Монгол Улсын Үндсэн хуульд сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй байх, үүнээс 78 гишүүнийг олныг төлөөлөх буюу тойргоос шууд сонгохоор, харин 48 гишүүнийг хувь тэнцүүлэх буюу улс төрийн намуудад санал өгч, тэдний нэр дэвшүүлсэн жагсаалтаас сонгох болсон билээ. 

Өчигдөр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоо, нутаг дэвсгэрийн төв, сонгуулийн тов тодорхой боллоо. Энэ тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тогтжээ. 

Төрийн эрх барих байгууллагаас энэхүү шийдвэрийг Монголын улс төрд шинэчлэл хийх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжих, жалга довны үзэл, түүнийг дагасан тойргийн төсөв, үр өгөөжгүй зардлыг арилгах зорилготой гэдгийг онцолж байна. Энэ зорилгыг бүрэн дэмжинэ. Гэвч том бодлого дагасан тоомжиргүй гэх үү “юм” орж батлагдсан нь Баян-Өлгий аймгийг тусад нь нэг тойрог болгосон хэрэг юм. Сонгуулиас сонгуулийн хооронд Сонгуулийн тухай хууль тогтоомж, тоглоомын дүрмээ байнга өөрчилж ирсэн “уламжлал”-тай тул энэ удаа ч асуудлыг 4 жилээр эсхүл зөвхөн сонгууль зохион байгуулах хэдхэн хоногоор харж байх шиг. Тиймээс ирээдүйд гарч болзошгүй үр дагаврыг харахгүй, харахыг хүсэхгүй, тоохгүй байгаа бололтой. Үндэстний цөөнхөө хүндэтгэж, тэдний сонгох, сонгогдох эрхийг хангаж байна гэсэн “тал зассан” цор ганц хариулттайгаар төрийн бодлого ийнхүү гарч байна. 

Гэтэл Баян-Өлгий аймагт зөвхөн казак үндэстнүүд оршин суудаггүй гэдгийг мэдэх хүн шийдвэр гаргах түвшинд цөөхөн байна. Тус аймагт Монгол үндэстэн, түүний дотор урианхай, дөрвөд, мянгад гээд олон ястан эвтэй найртай амьдардаг. Казак түмэн Монгол Улсад үндэстний цөөнх, харин Монгол үндэстэн Баян-Өлгий аймагтаа цөөн тоотой. Цөөнхийн сонгох, сонгогдох эрхийг хангах нь чухал. Гэхдээ дээрх “дорой ухаан” арга замаар хангаж лав биш. Баян-Өлгий аймгийг шийдвэр гаргагчид маань ерөөсөө “казак аймаг” л гэж хараад байгаад хамаг учир байгаа юм. 

Түүхийн туршид үе уламжлан ирсэн газар усны Монгол нэрийг Баян-Өлгий аймагт орон нутгийн эрх мэдэлтнүүд казак нэрээр сольж хууль зөрчсөн “эвгүй” хэрэг шүүхийн шатанд яваа “эмзэг” цаг үед Баян-Өлгий аймгийг сонгуулийн “тусгай” тойрог болгож байгаа нь нийгэмд байгаа сөрөг хандлагыг дэвэргэж магадгүй байгааг анхаармаар байна. Түүнчлэн Баян-Өлгийн казакуудад сонгох сонгогдох боломж түлхүү олгож байгаа юм шиг харагдавч, үр дагавар нь тэднийг бүсчилсэн хөгжлийн илүү өргөн боломжоос хоцрооход хүргэнэ. Баян-Өлгий аймагт оршин суугаа жирийн казак, монгол иргэдэд сайн сайхан амьдрах нь чухал бөгөөд Улсын Их Хуралд тэднийг казак хүн төлөөлснөөр энэ нь баталгаа болно гэсэн үг биш юм.

Баян-Өлгий аймагт Сонгуулийн бие даасан тойрог байгуулах асуудлаар Улсын Их Хурал шийдвэрээ нэгэнт гаргасан тул тус шийдвэрийн үр дагаврыг эргэцүүлэхэд хүргэх олон асуулт Үндсэн хуулийн Цэцэд тавигдах нь зүй. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүнд саяхан томилогдсон шинэ гишүүдэд томоохон сорилт болох учиртай.

  • Баян-Өлгий аймгийг сонгуулийн бие даасан, тусад нь тойрог болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх үзэл санаанд харшлахгүй юу? Монгол Улс төрөө сонгуулиар байгуулж байна шүү дээ. 
  • Баян-Өлгийг тусад нь сонгуулийн “тусгай” тойрог болгосон нь Монгол Улс Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалынхаа эсрэг явж байгаа алхам биш үү? Монгол Улсын Их Хуралд Баян-Өлгийгээс сонгогдох гишүүд өмнөх сонгуулийн тогтолцооны адил зөвхөн тойргийнхоо төлөө ажиллахад хүргэх нөхцөл тавигдаж байна уу? Ингэснээр улс төрд сонгуулийн системээр дамжуулан хийж байгаа шинэчлэлийн гадна Баян-Өлгий аймаг, Баян-Өлгийчүүд үлдчихэж байгаа дүр зурагтай. 
  • Баян-Өлгийчүүдийг (тэнд амьдарч байгаа казак, урианхай, дөрвөд, халх бүгд) Монгол Улсдаа хуулиар ялгаварлаж байгаа юм уу? Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан Монгол Улсын иргэнийг гарал үүсэл, яс угсаа, хаана оршин сууж байгаагаар нь ялгаварлахгүй байх үзэл санаа энд ямар хариулт өгөх вэ?
  • Баян-Өлгийг Улсын Их Хурлын сонгуулийн тусгай тойрог болгохгүйгээр, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагтай хамт Баруун бүсийн хүрээнд нийтэд нь авч үзсэн бол, хэрэв мэдлэг боловсролтой, туршлагатай, хуулийн дагуу хөдөлмөрлөж амьдарсан “шударга” казак хүн нэр дэвшсэн ч баруун аймгийнхан дэмжихгүй гэж урьдчилж тооцоод байгаа юм уу? Өнөөгийн манай нийгэмд Монгол, Казак хамаагүй, гол нь элдэв шударга бус асуудалд холбогдоогүй, нэр цэвэр, улс орныхоо, ард түмнийхээ төлөө санаа тавьж чадах зөв хүн л шийдвэр гаргах түвшинд очих нь хаа хаанаа чухал байна. 
  • Казак түмнийг Монгол Улсын Их Хуралд төлөөлөлгүй болчихно гэж үнэхээр санаа зовж байгаа бол улс төрийн намууд хувь тэнцүүлсэн сонгуульд санал болгох нэрийн жагсаалтынхаа тэргүүн эгнээнд казакуудаасаа түлхүү нэр дэвшүүлэхэд болохгүй байсан гэж үү. Энэ нөхцөлд, тус тохиолдолд Улсын Их Хуралд Казак олны төлөөлөл хангалттай сууна. Хэрэв би аль нэг улс төрийн намын шийдвэр гаргах түвшний этгээд байсан бол өнөөгийн нөхцөлд зөрүүлээд Баян-Өлгийд Монгол хүнийг нэр дэвшүүлээд Казак түмнийхээ сонголтод итгээд хүлээх байсан юм. Казакууд маань дэмжээд гаргаад ирнэ дээ. Нэр төрөө эрхэмлэдэг хүмүүс. Нүүрсний сонсголд оролцсон казак залуугийн үг үүнийг тодорхой хэлнэ. Тэрээр “Эр хүн бол нэг эх оронтой байх ёстой гэж боддог. Миний эх орон бол Монгол Улс. Би эх орныхоо атга шороог ч үнэ цэнэтэй байлгах юмсан гэж боддог” хэмээн сэтгэл хөдөлсөн байдалтай хэлж байх юм. Түүн шиг залуучууд олон байгаа даа. 

Эцэст нь хэлэхэд Монгол Улсын язгуурын үнэт зүйл бол эв нэгдэл, үндэстний нэгдмэл чанар бөгөөд Монгол Улсын иргэн эх орондоо, шударга орчинд амар амгалан, сайн сайхан амьдрах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, дэлхийн хаана ч очсон “би Монгол Улсын иргэн” гэж нүүр бардам хэлж чаддаг байхыг л хүсэж мөрөөднө шүү дээ. Энэ хүсэл мөрөөдөлд нь жигүүр нэмэх төрийн зүтгэлтнүүд олноор гарч ирэх нь цаг үеийн шаардлага болоод байна. 

Б.БАТБААТАР