Энэ 7 хоногт
Улсаа хөгжүүлэх уралдаан айсуй
Эрх баригчдын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрхэн үнэлэх бэ? Юуны түрүүнд уг мөрийн хөтөлбөрийг засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө болгож ажилласан уу гэдгийг шалгах ёстой. Сонгогчийн санал авах зорилгоор гоё, сайхан юм бичээд түүнийгээ хийе гэж төлөвлөгөөнд ч оруулахгүй бол луйвар хийлээ гэсэн үг. Улаанбаатар Эрдэнэсант, Улаанбаатар Баян, Дархан Алтанбулагийн хооронд 4 эгнээ зам тавина гэж 2020 онд амласан бол өдгөө 2024 он талдаа орж байхад гүйцэтгэл 0 байна.
Улс төрийн намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө өглөө гэсэн мэдээг харсан байх. Ард иргэдэд танигдсан танигдаагүй олон хүмүүс бөөн бөөнөөр сонгуульд оролцохын тулд биш улсаа хөгжүүлэхийн тулд хэрхэн яаж хөгжүүлэх төлөвлөгөөгөө өгч буй нь тэр. Сонгогч та 2020 онд сонгуульд ялсан намын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг санаж байна уу? Бүр цаашилбал 2016-2020 оныхыг ч санах ёстой. Учир нь бидний сайн сайхан амьдрахтай холбоотой гол ажлууд тэнд л бий.
Энэ жил Алсын хараа 2050 гэх хөтөлбөрийн хүрээнд мөнөөх баруун, зүүн үзэл баримтлал гэлтгүй бүх улс төрийн намууд Улсаа хөгжүүлэх төлөвлөгөөгөө заавал бич гэх нь тэр. Түүнд нийцсэн эсэхийг эрх баригчдын томилсон Үндэсний аудитын газар хянаж шалгаж, бүгдийг нь бүрэн нийцээгүй хэмээн буцаав. Дунд сургуулийн хүүхэд 90-100 хүртэл оноо авбал онц авдгийг ч үл тоон Алсын хараанд 90 биш, 95 бүр ч биш заавал 100 хувь нийцсэн Мөрийн хөтөлбөр л авна гэхээр юу хэлхэв дээ. Ингэснээр эрх баригчдын хөтөлбөрөөс ялгаагүй шахуу, мөлийсөн хөтөлбөртэй сонгуульд орох, бүр сонгуульд оруулахгүй ч байж мэдэх нэгэн босго хийжээ.
Тэгвэл сонгуулийн мөрийн хөтөлбөр гэдгийг 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн 3.1.4-д намын мөрийн хөтөлбөрт үндэслэсэн тухайн төлөөлөгчдийн байгууллага албан тушаалтны бүрэн хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг, намын хөтөлбөр гэдэг нь намын үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурлан үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилгыг тодорхойлсон баримт бичгийг ойлгоно гэжээ. Шулуухан хэлбэл сонгогчийн саналыг татах, тэдний сонголтод нөлөөлөх гол баримт бичиг. Зарим тохиолдолд хэдэн арван хуудас зузаан баримт бичгээс илүү түүнийг товч тодорхой илэрхийлсэн уриа сонгогчийн сэтгэлд хүрдэг. Нэг хүний эсвэл нэг гэр бүл, нэг компанийн гэж бидний шүүмжилдэг намууд сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөрөө хэрхэн яаж гаргадаг нь тодорхойгүй бол нөлөө бүхий намууд судалгааны институт, хөндлөнгийн судлаач, эрдэмтдийг оруулан цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулан ажилладаг. Гэхдээ сонгогчид намуудын дэвшүүлэн тавьсан мөрийн хөтөлбөрүүдийг анхааралтай уншиж, биелэгдэх боломжтой эсэх, иргэдийн хүсч хүлээсэн асуултуудад ямар хариу өгч байгаа талаар үнэлэлт дүгнэлт хийдэг болов уу. Мөрийн хөтөлбөр заавал биелэгдэх албагүй ч өмнөх сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн аль нэг заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн гомдол шүүхэд гаргавал яах бол?. Ёс зүйн хувьд мөрийн хөтөлбөр нь ялсан намын бүрдүүлсэн засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө болж хэрэгжих үүрэгтэй. Харин 4 жилийн дараа тухайн нам өөртөө дүн тавихаас гадна иргэд, хөндлөнгийн байгууллагууд үнэлгээ өгнө. Эрх баригч нам сонгуульд оролцохдоо илүү том амлалтууд өгдөг бол сөрөг хүчин түүнээс илүү давж амлалт өгөхөөс илүү реформын амлалтууд өгөх нь түгээмэл. Гэхдээ улс төрийн нам сонгогч хоёрын хоорондоо хийж буй гэрээ гэж үзвэл биелэлтийг нарийвчлан тайлагнах ёстой. Анхнаасаа ерөнхий, тодорхойгүй амлалтууд өгвөл түүнийг хэрхэн хэмжиж үнэлэлт дүгнэлт өгөх билээ? Тэгвэл 2016 оноос хойш үнэмлэхүй олонхоороо засаглаж буй МАН-ын сонгуульд дэвшихдээ өгсөн Мөрийн хөтөлбөрөөс ганц нэг жишээ харъя.
Эрх баригчдын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрхэн үнэлэх бэ? Юуны түрүүнд уг мөрийн хөтөлбөрийг засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө болгож ажилласан уу гэдгийг шалгах ёстой. Сонгогчийн санал авах зорилгоор гоё, сайхан юм бичээд түүнийгээ хийе гэж төлөвлөгөөнд ч оруулахгүй бол луйвар хийлээ гэсэн үг. Улаанбаатар Эрдэнэсант, Улаанбаатар Баян, Дархан Алтанбулагийн хооронд 4 эгнээ зам тавина гэж 2020 онд амласан бол өдгөө 2024 он талдаа орж байхад гүйцэтгэл 0 байна. Гэтэл энэ бүс нутагт оршин сууж буй иргэд 2020 оны сонгуульд санал өгөхдөө энэ амлалтад итгэсэн бас хууртсан болж таарах нь. 2300 км зам тавих амлалт өгсөн 4 жил бараг дуусч байхад хаана, ямар зам хэрхэн ашиглалтад оруулсан талаар иргэд мэдэх байх даа. Үгүй ядаж өмнөх засгийн хийж, хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж болно доо. Гэтэл үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шүүмжлэнгээ түүнээс дутахгүй олон зээл хөтөлбөрийг өөр нэг шошгоор хэрэгжүүлж байна. 2012 онд Зөгийн үүр хөтөлбөр зарлан гадаадад өндөр боловсрол эзэмшин ажиллаж хөдөлмөрлөж байсан болон сургууль төгсөх оюутнуудад эх нутагтаа ирж хувь нэмэр оруулахыг уриалсны дагуу олон залуучууд нутагтаа ирсэн. Гэтэл сүүлийн үед Зөгийн үүр хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлнэ гээд үсээ толийтол самнасан залуу ярьж эхэлж. Харин сүүлийн жилүүдэд 30000 гаруй мянган иргэн Монголоос зугтан гадаадад амьдрахаар явжээ. Өмнө нь айл гэрээс хэн нэг нь Солонгос, Америк эсвэл Их Британи гээд аяллын визээр ч болтугай гарч, хэдэн цаас олж гэр лүүгээ явуулдаг. Тодруулбал тэндээ үлдэн амьдрах төлөвлөгөөгүй явдаг байжээ. Гэтэл сүүлийн жилүүдэд гэр бүлээрээ, ах дүүгээрээ, найз нөхдөөрөө яаж ийгээд хилийн чанадыг зорьдог болжээ. Жижиг бизнес хийдэг байсан бол түүнийгээ зарж, өр зээлээ төлөөд явж буйн гол шалтгаан бол ганцхан мөнгө биш, эрүүл аюулгүй амьдрах орчин, эрүүл мэнд боловсролын чанартай үйлчилгээ, үр хүүхдээ агаар нь цэвэр, стрессгүй нийгэмд өсгөхөөр явдаг болж. 211600 иргэн гадаадад оршин сууж байгаа нь нийт хүн амын 6.1 хувь.
Дараагийн харах үзүүлэлт бол биелэхүйц, бодитой зүйл амлах явдал. Сонгогчдод таалагдахын тулд юу ч хамаагүй амладаг байдал харьцангуй багасч буй ч анхаарах зүйл бий. Тэртээ 2008 онд сөрөг хүчний 1 сая төгрөгийн баялаг хүртээх амлалтад эрх баригчид сандарч 1.5 сая хэмээн давуулан амлаж сонгуульд ялсан. Гэтэл тэрхүү амлалтын балаг 10 жилээр тогтохгүй 2024 онд ч маргааны сэдэв байсаар байна. Учир нь уул уурхайн баялгаас тэр дундаа төрийн эзэмшлийн уурхайгаас иргэд хувь хүртэх гэсэн үндсэн хуулийн заалтын хэрэгжилтээр одоо тоглосоор. 2020 оны сонгуулийн өмнө 1072 хувьцаанд 96000 төгрөг амсуулсан төр, 2024 оны сонгуулийн өмнө 256000 төгрөг өгч биднийг тайвшруулж байна. Иргэдийн хүсэл бол 1072 хувьцаа нь жинхэнэ хувьцаа болж, арилжаанд орж, өсдөг арвиждаг хөрвөдөг болох боловч улс төрчид удирдаж буй энэ цаг үед мөдгүй. Хувьцааг үнэ цэнтэй болгох сонгуулийн амлалт бас алсрав.
Гурав дахь шалгуур бол цаг хугацаандаа хэрэгжүүлэх. Үнэндээ төр засгийн шийдвэр иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Эрх баригчдын амлалт, төлөвлөгөөг уншиж санал өгсөн иргэд түүнд нийцүүлэн бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, оюутан сурагчид ирээдүйн мэргэжлээ ч сонгож болно. Зээлийн хүүг сарын 1 хувиас хэтрүүлэхгүй гэсэн амлалт сонсоход сайхан ч хэрэгжсэнгүй. 8 жил дамнуулан амласан зээлийн хүү буурсан бол олон аж ахуйн нэгж хаалгаа барихгүй, олон жижиг дунд үйлдвэр дампуурахгүй байсан. Мэдээж эдийн засгийн нарийн ойлголт ард нь бий ч энд зөвхөн амлалтын тухай ярьж буйг сануулъя. Зудад байдгаа барсан малчдын зээлийн хүү 20 шахам хувьтай гэхээр малчдын эрсдэлээс хамгаалсан тогтолцоо ч даший шог. 8 жил дамнуулан ядуурлыг 2 дахин бууруулах амлалт хэрэгжсэнгүй. Тэртээ 2016 онд 100 хүний 29 нь ядуу байсан бол 2023 онд 27 болжээ. Ядуурал бууруулах ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн тухай тодруулахад хариулт төдийлөн олдохгүй.
Дөрөв дэх шалгуур бол амлалтын зардал. Нийгмийн ач холбогдол багатай эсвэл тийм ч яаралтай биш зорилгуудад төсөв хөрөнгө оруулалт хийх нь буруу. Зарим тохиолдолд төдийлөн ач холбогдолгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулж буйг судалж үзэхэд мөнөөх сонгогдсон тойрогтоо юм хийж байгаа нь тэр байдаг. Эмнэлэг сургууль цэцэрлэг хүртээмжгүй байхад хаа хол суманд соёлын төв, хөшөө, хаалга барихыг жирийн иргэд ойлгохгүй ч улс төрчид маш сайн ойлгоно. Гэтэл нэн чухал хэрэгцээтэй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл 2021 онд ашиглалтад орох байсан ч 2024, 2025, 2026 гэсэн онууд хэлсэнтүшмэдүүд боллоо. Мега төслүүд хойшлохын хэрээр өртөг зардал талийж, эдийн засгийн утга ч бүдгэрдэг. Анх шав тавихад дараах төлөвлөгөөг үзүүлэн, 1 литр шатахууны үнэ 15-20 хувь хямд гарна гэдэгт одоо итгэх хүн хэд үлдсэн бол.
Зэс хайлуулах, үнэт металл, алт боловсруулах, нүүрс химийн үйлдвэр, 10 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэр барина гээд жагсаагаад үзвэл байж болох бүхий л зүйлийг хийхээр бичиж. Харамсалтай нь биелэлт алга.
Энд өгүүлэх сүүлийн шалгуур бол улс орноо хөгжүүлэх төлөвлөгөөнд реформ хийх амлалтаа хэрхэн биелүүлэв. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоо, утаа, түгжрэл бууруулах зорилгууд хэрхэн биелэв? Татвар нэмэхгүй гэснээ хадгаламжийн хүүгээс татвар авах, нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэгдүүлэх, орлого багатай иргэдийн татварыг бууруулах амлалтаа мартан зогсож буй гишүүдийг бид харсан. Гэсэн хэрнэ ээ үргэлжлүүлээд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд татварын хөнгөлөлт үзүүлнэ гээд амлахад юу бодогдож байна. Энэ мэтээр улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг анхааралтай уншиж, дараагийн амлалт өгөхөөс өмнө биелэлтийг хянаж тооцох хэрэгтэй.
Пүрэвдоогийн Батхишиг