ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ


I. Удиртгал

Аливаа шилжлэх ухаан нь олон салбарт ангилагддаг буюу биологийн шилжлэх ухаан нь амьд биетийн эсийг судалдаг “эсийн биологи”-ийн салбар эсхүл амьд биетийн хувьслыг судалдаг “революцийн биологи” гэж төрөлжүүлж болно. Үүнтэй адил хууль зүйн шинжлэх ухаанд олон салбар байдаг ба Монгол Улсын хувьд иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй болон захиргааны эрх зүй гэх мэтчилэн ангилсан байна. Харин эдийн засгийн шинжлэх ухааны хувьд Микро эдийн засаг болон Макро эдийн засаг гэх байдлаар ангилж судлах нь уламжлал болжээ. Микро эдийн засаг нь тодорхой зах зээл дээр айл өрхүүд болон пүүсүүд хэрхэн харилцаж шийдвэр гаргадаг тухай судалдаг бол Макро эдийн засаг нь эдийн засгийн өргөн хүрээний үзэгдлийг судалдаг шинжлэх ухаан юм. Микро эдийн засагч нь хотын орон сууцны түрээсийн үнэ, автомашины шатахууны үнэ, эсвэл ажилчдын орлого хүүхдүүдийн заавал боловсрол мэдлэг авах ёстой байдалд хэрхэн нөлөөлөх гэх мэт зүйлсийг судладаг. Харин Макро эдийн засагч нь засгийн газрын авсан зээлийн үр нөлөө, цаг хугацааны явцад ажилгүйдлийн түвшинд гарсан өөрчлөлт, эсвэл үндэсний амьжиргааны түвшний өсөлтийг дэмжих онол болон түүнд тулгуурласан бодлогуудыг судална.[1] Өөрөөр хэлбэл микро эдийн засаг нь тодорхой зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн үр дүнд бий болж буй эдийн засгийн хариу үйлдлийг судалдаг бол макро эдийн засаг нь улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг судалдаг гэж хэлж болно.

Аливаа улсын орны бодлого нь эрх зүйн хэм хэмжээгээр илрэн гарч байдаг. Ийнхүү дүгнэвэл нийгмийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг хууль, эрх зүйн төрөл бүрийн хэм хэмжээнүүд практикт хэрэглэгдэхдээ шинжлэх ухааныг өөрт шингээсэн байх шаардлагатай юм. Гэвч өнгөрсөн түүхийг сөхвөл төр нь өөрийн үйлдэлд шинжлэх ухааны ололт, судалгааны үр дүнг хангалттай хэмжээнд шингээж шийдвэр гаргаагүйн улмаас нийгэмд хүсэмгүй үр дагавар бий болгож байсныг харж болно.

Энэхүү судалгааны ажил нь дурдсан эдийн засгийн онолууд хүний чөлөөт хүсэл зориг, жам ёсны эрхийн илэрхийлэл гэдгийг нотлох гэж буй алхам юм. Хүсэл зоригийн үндсэн шинж нь эрх чөлөө байдаг тул эдийн засгийн онолыг үл тоомсорлосон төрийн зохицуулалт зарим талаар иргэний эрх чөлөөнд халдаж буй үзэгдэл байж болох бөгөөд шинжлэх ухааны онолд хүндэтгэлтэй хандаж хуулийн зохицуулалт хийх нь сөрөг үр дагавар бий болохоос сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.

II. Эрэлт нийлүүлэлт ба хүсэл зориг

А. Хүсэл зориг ба хүний эрх, эрх чөлөө

Монгол Улсын иргэний хуулийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” [2]гэж заасан байдаг. Тус заалтыг Монгол Улсын Иргэний Хуулийн тайлбарт “Хүсэл зориг гэдэг нь хүний сэтгэхүйн дотоод үйл явц. Өөрөөр хэлбэл бид юу хүсэж байна гэдгээ ухамсарлан ухамсрын хэв шинж харин үүний тулд юу хийж байна гэдгээр хүсэл зоригийн илэрхийлэл гадагш илэрч байна” [3]гэж тодорхойлсон байна. Харин Ph.D. Х.Сэлэнгэ /МУИС-ийн ХЗС-ийн профессор/ өөрийн судалгааны өгүүлэл болох “Германы сонгодог философич Г.В.Гегелийн эрх зүйн ойлголт” гэдэг сэдэвт бүтээлдээ хүсэл зоригийн тухай “Эрх чөлөө бол хүсэл зоригийн үндсэн шинж, түүний мөн чанар. Хүсэл зоригийг эрх чөлөөнөөс салгаж, чөлөөт бус хүсэл зоригийн тухай ярьж болохгүй юм” гэж тодорхойлжээ. Мөн тэрээр сонгодог философич Г.В.Гегелийн “хүсэл зориг бол сэтгэхүйн хамгийн ойрын үнэн”, “Хүсэл зориг-бодит ахуйд өөрийгөө хувиргасан сэтгэхүй”, “Сэтгэхүйгүй хүсэл зориг гэж үгүй”[4] гэх хүсэл зоригийн тухай үзлийг тодотгосон байна. Үүнээс үзвэл хүсэл зориг болон эрх чөлөө нь хоорондоо нягт холбоотой ойлголт болохыг харж болохоор байна.

Б. Хүсэл зоригийн огтолцол нь чөлөөт зах зээлийн тогтоосон үнэ болох нь

Хүсэл зоригийн тухай ойлголтыг Микро эдийн засгийн судлагдахуун болох эрэлт нийлүүлэлттэй холбон ойлгох боломжтой. Эрэлт гэдэг нь зах зээл дэх бүтээгдэхүүний хэрэгцээ буюу худалдан авагчдын хүсэл зориг юм. Харин нийлүүлэлт гэдэг нь тодорхой бүтээгдэхүүнийг тухайн зах зээлд зориулан үйлдвэрлэгдэж тус бүтээгдэхүүнээ худалдахыг хүссэн хүсэл зориг юм.

Тус эрэлт болон нийлүүлэлтийн огтолцол дээр үнэ тогтдог. Эрх зүйн шинжлэх ухааны үүднээс үзвэлталуудын хүсэл зоригийн огтолцол бий болж буй цэгт худалдан авагч болон нийлүүлэгчийн сэтгэхүйгээс бий болсон эрх чөлөөт зах зээлийн үнэ тогтож байгаа явдал юм. 

III. Чөлөөт хүсэл зоригийн эсрэг эдийн засгийн бодлого

А. Боолчлолын эдийн засгийн сургамж

Жан Жак Руссогийн алдарт Нийгмийн гэрээ бүтээлийн 4 дүгээр бүлэг болох боолчлолын тухай хэсэгт ийнхүү бичсэн байдаг.

  • Эрх чөлөөнөөсөө татгалзана гэдэг бол хүний чанараас, хүмүүн төрөлхтний эрхээс, тэр ч бүү хэл өөрийнхөө үүргээс татгалзана гэсэн үг. Бүхнээс татгалзсан хэн нэгэнд гарз хохирлыг нь нөхөх юу ч байхгүй. Ийм ч учраас бүхнээс татгалзах нь хүний мөн чанартай огтхон ч нийцэхгүй гээд байгаа юм. Тэгээд ч хүний хүслийн эрх чөлөөг боомилно гэдэг хэчнээнёс зүйтэй байсан ч хамаагүй түүний бүх л үйлдлийг зогсооно гэсэн үг мөн.[5]

Үүнээс үзвэл хүнээс эрх чөлөө гэх төрөлхөөс заягдсан жам ёсны эрхэнд хэрхэвч халдаж болохгүй гэсэн утга санааг илэрхийлж байна. Мөн түүнчлэн хүний хүслийн эрх чөлөөг боомилно гэдэг нь бүх үйлдлийг зогсооно гэсэн үг мөн гэж бичиж үлдээсэн нь орчин үеийн эдийн засгийн онолтой уялдаж байгаа юм. 18 дугаар зууны дунд үед АНУ-ын Өмнөд хэсэгт боолчлол хэдийгээр тодорхой хугацаанд өндөр ашигтай байсан ч урт хугацааны үр дүнд эдийн засагт сөрөг үр дагавар бий болгосон. Энэ нь аж үйлдвэр, хотуудын хөгжилд саад болж, их хэмжээний өр, хөрсний шавхалт, технологийн шинэчлэл дутагдахад нөлөөлсөн. Философич, яруу найрагч Ральф Уолдо Эмерсон боолчлолын тухай ийнхүү хэлсэн байдаг.

●“Боолчлол бол эрдэмтэй, ухаантай зүйл биш, сайжруулагч биш; энэ нь төмөр замын шүгэлд дургүй; Энэ нь сонин, шуудангийн уут, коллеж, ном эсвэл өөрийн бодсон зүйлээ хэлэх хүсэл тэмүүлэлтэй номлогчдод дургүй; энэ нь цагаан арьстнуудын тоог нэмэгдүүлэхгүй; энэ нь хөрсийг сайжруулдаггүй; бүх зүйлийг нураах болно."[6]

Ийнхүү тэмдэглэн үлдээсэн нь түүний ажиглалтад үнэний томоохон элемент байсныг харуулж байна. Учир нь 1860 он гэхэд АНУ-ын нийт үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 90 хувийг хойд мужуудаас бүрдүүлдэг байв. Хойдууд Өмнөдөөс 17 дахин их хөвөн, ноосон нэхмэл эдлэл, 30 дахин их арьс шир, 20 дахин их ширэм, 32 дахин их галт зэвсэг үйлдвэрлэжээ. Хойдууд Өмнөдөд үйлдвэрлэсэн 100 зэвсэг тутамд 3200 галт зэвсэг үйлдвэрлэдэг байсан байна. Мөн тухайн уед өмнөд нутгийн хүн амын 84 хувь нь газар тариалан эрхэлдэг байсан бол хойд нутгийн хүн амын дөнгөж 40 орчим хувь нь газар тариалан эрхэлдэг байсан байна.[7] Энэхүү түүхэн үйл явдлын үр дүн нь Философич, яруу найрагч Ральф Уолдо Эмерсон болон Жан Жак Руссогийн ажиглалт, үзэл баримтлалыг нотолж буй юм. Өөрөөр хэлбэл боолчлол буюу хүний хүсэл зоригийг боомилсон эдийн засгийн бодлого нь сөрөг үр дагавар хэрхэн бий болгосныг харуулж байна.

Б. Төрөөс үнийг тогтоох нь чөлөөт хүсэл зоригийг боомилсон эдийн засгийн бодлого болох нь

Эдийн засгийн шинжлэх ухаанд аливаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд төрөөс үнийн тааз тогтооход эрэлт нь тэрхүү тогтоосон тааз үнээс өндөр байх тохиолдолд хомсдол үүсдэг бол шал үнэ тогтоогоод, зах зээл дэх бодит үнэ нь шал үнээс бага байх тохиолдолд илүүдэл үүсдэг тухай номлодог. Энэ нь практикд ч нотлогдсон ойлголт бөгөөд Монгол Улсад сүүлийн жилүүдэд тохиолдоод буй түлшний хомсдол болон ажилгүйдлийн түвшиний үзүүлэлтээс харж болно. Өмнө нь дурдсанчлан зах зээл дэх эрэлт болон нийлүүлэлтээс бий болсон үнэ нь худалдан авагч болон нийлүүлэгчийн дунд бий болсон хүсэл зоригийн илэрхийллийн огтолцлын үр дүн. Гэтэл үүнд төрөөс оролцож үнийн тааз эсхүл шал тогтоох нь хүний хүслийн эрх чөлөөг боомилж буйтай агаар нэг юм. Өөрөөр хэлбэл эрэлт болон нийлүүлэлтийн үр дүнд хэлцэл хийж буй талуудын тогтоосон үнэ нь зах зээлийн үнэ болно. Тус хэлцэл, эсхүл гэрээгээр тогтоож буй үнэд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох нь эрх зүйн талаасаа гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчиж буй явдал юм.

IV. Эдийн засгийг тэлэх хүчин зүйлс



А. Дотоодын нийт бүтээгдэхүүн ба экспорт

Макро эдийн засгийн судалгааны зүйлд дотоодын нийт бүтээгдэхүүнийг задлан шинжлэх нь чухал ач холбогдол бүхий зүйл юм. Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний түвшингээр тухайн улс орны эдийн засгийн хөгжилийг тодорхойлдог нийтлэг шалгуурыг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу болох тухай тодорхойлох нь зүйтэй юм. Эдийн засгийн шинжлэх ухааны үүднээс дотоодын нийт бүтээгдэхүүнийг олон янзын математик аргачлалаар тодорхойлж болдог. Эдгээрээс хамгийн түгээмэл бөгөөд энгийн аргачлал нь “зардлын аргачлал” юм. Үүнийг эдийн засгийн томъёогоор илэрхийлбэл доорх байдлаар бичигдэнэ.

“Y=C+G+I+X-N”[8]

Энэхүү томъёо нь тухайн улсад эргэлдэж буй мөнгөний хэмжээг субъектүүдийн зардлын дүнг ашиглах замаар тодорхойлж буй байдал юм. Төр (G), иргэн (C), аж ахуйн нэгжийн (I) зардал нь ямар нэг бүтээгдэхүүнд зориулагдаж буй нь ойлгомжтой. Харин тэдгээр бүдээгдэхүүн, үйлчигээ нь дотоодод эсвэл гадаад улсад үйлдвэрлэгдсэн үү гэдгээрээ ялгардаг тул импорт (N)-ын буюу гадаад зах зээлээс дотоод зах зээлд орж ирж худалдагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хасах замаар дотоодын нийт бүтээгдэхүүнийг ялгаж тооцоолж байгаа нь энэхүү нийтлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн томъёоллын гол агуулга юм. Тус томъёоллоос үзвэл аливаа улс орны эдийн засагт импорт (N)сөрөг хамааралтай бол экспорт (X) эерэг хамааралтай байна. Тиймээс улс орон бүр өөр өөрсдийн экспортын (X) хэмжээг үргэлж нэмэгдүүлэхийг эрмэлзэж байдаг.

Аливаа субъект нь өөрт байхгүй зүйл эсхүл өөрөө үйлдвэрлэхээс илүү гадаад зах зээлээс худалдан авахад ашигтай бүтээгдэхүүнийг л худалдан авдаг. Иймд экспорт хийхийн тулд гадаад зах зээлд эрэлттэй буюу тэдэнд байхгүй зүйлсийг үйлдвэрлэдэж чаддаг байх шаардлагатай. БНХАУ-ын жишээг дурдвал тэд экспортод тулгуурласан эдийн засагтай улс юм. 2020 онд БНХАУ-ын ДНБ-ний 20.01[9] хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээний экспорт байсан бол АНУ-ын хувьд 10.13[10] хувь байсан байна. БНХАУ нь улс нь аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардах хүний нөөцийн зардал багатай байдаг.[11] Иймд тус нөхцөл байдлыг өрсөлдөх чадвар болгон ашиглаж дотоодод бүтээгдэхүүн үйдвэрлэж экпортлодог бөгөөд энэ нь БНХАУ-ын эдийн засгийн гол хөшүүрэг юм. Гэхдээ тэрхүү өрсөлдөх чадварыг бий болгоход төрөөс хэрэгжүүлэх эрх зүй, эдийн засгийн бодлого чухал нөлөө үзүүлдэг бөгөөд БНХАУ-ын мөнгөний бодлогыг дурдаж болно.[12] БНХАУ нь эдийн засгийн олон аргыг ашиглаж өөрсдийн мөнгөн тэмдэгтийг бусад улс орны валютаас хямд байлгах бодлого баримталдаг гэж барууны улс төрчид болон хэвлэлүүд байнга шүүмжилдэг. Энэ нь геополитикийн шинжтэй тул бүрэн нотлогдох нь цаг хугацааны асуудал боловч эдийн засгийн шинжлэх ухааны хувьд төрөл бүрийн зорилгын хүрээнд мөнгө хэвлэх аргаар үндэсний валютын үнэд манипуляци хийх нь нууц биш юм.

Б. Технологи ба үйлдвэрлэлийн онол

Дотоодын нийт бүтээгдэхүүний томъёоллоос харвал эдийн засагт экспорт чухал нөлөө үзүүлдэгийг мэдэж болно. Харин экспортыг дэмжихийн тулд бусад улс оронд буюу гадаад зах зээлд өрсөлдөхүйц чанар бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэж “чаддаг” байх шаардлагатай. Чаддаг байх буюу чадвар гэдэг ухагдахуун нь тоогоор илэрхийлэгдэх боломжгүй. Чадвар гэдэг нь гарт баригдахгүй баялагийг хэлэх бөгөөд туршлага, боловсрол зэрэг хүний оюун ухаанд бий болдог зүйл юм. Өөр үгээр үүнийг технологи гэж хэлж болно. Технологи гэдэг үг нь эртний Грекээс гаралтай чадвар, урлаг гэсэн утгатай үг юм.[13] Кембридж толь бичигт технологийг “үйлдвэрлэлд шинжлэх ухааны мэдлэгийг практик зорилгоор ашиглах” гэж тодорхойлсон байна.[14] Үйлдвэрлэл гэдэг нь ямар нэг бүтээгдэхүүн бий болгохыг хэлэх бөгөөд үүнд ашиглах шинжлэх ухааны мэдлэгийг практик зорилгоор ашиглахыг технологи гэдэг байна. 

Аливаа бүтээгдэхүүн технологигүйгээр бий болох боломжгүй юм. Жишээлбэл, цахилгаан эрчим хүч ашигладаг автомашин үйлдвэрлэхэд цахилгаан дамжуулах чанар сайтай түүхий эд буюу зэсийн химийн шинж чанартай холбоотой шинжлэх ухааны мэдлэг хэрэгтэй. Тэрхүү шинжлэх ухааны мэдлэгийг практик зорилгоор буюу жинхэнэ хэрэглээний автомашин бүтээхэд ашиглах байдлыг технологи гэж нэрлэж байна.

Эдийн засгийн шинжлэх ухаанд технологийг тодорхойлохдоо “өгөгдсөн хэмжээний хөдөлмөр, капиталаар үйлдвэрлэж болох бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх аливаа зүйл”[15] гэсэн байна. Үүнээс үзвэл технологи гэдэг нь үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлдэг зүйл бөгөөд хөдөлмөр болон капиталыг шаарддаг гэсэн дүгнэлтэд хүрнэ. Үүнийг мөн эдийн засгийн шинжлэх ухаанд математикийн аргаар томъёолсон байдаг бөгөөд нэршил нь Кобб Доугласийн үйлдвэрлэлийн онол[16] юм.

“Y = AK β L α”

Y-Дотоодын нийт бүтээгдэхүүн
L-Ажиллах хүч
K-Капитал /тоног төхөөрөмж, барилга гэх мэт/
A-Технологи

Энэхүү томъёолол нь анх 1928 онд Паул Доуглас болон Чарлэс Кобб нарын үйлдвэрлэлийн онол гэх судалгааны бүтээлд ашиглагдсан байдаг. Үүнээс хойш энэхүү онол нь бизнес болон эдийн засгийн олон салбар шинжлэх ухаанд ашиглагдаж ирсэн байна. Тус томъёоллыг тайлбарлавал дотоодын нийт бүтээгдэхүүн нь капитал, ажиллах хүч болон технологиос хамааралтай гэсэн утга юм. Өөрөөр хэлбэл тус гурван хүчин зүйлсийн аль нэг нь байхгүй тохиолдолд үйлдвэрлэл үгүй болно гэсэн үг. Томъёоноос үзвэл А буюу технологи 0 байлаа гэж бодоход ажиллах хүч болон капитал хэд ч байсан хамаагүй Y буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэл) мөн 0 гарах нь харагдаж байна. Харин томъёонд бичигдсэн алфа болон бетта нь өгөгдсөн технологи буюу А-д шаардагдах капитал болон ажиллах хүчний хэмжээг хэлж байгаа юм. Энэ нь ямар нэг үйлдвэрлэлд технологиос шалтгаалан шаардагдах ажиллах хүч болон капитал өөр өөр байж болохыг харуулж байна. Томъёоллын дагуу технологи сайжрах тусам үйдлвэрлэл буюу дотоодын нийт бүтээгдэхүүн сайжирч эдийн засгийн хөгжил улам урагшилна.

Үйлдвэрлэлийн онолыг дотоодын нийт бүтээгдэхүүний зардлын аргачлалтай холбож ойлгох боломжтой. Учир нь гадаад зах зээлд борлуулагдах хэмжээний технологитой үйлдвэрлэлийг бий болгосноор экспорт нэмэгдэж эдийн засаг тэлнэ. Тиймээс экспорт болон технологи гэх эдийн засгийн хүчин зүйлс нь улс орны хөгжил дэвшилд гол нөлөө үзүүлэх бөгөөд хоорондын хамаарлыг сайн ойлгож, түүнд тулгуурласан эрх зүйн зохицуулалт хийх нь оновчтой юм.

В. Либерализм

Энэхүү өгүүлэлд эрэлт ба нийлүүлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүн, технологи, капитал зэрэг эдийн засгийн хөгжилийн хөшүүрэг ухагдахуунуудыг эрх зүйн шинжлэх ухааны салбартай холбон тайлбарлахыг оролдсон болно. Дэлгэрүүлбэл эрэлт ба нийлүүлэлтийн огтолцол болох иргэдийн хоорондын хүсэл зоригийн давхцалд бий болсон үнэд төрөөс оролцох нь эдийн засгийн сөрөг үр дагаврыг бий болгохоос гадна гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчиж буй нэг хэлбэр. Үүнээс гадна ДНБ-ийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь экспорт гэдгийг онцолсон. Харин экспортыг дэмжихийн тулд технологийг хөгжүүлэх шаардлагатай болохыг Кобб Доугласын үйдлвэрлэлийн онолыг ашиглан тайлбарласан билээ. Тэдгээр эдийн засгийн хүчин зүйлсийг дэмжиж буй үзэл санаа нь либерализм юм. 

Либерализм нь эрх чөлөө, болон хувийн өмчийн тухай ойлголтод тулгууласан үзэл санаа тул дээр дурдсан эдийн засгийн хүчин зүйлстэй уялдаж байна. Людвиг фон Мизес “Либерализм” гэх бүтээлдээ “үйлдвэрлэлийн эзэн бүр аль болох хямд үйлдвэрлэлийг, өөрөөр хэлбэл хөдөлмөр, капиталыг зүгээр нэг хамгийн бага зарцуулахаар үл барам, өрсөлдөгч нараасаа бага зарцуулахаар хичээх ёстой болно” [17]гэж тэмдэглэсэн байна. Энэхүү тэмдэглэлийг дэмжих судлаачдын гаргаж ирсэн “Үнэ цэнийн гинжийн модел”[18]- ийг дурдаж болно. Үнэ цэнийн гинж гэх ойлголт нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй нэгжийн дотоод үйл явцыг хялбарчилсан байдлаар харуулсан загвар юм. Энэхүү загвараас харвал үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгч нь үнэ цэнийг бий болгож өөрт ноогдох ашгийг нэмэгдүүлэх хоёр төрлийн хувилбар гарч ирнэ. Нэгдүгээрт, эрэлтийг нэмэгдүүлэх буюу зах зээлд түүний бүтээгдэхүүнийг худалдан авах хүслийг бий болгох юм. Үүний тулд түүний үйлдвэрлэсэн бүтээгдээхүүн нь өрсөлдөгчдийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс ямар нэг байдлаар давуу, онцлог байхыг шаардана. Тиймээс давуу талыг бий болгох чадварыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг хичээх шаардлагатай тул шинэ технологийг эрэлхийлэх юм. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн зардлыг багасгах шаардлага гарах бөгөөд үүний тулд мөн л шинэ технологийг эрэлхийлнэ. Гэхдээ үүний гол суурь нь төрийн оролцоогүй өрсөлдөөнт зах зээл юм. Төр өөрийн давуу байдлыг ашиглаж зах зээлд өрсөлдөж буй тохиолдолд үйлдвэрлэгч нарт технологийг хөгжүүлэх мотиваци үгүй болно. Үүнд дээр дуурдсан зах зээлийн үнэд тааз эсхүл шал тогтоох явдлыг хамтатган ойлгох нь зүйтэй.


Өнөөдөр үнэ цэнийн гинжийн загварыг дэлхийн бүхий л үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд өөрсдийн өрсөлдөөний стратегийг боловсруулахад хэрэглэж байна. Үүний сонгодог жишээ бол Форд компанийн 1913 онд шинээр нэвтрүүлсэн технологи болох масс үйлдвэрлэл юм. Тухайн үед автомашин нь тансаг хэрэглээнд тооцогддог байсан бөгөөд нэг нэгээр нь үйлдвэрлэдэг байсан тул зардал өндөртэйгөөс гадна хугацаа их шаарддаг байсан. Харин тус компанийн үүсгэн байгуулагч Хэнри Форд зардлыг багасгаж үнийг хямдруулах замаар эрэлтийг бий болгож, мөн өрсөлдөгч автомашин үйлдвэрлэх компаниудаас давуу талыг бий болгохын тулд шинэ технологийг эрэлхийлсэн байна. Үр дүнд нь масс үйлдвэрлэл гэх технологийг нэвтрүүлсэн бөгөөд тус технологийг орчин үед автомашинаас бусад төрөл бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нэвтрүүлж хөгжүүлсээр байгаа юм.


Технологи сайжирсанаар экспорт нэмэгдэж улс орны ДНБ өснө. Улмаар иргэдийн аж амьдрал сайжирна гэж эдийн засагчид үздэг бөгөөд үр дүнд нь аз жаргалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх боломжтой юм. Үүнийг 2022 оны дэлхийн аз жаргалын тайлангаас харж болно. Тус тайланд 146 улс орнуудыг хамруулсан бөгөөд нийгмийн хүчин зүйлс дээр тулгуурлан аз жаргалын түвшинг тогтоож жагсаасан байна.[19] Жагсаалтаас ажиглавал эдийн засгийн хүчин зүйлс нь аз жаргалтай эерэг хамааралтай болохыг харж болно. Өөрөөр хэлбэл жагсаалтын дээгүүр эрэмблэгдсэн улс орнуудын ДНБ-ний хэмжээ өндөр байгаа юм.

Масловын хэрэгцээний онол[20]оор бол хүний анхдагч хэрэгцээнүүд материаллаг шинжтэй тул эдийн засагтай шууд холбогдож байна. Харин либерализмийн үзэл санаа нь хүний материаллаг аж байдлыг дээшлүүлэхийг зорилгоо болгодог. Масловын хэрэгцээний онолын дээшээ шатны хэрэгцээнүүд нь хувь хүний оюун ухаан, ухамсар, сэтгэл зүйтэй холбоотой тул эрх чөлөөтэй илүү хамааралтай юм. Тиймээс үүнд либерализмын үзэл санааны үүднээс хандвал зөв эсвэл бурууг нь чиглүүлж болохгүй буюу оюун санааны эрх чөлөөнд хөндлөнгөөс оролцож болохгүй юм. Харин доод шатны хэрэгцээ болох материаллаг хүчин зүйлсээ өөрсдөө хангаж бий болгох эрх чөлөө, боломжийг нь олгох нь зүй ёсны болно. Үүнд л төрийн зүгээс оролцох гол үүрэг оноогдох бөгөөд эрх чөлөөт хөдөлмөрийн үр дүнд бий болсон хувийн өмчийг хамгаалахыг дурдах ёстой.

Либерализмийн үзэл санаа нь зуу зуун жилийн түүхтэй боловч улс орнууд тэр бүр бүрэн хэрэгжүүлж чадааагүй. Дэлхийн улс орнуудын тус бүрийн эрх ашгуудаас бий болсон бэрхшээлүүдээс шалтгаалан либерализмийн үзэл санааг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэж үзэж болох ч өөр өөрсдийн өөрсдийн эдийн засгийн дотоод зохион байгуулалтад хэрэгжүүлэх боломжтой юм.

V. Дүгнэлт

Монгол Улсын Үндсэн хуульд ийнхүү заасан байна.

  • Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.[21]

●Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.[22]

Үүнээс үзвэл “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг ....... бусад баталгааг бүрдүүлэх” гэж бичсэн нь Монгол Улсын эдийн засаг хүний чөлөөт хүсэл зоригийг боомилсон бодлоготой байхгүй байх тухай заасан. Өөрөөр хэлбэл эдийн засгийн холбогдолтой хүчин зүйлд хариу үйлдэл үзүүлэх хүний дур зорго бус чөлөөт хүсэл зоригт халдахгүй байх нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан байх бөгөөд либерализмийн үзэл санааны зарчим, үнэт зүйлтэй нийцэж байна.

“Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага” гэсэн хэсэг нь Монгол Улсын эдийн засаг нь хөгжлийн түгээмэл хандлага буюу олон улсад шинжлэх ухааны үндэслэлээр тогтоогдсон хандлагыг баримтална гэж тайлбарлаж болохоор байна. Харин “өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий” гэсэн хэсэг нь эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг элемент болох технологийг дэмжсэн эдийн засагтай байх тухай гэж ойлгож болно.

Эдийн засаг болон бусад нийгмийн шинжлэх ухааны салбарууд тодорхой нөхцөл байдалд хүн хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг тухай судалдаг. Тэдгээрээс хууль эрх зүйн шинжлэх ухаан нь нийгмийн харилцаанд шууд нөлөөлөлдөгөөрөө онцгой ач холбогдолтой юм. Аливаа улс орнууд хөгжил дэвшил, эдийн засгийн аюулгүй байдлыг тэргүүн ээлжний эрх ашигт тооцож түүний төлөө тэмүүлж бодлого шийдвэрүүдийг гаргадаг. Тэрхүү орон зайг тухайн улс орны эрх зүйн орчин бүрдүүлдэг билээ. Тиймээс эрх зүйн хэм хэмжээнүүд бусад шинжлэх ухааны ололт, сургаалиудад тулгуурласан байх шаарлдагатай юм. Бусад шинжлэх ухааныг үл тоомсорлож аливаа хууль болон хэм хэмжээг хэрэгжүүлбэл үүнд эрх зүй хариуцлага хүлээхээс гадна нийгэм нийтээрээ үр дагаврыг амсах эрсдэлтэй байдаг. Ялангуяа өнөөгийн нөхцөл байдалд эдийн засгийн холбогдолтой аливаа шийдвэрүүдийн үр дагавар илт мэдэгдэхүйц байдлаар нийгэмд нөлөөлж байна. Эдгээр үр дагавруудыг бий болгож буй үйлдлүүдийн цаана нийгмийн харилцааг зохицуулагч хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээнүүд оршиж байгаа юм. Улмаар нийгэм эдгээр үр дагавруудтай эдийн засгийн хямрал, ажилгүйтэл гэх мэт нэр, томъёоллын доор нүүр тулж байна. Угтаа олон зуун жилийн хүн төрөлхтний түүхийн үр дүнд зах зээлийн чөлөөт худалдаа, технологи, хязгаалагдмал төрийн оролцоо гэгч хүчин зүйлс улс орны эдийн засгийн хөгжлийг хэрхэн хурдасгаж болох тухай судалж шинжлэх ухааны ололтуудыг бий болгосон байна. Судлагдсаар ирсэн онол, сургаалиуд эдийн засгийн харилцаанд төрийн оролцоог аль болох хязгаарлахад чиглэсэн. Төрийн оролцоо багасаж өрсөлдөөн бий болсоноор үйлдвэр болон үйлчилгээний пүүс, компаниуд шинэ технологийг эрэлхийнэ. Үр дүнд нь эдийн засгийн бүтээмж сайжирч хүн анхдагч хэрэгцээ болох материаллаг аж байдлаа дээшлүүлэх боломжтой юм. Харин үйлдвэрлэл, үйлчилгээг төр эрхэлж, зах зээлийн үнэд нөлөөлөхийг оролдож өрсөлдөөнийг үгүй хийвэл эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг болох технологийн хөгжилийг зогсооно. 

Эдгээр онол сургаалиудыг өгөгдөл гэж үзвэл хэрхэн ашиглах нь эрх зүйчдийн үүрэг болж байгаа юм. Тиймээс эдийн засгийн болон бусад шинжлэх ухааны ололт, сургаалиуд нь эрх зүйн судлах зүйлсэд зайлшгүй хамаарах асуудал болж байгаа бөгөөд зөв хэрэглэснээр нийгмийн сайн сайхан байдалд илүү эерэг үр дүн бий болгох боломжтой байна. Мөн эрх зүй болон эдийн засаг нь тус тусдаа шинжлэх ухаан хэдий ч агуулгын хувьд огтолцох цэгүүд олон байх тул Монгол Улсын хувьд академик болон практик түвшинд уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна.

Олонболдын ДАРХАНБОЛД


[НОМ ЗҮЙ]

I.Монгол эх сурвалж:

Жан Жак Руссо, орчуулсан Ц.Батбуян, Нийгмийн гэрээ, Монсудар, 2016 он, 27-28.
Людвиг фон Мизес, орчуулсан П.Чойжил, Либерализм, 2004 он, 65.
Монгол Улсын Иргэний Хуулийн Тайлбар, Ерөнхий анги, 2010 он, 66.
Х.Сэлэнгэ, “Германы сонгодог философич Г.В.Гегелийн Эрх зүйн ойлголт”, 2017 он, 2.

II.Гадаад эх сурвалж:

Adam M. Brandenburger, Harborne W. Stuart Jr, Value-Based Business Strategy, 1996, http://www.columbia.edu/~hws7/VBBS.pdf
Benjamin T. Arrington, Industry and Economy during the Civil War, National Park Service,www.nps.gov, 2017, https://www.nps.gov/articles/industry-and-economy-during-the-civil-war.htm
Charles W. Cobb, Paul H. Douglas, A Theory of Production, 1928, https://www.jstor.org/stable/1811556
David Lester, "Measuring Maslow's Hierarchy of Needs". Psychological Reports, 2013, http://modir3-3.ir/article-english/ISI/english25-168.pdf
https://tradingeconomics.com/china/exports-of-goods-and-services-percent-of-gdp-wb-data.html
https://www.statista.com/statistics/258779/us-exports-as-a-percentage-of-gdp/#:~:text=In%202020%2C%20exports%20of%20goods,gross%20domestic%20product%20(GDP).
https://www.etymonline.com/word/technology
https://dictionary.cambridge.org/dictionary/english/technology
John B. Taylor, AkilaWeerapana, Economics, 2010, p146-149.
John F. Helliwell, Richard Layard, Jeffrey D. Sachs, Jan-Emmanuel De Neve, Lara B. Aknin, and Shun Wang, World Happiness Report 2022, https://worldhappiness.report/ed/2022/
Mankiw, N. G, Principles of microeconomics (8th ed.), CENGAGE Learning Custom Publishing, 2016, p27
Prableen Bakpai, Why China Is “The World’s Factory”, www.investopedia.com, 2022, https://www.investopedia.com/articles/investing/102214/why-china-worlds-factory.asp#:~:text=In%20addition%20to%20its%20low,duties%2C%20and%20competitive%20currency%20practices. 
Ralph Waldo Emerson, “Ralph Waldo Emerson: Selected Essays, Lectures and Poems”, Bantam Classics, 2006, p325.
The Investopedia Team, The Impact of China Devaluing the Yuan in 2015, 2021, Investopedia.com, https://www.investopedia.com/trading/chinese-devaluation-yuan/#:~:text=By%20devaluing%20its%20currency%2C%20the,home%20to%20aid%20domestic%20companies. 

III.Эрх зүйн эх сурвалж

Монгол Улсын Иргэний Хууль, 2009
Монгол Улсын Үндсэн Хууль, 1992



[1]Mankiw, N. G, Principles of microeconomics (8th ed.), CENGAGE Learning Custom Publishing (2016).27

[2]Монгол Улсын Иргэний Хууль, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт, 2023.01.07, https://legalinfo.mn/mn/detail/299

[3]Монгол Улсын Иргэний Хуулийн Тайлбар, УБ (2010), 66

[4] Х.Сэлэнгэ, “Германы сонгодог философич Г.В.Гегелийн Эрх зүйн ойлголт” (2017), 2

[5] Жан Жак Руссо, орчуулсан Ц.Батбуян, Нийгмийн гэрээ, Монсудар (2016), 27-28

[6] Ralph Waldo Emerson, “Ralph Waldo Emerson: Selected Essays, Lectures and Poems”, Bantam Classics (2006), 325

[7] Benjamin T. Arrington, Industry and Economy during the Civil War, National Park Service,www.nps.gov, 2023.01.07, https://www.nps.gov/articles/industry-and-economy-during-the-civil-war.htm

[8] John B. Taylor, AkilaWeerapana, Economics (2010), 146-49

[9] https://tradingeconomics.com/china/exports-of-goods-and-services-percent-of-gdp-wb-data.html

[10]https://www.statista.com/statistics/258779/us-exports-as-a-percentage-of-gdp/#:~:text=In%202020%2C%20exports%20of%20goods,gross%20domestic%20product%20(GDP).

[11] Prableen Bakpai, Why China Is “The World’s Factory”, 2022, investopedia.com, 2023.01.07, https://www.investopedia.com/articles/investing/102214/why-china-worlds-factory.asp#:~:text=In%20addition%20to%20its%20low,duties%2C%20and%20competitive%20currency%20practices.

[12] The Investopedia Team, The Impact of China Devaluing the Yuan in 2015, 2021, Investopedia.com, 2023.01.07, https://www.investopedia.com/trading/chinese-devaluation-yuan/#:~:text=By%20devaluing%20its%20currency%2C%20the,home%20to%20aid%20domestic%20companies.

[13] Etymonline.com, 2023.01.07, https://www.etymonline.com/word/technology

[14] Dictionary.cambridge.org, 2021.01.07, https://dictionary.cambridge.org/dictionary/english/technology

[15] John B. Taylor, AkilaWeerapana, Economics, 2010, 228

[16] Charles W. Cobb, Paul H. Douglas, A Theory of Production, 1928, 2023.01.07, https://www.jstor.org/stable/1811556

[17] Людвиг фон Мизес, орчуулсан П.Чойжил, Либерализм, 2004, 65

[18] Adam M. Brandenburger, Harborne W. Stuart Jr, Value-Based Business Strategy, 1996, 8, 2023.01.07, http://www.columbia.edu/~hws7/VBBS.pdf

[19] John F. Helliwell, Richard Layard, Jeffrey D. Sachs, Jan-Emmanuel De Neve, Lara B. Aknin, and Shun Wang, World Happiness Report 2022, 2023.01.07, https://worldhappiness.report/ed/2022/

[20] David Lester, "Measuring Maslow's Hierarchy of Needs". Psychological Reports, 1, 2023.01.07, http://modir3-3.ir/article-english/ISI/english25-168.pdf

[21] Монгол Улсын Үндсэн Хууль, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалт, 1992, 2023.01.07, https://legalinfo.mn/mn/detail?lawId=367

[22] Монгол Улсын Үндсэн Хууль, 15 дүгээр зүйлийн 15.1 дэх заалт, 1992, 2023.01.07, https://legalinfo.mn/mn/detail?lawId=367