Авлига цэцэглэвэл ардчилал үгүй болно.

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллага улс орнуудын авлигын түвшнийг хэмжиж үр дүнг зарладаг. 2023 оны тайланд 180 улсыг судалгаандаа хамруулснаас Монгол улс дахин байр ухарч 121-д үнэлэгджээ. 10 жилийн өмнө "Авлигын төсөөллийн индекс"-ийг зарлахад нийт 172 улсаас Монгол улс 39 оноогоор 80-д жагссан байж. Энэхүү индекс нь Дэлхийн банкны засаглал бодлогын үнэлгээ, Дэлхийн эдийн засгийн форумын судалгаа, ардчиллын индекс зарладаг V-Dem, Дэлхийн өрсөлдөх чадварын индекс гаргадаг IMD гээд 13 байгууллагын мэдээллийн эх үүсвэрт тулгуурладаг тул улс орнууд ач холбогдол өгдөг. Индексийн гол агуулга нь нийтийн өмч, төсөв, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, авлигын гэмт хэрэгтэй тэмцэж буй бодлого, түүний хэрэгжилтийг үнэлдэг. Засгийн газраас авлигатай тэмцэх жил болгон зарласан 2023 онд хамгийн тааруу оноо авч хамгийн муу байранд жагслаа.Энэ бол эрх баригчдын ам ажил хоёрын зөрүүг илэрхийлж буй хэрэг. 

Тайлангийн дүгнэлтүүдээс хуваалцахад авторитар эсвэл ардчилсан системтэй хэсгээс үл хамааран аливаа хэлбэрийн авлигын гэмт хэрэгтэнд хариуцлага тооцолгүй, ял шийтгэлээс чөлөөлөх, түүндээ шүүх прокурорын байгууллагыг ашигласнаар шударга бус байдлыг нэмэгдүүлэн авлигыг нийгмийн хэвийн үзэгдэл болгодог. Харин авлига багатай, авлигатай хийж буй тэмцэл үр дүнд хүрч буй улсуудыг ажиглавал шүгэл үлээх, хэрэгтнийг шударга шүүж, хариуцлага хүлээлгэснээр нийгэмд авлигыг үл тэвчих соёлыг бэхжүүлдэг. Гэхдээ эдгээр орнууд бусад улс оронд бизнес, худалдаа хийх, тендерт оролцохдоо авлига өгөх, авлигатай холбогдох асуудалд ордог байдал байгааг ч мартаж болохгүй. Жишээлбэл Нидерландын компани Нигерийн газрын тостой холбоотой авлигын гэмт хэрэг, Исландын компани Намибид загас агнах квоттой холбоотой авлигын хэрэг гэх мэт.Өөрөөр хэлбэл тухайн улсын авлигын эсрэг систем сайтай байгаа нь тухайн улсад гэмт хэрэг үйлдэх байдлаас сэргийлж буй ч бусад улс оронд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн баталгаа биш юм. Бүс нутгийн хувьд Европын улсууд авлигагүй болох энэ тэмцэлд тэргүүлсэн хэвээр байгаа болАфрик, Ойрхи Дорнодын улсуудад улс төрийн авлига, зөрчилдөөн байгаа ч бага зэрэг ахиц үзүүлсэн байна. Харин Зүүн Европ, Төв Азийн улсуудад авторитар дэглэм рүү гулсах, хуулийн засаглал, системийн авлигатай зууралдсан хэвээр гэжээ. 

АНУ гэхэд 12 сард гадаад орны албан тушаалтнууд компани, иргэнээс авлига шаардах болон авахыг гэмт хэрэгт тооцох тухай хууль баталсан. Энэ хуулиас өмнө Америкийн компани болон иргэн гадаад улсын албан тушаалтанд авлига санал болгох, өгөх нь гэмт хэрэгт тооцогддог байсан бол өдгөө хоёр талыг хариуцлагажуулж авлигатай хийх тэмцлийг өргөжүүлсэн байна. Түүнчлэн авлигын мөнгө угаах, нуухад түгээмэл ашиглагддаг үл хөдлөх хөрөнгө, компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэлжүүлэх ажлын чухлыг ч онцолжээ. Хөгжиж буй орнуудын хувьд институцийн чадавх, хуулийн засаглал болон бусад олон шалтгаанаар энэ тал дээр төдийлөн ахиц гаргаж чаддаггүй ч Монгол улс урагш алхсныг бид мэднэ. Өнөөдөр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд ч эдгээр мэдээллийг ашиглан шүгэл үлээх, авлигатай хийх тэмцэлд хувь нэмрээ оруулсаар байна. Гэхдээ манай оронд зарим сэтгүүлчид өөрсдөө авлигын хэрэгт татагдан орж хуулийн байгууллагад шалгагдах болсноор хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндийг унагаж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй юм. 

Авлига, шударга ёс хоёр эсрэг тэсрэг ойлголт. Авлига гаарах тусам шударга ёс алсраад шударга ёс бэхжих тусам авилгын хүрээ хумигддаг гэх үү дээ. Зарим судлаачид нийгмийн итгэлцэл алга боллоо гэдгийн гол шалтгаан авлига шүү дээ. Учир нь авлигал цэцэглэх тусам хууль шүүхийн өмнө тэгш байдал алга болно, энэ хэрээр хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдан, эцсийн дүндээ нийгмийн үнэт зүйлс эвдэгдэнэ. Итгэлцэл бол нийгмийн үнэт зүйл. Өдөр тутам хэвлэл мэдээллээр шударга бус шүүхийн шийдвэр сонсоод, өглөө бүр нэг авлигачийн үнэтэй машинтай зэрэгцэн алхаж, өвчиндөө шаналан эмнэлгийн орон дээр хэвтэх нэгэн өнөөх авилгач дарга ханиад хүрээд л Солонгос нисэж эмчлүүлж байгааг харж буй нийгэмд ямар юмны итгэлцэл байх уу? 

НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид шүүх, прокурорын байгууллагын хараат бус ажиллагааг онцолдог. Тодруулбал улс төрийн албан тушаалтнуудын нөлөөлөл. Авлигын индексээр дээгүүр орсон улсуудад шүүхийн бие даасан байдал сайтай байхын зэрэгцээ үнэлгээний хувьд ч сайжирсаар ирсэн байна. Хууль журамд хичнээн сайн дэвшилтэт сайн зүйлсийг орууллаа ч түүнийг хэрэгжүүлэх шүүх, цагдаа, прокурорын байгууллага авлигад эсвэл нөлөөлөлд автсан бол төмс булчихаад алим хүлээдэг шиг юм болно. Харамсалтай нь Монголд алим хүлээсэн иргэд, төмс булсан эрх мэдэлтнүүд л байна. 

Итгэл үнэмшил бүхий, мэргэжилдээ эзэн, ёс зүйтэй хууль шүүхийн ажилтнуудын томилгоо, албан тушаалд дэвшүүлж буй байдал, ажлын үнэлгээг хэн хийдэг билээ? Мөнөөх төр. Төр гэдэг маань сонгуульд амлалт өгөн ялсан тэр нам. УИХ, Засгийн газар гээд бүхий л эрх мэдлийг атгаж буй тэр хүч үнэхээр авлигатай тэмцэж чадаж байна уу?2021 онд Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хэлсэн үгэндээ “Монгол улс авлигын индексээр 35 оноо авч 111-д эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт.”, УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүний тангаргын үгэнд авлига, ашиг сонирхлоос ангид байхыг зориуд тусгаж оруулсан”, “УИХ-д Авлигын эсрэг бүлэг байгуулсан”, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Авлигатай хийж буй тэмцэл дорвитой үр дүнд хүрэхгүй байна.” гэж хэлснээс хойш юу өөрчлөгдөв? Мөн чуулганд Хууль Зүйн дэд сайд Б.Солонго “Авлигын төсөөллийн индекс бууруулах” ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсныг зарласнаас үзэхэд бид энэ талд үнэхээр юм хийж буйд итгэл төрнө. 

Авлигатай тэмцэнэ гэдэг нь нийтийн эрх ашиг, та бидний эрх ашгийг хамгаалах тухай асуудал. Гэхдээ олонх тохиолдолд авлига авч баяжсан, хөрөнгөжсөн хүнийг буруушаах, зэвүүцэхээс илүү өөрт хамаагүй зүйл мэт бодох нь түгээмэл. Гэтэл авлига өгч танай гэрийн хажуугийн жижиг газар 20 давхар байшин барих нь оршин суугчдын нарыг хаахын зэрэгцээ, цэцэрлэг сургууль, нийтийн эзэмшлийн зам талбай ч үгүй болгоно. Авлига өгч танай хүүхдийн боловсролын зээлийн сангийн эрхийг авч, хүүхдийн чинь ирээдүйг хулгайлна. Туршлагатай, чадвартай төрийн албан хаагч албан тушаал дэвших боломжийг хааж нэг намын нөхөр төрийн ажлын унагах эсвэл нэг төрийн өмчийн газрын гарын үсгэн дээр сууж хувьдаа завшина. Авлигатай тэмцэх нь яагаад чухлыг иргэдийн боловсрол мэдлэгээс үл хамааран ингэж ойлгуулах нь чухал. Энэ ажлыг хийхгүй бол удахгүй танай хүүхэд, найз нөхөд авлигаар баяжиж хөлжигсдийг шүтэж, тэдэн шиг болохыг хүсч энэ хэрээр авлигыг хүлээн зөвшөөрөх түүнд татагдан орох болно. Латин Америк, Африкийн олон орнуудын жишээ авлигын ийм цаламд оржсистемийн авлигаар улс орноо хэдхэн хүн цөлмөж, дийлэнх нь ядуугийн туйл болж буйг харуулдаг. 

Хамгийн их авлига авдаг, авлигад холбогддог этгээдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авлигатай тэмцэнэ, тэмцэх ёстой гэх зэргээр ярьж харагдах нь энэ сэдвийг хангалттай бүдэгрүүлдэг. Авлигын хэргээр ял, торгууль авсан этгээдүүд төрийн өмчит үйлдвэрийн газар, их сургууль, агентлаг, яам, их хуралд сууж байгаа нь бидэнд тавьж буй бодит дүн. Тэдний хариулт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хялбаршуулсан журмаар шийдүүлсэн, гэмээ ухаарч торгуулиа төлсөн гэх биз. Гэтэл улсад учруулсан хохирлоо төлсөн үү, нуусан хулгайлсан хөрөнгийг хураасан уу гэх зэргээр олон асуулт хариугүй үлддэг. Сүүлийн хэдэн жилийн авлигын гэмт хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэсэн талаар хэвлэлийн мэдээлэл шүүж үзье. 



Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал асан авлигын хэрэгт холбогдоод 40 сая төгрөгөөр, төрийн өмчит уурхайн захиралд торгох ял, 2.7 тэрбумын хахууль авсан хөдөлмөрийн баатарт торгох ял оноов. 

Хөгжлийн банкны, нүүрсний сонсгол гээд хэдэн өдөр хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл дамнуулан төлбөр авсан, аваагүй, мэдэх мэдэхгүйн завсар олон хүмүүс, аж ахуйн нэгжийг олон түмний өмнө бүлтэлзүүлсэн боловч яг ял оноогоод, хариуцлага тооцоод, хөрөнгө хураагаад олон нийтийн өмчид гар дүрвэл ийм болноо гэдгийг үзүүлж чадсан уу? Харин сунжирсан шүүх хурлуудын дараа бүгд гэмгүй эсвэл цагаадан гарч ирж ард иргэд рүү инээмсэглэн яриа өгч буй дүр зураг юу хэлж байна? Гэтэл авлигагүй улсын тэргүүнд явдаг Сингапурт 37 жилийн өмнө Ерөнхий сайд нь авлигад холбогдсон танхимын сайдынхаа амиа хорлох тухай захиаг уншиж өгсөн түүх, хөрш Хятад гадагш зугтсан 100, 100 түшмэдээ буцаан авчирч хариуцлага хүлээлгэж буй жишээг уншиж буй иргэдийн тархи толгойд манайд яагаад? гэсэн асуулт байнга эргэлдэж байгаад эргэлзэх хэрэггүй. 

Шүүр, шувуу гээд л тагнуултай киноны учир битүүлэг нэртэй янз бүрийн ажиллагааны үр дүн юу болов. Бадамжунай гэж хүнийг кино хийх мэт л авчирсан түүнээс хойш юу болж буй талаар ямар ч мэдээлэл алга. Шувуу болоод ниссэн, улсаасаа зугтсан Ерөнхий сайд, хөдөлмөрийн баатар, гавъяатуудын сураг ч алга. Авлигатай тэмцэх ажил амаргүй ч энэ талд дэлхийд үнэлэгддэг Сингапурын эцэг Ли-гийн хэлсэн үгээр нийтлэлээ төгсгөе. 

“Гурван найзаа шоронд хийхээс эхэл. Яагаад хийж байгааг чи мэдэж байгаа, хүмүүс ч чамд итгэж эхэлнэ”


Пүрэвдоогийн Батхишиг