II. Энэ миний Ватерлоо
Манай улсын хамгийн том дарга нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Энэ цагийн бидний Наполеон Бонапарт. Жинкэнэ суут хүн. Ерөнхийлөгч хийсэн сүүлийн дөрвөн жилд нь монголчууд, Монгол Улс… ер амьтай голтой бүхэн түүнийг маань турж эцээд тугалын хашаа мөргөтөл нь ашиглалаа, шуллаа. Тэр ч бусдыг гэрэлтүүлэхийн тулд аль чадахаараа гал өрдөх гэж оролдлоо.
Өмнөх нь: http://baabar.mn/article/i-gamshgiin-menejment
“Хүн бичнээс үүссэн” гэж Ч.Дарвин мэтгэдэг. Үүнийг нь анх сонссон нэгэн сурвалжит авгай: “Ээ... бурхан минь, худлаа байгаасай даа, хэрэв энэ үнэн бол хүмүүс л битгий мэдээсэй билээ” гэж уулга алдсан гэдэг. Гэвч бурхан нь түүний залбирлыг сонссонгүй. Орчин цагт, хүн бичнээс үүссэн гэдгийг нийтээрээ мэдээд зогсохгүй, дийлэнх нь хүлээн зөвшөөрдөг. Харин үлдсэн хэсэг нь Дарвины онол зөв гэдгийн баталгаа хэмээн тооцогдох болжээ, хүн төрөлхтний хувьд.
Эволюц онол нь ганц Ч.Дарвины “хувийн өмч” биш. Учир нь, аливаа онол өөрийн гэсэн түүхэн үр хөврөлийг дотроо үргэлж тээж явдаг. Түүний нэг жишээ нь, биологийн шинжлэх ухааны эцгүүдийн нэг Ж.Б.Ламаркийн үзэл баримтлал билээ. Тэрээр эволюц хөгжил нь үргэлж дэвжин дээшлэх, нэг зүйл дараагийн дээд чанарын түвшинд шилжих маягаар хувьсан өөрчлөгддөг хэмээн номлосон гэнэ. Сармагчнаас хүн нь илүү дээд түвшний бодгаль гэж тооцогдоно гэсэн үг бололтой. Харин энэ үзэл санааг философид оруулж ирсэн нь Ф.Ницше. Тэрээр “Хүн - даван туулах ёстой л тэр зүйл” гэж сургасан. Өөрөөр хэлбэл, бид бол хүний дараагийн хөгжлийн шат болсон супер хүн-д хүрэх гүүр төдий. Түүний хувьд, тэр супер хүнийх нь сонгодог жишээ бол, Наполеон Бонапарт.
Наполеон бол хүн төрөлхтний түүхэнд тодрон гарсан цөөн сод хүмүүсийн нэг. Орчин цагийн түүх түүнээс эхэлсэн ч гэж хэлж болохоор. Хаант засаглалыг эргэлт буцалтгүй булшлах эхийг тавьсан “сүүлчийн” эзэн хаан. Гайхалтай ой тогтоолттой, оюун ухаантай, цэрэг-улс төрийн гарамгай суутан. Тэрээр “Суут хүн гэж бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрөө шатагч солир мөн” хэмээн айлдсан. Нэг үгээр, эгэл хүмүүс суутнуудыг л мөлжиж, шимэгчилж, ашиглаж амь зуудаг гэсэн үг. Тун танил үг. “Ард түмнийхээ төлөө, эх орны төлөө, үндэсний язгуур эрх ашгийн тусын тулд… өөрийн нойр хоол, өмсөж зүүх, идэж уухаа умартан… чөмгөө дундартал, ясаа цайтал БИ л зүтгэж байна” гэж гомдлогсод манайхаар дүүрэн. Бөөн л бусдын төлөө өөрийгөө золигч “супер” хүмүүс, “наполеонууд”. Үүнээс үүдээд, "Алс ирээдүйн, дэвшилтэт хүн төрөлхтний өлгий нутаг – Монгол…" гэж ч мэтгэж болохуйц.
Гэвч гурван сая хүнтэй улсад хэтэрхий олон “суутан” ноогджээ. Аргагүй л, тэнгэрт тэтгэгдсэн үндэстэн гэдэг нь үнэн. Бурхан бидэнд арайгаар барахгүй их хайртай аж. Даанч бид тэр хайрыг нь даадаггүй нь тоогүй. Тэгээд бурхны илгээсэн нөгөө суут дарга нар маань ард түмэн бидэндээ гоморхдог, туньдаг. “Би өөрийгөө шатаагаад л… шатаагаад л байдаг, гэтэл та нар ерөөсөө гэрэлтэж өгөхгүй юм. Харанхуй бүдүүлэг нь дэндсэн муусайн юмнууд…” гэх зэргээр, биднийгээ дорд үздэг. Тэдний зөв шүү дээ. Бүх зүйлийг минь бэлдэж өгөөд л… хүүхдийн мөнгө, хүнсний талон тараагаад л… тавьсан өрийг нь тэглээд л, зээлийн хар жагсаалтаас цэвэрлээд л… хамаг байдгаараа өөрсдийгөө бидэнд ашиглуулаад байхад нь, бахь байдгаараа модон тэвшээ тэврээд сууцгааж байгаа бол. Бид яах аргагүй л хүртэх ёстойгоо хүртэцгээж.
Харин тэнгэрээс бидэнд илгээсэн “бурхны элч” (Үндсэн хуульд бүүр ингэж томъёолсон) болох манай суут дарга нар яагаад ингэж зовох ёстой билээ? Бидний арчаагүйгээс шалтгаалж. Энэ чинь хэтэрхий шударга бус явдал биш гэж үү? Жишээ нь, манай улсын хамгийн том дарга нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Энэ цагийн бидний Наполеон Бонапарт. Жинкэнэ суут хүн. Ерөнхийлөгч хийсэн сүүлийн дөрвөн жилд нь монголчууд, Монгол Улс… ер амьтай голтой бүхэн түүнийг маань турж эцээд тугалын хашаа мөргөтөл нь ашиглалаа, шуллаа. Тэр ч бусдыг гэрэлтүүлэхийн тулд аль чадахаараа гал өрдөх гэж оролдлоо.
“Монгол ялна” гэх сонгуулийн уриаг нь тугаа болгон… монгол гэж цээжээ дэлдэгсэд хэдэн жил хөөрцөглөн дарвиж, бах таваа хангалаа. МАН түүнийг ашиглан өөрсдийн “иргэний дайн”-ыг амжилттай даван туулж, дахин жаран хэдэн суудал авлаа. Түүний гэнэн цайлган сэтгэлийг ашиглан, монголын аль л өнгөтэй өөдтэй сор болсон хүмүүсийг хар гэрт хорьж, хүний гараар могой бариуллаа. Ахмадууд маань өр зээлээ ч тэглүүлээд амжлаа. Түүний идэвхтэй шахалт шаардлагаар, ковид гэх мангасаар айлгаж иргэн бүр 300 мянган төгрөг кармаллаа. Шударга бусын хонгилоор хариугүй чирэгдэх дөхсөн хүмүүс ч “ахаа, намайг бодоорой” гэж хашхиралдан, ар нуруунд нь зүүгдэж амиа хоохойллоо. АН ч өөрийнх нь дотор шургалсан дайснуудаасаа түүний ачаар л салж, сая нэг “санаа амарлаа”. “Юу юугүй дарангуйлал тогтоож Монголыг хойд Солонгос болгох нь, энэ женко…” хэмээх бузар гүтгэлэг өөрт нь хаяглаж ардчилал, эрх чөлөөндөө “ПСР шинжилгээ” хийгээд авлаа. Иргэд сонгогчид ч, ямар хүн төрийн тэргүүн байж болох болохгүйг яс махандаа тултал ойлгох шиг боллоо. Яг одоо бол, төмрийн хурц харшилгүй бараг бүх иргэд төрийн одон медаль авч, энгэрээ цоолцгоож байна… гэх мэтчилэнгээр, бүгд л өөр өөрийн хэмжээнд түүнээс зулгааж, ашиглаж болох бүхий л зүйлээ хүртэцгээлээ. Гээд манай хүнд наалдаж хоцорсон зүйлс тун маруухан. Бүгд л түүнээс нүүр буруулж байх шиг. Аргагүй ч байх, “хаанчлал”, мөлжүүр хоёр нь дуусч байгаа хойно…
Гэвч энэ хүн эцэст нь, ингээд аль ч үгүй хоосон хоцрох гэж үү? Ядаж л, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хотын төвд байшин бэлэглэсэн шиг… дөрвөн жилийн бүрэн эрх эдэлсэн сүүлчийн Ерөнхийлөгчдөө Наполеоны насан эцэслэсний 200 жилийн ойг хүндэтгэн, Атлантын далайн тэг дунд, Ариун Елена арал дээр амины хаус авч өгөх хэрэгтэй мэт. “Баянгол”-доо кэвтдэг шиг ээ, сэтгэл амар гавьяаны амралтаа эдэлнэ биз. Хүн бүр хүртэх ёстойгоо хүртэх нь шударга ёс. Харин хэн юу хүртэх ёстойг, хэн яаж шийддэг юм бол? Наполеоны хувьд дайн байлдаан шийдсэн. Хамгийн сүүлийнх нь Ватерлоогийн тулаан. Тэр ялагдаж, тэгээд цөлөгдсөн. Харин Х.Баттулгын хувьд одоо явагдаж буй Ерөнхийлөгчийн сонгууль шийдэх биз ээ…
“Их хүний хэргийг иргэн хүн шүүдэггүй” гэж үг бий. Ирээдүйн супер хүний өвөг эцэг болох “суутнуудын” зодоон, над мэт энгийн номхон ардад ямар хамаа байхав. Гэвч би ч гэсэн бусдын төлөө жаахан ч гэсэн шатмаар, гэрэл гэгээ цацруулмаар байдаг. Өөрөөр хэлбэл бусдад хэрэгтэй, ашигтай, тустай амьдармаар санагдах юм. Ядаж л, ирээдүйн супер хүн төрөлхтөн өөрсдийн өвөг дээдсийн тухай үнэнийг сонсоод, бичвэрийн эхэнд дурдагдсан язгууртан авгай шиг, учиргүй ичиж эмзэглэхээргүй тэр хэмжээнд. Харин тэгэхийн тулд яах ёстой вэ? Бодох л асуудал…
Энхээ
Зочин
Зочин
onoch
Зочин
Иргэн
Tugs