Энэ жилийнх шиг олон тооны сонгууль ойрын 25 жилд дахин давтагдахгүй. Сонгуулийн энэ мөчлөг 2050 онд эргэх боловч тэр үед дэлхий дахины уур амьсгал өнөөгийнх шиг хүйтэн байхгүй болов уу. Эгзэг хийгээд эргэлт давхацсан эдүгээ цаг үеийн нөлөөнөөс улс орон бүр энх тайван, аюулгүй байдал, цаашилбал тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа авч үлдэх нь эрх ашгийн эрэмбэ дарааллын эхэнд бичигдэх нь мэдээж.
Ирэх долоо хоногт болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-гээр жендерийн эрх тэгш байдлыг хангах, бүсгүйчүүдийн оролцоо, манлайллыг дээшлүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ирээдүйд чиглэсэн хөгжлийн тогтвортой, зохистой байдлыг ханган бүрдүүлэхэд эмэгтэйчүүд голлох байр суурьтай байх шаардлагыг харгалзаж, дээр нь Азийн улс орнуудад хүйсийн ялгаатай, тэгш бус байдал харьцангуй их байдагтай холбоотойгоор энэ сэдвийг өргөн хүрээнд авч үзэхээр сонгосон байна.
Нэгэнт Үндсэн хуульдаа “гар хүрч” бодлогын шинэчлэлт хийж байгаа бол проблемыг углуургаар нь шийдвэрлэх ёстой гэсэн үзэл санааг иргэд, сонгогчид илэрхийлсээр байна. Пропорциональ тогтолцоог “Үндсэн хуульжуулж” байгаа бол бодитой хүчин болж, УИХ-д байр суурь эзлэх, жалга довны биш улс орны, ард олны эрх ашгийг төлөөлж чадах хэмжээнд шийдвэрлэх нь шинэчлэлтийг утга учиртай болгоно.