Энэ 7 хоногт
Монголын эдийн засаг: Ихэр хямрал - 2009 оны III улирал
Та бүхэнд “Монголын эдийн засаг: Ихэр хямрал” нийтлэлээр Монголын эдийн засгийн байдлыг 2009 оны 4-р сарын байдлаар тоймлон хүргэж байсан билээ.
I. Оршил
Та бүхэнд “Монголын эдийн засаг: Ихэр хямрал” нийтлэлээр Монголын эдийн засгийн байдлыг 2009 оны 4-р сарын байдлаар тоймлон хүргэж байсан билээ. Энэхүү нийтлэлд 2009 оны 3-р улирал хүртэл макро эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийн талаар бичлээ.
Дотоод болон гадаад хүчин зүйлсийн нөлөөнөөс шалтгаалан эдийн засагт хэт халалт үүсч, 2007 оны 2-р хагасаас инфляци ихээхэн өсч эхэлсний улмаас Монголбанк инфляцийг бууруулах бодлого барьсан. Энэхүү хумих бодлого нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай давхацсанаар төлбөрийн тэнцлийн хямралыг үүсгэн, эдийн засгийн уналтад хөтөлсөн. Улмаар Засгийн газар болон Монголбанкнаас олон улсын байгууллагуудын тусламжтайгаар хямралыг давж гарах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр төлбөрийн тэнцлийн хямралыг давж гарсан боловч зарим арга хэмжээ оновчгүй байснаас энэхүү хөтөлбөр нь эдийн засгийг сэргээхэд хангалтгүй байсан.
Өмнөх нийтлэлд сануулж байснаар зээлийн чанар муудаж, банкуудын санхүүгийн байдал хүндэрч байгаагаас зээл олголт сэргэхгүй байна. Цаашид зээл олголт буурахад эдийн засаг унаж, энэ нь буцаад зээлийг бууруулах “эргүүлэг” маягийн холбоосыг бий болгож болзошгүй бөгөөд удаан хугацааны эдийн засгийн хүндрэлийг дагуулах аюултай юм.
Мөн өмнөх нийтлэлд зөвлөмж болгож байсанчлан төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх, Монголбанкны бодлогын хүүг бууруулах замаар бодит эдийн засгийг дэмжих арга хэмжээг Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа боловч эдгээрийн хэмжээ хангалттай биш байгаагаас бодит секторын сэргэлт харьцангуй удаашралтай байна.
II. Санхүүгийн салбар
Монголбанк инфляцийг бууруулах зорилгоор 2008 оны 2-р улирлаас мөнгөний хумих бодлого явуулж эхэлсэн бөгөөд өмнөх онуудад жилд дунджаар 40 орчим хувьтай байсан мөнгөний нийлүүлэлтийн өсөлт хурдацтай саарч (Зураг 1а), улмаар инфляци огцом буурч эхэлсэн (Зураг 1б). Мөнгөний нийлүүлэлт буурснаас банкууд хөрвөх чадварын дутагдалд орж эхэлсэн нь банк хоорондын захын овернайт зээлийн хүү төв банкны үнэт цаасны дундаж хүүгээс өндөр болсноос харагдах бөгөөд энэ байдал нь 2009 оны 2-р улирал хүртэл үргэлжилсэн (Зураг 1в). Улмаар банкуудад зээлийн саатал үүсч, зээлийн өсөлт буурч эхэлсэн (Зураг 1г) ба энэ нь 2009 оны 1-р улиралд үйлдвэрлэл буурах нэг шалтгаан болсон.
Бодит ДНБ 2009 оны 1-р улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.2 хувиар буурч, 2-р улиралд 0.7 хувиар өссөн бөгөөөд 3-р улиралд 3.8 хувиар буурчээ. Бодит ДНБ-ийг дараалсан дөрвөн улирлын байдлаар авч, өмнөх онтой харьцуулан өсөлтийг тооцвол 2009 оны эхний хоёр улиралд эдийн засаг өсөлттэй, 3-р улиралд 0.4 хувийн бууралттай байсан дүн гарч байна (Зураг 1д). Эдийн засгийн уналт төсөөлснөөс илүү гүнзгий байсан тул Засгийн газар ОУВС-тай зөвшилцсөний үндсэн дээр төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг дэмжихээр болсон. Үүнд энэ онд төсвийн алдагдлыг ДНБ-ний 6.5 хувьд, 2010 онд 5 хувьд барихаар болсон ба 2010 онд хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын тэтгэмж зэрэг зарим нийгмийн халамжийг өөрчлөх замаар дээрх зорилтод хүрэхээр төлөвлөж байна.
Төв банкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд төлбөрийн тэнцлийн хямралыг богино хугацаанд давж, төгрөгийн ханшийг тогтворжуулж чадсан. Үүний дараа Төв банкны бодлогын хүүг 2009 оны 5-р сард 1.25 нэгжээр, 6-р сард дахин 1.25 нэгжээр, 9-р сард 1.5 нэгжээр шат дараалан бууруулсан. Сүүлийн 12 сарын байдлаар үнийн түвшний өөрчлөлтийг авч үзвэл 2009 оны 7-р сараас эхлэн дефляцитай гарч байгаа бөгөөд үүнээс үзвэл инфляци дагуулахгүйгээр бодлогын хүүг өшөө бууруулах боломж байгаа юм. ОУВС-гаас гаргасан тайланд (IMF 2009) 7-р сарын байдлаар үнийн түвшин өмнөх онтой харьцуулахад буурсан хэдий ч үүний дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүний үнийн бууралтаас шалтгаалсан ба хүнсний бус барааны инфляци хоёр оронтой тоонд хэвээр байгааг тэмдэглэсэн. Гэвч хоёр сарын дараа буюу 9-р сарын байдлаар суурь инфляци жилийн 3.3 хувь болж буурсан бөгөөд илүү нарийн давтамжтай мэдээллээс харахад суурь инфляци ингэж буурах магадлал өндөртэй нь илт байсан. Мөнгөний хумих бодлого болон эдийн засгийн уналттай холбоотойгоор инфляци ихээхэн буурсан тул одоо эдийн засгийг дэмжих мөнгөний тэлэх бодлогыг илүү эрчимтэй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Зураг 1. Санхүүгийн салбар
Төгрөгийн ханш 2009 оны 1-р улиралд ихээхэн суларснаас шалтгаалж гадаад валютаар зээл авсан, төгрөгөөр орлого олдог зээлдэгчдийн санхүүгийн байдал хүндэрсэн, нөгөө талаас нийт эрэлт буурсантай холбоотойгоор зээлийн эргэн төлөлт муудаж, улмаар банкны салбарын зээлийн чанар ихээхэн муудаж эхэлсэн (Зураг 1г). Банкууд дахь хөрвөх чадварын дутагдал 2009 оны 3-р улиралд хэвийн болсон ч (Зураг 1в) зээлийн хэмжээ буурсаар байгаа нь (Зураг 1г) нэг талаар зээлийн чанар муудсанаас банкуудын ашигт ажиллагаа буурсан ба Монголбанкнаас өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор банкуудын зээл олгох боломж нь хумигдсан, нөгөө талаар эдийн засгийн цаашдын төлөв тодорхой бус байгаатай холбоотойгоор банкуудад зээл олгох сонирхол бага байгаатай холбоотой байж болох юм. Цаашид зээлийн бууралт нь нийт хөрөнгө оруулалтыг багасгаснаар эдийн засгийн сэргэлтийг удаашруулж, улмаар энэ нь эргээд зээлийн чанарыг муутган, зээл олголтыг бууруулах “эргүүлэг” маягийн холбоосыг бий болгох аюултай юм. Үүнээс сэргийлэхийн тулд банкууд дахь чанаргүй активын асуудлыг яаралтай шийдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих мөнгөний болон төсвийн бодлогыг идэвхитэй авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Банкууд дахь чанаргүй зээл өсч, банкуудын санхүүгийн байдал муудаж байгаа ч гэсэн банкны салбарын харилцах, хадгаламжийн хэмжээ өсч байгаа нь (Зураг 1е) төрөөс харилцах, хадгаламжийг бүрэн батлан даасан болон Монголбанкнаас бодлогын хүүг өсгөсөнтэй холбоотой байж болзошгүй. Гэвч олон нийт Засгийн газар харилцах, хадгаламжийг батлан даасан амлалтандаа хүрэх боломж бага байгаа гэж үзвэл харилцах, хадгаламжаа татаж болзошгүй юм. Мөн харилцах хадгаламжийг батлан даасантай холбоотойгоор банкуудад нэмэлт эрсдэл хүлээх сонирхол ихсэх, олон нийт илүү хүү амласан эрсдэл өндөртэй банкинд хөрөнгөө байршуулах зэрэг зах зээлийн гажуудал үүсч болзошгүй тул банкуудын муу активыг цэвэрлэсний дараа банкны салбарыг хамгаалах зорилготой авсан дээрх арга хэмжээнүүдийг буцаах талаар одооноос төлөвлөж эхлэх нь зүйтэй.
III. Гадаад сектор
Гадаад эрэлт буурсан, зэсийн үнэ унасантай холбоотойгоор экспорт өссөн дүнгээр 2008 оны 10-р сараас хойш тогтмол буурч байгаа бөгөөд дотоод эрэлт буурсан, гадаадын хөрөнгө оруулалт багассантай (Зураг 2б) холбоотойгоор импорт өссөн дүнгээр 2009 оны 2-р сараас огцом буурч байна. Эдгээрийн дүнд 2008 онд хурдацтай өсч байсан гадаад худалдааны алдагдал 2009 оны 2-р сараас эхлэн буурчээ (Зураг 2а). Улмаар урсгал тэнцлийн алдагдал 2009 оны 3-р улирлаас эхлэн буурсан (Зураг 2г).
Монголбанкнаас төгрөгийн ханшийг тогтворжуулах арга хэмжээ авсан, гадаад худалдааны алдагдал буурсан зэргээс шалтгаалан 2009 оны 4-р сараас төгрөгийн ханш тогтворжиж эхэлсэн бөгөөд үүнээс хойш харьцангуй тогтвортой байна (Зураг 2в).
Зураг 2. Гадаад сектор
Хөрөнгийн орох урсгал 2009 оны 1-р улиралд огцом буурсан боловч 2-р улирлаас сэргэж эхэлсэн бөгөөд (Зураг 2д) урсгал тэнцлийн алдагдлыг тодорхой хэмжээгээр санхүүжүүлж байна. Мөн төлбөрийн тэнцлийн алдаа болон орхигдуулга багасч байгаа нь бий болсон байж болзошгүй хөрөнгийн дайжилт буурсан байх магадлалтайг харуулж байна.
Монголын Засгийн газар 2009 оны 10-р сард Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээг гадны хөрөнгө оруулагчидтай үзэглэсэн бөгөөд ирэх жилүүдэд тус орд газрын ашиглалт нь Монголын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхээр байна. Иймд 2008-2009 оны төлбөрийн тэнцлийн хямралаас сургамж авч, цаашид валютын ихээхэн хэмжээний орох урсгалын нөлөөнөөс үүдэн гарах магадлалтай төгрөгийн бодит ханшийн сулралтыг инфляцид бус, валютын ханшид аажмаар шингээх нь зүйтэй юм. Үүний тулд Монголбанк валютын зах зээл дэх оролцоогоо бууруулж, хөвөгч ханшийн амлалтаа биелүүлэн, инфляцийг онилох бодлогоо эрчимжүүлэх нь зохистой.
IV. Дүгнэлт
Монголын эдийн засгийн хямрал нь дотоод болон гадаад цочролын нөлөөнөөс үүдсэнээрээ онцлог юм. Инфляцийг бууруулах зорилготой мөнгөний хумих бодлогыг авч хэрэгжүүлсэн үе нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай давхцаж, улмаар төлбөрийн тэнцлийн хямралыг үүсгэсэн бөгөөд банкны салбарт хүндрэл үүсгэсэн. Олон улсын валютын сангийн тусламжтай Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд төлбөрийн тэнцлийн хямралыг амжилттай давж, төгрөгийн ханшийг тогтворжуулсан боловч бодит эдийн засгийн уналт төсөөлснөөс илүү гүнзгий байсан бөгөөд банкны салбарын муу зээл ихээхэн нэмэгдэж байна. Бусад улс орны жишээнээс ажиглахад төлбөрийн тэнцлийн хямрал банкны салбарын хямралтай давхацсан тохиолдолд бодит эдийн засаг илүү эмзэг, хямрал (төлбөрийн тэнцлийн болон банкны) илүү гүнзгий болдог (Kaminsky, Reinhart 1996).
Эдийн засагт дефляци тулгараад буй өнөө үед Олон улсын валютын сан болон бусад бодлого боловсруулагчид инфляцийн аюулаас айж бодлогын хүүг өндөр түвшинд барьж байгаа нь эдийн засгийн уналтыг удаан хугацаанд үргэлжлэхэд хүргэж болзошгүй юм. Иймд төсвийн болон мөнгөний бодлогыг илүү зөөллөх замаар эдийн засгийг дэмжих нь зүйтэй.
Тулгаа
Эх сурвалж
Graciela L. Kaminsky, Carmen M. Reinhart, 1996, "The Twin Crises: The Causes of Banking and Balance-of-Payments Problems", International Finance Discussion Papers, 544, Board of Governors of the Federal Reserve System
Guillermo A. Calvo, 1987, “On the Costs of Temporary Policy” Journal of Development Economics, Vol. 27, Elsevier Science Publishers
International Monetary Fund, 2009, “Mongolia: Second Review Under the Stand-By Arrangement and Request for Modification of Performance Criteria” IMF Country Report, No. 09/311
ганхуяг
Beijing
Chosen2ums
Chosen2ums
зочин
Dlob