Ёс зүйн ДЕЛО: Баялгийн хулгайтай хийх тэмцэл шүүхийн хаалга мөргөсөөр байх уу
-“Оюутолгой” ХХК дах нэр бүхий албан тушаалтнуудын авлигын сүлжээг задлах нь хэнд аюул дагуулав-
Тагнуулын ерөнхий газраас энэ сарын 23-ны өдөр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжүүлж, “Оюутолгой” ХХК-ийн Худалдан авах газрын менежер Д.Амартүвшин Эрүүгийн хуулийн , Хангамжийн ахлах менежер Ч.Нэргүй, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд нарын албан тушаалтнуудыг саатуулсан байдаг.
Үүнд Д.Амартүвшинг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, харин Ч.Нэргүй, М.Ганболд нарыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Харин өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Оюутолгой” ХХК-ийн Худалдан авах газрын менежер Д.Амартүвшинд холбогдох хэргийн шүүх хурал болж өнгөрлөө. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх Д.Амартүвшингийн гадуур шалгагдах хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэн аж.
Шүүх хуралдааныг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалсан бөгөөд Д.Амартүвшингийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авах нь зүйн хэрэг. Гэвч олон нийтэд дуулиантай мэдээлсэн, хамгийн гол нь нэгжлэгийн үеэр хэргийн нотлох баримт болгож хураан авсан, битүүмжилсэн өндөр мөнгөн дүнтэй хэргүүдийг ийм байдлаар шийдвэрлэх явдал удаа дараа давтагдаад байгааг хардах, энэ талаарх үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх болно.
Үүний өмнө Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр яллагдагчаар татагдаад байгаа, НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг, мөн олон нийтийн газарт танхайрч бусдыг хүнд гэмтээсэн Ц.Санжаачойпилыг цагдан хорьсон байхад мөн л Дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхээс 2025 ны 8 дугаар сарын 12-ны өдөр суллах шийдвэр гаргасан байдаг.
Энэ удаад ч “Оюутолгой” ХК-н нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулсан, нэгжлэг хийх үеэр хурааж авсан 10 гаруй тэрбум төгрөг болон 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хураан авч битүүмжилсэн зэрэг ноцтой хэрэг энэ хооронд замхрах бололтой.
Уг нь ганбөмбөлгийн болон тээрмийн хуягуудын худалдан авалтын тендрийг будилаантуулах хууль бус нэлээд удаан хугацаанд үргэлжилсэн талаар, тэр тусмаа “Оюутолгой” ХХК гэлтгүй ханган нийлүүлэгч нарын дунд цуутай Д.Амартүвшинг сулласан нь хардлага төрүүлж буйг эх сурвалжууд мэдээлсээр байна.
Тус компанийн бүх газрууд тус тусдаа "бизнес апдэйт" гэгч хурал хийж, зарим нэгэн “эзгүйчилж” буюу хууль зөрчиж гэрээ байгуулсан гэх хэрэгт холбогдож болзошгүй нэр бүхий албан тушаалтнууд нь ч хууль зүйн туслалцаа авч мэдээлэл өгөх тухай дуулдаж эхэллээ. Энэ бол маш зөв хандлага, үйлдэл болох учиртай. Г.Занданшатарын Засгийн газар баялгийн хулгайтай бүх үе шатанд тэмцэл өрнүүлж, хууль хяналтын байгууллагууд ч урт удаан хугацаанд хяналт тавин ажиллаад шуударч буй ажлынхаа үр дүнг үзэж байгаа нь тухайн байгууллагад ажиллаж буй шударга хүмүүсийг дагуулах, зоригжуулах үр дагаврыг дагуулах нь.
Харамсалтай нь шүүгч Б.Халиуны даргалсан шүүх хурал яллагдагч Д.Амартүвшингийн цагдан хорих хугацааг дуусгах шийдвэр гаргаж суллах болсон нь эх сурвалжуудын ч, хэрэг илрүүлсэн хууль хяналтынхны ч урмыг хугалаад зогсохгүй эмээж цочирдоход хүргэж буй бололтой. Ерөнхий сайдын зүгээс баялгийн хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, үүнтэй зэрэгцэн Тагнуулын ерөнхий газраас “Оюутолгой” ХХК-ийн мөнгө угаах хэрэг байнга үйлддэг байж болзошгүй нэр бүхий албан тушаалтнуудын сүлжээг задлах чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулсан нь хэсэг бүлэг хүнд таалагдаагүй нь мэдээж. Үүнийг шүүх яагаад өөгшүүлсэн мэт шийдвэр гаргав гэдгийг бид хардах эрхтэй. Учир нь цаашид Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн ажил шүүхийн шатанд гацаж, үнэгүйдсээр байх уу?
Дээрх хэрэг явдлын тухайд л гэхэд хууль бус тендерт нь үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн маш хүчирхэг, хөрөнгө мөнгөтэй компани нэр холбогдсон бөгөөд тэдний зүгээс нэр холбогдсон албан тушаалтнуудаа шүүхийн шатанд өмгөөлж хамгаалах ажил хэрэгжүүлж эхэлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Тухайн компаниуд доторх болон хууль хяналтын байгууллага дахь эх сурвалжууд ч энэ талаар мэдээлэл өгсөөр байгаа юм.
“Оюунтолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчидтэй хэлэлцээрийн ширээний ард сууж эхэлсэн энэ өдрүүдэд тус компанид нүүрлэсэн авлига, хулгайтай тэмцэх гэхээр ийм үр дүнтэй тулгарч буй нь цаанаа өөр учиртай юм биш биз? Үүнийг ойрын үед үргэлжилж буй болон цаашид болох үйл явдлууд харуулах биз ээ.
2025.10.31.

 
            
 
               
               
               
                


