Таван толгой ордоо харьд 100 жил зүгээр өгч эх орноо хорлон сүйтгэхийг завдсан гэдэг З.Энхболд. Монголоо хорлон сүйтгэх аюулаас З.Энхболд аварсан төдийгүй харьд оргүй алдсан аварга ордоо ард олондоо авч үлдсэн гэж өөрийгөө магтсаар яваа. Таван толгой ордоо М.Энхсайхан Хятадад 100 жил үнэгүй өгснийг УДШ нотолбол З.Энхболд ял бус гавъяагаа зүй ёсоор хүртэх бөгөөд хорлон сүйтгэгч шорондоо эргэн орж ялаа эдэлнэ. Худлыг үнэн ялахад дуртай намайг муу хүн гэхгүй байх.

М.Энхсайханы эсэргүү гэрээний нооргийг УИХ-аар шууд хэлэлцүүлж, урвасан хулгайг 76 гишүүн хөдлөшгүй илчлэхээс З.Энхболд бултуулсныг би ойлгодоггүй өвөө. Аливааг эргэцүүлэх-уран бүтээлч хүний зан л даа. (УИХ-аар хэлэлцэхийг спикер З.Энхболд алх цохиод хаачсан). Хорлон сүйтгэх гэрээг 76 тэнэг баталчих нь гэж айв уу, эсвэл “аварга ордоо харьд зүгээр өгсөн гэх гүжирдлэгээ УИХ-аар хэлэлцвэл илэрнэ гээд чуулганд оруулалгүй олны анхаарлаас холдуулж өөрийгөө аврав уу? Хорлон сүйтгэх гэрээг илчилсэн 40 гишүүний гарын үсэг ярьдаг ч эх оронч 40-ийгөө мандуулалгүй нуугаад мартуулсан. Л.Эрдэнэчимэг ганцаар тодорч ёстой дийлж байв даа.

Аварга ордоо харьд билэглэснийг УИХ-ын 76 хэлэлцээд тогтоосон бол З.Энхболдод (өөрий нь зарлаад буйгаар) Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар түүнд хонзогнох шалтаг үүсэхгүй. Гэрээг чуулганаар хэлэлцүүлэлгүй галыг өөр дээрээ авах ямар шалтгаан З.Энхболдод байв. Таван толгойг Хятадад үнэгүй өгөх гэсэн бүлэг хонзогноод намайг 40 саяар торгож, сонгуульд өрсөлдөх эрхгүй болгоод хаячлаа хэмээн итгүүлэх гэж зүтгээд байдаг. Нүүрс угааж үнэ хүргэх төсөл саатсан нь Страто компаниараа хэдүүлхнээ нүүрс сэм угааж хагартлаа баяжих гэв үү. УИХ-ын дарга асан зангаргаараа Дарханы замын паянгаа дааж ядаж яваа Б.Энх-Амгаланг нэрэмчхэв үү яав-гайтай золиг чинь. Би уг нь З.Энхболдыг их тоодог байлаа. Урам хугарсан. Нарийн төмөр зам 10 гаруй жил гацаагүй бол монголчууд өдгөө чинээлэг амьдарч байгаа. Энэ агуу өгөгдлийг орос магнатуудад зуйрч гацаасан Х.Баттулга, З.Энхболд хоёрт би монгол иргэний хувьд гомддог. Монгол хүндээ л гомдохоос харь хүнд гомдоод яах билээ. Гомдлын хэмжээ итгэсний хэмжээтэй дүйж байдаг.

Ял сонсох ямар байна З.Энхболдоо? УИХ, ЗГ-ын тогтоолоор Оюу толгойн гэрээ хийлцсэн С.Баярцогтод 10 жил зааж, бүх хөрөнгийг хураах ял анхан шатны шүүхээс оноосон. Юм л бол 10 жилээр зааж, бүх хөрөнгийг хурааж байсан харгислалыг амссан айлын хүү-өвгөн би хирдхийсэн. Зүрх зүссэн үл мартагдах танил ялыг Ордны гурван давхраас буусан заавар гэж тухайн үед ерөнхий сайд, ХЗДХ-гийн сайд хоёр мэдэгдэж байв даа. С.Баяр, Да.Ганболд гээд цөм Х.Баттулга та хоёрын өнгөнд яллуулсан.

Х.Баттулга, З.Энхболд хоёр ард түмнээ усан тэнэг гэж дээрэлхдэг нь мангуу онигооноос нь андашгүй. Үүнд зэвүү маш их хүрдэг. Танк их буу чинь та хоёрын ард олноо хэрхэн доромжилдгийг нотлоод өгнө. 3,5 сая хүн амаа хэт элэг барьдаг хоёр Владивостокт В.Путины өмнө бөхөлзөхдөө нүүрсээ 6000 км тойруу Восточный боомтоор экспортолно гэж-гэрийн даалгавраа хийсэн пионер шиг онц дүн горьдоод “Олон жил тэмцсэнээ биелүүллээ. Мөн ч хэцүү байлаа” гээд чукча царайлж суусан бичлэг байгаа. Монголын энэ төсөл огт бүтэхгүйг мэдэх В.Путин бялдууч хоёр чукчатай ижилсэж, барууны доог болохгүйн тулд хулмагнаж харагдсан. 

Манай хоёр утаан дунд бүрэлзэх хөлдүү боомтыг вертолетээр тойрч гялс халиагаад, энэ боомтоор нүүрсээ саадгүй экспортлох боломжтой юм байна гэж сэтгүүлчид мэдэгдэх нь додигор байсан гээч. Өмнө нь энэ боомтоор нүүрсээ далайд гаргаж болох эсэхийг Таван толгойгоос 20 вагон кокс явуулж туршсан билээ. Төмөр замаар явж буй юм чинь төөрчилгүй очиж л таарна биз дээ. Ард түмнээ ийм мангуу залиар хуурдгийг би доромжлол гэж зэвүүцдэгээ давъя. Мангуу мэхэнд хууртаад алга ташиж амьдардаг сортоо мэдрэмжгүй ард түмэн ч буруутай. 20 чингэлэг коксны өртөг орос Женкогийн халаасанд орох, монгол Женкогийн өвөрт орох чанарын ялгаагүй. Учир нь монгол Женко орос эхнэртэй. “Восточный боомтоор нүүрсээ далайд гаргаж үнэ хүргэх юу л болдоо” гэж эргэлзсэн мань мэтэд “Восточный боомтыг ганц нүүрсний тээвэрт ашиглана гэж дутуу үнэлбэл алдаа болно” гэж мань хоёр 2017 онд том том дуугарч байв. Тэр цагаас өдгөөг хүртэл та нар уг боомтоор хичнээн сая тонн нүүрс экспортолж үнэ хүргэснээ тайлагнаагүй шүү. Ийм хуурамч зальхай бодлогоор Монгол хөгжихгүй ээ дүү нар минь.


ДЭЛХИЙ ДААХГҮЙ БАЯН

Хөгжлөөс хоцорсон бидэнд цагийн зүүтэй уралдсан хурд чухал. Төмөр замын гацаа хаанаас хэнээс үүслээ. Элс дүүргэсэн гялгар уутны ёроолыг төмөр хадаасаар цоо цоо хатгаж, цоорсон нүхнүүдээр гоожих элсийг телевизээр харуулаад төмөр зам Хятад руу тавивал манай баялаг ийм олон нүхээр гоожоод дуусна гэх Х.Баттулгын орос магнатуудтай хоршсон гацаа 10 гаруй жил хүчиндсээр эдийн засаг сөхөрч, эх орон өрөнд унаж, иргэд ядуурсан. З.Энхболд “төмөр зам хэрэггүй, нүүрсээ машинаар зөөвөл олон жолооч ажилтай болж Монголд илүү ашиг өгнө” гэж нэрмэв. Түүнд хариу болгож Баабар “Нүүрсээ төмпөнгөөр зөөвөл бүр олон хүн ажилтай болох юм биш үү” гэж ёжилж байлаа. Аварга даацын 20-30 мянган самосвалиар олон жил онгон говио там болгож нүүрсээ тээв. Эрсдэх аюултай харгуйд жолоо мушгиж, нэмэх хасах 30 хэмд кабиндаа хагас бүтэн сараар амьдарч буй жолооч нараас амиа алдсан нь хэд билээ. Энэ гайг Х.Баттулга, З.Энхболд хоёр тарьсан. Нүүрсний 40 ихнаядын хулгай ч эндээс эхтэй.

Таван толгой ордыг 200 жил экскаваторын шанагаар халбагадаад 200 жил самосвалиар зөөхөд олборлолт тээвэрлэлтийн зардлаа нөхөөд цаана нь асар их цэвэр ашиг унаснаар 200 жил хүн амаа ногдол ашгаар хахаах гэнэ-З.Энхболд. (“Өдрийн сонин”). 200 зуу байтугай 20 жил хүрэхгүй нүүрс маань үнс болгочих гээд биднийг яаруулав. Нүүрсээ угааж зараагүй нь бидний буруу бус манай түүхий нүүрсийг хямд авч-шулах хятад хорон санаа гэж мань хоёр онолдов. Хөршөө өдөж дургүйг нь хүргэхийн оронд нүүрсээ өөрсдөө баяжуулаад хятад өмхий санааг ялаач. Дор дороо олз хайж язганасан шоргоолж шиг хятадуудад манай түүхий нүүрс хил давмагц бизнес болох нь мэдээж. Нутагтаа нүүрс баяжуулсан хятадуудыг буруутгах шалтаг манай хоёрт баймгүй. Шинхуа айл хүний амь нэг хамтаръя, Сумитомо саахалт хүний санаа нэг нүүрсийг чинь борлуулж өгье гэв. Ядуу биднийг дэмжье гэсэн чинээлэг хөршүүдийн тэвчээр багцаагаа мэдэхгүй пээдийгч хоёрт барагдаа биз. Пээдгэр хоёрын ард орос алга ташина.



Шунал-хамгийн ужиг нүгэл. Би нүгэл гэх ганц хуультай-өчүүхэн харанхуй зохиолч. Нүгэлгүй орлогоор гэдэс муруйлгүй мөр бүтэн ная гарав. Өөр юу хэрэгтэй юм хуурамч хорвоод. Би яагаад Хятадын үсрэнгүй хөгжлөөс ахиу хүртье гэж үглээд байдаг хүн бэ гэвэл хаяа дэрлэсэн ганц аварга захдаа чулуу шороогоо чадлаараа шахаж, ахиу зоос олж, дав даруй дэд бүтэц, баялгийн сантай болъё гэсэн юм. Зэс нүүрсний хэрэглээ нь ханашгүй агаад бэлжүү, “хамтдаа хожъё” гэдэг хөрш дэргэд заяагаагүй бол бид яг суусан. Буруу гарын бузар олзоор хагартал баяжаад мөнхрөхгүй. Ходоодны багтаамж хэмжээтэй, амьд явах хугацаа охор. Үхэл нэг өдөр багалзуурдна. Эрх мэдэл эд хөрөнгө үхлээс аврахгүй. Тэр агшинд олонд тусалсан ач буянаа чамлаж, эх орон, анд нөхдөө хорлосон мунхаг тархиа шаасаар нүд анина гэж захья. (2024)


Сонсгоод

Их өвдөж байна. Тэсэхийн аргагүй янгинаж байна. Үхэл тун ойртжээ. Гэхдээ уулзаагүй л байна. Мөн ч хэцүү даваа болтой. Энэ юу ч биш, үүнээс бүр хамаагүй илүү өвдөх гэнэ. Юун олон гэрэл улалзаад ирэв ээ. Би харанхуй хонгилоор олон гэрэл сүлжин буун сум шиг шунгинав. Байз, би нисэж байна уу даа. Тийм байна, нисэж байна. Яасан аюултай хурдаар ниснэ вэ. Барилгын дээврүүд нүдэнд үзэгдэх төдий гялс гялсгээд өнгөрөв. Хурд гэдэг энэ. Хурмастаас газар луу огцом шунгаж буй жигүүртний нүдэнд газар дэлхий ийнхүү амжиж харах зуургүй эрээлжлэн өнгөрдөг байх нь. Онгоцны хурдаар нисэж байж юм мөргөж сүйрэх вий дээ. Хот дуусав болтой. Балар тайгын торгон орой усны мандал шиг зөөлөн халиурч миний нүцгэн цээж гэдсийг үл ялим шүргэх нь бүсгүй хүний бие мэт тааламжтай. 

Нөгөө тэсвэрлэхийн аргагүй шаналгаж байсан өвчин яагаад зүв зүгээр болчвоо. Миний нүд эрчээрээ шумбаж буй шонхрын нүд болжээ. Доогуур нисэх тусам жирэлзэх уул толгод хараанд өртөхөө болив. Газардаж буй жигүүртний харцаар би буух цэгээ хайлаа. Өвс ургамлын түрүү нүцгэн бие эрвэгнүүлэв. Алтан дэлхийн хөрстэй аз дутахад дахин золгосонгүй. Нэвсгэр ногоон хөвч алсарч хурмаст өөд жад адил чичсэн шовх шовх сарьдгууд улаан ягаан галаар туяарлаа. Төдөлгүй дөлөөр дүрэлзэх сарьдгууд цаст цагаан оргилуудад хувирч тэнгэрт уусав. Би ноёлох оргилууд мөргөхгүйн тулд өндөр авлаа. Нүцгэн шалдан нисэгч намайг мөст мөлгөр булууд жавраар тас хайрав. Энэ агшинд би сансарын нөөлгөнд цохиулж ёроолгүй ангал руу онхолдлоо. Мөсөн голд хальтарч, мөнх цас манаруулан годройтсоор эрэвгэр сэрэвгэр дэл хаднуудад хамаг биеэ зулгалан, шилмүүст ойн мөчирт шалба ороолгуулж, газрын гавын хадан ёроолыг тас мөргөж унасан ч огт өвдсөнгүй.

Хэвтэртээ би солиорсоор. Айхтар өвдөлт сэргэв. Энэ аюумшигт тамлалыг яаж давна аа. Ёо ёо, түрүүчийнхээсээ бүр илүү яс үйртэл янгинаж байна. Энэ удаа би тэсвэрлэхгүй болтой. Ашгүй ухаан балартлаа. Түргэхэн мэдрэл алдчих юмсан. Тэгвэл хэсэг ч болохноо амсхийх сэн. Хамаг бие хөлдөж эхлэв. Тий тий, би осголоо. Хөл гараа хөдөлгөх нь байтугай нүднийхээ зовхийг ч сөхөж даасангүй. Би яг л худгийн ёроол-мөсөн дээр чармай шалдан хэвтэж байх шиг. Худгийн ёроолд би нүцгэн хэвтэж үзээгүй л дээ. Үхэл намайг ялах гэж янз янзаар тамлалаа. Үхлийн даажигнааг би дийлсэнгүй муужирлаа. Хамаг бие хэрчин оготчих аймшигт өвдөлт тасраагүй нь тамтай. Ёох миний мах бодь яасан бөх зовлого вэ. 

Тэгтэл аргил дуутай лам чихэнд тарина шивэгнэв. "Яамай даа" гээд би өндийхөө больсон хүйтэн цээжнийхээ гүнээс өмхий амьсгаа уртаар үлээгээд ухаан алдлаа. Яагаад би мэдрэл алдаж буйгаа сүрхий мэдсэн бэ гэвэл ламын шивнээ аажмаар холдсон юм. Гол тасрах мөчид хувраг хажууд ирсэн нь юутай их заяа вэ. Бурханд би хэзээнээс ийм их хайртай болсон билээ? Санахгүй байна. Тэгтэл лам тангадаар бус монголоор хэлж байна: 

-Үхэж чадахгүй тарчилж буй хүнийг түргэнд нь оруулдаг "сонсгоод" хэмээх номыг би танд уншиж өгч байна. Та сайн тогтоож ав гэлээ. Лам цааш айлдлаа. Лам ч гэж дээ Сонсгоод судар:

-Та хуурамч хорвоод бүү хорогд. Хорогдвол та удаан тарчлах болно. Танд хорогдох юм гэж энэ ертөнцөд байх учиргүй. Өөртэйгөө бүү зууралд. Угаас “Та” гэдэг хүн хорвоод оршоогүй. Таны “та” бол зөвхөн таны логик. Одоо хорвоогоос үтэр түргэн зайл. Хорвоод хорогдоно гэдэг шунал. Эхнэр хүүхэд эд хөрөнгө чинь угаасаа таных биш. Бодох юм гагцхүү бодолгүй болж хоосрох. Бодлоо хая. Сэтгэлээ устаг. Өвдөлтийн үндэс бодол сэтгэл хоёр чинь. Одоо зайл. Үжирсэн зовлогоосоо тасарвал өвдөхөө мэдрэхгүй амарна. Бүү гинш. Наад өмхий хүүр чинь ч таны юм биш. Бузар махаа орхиод тонил. Эд хөрөнгө эрх мэдэл цөм хуурамч.

Би унтарч буй уураг тархиндаа тунгаалаа: "Нээрэн ч тийм дээ. Үхэж буй хүнд юу ч хэрэггүй. Надад хорогдох юм гэж байх ёсгүй. Гэвч хорвоог хамт туулсан ижил хань минь л даанч өрөвдөлтэй еэ. Үр хүүхэд яахав, тэд заасан заяа зурсан зургаараа л амьдарна. Эд хөрөнгө бол бүр юу ч биш" гэж би ламд чангаар хэллээ. Амнаас ямар ч авиа гарсангүй. Сонсгоод намайг бодлоо орхи, сэтгэлээ хая. Даруй зайлаад ертөнц бузарлахаа зогсоо гэж хайр найргүй хөөхөд эхэндээ би гомдсон ч аажмаар зөвшөөрөв. Сэтгэл шулуудаж буйгаа мөхөж буй цогцос маань сулавтар мэдэрлээ. Бяцхан гэгээ сүүтийх шиг. Юу ч бодохгүй тайвшрахыг чармайлаа. 

Оюун ухаанаа өөрөөсөө хөөснөөр би амьд үхсэн хоёроо ялгахаа болив. Бүх орчлон шаргалтан тоосров. Мэдээ мэдрэл тасарч, өвдөлт зугуухан намдах тийшээ хандлаа. Бодолгүй, сэтгэлгүй, хөндий хоосон болмогц надад үжирсэн цогцос, түүнийг тамлагч өвчинтэйгөө хамт мэдрэгдэхээ больж шаналал хөнгөрөв. Миний хэвтэж буй худгийн ёроол доошилсоор. Тэртээ дээр алсад гялайх худгийн ам холдсоор. Тиймээ миний цогцос хөлдсөөр мөнх цэвдэгт шингэж байна. 

-Явах замд чинь гурван гэрэл үзэгдэнэ. Улаан, ногоон, улбар шар. Та бүдэг улбар шарыг дагаарай. Цоргилон буй хурц гэрлүүд бол чөтгөрийн гэрлүүд шүү. 

Би "За" гэж хэлээд ханиа эцсийн удаа эчнээ хайрлаад авлаа. Сонсгоод, 

-Та юунд эмгэндээ хорогдож, өөрийгөө зовооно вэ? Дахиж чавганцаа бүү бод. Тэр хөгшин угаас таных биш байсан гэв. Би "За" гэж дахин зөвшөөрсөн ч "Хайрт минь чи ганцхан минийх байсан шүү" гээд уйлах гэтэл Судар,

-Ханиа хайрлах чинь ч шунал. Танд юу ч байх ёсгүй. Одоо та амьсгалаа хурааж чадахгүй ам нь ангалзан тарчилж буй хүйтэн шарилаасаа огцом салж, олон жил эдэлсэн муу зовлогоо амраа. Энэ мах бодь ерөөсөө таных биш байсан. Одоо та үхлийн ёроолгүй харанхуй руу үсэр! Айх хэрэггүй. Учир нь үхэл бас хоосон. Үхэл бол хоосонд уусах үйл явц. Бүгд нийлээд хоосон хорвоо гэж ятгалаа. "Үнэндээ л хоосон хорвоо ажээ" гэж би ухаараад хүйтэн хөх хүүрнээсээ зулрав. Бие, сэтгэл хоёр салах яг тэр торгон агшинд дотор сэгхийж, нүдэнд олон өнгийн солонго татлаа. “Ямар сайхан юм” гэж дуу алдах мөчид дөнгөж үүсгэсэн компанийн минь алтан шармалаар зүмбэрлэсэн хаяг гялсхийв. Тэгтэл Сонсгоод дуу алдаж:

-Өө та чинь шуналд гүнзгий унасан амьтан байна. Хуурамч хорвоод хүний сэтгэхүйгээс хамгийн удаан ангижирдаг нүгэл бол шунал. Таны гол тасрахгүй удаан тарчлах хүн байна гээд чимээ тасрав.

Номын дуу дахин сонсогдсонгүй. Тиймээ би насны эцэст зах зээлтэй учирч өтөлсөн биеэ гаргуунд хаяж, 20 жил зүтгэсний эцэст 70 насандаа долоо хоногийн өмнө мөрөөдөл болсон компаниа арай гэж байгуулсан хүн. Компаниа байгуулаад шийдвэр гаргаж, гарын үсгээ зурж, тамгаа дарж үзэлгүй тархинд цус харвасан юм. Тэгээд л би хорвоог орхих торгон агшинд компаниа санаж байж "сонсгоод" судрыг үргээчлээ. Шунал хамгийн хилэнцэт нүгэл гэдэг үнэн аж. Амьсгал хураахдаа хайрт ханийнхаа дараа компаниа дурссанаа санаж гутрав. Итгэл хайрын минь ард шунал чи миний цогцост (надад мэдэгдэлгүй) нуугдаж чадсан нь гайхалтай.

Хөлдүү худгийн мөсөн ёроол цахилгаан шат мэт чичигнэн доошиллоо. Худгийн өчүүхэн дув дугуй ам тэртээ дээр тэнгэрт ёлтойн жижгэрсээр анив. Энэ зуур үхэл намайг хамаг хар тэнхээгээрээ тамаллаа. Ёо ёо гэж хичнээн хашгираад миний дуу гарсангүй. Ёолох дуу минь гарахгүй болохоор дэргэд өдөр шөнөгүй сахиж буй хүмүүс миний тарчлааг огт гадарласангүй. Тиймээс тэд надад ойртсонгүй. Би тэлчлэх гэсэн боловч цус харавсан сэжиг хүрэм хүйтэн зовлого минь жолоодлогогүй учир хөдөлсөнгүй. Дув дуугай хөдөлгөөнгүй хэвтэх хүнийг тарчилж байна гэж хэн оноох билээ. Сонсгоод судрыг хичнээн хүсээд дахиж сонсогдсонгүй. Хоосон хорвоог гүйцэт ухаарсан цагт Бурхан заларч зовлого сүнс хоёрыг минь салгаж өгөх болтой. Миний зовлон миний бясалгалаар хугацах нь. Миний зовлон гагцхүү надаас хамаарах нь. Тиймээ зөвхөн надаас. Одоо би юу ч дурсахгүй, юу ч хайрлахгүй. Тэд бүгд минийх биш. Тас хар аугаа сансарт хүйтэн од мэт ёлтойн алсарагч худгийн амнаас сонсгоод судар гэрэлтсээр ойртов. Ёох хамаг бие хоосорчих шиг. (2009)