Одонтуяа

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН СУУРЬ АСУУДЛУУД

21-р зуун гарсаар хүн төрөлхтний түүхэнд нэгэн том хөгжлийн шинэ үе тохиож байгаа нь ЦАХИМ ЭДИЙН ЗАСГИЙН ШИЛЖИЛТИЙН ЭРИН ҮЕ юм. Дэлхий даяар интернетийн сүлжээний эдийн засаг түрэн орж ирж, мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэр үр дүнтэй ашиглаж чадахаас хувь хүмүүс, компанийн төдийгүй улс орнуудын өрсөлдөх чадвар хамаардаг болж байна.

Өнөөгийн дэлхий ертөнцөд энэхүү Цахим эдийн засаг урьд өмнө байгаагүй хурдацтай хөгжиж, цар хүрээ нь томорсоор, урьд хожид байгаагүй их нөлөө үзүүлж, зөвхөн цаг хугацаа, орон зайн хязгаарлалтыг эвдээд зогсохгүй, аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээг өргөтгөж, эдийн засгийн өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгож байна. 

Манай мэдээллийн технологийн 50 орчим компанийн залуучууд энэ оны эхээр АНУ-д айлчилж сансар судлал, цахим эдийн засаг, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр ач холбогдол бүхий уулзалтуудыг АНУ-ын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй хийсэн бөгөөд Teso Investment, Gerege Systems, Gund Investment, Fibo global, Intelmind, ICT Group, ONDO, Mezorn зэрэг 8 компани Цахиурын хөндийн экосистемд орж олон улсын зах зээлд гарах томоохон алхмаа хийжээ.

Тэрчлэн, NASA-гийн хөтөлбөрийн дагуу Марс гаригийн судалгаанд манай эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулах, Google for Startups хурдасгуур хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, Монголд цахим ур чадварын төв байгуулах, технологи хөгжүүлэгч аж ахуйн нэгж, инженерүүдийн орлогын эх үүсвэрийг нээх Android in-app Purchase-ийг энэ оны 2-р хагаст нэвтрүүлэх, Apple Pay-ийг энэ оны 6-р сард багтаан нэвтрүүлэх, NVIDIA Ventures, DX Ventures, Network Venture Capital, Ven Elite, Plug and Play, Mind the Bridge зэрэг хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэгч нараас хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд гарахад туслалцаа авах, Stanford-ын их сургуулийн Хүн төвтэй хиймэл оюун ухаан судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд монгол эрдэмтэд эрдэм шинжилгээний ажил хийх боломжийг нээх зэрэг хангалттай олон чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцсон байна.

Энэ бол эх орондоо цахим технологийг нэвтрүүлэх, цахим үйлчилгээг хөгжүүлэх талаар ажиллаж буй манай залуусын хүчин чармайлтыг илтгэх хамгийн сүүлийн үеийн жишээ. Үнэндээ манай залуу үеийнхний ончтой алсын хараа, орчин үеийн мэдлэг чадвар, овсгоо санаачилга, оргилуун эрч хүчтэй эрэлхийллийг бахдан сайшаах гэж миний олж мэдсэн нэг жишээ юм аа! Цаана нь Сонгдо эмнэлэгийн хиймэл оюунд тулгуурласан Watson систем, Bolorsoft-ийн CHIMEGE, GrapeCity, World plus, lend.mn, panel.mn г.м. платформууд, StorePay г.м. финтекүүд, UBcab, EZcab зэрэг такси үйлчилгээний aпп-ууд г.м. амжилттай ажиллаж буй олон олон startup компаниуд байгаа, мөн ийм санаачилгууд улам олноороо шинээр гарч ирнэ гэдэгт ч итгэлтэй байна.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй санагдлаа. Манайд одоо ид өрнөж буй цахимжуулалт, цахим үйлчилгээ бол хараахан ЦАХИМ ЭДИЙН ЗАСАГ биш, зөвхөн түүний угтвар нөхцөл, арга хэрэгсэл нь. Өнөөдрийн манай цахим үйлчилгээ бол урьд нь хийж байсан ажлаа л цахимаар илүү хурдан хийдэг болсон дэвшил юм. Цахим эдийн засаг бол өмнө хийж байсан уламжлалт аргаасаа татгалзах замаар бизнесийн загвараа өөрчилж сүүлийн үеийн мэдээллийн технологийн арга хэрэгслүүдийн хүчээр эдийн засгийг огт өөр өндөр түвшний өгөөжтэй, өргөн хэмжээст эдийн засаг болгож хувиргах тухайд юм. Энд хэн бүхний мэддэг болсон сүүлийн үеийн жишээ татъя.

Өөрийн ганц ч сүлжээ дэлгүүргүй хэрнээ жижиглэн худалдааны дэлхийн хамгийн том сүлжээг үүсгэсэн - Alibaba, ганц ч таксигүйгээр хамгийн том такси-үйлчилгээний компанийг байгуулсан - UBER, нэг ч зочид буудалгүйгээр зочид буудлын үйлчилгээний хамгийн том сүлжээг бий болгосон - Airbnb, өөрийн кино-театргүй ч гэсэн дэлхийн хамгийн том кино-театр болсон -Netflix зэрэг дөнгөж гарч ирээд л дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компаниудын түүх бол хуучин уламжлалт хэв загварыг зоригтой эвдэж “Цахим эдийн засаг” гэдэгт шилжиж чадсаны жишээ юм.

"Хятадын Цахим эдийн засгийн аж үйлдвэрийн хөгжлийн тайлан-2023"-д дурьдснаар Хятадын Цахим эдийн засгийн цар хүрээ 50 их наяд юанийг давж, ДНБ-ийх нь 41.5%-ийг бүрдүүлж байна. Бээжин хот 2023 онд дэлхийн Цахим эдийн засгийн үлгэр жишээ хот байгуулах зорилт тавьсан бөгөөд Цахим эдийн засгийн эзлэх хувь Бээжингийн ДНБ-ий 42.9%-д хүрчээ. Олон нийт хэрэглэж буй ухаалаг технологийн Large Model бүтээгдэхүүн Бээжинд үндэсний хэмжээний хэрэглээний 50%-ийг бүрдүүлж байна. Өнгөрсөн жилд гэхэд л шинээр 30 мянган 5G станц байгуулснаар 10 мянган хүн тутамд оногдох 5G суурь станцын тоо 49 болжээ. Олон нийтийн цахим үйлчилгээний платформууд Бээжингийн 22 сая иргэнд үйлчилж байна. Хүний асуусанд хариулах, харилцан ярилцах чадвартай "ERNIE Bot" зэрэг олон нийт хэрэглэж буй технологиуд нь үндэсний хэмжээнд түлхүү хэрэглэгдэж байна. Өндөр зэрэглэлийн автомат жолоодлогын жишиг бүс 160 км2 хүрч, ухаалаг такси, жолоочгүй хүргэлт зэрэг 775 автомат жолоодлоготой авто машин туршилтын бүсэд явж, мөн туршилтын бүсэд 103 аж ахуйн нэгж ухаалаг үйлдвэр, дижитал чек ажиллуулж байна. Хятадад цахим төлбөрийн систем дэлхийн өөр хаана ч байхгүй хэмжээнд хөгжиж дэлгэрч байна.  

Хятад улс ийнхүү Цахим эдийн засгийн бодлого хэрэгжүүлж эхэлснээр хөгжлийн том чөдөр тушаа болж асан өнөөх АВЛИГА гэдэг ЦАР ТАХЛЫГ амьдрах орчингүй болгож байгаагаа удирдах түвшний хүмүүс нь бахархалтайгаар мэдэгддэг боллоо.

Бид ийм Цахим эдийн засагт шилжихийн тулд үсрэнгүй хөгжиж буй бусад орны жишгээр

  1. “Тэлэлтийн бодлого”,
  2. “Холболтын бодлого”,
  3. “Үйлдвэр-худалдааны бодлого”,
  4. “Хөрөнгө оруулалтын бодлого”,
  5. “Хууль, эрхзүйн бодлого” гэсэн хөгжлийн бодлогын 5 суурь чиглэлийг цогцоор нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Эдгээрийг онцлон товчилж цуврал байдлаар танилцуулахаар бэлдлээ. Энэ үндсэн 5 бодлого нь улс орны төсөв санхүү, үйлдвэржилт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг г.м. бусад салбараа хөгжүүлэх суурь нь болох тул тэдгээр салбарын асуудлыг энд тухайлан авч үзэлгүй, зөвхөн зарим тохиолдолд жишээ байдлаар дурьдсан болно. Энэ 5 суурь бодлого бүгд Мөнгөний бодлогоор уягддаг тул Мөнгөний бодлогыг тусад нь цуврал нийтлэл хэлбэрээр дэлгэрэнгүй танилцуулах нь илүү зохимжтой санагдлаа.

Манай түрүү түрүүчийн бодлого тодорхойлогчид хөгжлийн бодлогын зарчмын тулгуур асуудлуудыг цогц байдлаар нь, уялдаа холбоотой нь авч үзэхгүй хагас дутуу, цаг үеийн байдлаар урсгалаар нь, ганц нэгээр нь хэрэгжүүлэх гэж хандаж ирсэн учраас, цаашид улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж төлөвлөх манай дарга 

нар, санхүү-мөнгөний шийдвэр гаргагчид, хууль тогтоогчид эл 5 суурь бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллахад нь дохио сануулга, түлхэц болоосой гэж хүсэж байна! Мөн эх орныхоо ирээдүйг хөтлөх оюутан сурагчид, тэдэнд боловсрол мэдлэгийг суулгаж буй эрдэмтэн багш нарт маань ч энэ талын шинэ мэдлэг, мэдээлэл хэрэгтэй болов уу. 

Аав маань: “Хөгжлийн бодлого бол философи утгаараа “тооноос чанарт шилжих” тухайд юм. Манай улс жилд 800 мянган тонн үр тариа хурааж авдаг боллоо. Цаашид 8 сая тонн хурааж авдаг болчихвол “тооноос чанарт шилжинэ”. Энэ бол жинхэнэ хөгжил дэвшлийн үзүүлэлт болох юм” гэж бүр 1980-аад оны сүүл 

үед нэг жишээ хэлдэг байсан нь одоо л “орой руу орж байна”. Сампин дээр тоо боддог байсан аавын минь үед өнөөгийн энэ Цахим эдийн засаг гэдэг ойлголт ор сураггүй байсан ч гэлээ эдийн засгийн хэмжээсийг (Economy of Scale) тэлснээр эдийн засгийг шинэ шатанд гаргана гэсэн ойлголт, тэмүүлэл нь өнөөгийн энэ Цахим эдийн засгийн зарчимтай “агаар нэгэн” байж дээ. 

(Үргэлжлэл нь дараагийн дугаарт)